Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2020/00610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-26 тоотод оршин суух, Лэглүүд хүгдүүд овгийн Мөнхжаргалын Болормаа/РД:ЖЗ77071508/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багт оршин суух, Бодонгууд овгийн Очирын Батцэрэн/РД:ЖЕ72021497/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч М.Болормаа, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч О.Батцэрэн, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд О.Батцэрэнтэй танилцаж, гэр бүл болон 2012 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2012.07.23-ны өдөр охин Б.Оюундарь, 2018.09.07-ны өдөр охин Б.Нарансолонго нар төрсөн. Би гэр бүл болохдоо 3 өнчин хүүхэдтэйгээ Батцэрэнтэй гэрлэсэн. Бид сайхан амьдарч байсан. Бага охиноо төрүүлээд би хүүхдүүдээ асран аймгийн төвд байх гэртээ амьдарч байсан. Хөдөө гэртээ очьё гэхээр Батцэрэн наашаа ирээд хэрэггүй, хүүхдүүд зутарчихна гэдэг байсан. Гэтэл нөхөр маань энэ хойгуур хөдөө гэртээ Баяндун сумаас Энхцэцэг гэх эмэгтэйг авчран хамт амьдарч байгаа болохыг мэдээд асуухад чамаас сална гэж хэлсэн бөгөөд үүнээс хойш бидний хооронд хэрүүл маргаан тасрахгүй болсон. Үүнээс хойш нөхөртэйгөө уулзахаар хоёр удаа хөдөө гэртээ очсон боловч уулзаж чадаагүй, надаас зугтаад байдаг болсон. Надад болон хүүхдүүддээ хоол хүнс, хэрэгцээний мөнгө төгрөг огт өгөхгүй болж, холбоо ч барихгүй болсон. Энэ олон жил гэр бүл болон хамт амьдарч, үр хүүхдүүдийг нь төрүүлээд анхаарал халамж тавьж амьдарч явсан би эцэстээ энэ хүнд хаягдаж хохирч үлдэж байна. Миний бие нөхрөөсөө салмааргүй байгаа боловч үнэндээ энэ байдалд яах ч учраа олохгүй аргагүй байдалд оруулж арга буюу шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна. Бид гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж нилээдгүй хөрөнгөтэй бөгөөд нөгөө эмэгтэй нь бидний хөрөнгийг үрэн таран хийж амьдарч байна... Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр охиныг миний асрамжинд үлдээн эцгээс нь хүүхдийн тэтгэлгийг нь хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хуваах шаардлага байгаа боловч О.Батцэрэнгийн тайлбарыг харсаны эцэст нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө миний бие шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандан өргөдөл гаргасан боловч О.Батцэрэн нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд огт хүрэлцэн ирээгүй болно... гэжээ.

Нэхэмжлэгч М.Болормаа шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие О.Батцэрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. О.Батцэрэн нь миний гаргасан нэхэмжлэлийг дэмжинэ, хүүхдүүддээ өмч хөрөнгө тасалж өгнө, хүүхдүүддээ байраа ч өгнө гэж надруу утсаар ярьсан. Иймд миний бие гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд бид гэр бүл болж хамт амьдрахдаа малаа хамтран маллан өсгөсөн бөгөөд О.Батцэрэн мал дээрээ, би хүүхдүүдээ харж хүмүүжүүлэх үүрэгтэй байсан. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1691 тооны мал тоолуулсан бөгөөд адуу 43, үхэр 132, хонь 1254, ямаа 272 тооны малыг 2017 оны манай сумын ИТХурлаас баталсан малын жишиг үнэлгээгээр тооцвол нийт 295 050 000 төгрөг болж байна. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-26 тоот хоёр өрөө байрыг 40 сая төгрөгөөр үнэлж, нийт 335 050 000 төгрөгийн эд хөрөнгө буюу малыг гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хувааж, орон сууцнаас надад болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Болормаа болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Батцэрэн надтэй эвлэрье, дахин хамт амьдарцгаая гэвэл миний хувьд одоо ч хүлээн авахад бэлэн байна. Гэвч О.Батцэрэн заавал гэрлэлтээ цуцлуулна гээд байгаа учир миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Малын хувьд 2018 оны тооллогоор нийт адуу 41, үхэр 131, хонь 1249, ямаа 270 буюу нийт 1691 тооны мал тоолуулсан байсан. Гэтэл 2019 оны мал мооллогоор 182 тооны малтай, бусдыг нь зарж борлуулсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, О.Батцэрэн ах дүү болон найз нөхдийнхөөрөө малаа тарааж маллуулж байгаа гэсэн сураг би дуулсан. Энэ нь ч үнэн байх гэж би бодож байна. Надад хурал болохоос өмнө 10 бод, 80 бог мал өгье гэснийг би зөвшөөрөөгүй. Харин 300 тооны хонь ямаа, 50 тооны адуу үхэр өгнө гэвэл би зөвшөөрнө гэдгээ хэлсэн. О.Батцэрэн шүүх хуралдааны явцад бидэнд 21 адуу, 29 үхэр, 260 хонь, 40 ямаа буюу нийт 300 бог мал, 50 бод мал үлдээе гэснийг хүлээн зөвшөөрч малын хувьд бид эвлэрч байна. Харин Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-26 тоот хоёр өрөө байрны хувьд биднийг гэрлэхээс өмнө О.Батцэрэн худалдаж авсан нь үнэн тул энэ талаар маргахгүй. Харин бид 2012 онд гэр бүл болоод 2014 оноос хойш би хүүхдүүдийн хамт энэ байранд амьдарч байгаа нь үнэн. О.Батцэрэн хоёр хүүхэддээ байраа өгнө гэсэн учир би өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд уг орон сууцнаас бидэнд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч О.Батцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр М.Болормаатай 2011 оны хавар танилцан, гэрээр нь ирэн очин амьдарч байгаад том охин Б.Оюундарийг төрсний дараа гэрлэлтээ батлуулсан. Том охиноо төрсний дараа М.Болормаа нь аймгийн төвд байх миний байранд ээжтэйгээ өөрийн 3 хүүхдийн хамт ирж амьдарсан. Үүнээс хойш М.Болормаа хөдөө гэртээ буюу мал дээрээ очиж амьдарч байгаагүй. 4 хүүхдээ харж байна гээд хөдөө очдоггүй байсан. Миний бие Баяндун сумын харъяат Зоригоо, Энхцэцэг гэх хоёр хүнийг өмнө нь зүс таньдаг бөгөөд 2019 оны хавар 5 сард тэр хоёроор малаа маллуулахаар тохирч Баяндун суманд малаа маллуулсан. Би өөрөө энэ жил найз Ганбатын урд голын эрэг дээр хэдэн малаа төллүүлсэн. Энэ үед манай мал голын шаварт олноороо орж зоогдож үхэх, шавраас гарч ирсэн нь осгож үхэх зэргээр мал маань хорогдоод байсан тул нутаг ус таарахгүй нь гээд Дашбалбар, Баяндунгийн зааг дээр нутаг сэлгэж нүүж суусан. Гэтэл нүүдэл хийх үед Болормаа хүрч ирээд Энхцэцэгийг хараад надтай хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Болормааг явсны дараа надад газраа түрээслүүлж, мал маллахаар ярьж тохироод байсан Энхцэцэг, түүний нөхөр Зоригоо нар ийм хэл амтай айлд мал маллахгүй, газраа түрээслүүлэхгүй гээд яваад өгсөн. Түүнээс биш би нөхөртэй хүнтэй нэг гэрт амьдарч, машин унаа авч өгч, байшин барьж өгсөн асуудал байхгүй... Болормаатай хамт амьдарч байхдаа охиноо төрснөөс хойш хүүхдүүдээ аймгийн төвд харж асраг гээд аймгийн төвд байгаа байрандаа амьдруулж байсан бөгөөд хэрэгтэй цагт нь хоол хүнс, мөнгө төгрөг байнга өгдөг байсан. Миний ХААН банк-ны харилцах дансны хамтран эзэмшигчээр М.Болормааг бүртгүүлж, М.Болормаа хэрэгтэй үедээ данснаас мөнгө авч хэрэглэдэг. Мөн М.Болормаа сүлжээний бизнес эрхэлж байна гэж надаас мөнгө авч сүлжээндээ өгдөг, хэр зэрэг ашиг олдогийг нь би мэдэхгүй, Энэ хавар ямаагаа самнаад 9 сая орчим төгрөг болсны 8 сая төгрөгийг нь М.Болормаад өгч байсан. Энэ мэтээр би ноолуур зарах, мал хуй зарах зэргээр мөнгө олсон үедээ М.Болормаад өгдөг байсан ба гэр бүлээ би мөнгө төгрөг, хоол хүнсээр дутаагаагүй. Гэр бүл, үр хүүхдээ хүнээс дутаахгүй юмсан гэсэн амьдралын төлөө хэдэн малын араас эрүүл мэндээ үл тоон гадаа гандаж, хөдөө хөхөрч ирсэн байхад М.Болормаа ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдож байна. Гэвч М.Болормаа гэрлэлтээ цуцлуулна гэвэл би татгалзахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Хоёр охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Мөн тэтгэлэг төлнө.

Хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд 2018 оны мал тооллогоор 1691 тооны мал тоолуулсан нь үнэн. Миний бие хар багаасаа мал малласан. М.Болормаатай суухаас өмнө өөрийн гэсэн малтай байсан бөгөөд энэ мал маань өсөөд ийм хэмжээнд хүрсэн. Гэвч 2019 оны хавар мал төллөх үеэр мал маань ихэнх нь хорогдож үхсэнээс гадна нилээн хэдэн тооны малыг зарж борлуулсан. 2019 оны мал тооллогын үеэр үхсэн малыг бүгдийг зарж борлуулснаар бичсэн байсан. Цөөхөн хэдэн тооны мал тоолуулсан. Одоо мал маань төллөсөн. Мөн найз нөхдөөрөө малаа маллуулж байгаа. Би шүүх хурлын өмнө М.Болормаад 80 тооны бог мал, 10 тооны бод мал таслан өгч, одоо амьдарч байгаа хоёр өрөө орон сууцыг өөрт нь үлдээе гэсэн санал тавьсан боловч М.Болормаа зөвшөөрөөгүй. Одоо шүүх хурал дээр гаргасан 300 толгой бог мал, 50 толгой бод мал өгөхийг зөвшөөрч байгаа юм байна. Харин орон сууц бол миний өөрийн хөрөнгө учраас өгөхгүй. Хүүхдүүдээ том болсны дараа байрны асуудлыг шийднэ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдааны явцад гаргасан малын асуудал дээр эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл 350 толгой малыг задлавал 21 адуу, 29 үхэр, 260 хонь, 40 ямааг өгөхийг зөвшөөрч байгаа. Улсын тэмдэгтийн хураамж бодохын тулд малыг үнэлэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан 2017 оны малын жишиг үнийн дунджаар адууг нэг бүрийн үнийг 1 000 000 төгрөгөөр, үхэрийг нэг бүрийг 800 000 төгрөгөөр, хонийг нэг бүрийг 70 000 төгрөгөөр, ямааг нэг бүрийг 60 000 төгрөгөөр үнэлж байна.

Харин хоёр өрөө орон сууц буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 26 тоот хоёр өрөө байрыг О.Батцэрэн нь М.Болормаатай суухаас өмнө буюу 2010 онд 20 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд өндөр татвар төлөхгүйн тулд худалдаж авсан хүнтэйгээ бэлэглэлийн гэрээ байгуулж байраа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тиймээс энэ байр бол О.Батцэрэнгийн гэрлэхээсээ өмнө олж авсан хуваарьт хөрөнгө юм. М.Болормаа нь хүүхдүүдтэйгээ энэ байранд 2014 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа боловч уг байрыг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болгон шилжүүлээгүй. Одоог хүртэл О.Батцэрэнгийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Иймд уг орон сууцнаас М.Болормаа болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Болормаа нь хариуцагч О.Батцэрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох мал болон орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч О.Батцэрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох болон тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

1.Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2011 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2012 оны 7 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль

ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас охин Б.Оюундарь 2012 оны 6 сарын 06-ны өдөр, охин Б.Нарансолонго 2018 оны 9 сарын 07-ны өдөр тус тус төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тус тус батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж, улмаар 2019 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах хүсэл сонирхолгүй, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан явуулсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгыг хэн алин нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийн асрамжийн талаар хэн алин нь маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Оюундарь, Б.Нарансолонго нарыг эх М.Болормаагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд бага насны хоёр хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан хүүхдүүдийг насанд хүртэл нь эцэг О.Батцэрэнгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй.

2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч М.Болормаа нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 26 тоотод тоотод байрлах 2 өрөө орон сууц /40 000 000 төгрөг/, Адуу 41, Үхэр 131, Хонь 1249, Ямаа 270 буюу нийт 1691 тооны мал /нийт 295 050 000 төгрөг/ гэсэн нийт 335 050 000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваан өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Гэвч нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдааны явцад нийт 295 050 000 төгрөгийн үнэ бүхий 1691 тооны малаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар хэлэлцэн тохирч хариуцагч О.Батцэрэн нь 64 800 000 төгрөгийн үнэ бүхий 350 тооны малыг нэхэмжлэгч М.Болормаад өгөхийг зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байхаас гадна дээрх малын нэг бүрийн үнийг талууд өөрсдөө тодорхойлсон болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болох талаар заасан байна.

Иймд шүүх талуудын шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн дагуу хариуцагч О.Батцэрэнгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох малаас адуу 21 /нэг бүрийн үнэ 1 000 000 төгрөг/, үхэр 29 /нэг бүрийн үнэ 800 000 төгрөг/, хонь 260 /нэг бүрийн үнэ 70 000 төгрөг/, ямаа 40 /нэг бүрийн үнэ 60 000 төгрөг/ буюу нийт 64 800 000 төгрөгийн үнэ бүхий 350 тооны малыг гаргуулан нэхэмжлэгч М.Болормаад олгож, дээрх нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 230 250 000 төгрөгийн үнэ бүхий малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 26 тоот хоёр өрөө орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг гаргасан боловч шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзвэл хариуцагч О.Батцэрэн нь нэхэмжлэгч М.Болормаатай гэр бүл болохоос өмнө буюу 2010 оны 5 сарын 03-ны өдөр худалдан авч, мөн өдрөө бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн, мөн уг орон сууцанд нэхэмжлэгч М.Болормаа хүүхдүүдийн хамт 2014 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Болормаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх орон сууц нь тэднийг гэрлэхээс өмнө бий болсон, одоог хүртэл О.Батцэрэнгийн өмчлөлд бүртгэлтэй талаар үгүйсгээгүй боловч 2014 оноос хойш одоог хүртэл амьдарсан, О.Батцэрэн нь дээрх байраа хоёр хүүхэддээ үлдээнэ гэж хэлсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-т гэр бүлийн гишүүний гэрлэхээс өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрхийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн дундын өмчлөл зөвхөн гэрлэлтийн үндсэн дээр үүсэх бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэрлэснээс хойш бий болсон байна.

Харин Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөө дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаардаг. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөө сайн дурын үндсэн дээр гэр бүлийн дундын өмчлөлд шилжүүлсэн байх ба ийнхүү шилжүүлсэн нь гэрээгээр тохиролцох, дундын дансанд шилжүүлэх, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах зэргээр илэрхийлэгдсэн байхыг шаардана.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар О.Батцэрэнгийн өмчлөлийн дээрх орон сууцанд нэхэмжлэгч М.Болормаа хүүхдүүдийн хамт амьдарч байгаа боловч хариуцагч О.Батцэрэн сайн дурын үндсэн дээр тэднийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болгон шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх орон сууцыг хариуцагч О.Батцэрэнгийн хуваарьт хөрөнгө гэж үзнэ.

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд гэр бүлийн бусад гишүүд уг хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөөр шаардах эрхгүй тул хариуцагч О.Батцэрэнгийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Болормаагийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин гэрлэлтээ цуцлуулсан эцэг эх өөрийн хөрөнгөөс үр хүүхэддээ өгөх, өвлөн үлдээх нь эцэг эхийн эрх, үүрэгт харшлахгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай хэсгийг хангаж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг талуудын шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн дагуу хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Болормаа нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагын улсын тэмдэгтийн хураамжинд 191 369 төгрөг төлсөн бөгөөд 335 050 000 төгрөгийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч М.Болормаагийн нэмэгдүүлсэн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны өмнө улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 350 тооны малын үнэ 64 800 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 481 950 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилан төлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгчийн төлсөн 191 369 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Батцэрэнгээс улсын тэмдэгтийн

хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага тус бүрд 70

200 буюу нийт 140 400 төгрөг, 11 хүртэлх насны хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох хураамж 50 969 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 350 тооны малын үнэ 64 800 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 481 950 төгрөгийн тавин хувь 240 975 төгрөг буюу нийт 432 344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болормаад 191 369 төгрөгийг олгож, үлдэх 240 975 төгрөгийг, нэхэмжлэгч М.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 240 975 төгрөгийг тус тус гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 138/ШЗ2019/02683 дугаартай захирамжаар хариуцагч О.Батцэрэнгийн өмчлөлийн 1691 тооны малыг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээг авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бодонгууд овгийн Очирын Батцэрэн/РД:ЖЕ72021497/, Лэглүүд хүгдүүд овгийн Мөнхжаргалын Болормаа/РД:ЖЗ77071508/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Оюундарь, Б.Нарансолонго нарыг эх М.Болормаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай охин Б.Оюундарь, 02 настай охин Б.Нарансолонго нарыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Батцэрэнгээр сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрсэн эвлэрлийн дагуу хариуцагч О.Батцэрэнгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн малаас нийт 64 800 000 төгрөгийн үнэ бүхий 260 хонь, 40 ямаа, 29 үхэр, 21 адууг тус тус нэхэмжлэгч М.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 26 тоот хоёр өрөө орон сууцнаас болон 230 250 000 төгрөгийн малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ

үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Болормаагийн урьдчилан төлсөн 191 369 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Батцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 432 344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болормаад 191 369 төгрөгийг олгож, үлдэх 240 975 төгрөгийг, нэхэмжлэгч М.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 240 975 төгрөгийг тус тус гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч О.Батцэрэнгийн өмчлөлийн 1691 тооны малыг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 138/ШЗ2019/02683 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН