Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00715

 

Н.Лгийн нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01120 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1493 дугаар магадлалтай,

Н.Лгийн нэхэмжлэлтэй

“Ө Б Х” ХХК, “Ю Б Э п” ХХК-д тус тус холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Ю Б Э п” ХХК-ийн төлөөлөгч Г.Ганзориг, гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн төлөөлөгч А.Энхмэнд нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Л, хариуцагч “Ю Б Э п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамир, Н.Энхтэмүүлэн, гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Н.Л нь “Ө Б Х” ХХК, “Ю Б Э п” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01120 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Лг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхрын 84 тоот, 56.64 м.кв талбайтай 2 өрөө, мөн байрны 3 дугаар орцны 1 дүгээр давхрын 162 тоот, 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю Б Э п ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1493 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01120 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243 .1” гэсний дараа “...100 дугаар зүйлийн 100.1” гэж нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ю Б Э п” ХХК-аас 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “Ю Б Э п” ХХК-ийн төлөөлөгч Г.Ганзориг хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ИХШХШТХ” гэх)-ийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд /ИХШХШТХ- ийн 172.2.1/ Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлж, 2 орон сууцыг бодит эзэмшилдээ авсан тул өмчлөх эрх үүссэн бөгөөд гагцхүү баталгаажуулаагүй байгаа тул Иргэний хуулийн 243.1, 100 дугаар зүйлийн 100.1-ийг үндэслэн хариуцагчдаас 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь бодит эзэмшлийг шилжүүлснээр шилждэггүй. Гагцхүү Иргэний хуулийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Гэтэл шүүх өмчлөх эрхийг огт олж аваагүй нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээ байгуулж бодит эзэмшилдээ орон сууцнуудыг авснаар “өмчлөгч болсон” гэж үзэж Иргэний хуулийн 243.1, 100.1 дэх хэсгүүдийг хэрэглэсэн нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх гэрээ байгуулж, бодит эзэмшилд шилжүүлснээр үүсдэг гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба маргааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө байхад хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих зохицуулалтын дагуу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчдад байхгүй байхад маргааны зүйл болсон орон сууцнуудын өмчлөх эрх хэзээ, хэнээс хэнд ямар үндэслэлээр шилжсэнтэй холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүй буюу одоо өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан эсэхийг тодорхойлоход зайлшгүй хэрэглэх ёстой Иргэний хуулийн 109.2, 110.1, 183.1-д заасан хэм хэмжээнүүдийг хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг нотолж байгаа юм. 2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд /ИХШХШТХ-ийн 172.2.2/ Нэхэмжлэгчээс 2 орон сууцны өмчлөх эрхийг тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргасан бөгөөд өөрийн эрхийг “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” гэх нэршилтэй “худалдах-худалдан авах гэрээ”-г үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан болно. Үүний тулд тэрээр гэрээ байгуулсан байх, байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд шаардах эрх нь дуусгавар болоогүй хэрэгжих боломжтой байх ёстой. Нэхэмжлэгчийн “Ю Б Э п” ХХК-тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ (хх5-6) нь Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл болохын хувьд (талууд гэрээ байгуулах үед “Ю Б Э п” ХХК үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан) Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус хуулиар тодорхойлсон “үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх” хэлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Иргэний хэргийн шүүх зохигчдын маргаж буй үйл баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын зарчмыг баримталдаг. Гэвч талуудын маргааны үйл баримтын зүйл нь хэлцэл байвал уг хэлцэл “хуульд нийцэж буй эсэх”-ийг шүүх хэнээс ч асуухгүйгээр өөрийн эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд “шүүхийн хяналт”-ийг хэрэгжүүлж, шалгах үүрэгтэй. Учир нь хууль тогтоомж зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үр дагавартай хэлцлийг шүүх талуудын зарчмаар хүчинтэй гэж тооцох, эсхүл хүчин төгөлдөр бус байдлыг нь хянахгүйгээр хэлцлийн эрх, үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хэлцэл байгуулагдсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг хянах “шүүхийн хяналт”-ыг хэрэгжүүлээгүйгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үр дагавартай, талуудад эрх, үүрэг үүсгэхгүй хэлцлийн эрх үүргийн талаарх маргаан руу орж шийдвэрлэсэн. Үүнээс гадна хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхээс үзэж буй бол хариуцагч нь тухайн үүргийг биелүүлэх боломжтой байх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой юм. Гэтэл хариуцагчдад маргааны зүйл болсон орон сууцнуудын өмчлөх эрх байхгүй тул үүрэг биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байгааг шүүх анхаараагүй. Энэ нь гэрээний эрх зүйн маргааны хүрээнд уг хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд уг маргаан нь өмчийн эрх зүйн маргаан болохыг тодорхой харуулна. Тийм байтал үүргийн эрх зүйн харьцангуй байх зарчмын хүрээнд (Иргэний хуулийн 243.1) гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь зайлшгүй тодруулах ёстой байсан 2 орон сууцны өмчлөлийн түүх буюу анхны өмчлөгчөөс цааш ямар этгээдүүдэд хэрхэн шилжиж байсан болон одоогийн өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор олж авсан эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүйтэй холбоотой. Анхан шатны шүүхийн дээр дурдсан алдааны талаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас гомдолдоо тодорхой дурдсан байхад “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” гэх нэршилтэй “худалдах худалдан авах гэрээ” болон гуравдагч этгээд “ХХБ” ХХК хөрөнгийг хууль ёсоор олж авсан эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй болно. Ийнхүү анхан болон давж заалдах шатны огт дүгнээгүй асуудлаар хяналтын шатны шүүх цоо шинээр дүгнэх боломжгүй гэж үзэж байх тул ИХШХШтХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн төлөөлөгч А.Энхмэнд хяналтын гомдолдоо: Шийдвэрийг, магадлалыг тус тус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Худалдаа, хөгжлийн банк нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: “Ю Б Э п” ХХК нь тус банктай 2016.05.06-ны өдөр №ЗГ/СС160506007-5-н тоот “Зээлийн гэрээ”-г №ЗБ/СС 160506007-5-15 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 48,725,000,000.00 (дөчин найман тэрбум долоон зуун хорин таван сая) төгрөгийг сарын 1,4-н хувийн хүүтэй, 36-н сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь №ЗГ/СС160506007-5-н тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗБ/СС 160506007-5-12 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, 72, 73-н тоот орон сууцны барилгуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. “Ю Б Э п” ХХК нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус компаний зээлийн барьцаанд бариулсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, ХД-72, ХД-73 дугаар байранд байрлах орон сууцны барилгуудын өмчлөх эрх 2018.10.31-ний өдрийн №tdbm/362/2018-н тоот “Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу банкны өмчлөлд шилжсэн. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд нэхэмжлэлд дурьдагдсан 72 дугаар байрны 84 болон 162 тоот орон сууцнууд багтсан байна. Өөрөөр хэлбэл банк Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлж, барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан. Худалдаа, хөгжлийн банк нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг иргэн О.Өрнөхбаяраас шилжүүлэн авсан. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 “...Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна...”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 “...мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно...” хэмээн тус тус заасны дагуу банк нэхэмжлэлд дурьдагдсан орон сууцнуудын хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч юм. Өөрөөр хэлбэл банк болон иргэн О.Өрнөхбаярын хооронд хийгдсэн хэлцэл нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй буюу түүний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн аваагүй, энэхүү иргэний хэргийн хариуцагч болон нэхэмжлэгч нарын хоорондох 2012 оны төлбөр тооцооны асуудлыг банк мэдээгүй буюу мэдэх боломжгүй юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу банк өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дараа 8 жилийн өмнөх нэхэмжлэгч болон хариуцагч “Ө Б Х” ХХК нарын хоорондох өр төлбөрийн асуудлыг банк оршин суугчаас анх мэдсэн болно. Нэхэмжлэгч нь хариуцагч талтай байгуулсан захиалгын гэрээнээсээ татгалзаж, эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ажил гүйцэтгэх гэрээ болон зээлийн гэрээний үүргээ хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-иас шаардах боломжтой байна. /Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...үйлчилгээний хөлс болон зээлсэн мөнгөний авлагатай байсан...” хэмээн дурьдсан байна./ Мөн шүүх “...нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 220,806,000.00 төгрөгийг төлсөн... орон сууцнуудыг худалдан авагчид шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна...”хэмээн дүгнэсэн байна. Гэвч хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь орон сууцнуудын төлбөрийг төлсөн болохыг нотлох ямар нэгэн санхүүгийн баримт байхгүй бөгөөд хариуцагч “Ю Б Э п” ХХК нь нэхэмжлэгч нь орон сууцнуудын төлбөрийг төлөөгүй гэдгийг мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч нь төлбөр төлсөн болохоо нотолж чадаагүй байхад шүүх таамаглал дээр үндэслэж, дээрх дүгнэлтийг хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан “Орон сууц хүлээлцэх акт” гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй буюу нэхэмжлэгч нь төлбөрөө төлөөгүй байхад хариуцагч “Ю Б Э п” ХХК-ийн хэн гэдэг эрх бүхий албан тушаалтан нь юуны үндсэн дээр сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн зүгээс дээрх баримтыг үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдсаар байхад шүүх дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан байна. Мөн давж заалдах шатны шүүх “...Н.Лд өгөх ажлын хөлсөнд тооцож 2 өрөө орон сууцыг өгсөн талаарх өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл хэрэгт авагджээ.” хэмээн дүгнэсэн. Гэвч өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл гэх нотлох баримт нь иргэн Н.Л болон “Ө Б Х” ХХК нарын хоорондын тооцоо нийлсэн бүртгэл юм. Өөрөөр хэлбэл тус бүртгэл нь “Ю Б Э п” ХХК болон иргэн Н.Л нарын хооронд хийгдсэн хэлцлийн өр төлбөрийг зохицуулсан, шийдвэрлэсэн бүртгэл огт биш юм. “Ө Б Х” ХХК болон “Ю Б Э п” ХХК нь тусдаа бие даасан эрх зүйн этгээд юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Улмаар гуравдагч этгээд “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь дээрх орон сууцнуудын хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч болсон байгаа талаарх дүгнэлтийг шүүх огт хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банк дээрх орон сууцнуудын хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй шийдвэрийг, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч “Ю Б Э п” ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Хариуцагч “Ө Б Х” ХХК, “Ю Б Э п” ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хайпи таун хотхоны 72 дугаар байрны 84 тоот 56,64 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 60,81 м.кв талбайтай 162 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн Н.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХХБ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах байр суурийг илэрхийлжээ.

7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй ба өмчлөх эрх үүсэх үндэслэл, худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талуудын үүрэг, маргааны зүйл болох эд хөрөнгийн хууль ёсны эзэмшил зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. “Ю Б Э п” ХХК, Н.Л нар 2014.11.03-ны өдөр гэрээ байгуулж, тус тус 2 өрөө бүхий 2 орон сууцыг худалдах, худалдан авагч Н.Л нь орон сууцны м.кв-ыг 1,880,000 төгрөгөөр тооцож, 2 орон сууцны үнэд нийт 220,806,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн,  2015.04.15-ны өдөр “...төлбөр тооцоогүй...” /хх-45,46/ гэж дурдан 2 орон сууцыг хүлээлгэн өгсөн баримтад тулгуурлан талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

9. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заасан.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсгээ зурсан, Ю Б Э п” ХХК гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн, худалдан авагч Н.Л эд хөрөнгийн үнэ төлөх үүргээ биелүүлсэн байх ба “...2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрхийг шилжүүлэх худалдагчийн үүргийг хангуулах буюу гэрээний хэлбэрийг хуульд заасан дээрх шаардлагад нийцүүлснээр үүргийг хангуулах агуулгатай тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг зөрчөөгүй, 2014.11.03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч “Ө Б Х” ХХК-иас 179,765,535 төгрөгийн авлагатай болох нь 2 талын гарын үсэг бүхий өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл гэсэн баримтаар тогтоогдсон /хх-7/, орон сууцны төлбөрт тооцон 2015.11.16-ны өдөр 3 өрөө байр хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч “Ө Б Х” ХХК үгүйсгээгүй, түүнчлэн 2015.04.15-ны өдөр орон сууцыг хүлээлцсэн баримтад “талууд гэрээг дүгнэж, харилцан ямар нэгэн төлбөр тооцоогүй болон гэрээтэй холбоотой гомдол, саналгүй болохыг эцэслэн зөвшөөрч, тавилга оруулж нүүж орохыг зөвшөөрөв.” /хх-8,45,46/ гэж заасан, гэрч “Ө Б Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Тгийн мэдүүлэг зэрэг баримтаар Н.Л 2 орон сууцны үнийг төлсөн нь тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хариуцагч “Ю Б Э п” ХХК нь “нэхэмжлэгч Н.Лг орон сууцны үнийг огт төлөөгүй, үүргээ биелүүлээгүй” гэх татгалзлаа нотлоогүй, дээрх баримтуудыг үгүйсгэж чадаагүй байв.

11. “Ю Б Э п” ХХК нь 2013.04.12-ны өдөр “Ө Б Х” ХХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороололд 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг худалдаж авсан, ийнхүү худалдаж авсны дараа 2014.11.03-ны өдөр нэхэмжлэгч Н.Лтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу “Ө Б Х” ХХК-ийн орон сууцны барилга, уг эд хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэг “Ю Б Э п” ХХК-д шилжсэн болохоос гадна эдгээр хуулийн этгээдүүд хоорондоо хамааралтай тул “Ю Б Э п” ХХК болон Н.Л нарын хооронд байгуулагдсан гэрээнд “Ө Б Х” ХХК-иас авах авлага хамааралгүй, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлөөгүй” гэх хариуцагч “Ю Б Э п” ХХК-ийн татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

“Ө Б Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т, Ө, Төмөрхүү нар “Ю Б Э п” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигч болох нь улсын бүртгэлийн баримтаар тогтоогджээ.

12. “Ю Б Э п” ХХК нь 2016.05.06-ны өдөр ХХБтай зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд орон сууцны 3 барилгыг барьцаалсан, үүнд нэхэмжлэгчийн худалдаж авсан 2 орон сууц багтсан байна. /хх-36,37,70-82/ Улмаар зээлдэгч зээлээ төлөөгүй тул талууд харилцан тохирч банкны өмчлөлд зарим эд хөрөнгийг шилжүүлж, ХХБ нэхэмжлэгчийн худалдаж авсан 2 орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ.

13. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заасан. Барьцааны гэрээ улсын бүртгэлийг үндэслэсэн, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан боловч “Ю Б Э п” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Т, Ө, Н.Тнар эзэмшдэг, үлдэх хувийг ХХБны хамаарал бүхий этгээд эзэмшдэг гэх гэрч Н.Тгийн мэдүүлгийг гуравдагч этгээд “ХХБ” ХХК няцаагаагүйгээс гадна нэхэмжлэгч нь эд хөрөнгийг бодитой эзэмшиж байсан тул ХХБны зүгээс бүртгэл үнэн зөв эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Энэ тохиолдолд ХХБийг шударга барьцаалагч, өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

14. Нэхэмжлэгчийн хувьд худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн байхад улмаар ХХБ өмчлөгчөөр бүртгэгдсэн, өмчлөх эрх зөрчигдсөн гэх агуулгаар маргасан тул шүүх гэрээний эрх зүйгээс гадна өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд байх тул “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

15. Нэхэмжлэгч Н.Л нь маргаж буй орон сууцны үнийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн, орон сууцыг бодитоор эзэмшиж байхад нь “Ю Б Э п” ХХК түүнд мэдэгдэлгүйгээр орон сууцыг зээлийн үүргийн барьцаанд тавьж, улмаар өмчлөх эрхийг бусдад /Өрнөхбаярт, түүнээс ХХБанд/ шилжүүлсэн. Ингэхдээ “Ю Б Э п” ХХК гэрээг цуцлах талаар гэрээний нэг тал Н.Лд мэдэгдээгүй. Нөгөө талаар, “ХХБ” ХХК, “Ю Б Э п” ХХК-ийн байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болсон тул барьцааны зүйлээс үүргийг хангуулах үндэслэл байхгүй байна.

16. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосноор “ХХБ” ХХК-ийн өмчлөх эрх хүчингүй болох ба “ХХБ” ХХК нь “Ю Б Э п” ХХК-иас хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 06-ны өдрийн 1493 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Ю Б Э п” ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч болон гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД