Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00745

 

                                  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01458 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1432 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01458 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017.09.15-ны өдрийн зээлийн гэрээг, 2017.11.22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 байр 211 тоот хаягт байршилтай, 139 м2 талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Y-2206042290 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т даалгаж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 813,200 төгрөг, 1,207,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  тэмдэгтийн хураамжид  илүү төлсөн 70,050 төгрөг, 1,207,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 743,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1432 дугаар магадлалаар  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 1432 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэгт “...Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана, ... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэж зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад бүрэн нийцсэн. Давж заалдах шатны шүүхээс “... Талууд гэрээнээс татгалзаж байгаа эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаагийн аль нь болохыг тодруулах нь зүйтэй ...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь анхнаасаа шүүхээс юу хүсэж байгаа нь тодорхой байхад тодруулаагүй гэж дүгнэсэнд гомдолтой. Анхан шатны шүүхийн мэтгэлцээн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахтай холбоотой үндэслэлээр явагдаж шүүхээс шаардлагыг бүхэлд нь хангаж хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон байхад давж заалдах шатны шүүх татгалзаж байгаа эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаагийн аль нь болохыг тодруул гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан гэрч асуух ажиллагааг шүүх гүйцэтгэх үүрэгтэй байтал гүйцэтгээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагчаас 2019.11.04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг, 2020.01.17-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байдаг ба шүүх хянаад 2020.01.17-ны өдрийн 1216 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн. Улмаар 2020.02.17-ны өдрийн шүүх хуралдаан дээр хүсэлтээ дахин тодруулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх 2020.02.17-ны өдрийн 2768 дугаар шүүгчийн захирамжаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг гэрчээр асуулгах хүсэлтийг татгалзан шийдвэрлэсэн. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй байдаг.

4.2. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуух ажиллагааг 2020.03.03-ны өдөр гүйцэтгэсэн. Хариуцагчаас дахин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг гэрчээр асуулгах хүсэлтийг 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасныг шүүх 3 дугаар сарын 24-ний өдрийн 4522 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан. 2020.04.10-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг гэрчээр асуулгах тухай хүсэлтээ дэмжиж, хүсэлтийн үндэслэлээ тодруулсаныг шүүх хүлээн авч 4 дүгээр сарын 10-ны өдөр 5596 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, гэрч асуух ажиллагааг 4 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэсэн. Дээрх байдлаар гэрч асуулгах тухай хүсэлтийг ханган ажиллагааг гүйцэтгэсэн байхад анхан шатны шүүх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн, дахин гаргаагүй байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуух тухай шийдвэрийг шүүх гаргахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохицуулалт нь гэрчийн мэдүүлэг авахад зайлшгүй хэргийн оролцогчийн хүсэлт шаардлагатай. Давж заалдах шатны шүүхээс “... хариуцагч тал гэрч нарын мэдээллийг тодорхой болгохоор хүсэлт тавьж, мөн гэрчийн дугаарыг заасан байна ...” гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой. Удаа дараа гэрчтэй холбоотой хүсэлтийг гаргахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын мэдээллийг тодруулсан болохоос ,,,,,,,,,,,,,,,,,,,,,этэй холбоотой мэдээллийг тодруулаагүй. Хариуцагч нараас гэрч асуулгах тухай хүсэлтийн мэдээлэл, үндэслэлийг тодруулсан даруйд гэрчээр асуулгах хүсэлтүүдийг шүүх ханган ажиллагааг гүйцэтгэсэн байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуулгах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

8. Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч 3 өрөө орон сууцаа зарахаар зар тавьсны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,э холбогдож, өөрийн ээж Ж.Эрдэнэчимэгийнхээ нэрээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч төлбөрөө төлөхгүй байсан. Мөнгөө шаардахад “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас автомашин аваад, зараад төлбөрийг төлье, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас мөнгө зээлсэн болоод гэрээ байгуулаад орон сууцны гэрчилгээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т шилжүүлчих” гэсний дагуу 2017.09.14-ний өдөр зээлийн болон бэлэглэлийн гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “зээл авахад бэлэглэлийн гэрээ болохгүй, худалдах-худалдан авах гэрээ байгуулах хэрэгтэй байна” гэсэн тул 2017.11.22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгчид буцааж байрыг шилжүүлээд, мөн тэр өдрөө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн. Үүнээс хойш 8 хоногийн дараа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “Прогресс капитал ББСБ” ХХК-тай 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, орон сууцыг барьцаалсан байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлээ төлөөгүй тул “Прогресс капитал ББСБ” ХХК шүүхэд хандаж 2018.6.12-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 140,990,610 төгрөг гаргуулан, төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан... Нэхэмжлэгч, хариуцагч нарт үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т орон сууцыг барьцаа болгож шилжүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,эд машин өгч явуулахдаа заавал барьцаа хөрөнгө үлдээх шаардлага тавьсан учир гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас мөнгө зээлж аваагүй. Иймд байраа орон сууцаа буцааж авах хүсэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Байрны үнийг төлөхөөр 2017.09.15-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрт байгаа ... нийт 98,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 машиныг худалдан авахаар тохирсон. Мөнгө байхгүй учир зээлийн гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлэхийн оронд машин шилжүүлж өгсөн. 2017.10.18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавьсан. 2017.09.15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Мөнгө төлөх хугацаа болоход мөнгөө өгөөгүй. Барьцаалсан байрыг зарж мөнгөтэй бол гэж хэлсэн тул 98,000,000 төгрөг дээр зээлийн гэрээний алданги, Альфард маркийн машин нэмж өгөөд нийт 120,000,000 төгрөг болсон. Байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авах гэтэл бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан учир барьцаанд авахгүй гэсэн. Тухайн өдрөө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, буцаан шилжүүлсэн. 120,000,000 төгрөгт тооцож, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т машин шилжүүлсэн. “Прогресс капитал ББСБ” ХХК-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж 120,000,000 төгрөг авсан. Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..., гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Тус шүүхийн дүгнэсэнчлэн, бодит байдал дээр зохигчийн хооронд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч уг гэрээг халхавчилж, дүр үзүүлэн 2017.09.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 98,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, хэдийгээр “уг зээлийн мөнгөнд 5 ширхэг тээврийн хэрэгсэл шилжүүлсэн” гэж тайлбарлах ч зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр солих талаар тохирсон зүйл байхгүй. Иймд талууд зээлийн гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүй, гагцхүү 5 машины үнэ төлүүлэх баталгаа болгох зорилгоор зээлээр худалдах, худалдан авах гэрээг халхавчилж, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох зорилго, агуулгатай байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн” хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна. Ийнхүү зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байтал хариуцагчаас “зээлдэгч” буюу нэхэмжлэгчийг уг гэрээний үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр баталгаа болгож бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн (маргаан бүхий орон сууцны) өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан (2017.11.22-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ) нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий юм.

11. Гэтэл давж заалдах шатны шүүх “... талууд гэрээнээс татгалзаж байгаа эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаагийн аль нь болохыг тодруулах нь зүйтэй, талуудын хэлцлээр шилжүүлсэн зүйл, түүний үнэ тодорхой байх ёстой, хариуцагч талаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангахгүй орхисон нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн эсэх, талуудын хооронд ямар төрлийн хэлцэл хийгдсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоох нь ач холбогдолтой, талуудын гэрч асуулгах хүсэлт хэлцлийн хүчин төгөлдөр байдал, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байхад шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болохуйц гэрчээс мэдүүлэг авах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан зөрчилд хамаарах бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй...” гэсэн дүгнэлтийг хийж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу байна.

12. Учир нь, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий хэлцлүүдийг “хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж ойлгомжтой тодорхойлсон, талуудын хэлцлээр шилжүүлсэн зүйл (маргаан бүхий орон сууц болон 5 машин)-ийн үнэ тодорхой, мөн хариуцагч талаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид талууд гомдол гаргаагүй бөгөөд дахин хэн алинаас нь гэрчээр асуулгах хүсэлт тавиагүй, анхан шатны шүүх маргаан бүхий хоёр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлээ тодорхой дүгнэсэн, нэгэнт хүчин төгөлдөр бус тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх хууль зүйн үр дагавартай байхад эдгээр үйл баримтыг тодруулах шаардлагатай гэж үзэж буй нь үндэслэлгүй.

13. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

14. Гэхдээ энэхүү шүүхийн шийдвэрийн үр дагавар нь гуравдагч этгээдийн барьцааны гэрээ, түүнийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үр дагаварт нөлөөлөхгүй болохыг (Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т зааснаар), мөн үүнийг нэхэмжлэгч тал ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа талаар хяналтын шатны шүүх хуралдаанд илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1432 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 813,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ