Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 440

 

106/2020/0141/Э

 

 

 

  2020             04            09                                        2020/ДШМ/440    

 

                                 Э.А-, А.П- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч А.П-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-, А.П- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох эрүүгийн 1706038261577 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.

 

     2.

     Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

 

Э.А-, А.П- нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М-Oil” Шатахуун түгээх станцын түгээгчийн өрөөнд дайран орж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 440.000 төгрөгийн дээрэмдэн авсан,

Э.А- нь А.Содгэрэлтэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Долгорсүрэнгийн өмчлөлийн “Samsung S6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 264.000 төгрөгийн хохирол учруулсан

Э.А- нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Bluefin” ресторан дотор хохирогч И.Ариунсанаагийн эзэмшлийн “Samsung S7 Edge” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их булаг” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүрийн лангуунаас бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, И.Хуягбаатарт 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 39 дүгээр байранд байрлах “Авьяас” хүүхдийн өдөр өнжүүлэх газраас Б.Соёл-Эрдэнийн “Samsung S6 Edge”, “Samsung S3” загварын гар утсыг хулгайлан авч, 384.000 төгрөгийн, мөн насанд хүрээгүй хохирогч С.Урангоогийн “Samsung grand” загварын гар утсыг хулгайлан авч, 162.000 төгрөгийн, бусдад нийт 546.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singer” нэртэй оёдлын машины төвд Г.Амарбаясгалангийн эзэмшлийн “Samsung S8” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.А- нь Э.Тэмүүлэнтэй бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Revolution” зоогийн газарт үйлчлүүлж байсан Э.Сарангийн ширээн дээр тавьсан “Iphone 6S” загварын гар утсыг хулгайлан авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, А.П-ийн үйлдлийг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч нарыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А-ыг  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 2 жил хорих ялаар, А.П-ийг 1 жил хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Э.А-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч А.П-ид энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Э.А-ын цагдан хоригдсон 216 хоног, А.П-ийн цагдан хоригдсон 68 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.П- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-аас нийт 2.844.000 төгрөг гаргуулж хохирогч И.Ариунсанаад 408.000 төгрөг, хохирогч И.Хуягбаатарт 350.000 төгрөг, хохирогч Б.Соёл-Эрдэнэд 384.000 төгрөг, хохирогч С.Урангоод 162.000 төгрөг, хохирогч Г.Амарбаясгаланд 1.300.000 төгрөг, хохирогч Э.Саранд 240.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Э.А-, А.П- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дуудлагаар дуудагдан ирж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял нэмүүлэн 3 жил 4 сарын хорих ялтай болсон. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуудлагаар ирж Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хорих ял авч эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 29 хоног дээр 1 жилийн ял нэмүүлэн нийт 3 жил 7 сар 29 хоногийн хорих ялтай болсон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолуудыг эс зөвшөөрч байна. Учир нь би эдгээр бүх хэргүүдийг 16-17 насандаа, бусдад уруу татагдан, гэнэн томоогүйн улмаас үйлдсэн. Мөн “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна. Эрүүгийн хэргийг /1 дүгээр хавтас хэргийн 101-102, 250, 2 дугаар хавтаст хэргийн 1, 51-52, 97-98, 224-225/ нэгтгэсэн тогтоолуудыг шалгаж тогтоохгүйгээр ял оногдуулж шийтгэж байсан. Би эхний хэрэг дээрээ 1.400.000 төгрөгийн хохиролтой, төлөгдөж байгаа. Харин сүүлийн таслагдсан хоёр хэрэг дээр нэг ч төгрөгийн хохиролгүй. Иймд миний гомдлыг хүлээн авч миний ар гэр, ээж, хоёр дүүгийн хамт ядуу амьдардаг байдлыг минь харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2017 оны 12 дугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастай гэх газраас “Samsung S8” загварын гар утас, мөн Ботаник гэх газраас “Samsung S5” загварын гар утаснуудыг тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Уг хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж мөрдөн байцаалтаас оргон зайлсан. Эдгээр хэргийн талаар хяналтын прокурор Ганцэцэгт хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр энэ гэмт хэргийг нэмж нэгтгүүлэн нэг мөр шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.А-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Э.А- нь энэ хэргээс гадна өөр хоёр үйлдлийн талаар хэлдэг боловч тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байхад өмгөөлөгчөөр томилогдсон. ...” гэв.

 

Шүүгдэгч А.П-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.П-ийн “хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг нь дэмжиж байна. Баянгол дүүрэгт холбогдсон энэ хэрэгт нь өмгөөлөгчөөр томилогдсон. Энэ хэргийн тухайд, А.П-ийн үйлдсэн гэмт хэргийн ялын доод хэмжээ 6 сараас эхэлж байгаа, бусдад төлөх төлбөргүй, төлбөрийн чадваргүй ч гэсэн өмнө үйлдсэн хэргийнхээ хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Иймд Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.А-т холбогдох хэргүүдийг нийслэл, дүүргүүдээс нэгтгэн шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс Бэсрүүд овгийн Энхжаргалын А-т холбогдох хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын хэрэг байгаа эсэхийг тодруулахад тус хэлтэст шалгагдаж байгаа хэрэг байхгүй болно гэсэн хариуг ирүүлсэн. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх боломжтой. Шүүгдэгч А.П- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар хорих ангиас ирүүлсэн ялын тооцоогоор 8 сар 1 хоногийн хорих ял эдэлж, 2 жил 7 сар 29 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Э.А-, А.П- нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.А-, А.П- нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-Oil” Шатахуун түгээх станцын түгээгчийн өрөөнд дайран орж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 440.000 төгрөгийн дээрэмдэн авсан,

Э.А- нь А.Содгэрэлтэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Долгорсүрэнг утсаар ярьж явахад нь түүний “Samsung S6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 264.000 төгрөгийн хохирол учруулсан

Э.А- нь ганцаараа болон Э.Тэмүүлэнтэй бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр бусдын гар утас болон бэлэн мөнгө хулгайлж, нийт 3.084.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч И.Ариунсанаагийн “...гаднаас нэг 20 орчим насны залуу сэтгүүл бариад орж ирсэн бөгөөд ширээн дээр сэтгүүл тавиад авах уу гэж асуусан. Тэгээд гараад явсан ба миний гар утас байхгүй байсан. ...” /1хх 22-24/,

хохирогч И.Хуягбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэр ундаагаа авчихаад лангуун дээр өрөх гэтэл дэлгүүрийн мөнгөний шүүгээ онгорхой, дотор нь байсан мөнгө байхгүй болохоор нь энэ байсан мөнгө яачихваа гэж хэлэхэд нь нөгөө эрэгтэй хүүхэд гараад зугтаасан. ...” /1хх 120-122/,

хохирогч Б.Соёл-Эрдэнийн “...хүүхдүүдээ хувцаслаж дуусчихаад гадагшаа гарах гээд гар утсаа хайсан чинь үүдний ширээн дээр байсан миний “Samsung S6 Edge”, “Samsung S3” загварын гар утаснууд алга болсон байсан. Бас манай сурагч С.Урангоогийн гар утас алдагдсан байсан. ...” /1хх 200-202/,

насанд хүрээгүй хохирогч С.Урангоогийн “...хувцсаа өмсчихөөд гар утсаа авах гэхэд байхгүй байсан ба Соёл-Эрдэнэ багшид хэлэхэд багшийн гар утас мөн алга болсон байсан. ...” /2хх 246-247/,

хохирогч Г.Амарбаясгалангийн “... “Samsung S8” загварын гар утсаа ширээн дээр үлдээгээд хажуу талын өрөөнд орох хооронд миний гар утас алдагдсан, хяналтын камер шүүж үзэхэд 18-20 орчим насны эрэгтэй хүн аваад гарч явж байсан. ...” /2хх 16/,

хохирогч Б.Долгорсүрэнгийн “...би хүүхэд рүүгээ залгаад “миний хүү хаалгаа тайлаарай ээж, аав хоёр нь очиж байна” гэж хэлээд утсаар яриад явж байтал араас гар утсыг хүн шүүрээд гүйгээд явсан. ...Миний алдсан гар утас “Samsung S6” загварын гар утас байсан. ...” /2хх 65/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбатын “...манай 1 дүгээр салбарт үл таних хоёр залуу орж ирээд тухайн үед түгээгчээр ажиллаж байсан О.Хулангийн орлогын мөнгийг авч зугтах гэж байгаад баригдсан байсан. ...Тухайн хоёр залуу 400 гаруй мянган төгрөг авсан байсан боловч цагдаад баригдаад буцаагаад өгсөн гэж байсан. ...” /4хх 21-22/,

хохирогч Э.Сарангийн “...хоол идээд сууж байхад гаднаас хоёр хүүхэд “бохь, сэтгүүл авах уу” гээд ширээн дээр тавиад үзүүлсэн. Удалгүй ширээн дээр байсан гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан ба камер шүүж үзэхэд нөгөө бохь, сэтгүүл авах уу гээд байсан хоёр хүүхэд бидний ширээн дээр байсан гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. ...” /3хх 43/,

гэрч Г.Лхагважавын “.... намайг склад руу орохоос өмнө хар саравчтай малгай, хар юүдэнтэй цамцтай 17-18 орчим настай эрэгтэй хүүхэд гоо сайхны бараа үзээд зогсож байхаар нь би нэг их юм бодолгүй дэлгүүрийнхээ складнаас ундаагаа оруулж ирээд лангуун дээрээ өрөх гэтэл мөнгөний шүүгээ онгойчихсон дотор нь байсан бэлэн мөнгөнүүд байхгүй болсон байсан. ...” /1хх 123-125/,

гэрч П.Ариунзулын “... “Авьяас” өдөр өнжүүлэх төв буюу ажил дээрээ байж байхад 16-18 орчим насны шар царайтай, гар дээрээ шивээстэй, 165-170 см орчим өндөртэй, хар өнгийн хувцастай хүүхэд орж ирээд “4 дүгээр ангийн хүүхэд өдөр өнжүүлэхэд авах уу” гэж надаас асуугаад “ардаас ээж орж ирнэ” гээд үүдэнд зогсоод байсан. ...Соёл-Эрдэнэ багш хүүхдүүдээ хувцаслаж байх үед нөгөө хүүхэд үүдний урд талын ширээн дээр байсан багш Соёл-Эрдэнийн гар утаснуудыг болон манай сурагч С.Урангоогийн гар утсыг хулгайлаад аваад гарсан байсан. ...” /1хх 203-204/,

гэрч Ж.Нямсайханы “...ахлах түгээгч Хулан “та гараач, ийшээ орж болохгүй” гээд орилох чимээ гараад байхаар нь босоод дотогшоо орох гэтэл өөдөөс бараан өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй хүүхэд энгэртээ мөнгө барьчихсан зугтаах гэж байгаа бололтой гараад ирэхээр нь бариад авсан...нөгөөх нь хаачсан талаар асуухад анхаарал сарнисан хойгуур гараад зугтаачихлаа гэж хэлсэн. ...” /2хх 158-159/,

гэрч О.Хулангийн “...орлогын мөнгөө сейфэнд хийхээр дөнгөж орж ирээд халааснаасаа мөнгөө гаргаад сандал дээр байтал гаднаас хоёр хүн ирж хаалга хүчтэй онгойлгож бариул нь унасан...шууд дайрч орж ирээд нэг нь өрөөстэй байгаа тос масло нураагаад эхэлсэн. Би тийшээ анхаарлаа хандуулах үед нөгөөх нь гарах гэж байгаа харагдсан. Энэ үед миний хашгирахыг сонссон бололтой цуг ажилладаг Нямаа орж ирээд өөдөөс нь бариад авахад өврөөс нь мөнгөнүүд унаад ирсэн. ...” /2хх 160/,

Э.А-, А.П- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 37-38, 141-144, 241-242, 2хх 33, 79-80, 3хх 3-4, 28-130, 2хх 210/,

 

Э.Тэмүүлэнгийн яллагдагчаар өгсөн: “...А- бид хоёр Революшн нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан үл таних эмэгтэйн гар утсыг ширээн дээр байхад нь хулгайлан авсан /3хх 133-135/ гэх мэдүүлгүүд,

алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 29/, /1хх 212/, /1хх 216/, /2хх 23/, /2хх 73/, /3хх 40/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 131-134/, /2хх 26-28/, /2хх 189-191/, /3хх 52-54/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 161-164/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 59-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Э.А-, А.П- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг бүлэглэж, Э.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.А-, А.П- нарын “М-Oil” Шатахуун түгээх станцын түгээгчийн өрөөнд дайран орж 440.000 төгрөгийг дээрэмдэн авсан, Э.А-ын  А.Содгэрэлтэй бүлэглэн Б.Долгорсүрэнгийн гар утсыг дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.А-ын ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.А-, А.П- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс шүүгдэгч Э.А-т 4 жилийн хорих ял, шүүгдэгч А.П-ид 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, тэдгээрт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч А.П-ийн “...хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх, ял хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд А.П-ид холбогдох хэргийг өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Шүүгдэгч Э.А-ын “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдгээр үйлдлийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд, тэрээр өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, А.П- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, А.П- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН