Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1388

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.О, Н.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 93 813 627 төгрөг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.О-ийн төлөөлөгч, Н.Г төлөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ш.О-ийн төлөөлөгч У.Т, Н.Г-ын төлөөлөгч Ш.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Х б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.О, Н.Г нар нь “Х б” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1080018069 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1080026847 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 36 сарын хугацаатай, жилийн 28.2 хувийн хүүтэй, 70.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ш.О, Н.Г нарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачилга гаргалгүй 1080018069 дугаартай зээлийг 348 хоног, 1080026847 дугаартай зээлийг 363 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. Иймээс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалж 1080018069 тоот гэрээний үндсэн төлбөр 16.664.375 төгрөг, хүү 3.805.874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 383.741 төгрөг, нийт 20.583.990 төгрөг, 1080026847 тоот гэрээний үндсэн төлбөр 56.031.193 төгрөг, хүү 14.044.151 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596.389 төгрөг, нийт 70.671.733 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт төлбөр 91.255.723 төгрөг болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан 1080018069 дугаартай гэрээний 1.6-д заасныг үндэслэн 2017 оны 8 сарын 8-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 174 хоногийн зээлийн үндсэн хүү 1.906.587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 381.317 төгрөг, өмнө бодогдсон 383.741 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн дутуу нэхэмжилсэн дүн болох 270.000 төгрөг, нийт 2.557.904 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд одоо нийт 93.813.627 төгрөгийг зээлдэгч Ш.О, Н.Г нараас гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х б” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн гэрээний дагуу зохих хугацааны туршид зээлээс төлж байсан. Миний зүгээс их хэмжээний мөнгийг төлсөн. Гэтэл “Х б” ХХК нь шалтгаангүйгээр зээлийн гэрээг цуцалсан. Гэрээг цуцалж байгаа бол тэр үеэс эхлэн шаардах эрх дуусгавар болох ёстой, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хугацаа тасалдана. Тиймээс нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй болно. Иймээс дээрх хоёр гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж бодож байна. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Г шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ш.О-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээний үүргийг хамтран хариуцахаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тус гэрээнд гарын үсэг зураагүй. Энэ талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан ч шүүх хүлээж аваагүй. Үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О, Н.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 93.813.627 /ерэн гурван сая найман зуун арван гурван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201015298 дугаартай ........дүүрэг 29-р хороо, 131/3 байр, 28 тоотод байрлах, 41.57 м.кв, 1 өрөө орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаартай ороо, 11-р хороолол, 7-р байр, 285 тоотод байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 740.306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 740.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.О-ийн төлөөлөгч, Н.Г төлөөлөгч нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу явагдсан байхыг шаарддаг. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д бичгээр хийж буй гэрээнд талууд гарын үсэг зурснаар байгуулагдсан тооцохоор заасан. Гэтэл хэрэгт авагдсан гэрээнүүдэд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул байгуулагдсан тооцох боломжгүй. Хэргийн материалд авагдсан “Х б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харвал 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын гүйцэтгэх захиралаар Магван овогт Болдоог томилсон болох нь нотлогддог. Албан ёсоор салбар байгуулагдаж үйл ажиллагаа явуулаагүй байхад салбарын захирал байх боломжгүй. Иймээс салбар байгуулсан гэх гэрээг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан гэрээнүүдэд хариуцагч Н.Г гарын үсэг зураагүй. Энэ талаараа өөрийн хариу тайлбартаа дурьдсан. Шинжээч томилуулах хүсэлтийг ч гаргаж байсан. Хариуцагч Н.Г-ын зурсан гэх гарын үсэг биш гэдгийг нотлоход шинжээч дүгнэлт зайлшгүй шаардлагатай байхад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, шинжээч томилохоос татгалзсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатын шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Ш.О, Н.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93 813 627 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр  хангуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргажээ.

 Шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу салбарын захирал хариуцагч Ш.О, Н.Г нартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дах хэсэгт заасныг болон Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэжээ.

 Зохигчдын  хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1080018069 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч  нар нь “Х б”-аас  50 000 000 төгрөгийг  36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1080026847 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч  нар нь “Х б”-аас  70 000 000 төгрөгийг  36 сарын хугацаатай, жилийн 28.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлдэн авсан болох нь хэрэг авагдсан бичмэл баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

Зээлдүүлэгч “Х б” нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд  шилжүүлснээр  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  улсын бүртгэлийн Ү-2201015298 дугаартай ........... дүүрэг 29-р хороо, 131/3 байр, 28 тоотод байрлах, 41.57 м.кв, 1 өрөө орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаартай ............. дүүрэг 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 285 тоотод байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан баталгаат ипотекийн гэрээг болон  Гермес худалдааны төвийн С-6 тоот лангууны эргэлтийн хөрөнгө, 2231 УНР улсын дугаартай, Honda CR-V  маркын автомашиныг  тус тус барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан. 

Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааг бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч  нар нь гэрээ болон хуульд заасны дагуу үндсэн зээл, түүний хүүг, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй 1080018069 дугаартай зээлийг 348 хоног, 1080026847 дугаартай зээлийг 363 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн тул анхан шатны шүүх 1080026847 тоот гэрээг зээлдүүлэгч талаас цуцалж, 1080018069 тоот гэрээний хугацаа дуусгавар болсон тул 1080026847 тоот гэрээний үндсэн төлбөр 56 031 193 төгрөг, хүү 14 044 151 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596 389 төгрөг, нийт 70 671 733 төгрөг, 1080018069 тоот гэрээний үндсэн төлбөр 16 664 375 төгрөг, хүү 5 712 461 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 765 058 төгрөг, нийт 23 141 894 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт төлбөр 93 813 627 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Н.Г нь “...зээлийг аваагүй, гэрээн дээрх гарын үсэг минийх биш...”  гэж тайлбарлаж байгаа боловч 2 удаагийн зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, Нотариатын тухай хуулийн дагуу талуудыг байлцуулан гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн, өөрийн өмчлөлийн хөрөнгөө зээлийн үүрэгт барьцаалсан  зэргээс үзэхэд шүүх түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Гермес худалдааны төвийн С-6 тоот лангууны эргэлтийн хөрөнгө, 2231 УНР улсын дугаартай, Honda CR-V  маркын автомашин зэрэг нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  хамаарахгүй тул хүчин төгөлдөр баталгаат ипотекийн гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн Ү-2201015298 дугаартай ..........н дүүрэг 29-р хороо, 131/3 байр, 28 тоотод байрлах, 41.57 м.кв, 1 өрөө орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаартай ........ дүүрэг 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 285 тоотод байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг тус  тус үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээнүүд болон нэмэлт гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Н.Г-ын гарын үсэг мөн эсэхийг шинжээч томилж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийн үндэслэл буюу хариуцагч Н.Г-ын гарын үсэг мөн эсэхэд эргэлзэх үндэслэл хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.