Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 402

 

186/2020/0067/Э

 

 

 

  2020            04             02                                      2020/ДШМ/402                                    

 

         Г.Э-, Б.С- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Э-,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Г.Э-, Б.С- нарт холбогдох 1911023911114 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

2.

 

Г.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.О-ын пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэн авахдаа түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

Б.С- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Г.Э-ыг хохирогч Г.О-ын пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэн авсныг нь мэдсээр байж уг пүүзийг худалдан борлуулж, олсон мөнгийг улмаар захиран зарцуулах хэлбэрээр Г.Э-тай хамтран ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч ... С-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг нь мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож, шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 800.000 төгрөг буюу 800 нэгжээр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 24 хоногоор тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.С-гийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.С-, Г.Э- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдолдоо: “...миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогч Г.О-ыг цохиогүй, хохирогч нь өөрөө уруу газар бүдэрч унахаар нь би очиж пүүзийг тайлтал Г.О- өөрөө өрөөсөн пүүзээ тайлж өгсөн. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Би настай эх Г.Дуламын хамт хоёулаа амьдардаг бөгөөд барилгын ажил хийж амьдралаа авч явдаг. Иймд миний хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор М.Э- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг нь мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.О-ыг уруу газар хөл алдан унахад нь дээрээс нь толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж “пүүзээ тайл” гэж хэлэн өмсөж байсан пүүзийг нь тайлж авсан, ингэхдээ түүний эрүүл мэндэд хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэргүүдийг,

 

шүүгдэгч Б.С- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Г.Э-ыг хохирогч Г.О-ын өмсөж байсан пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэн авсныг нь мэдсээр байж уг пүүзийг худалдан борлуулж, олсон мөнгийг захиран зарцуулах хэлбэрээр Г.Э-тай хамтран ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.О-ын “...Г.Э- гэх хүн “чи манай гэрийг голоод байгаа юм уу, п...” гээд сонин ааш зан гаргахаар нь “намайг дээрэмдэх гээд байна” гэж гадарлаад зугтааж архи ууж байсан газраасаа хэдэн алхмын цаана хашааны буланд шарилжны хажууд ирээд уруу газар байсан болохоор хөл алдаад унасан. Тэгсэн Г.Э- миний араас ирээд дээрээс гараараа толгой болон нүүрэн тус газарт учир зүггүй цохихоор нь би “ахаа боль ёо” гээд зөндөө гуйсан боловч болихгүй цохиж байгаад “алив наад пүүзээ тайл” гэж хэлээд эхлээд миний нэг талын хөлийн пүүзийг тайлж аваад нөгөө талыг нь би өөрөө тайлж өгсөн. ...” /хх 37-39/,

 

гэрч Н.Эрдэнэсүрэнгийн “...хоёр хүн ирээд надад “цагаан өнгөтэй пүүзийг 40.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би 10.000 төгрөг бэлнээр нь өгөөд худалдаж авсан. ...Орос шиг царайтайг нь танихгүй, нөгөөхийг нь Сайнаа гээд “Хүчит шонхор” зах дээр архи уудаг ах байдаг. ...” /хх 40/,

 

гэрч О.Ганчимэгийн “...миний хүү Г.О- залгаад хүнд дээрэмдүүлсэн талаар хэлээд гуталгүй, зодуулчихлаа, хөл нүцгэн явж чадахгүй байна гэхээр нь би байгаа газрыг нь заалгаад явж очсон. ...Г.О- өөрийнх нь пүүзийг дээрэмдсэн залуу болон өмнө нь цуг архи уугаад зогсож байсан залуу хоёрыг “Хүчит Шонхор” захын үүдэнд явж байхыг нь хараад цагдаад хэлсэн. ...Намайг очиход манай хүү Г.О-ын нүүрэн тус газарт нь бага зэрэг шархтай байсан, тэгээд толгой өвдөөд байна гээд дуу нь цаашаа орсон байсан болохоор нь шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлэхэд толгой нь хавагнасан байдалтай байсан. ...” /хх 45-46/, 

     

Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...С- намайг хаашаа явсан гэж хэлэхээр нь би хохирогчийн пүүзийг дээрэмдэж авсан талаараа хэлээд бид хоёр пүүзийг С-гийн танил гэх залууд 10.000 төгрөгөөр зарж, архи авч ууж байгаад цагдаад баригдсан. ...Би хохирогчийн пүүзийг ганцаараа дээрэмдэж авсан. ...” /хх 70-73/,

 

Б.С-гийн яллагдагчаар өгсөн “...Г.Э- нөгөө залуутай цуг архи ууж байгаад пүүзийг нь аваад ирлээ гэж хэлэхээр нь би хохирогчийн пүүзийг дээрэмдэж авсан гэж ойлгосон. Тэр үед архи уучихсан байсан болохоор “үүнийг зарж нэг юм авч ууя” гэхээр нь “Хүчит Шонхор” зах руу ороод мах үүрдэг ажил хийдэг зүс таних залууд 10.000 төгрөгөөр зараад архи авч ууж байгаад  захын үүдэнд цагдаад баригдсан. ...” /хх 74-77/ гэх мэдүүлгүүд,

 

“...Г.О-ын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11094 дугаартай дүгнэлт /хх 52/,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Шүүгдэгч Г.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Э-ын хохирогч Г.О-ын пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Г.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.С-гийн хохирогч Г.О-ын пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэн авсныг нь мэдсээр байж уг пүүзийг зарж, олсон мөнгийг Г.Э-тай хамтран ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин шүүгдэгч Б.С-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх “авсан” гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Б.С- нь Г.О-ын пүүзийг хүч хэрэглэн дээрэмдэн авсныг мэдсээр байж уг пүүзийг зарж, олсон мөнгийг Г.Э-тай хамтран ашигласан болох нь тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Түүнчлэн, шүүгдэгч Г.Э-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг дүйцүүлэн нэмж нэгтгэхдээ хэдий хэмжээний ялыг нэмж нэгтгэсэн нь тодорхойгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн /800:15=54 хоног/ 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн гэж тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э- нь “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-, Б.С- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч ... С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг нь мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. …” гэснийг “...шүүгдэгч .... С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 800.000 төгрөг буюу 800 нэгжээр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 24 хоногоор тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 30 хоногийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Г.Э-ын биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН