Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00804

 

  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01817 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1691 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

242,111,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан шатахуун худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 156,619,500 төгрөг, алданги 78,309,750 төгрөг, ханшийн зөрүүний хохирол 7,182,576 төгрөг, нийт 242,111,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01817 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 234,929,250 төгрөг гаргуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д олгож, үлдэх 7,182,576 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,368,509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,332,596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал болон хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,800 төгрөг болон 149,500 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг алданги төлөх үндэслэлтэй хэмээн дүгнэлт хийж 78,309,750 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг алдангийг хэрхэн яаж тооцож гаргасан нь тодорхойгүй ба алданги гаргуулах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Түүнчлэн анхан шатны шүүх алданги авах эрх хэзээ үүссэн, алданги хэзээнээс тооцогдож эхэлсэн, нийт хэд хоногийн алданги 78,309,750 төгрөг болж байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй атлаа алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээгээр тохирсон зүйлийг буцаан шаардаж байхад алданги шаардах эрхтэй эсэх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэнд гомдолтой. Мөн нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байлаа гэхэд аль ч шатны шүүх тооцооллын хувьд буруу дүгнэлт хийсэн ба нийт шаардвал зохих алдангийн дээд хэмжээ нь 70,000,000 төгрөг юм. Гэтэл 78,309,750 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.31-ний өдрийн 1691 дүгээр магадлалд 8,309,750 төгрөгийн хэмжээгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан шатахуун худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 156,619,500 төгрөг, алданги 78,309,750 төгрөг, ханшийн зөрүүний хохирол 7,182,576 төгрөг, нийт 242,111,826 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 234,929,250 төгрөг гаргуулж, үлдэх 7,182,576 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... Талууд 2019.02.18-ны өдөр 2019/20 тоот шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2020.02.18-ны өдөр хүртэлх хугацаанд шатахуун нийлүүлэхээр тохиролцсон болно. Гэрээний дагуу хариуцагч нь 2019.02.20-ны өдрөөс 2019.04.05-ны хооронд 137,480 литр шатахуун авсан бөгөөд 2019.03.07-ны өдөр авсан 8,000 литр шатахуунаас 6330 литр шатахууны үнийг бэлэн мөнгөөр авч үлдэх 131,150 литр шатахууны үнэ 253,119,500 төгрөг төлөөгүй байснаас 2019.04.05-ны өдөр 96,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 156,619,500 төгрөгийг төлөөгүй. Шатахуун хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 4.4, 11.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлөх ёстой... төлбөр төлөх ёстой өдрөөс хойш 2019.12.05-ны өдрийг хүртэл тооцоход үлдэгдэл 156,619,500 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу 78,309,750 төгрөгийг гэрээний хариуцлагад тооцож байна. Шатахууныг гадаадаас ам.доллароор худалдаж авдаг, төлбөр хийхгүй хугацаа хэтрүүлэх тусам ханшийн зөрүү гарч, алдагдалд орж байна. Гэрээний 7.4 болон хавсралтад ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор заасан. Шатахууны үнийг буцаан төлөх 2019.04.22-ны өдөр 1 ам.долларын ханш 2,641.58 төгрөг байсан бол нэхэмжлэл гаргасан 2020.02.29-ний өдөр ханш 2,762.71 төгрөг болж 121.13 төгрөгөөр нэмэгдэж ханшийн зөрүүнээс 7,182,576 төгрөгийн хохирол гарсан. Иймд хариуцагчаас нийт 242,111,826 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Зөвхөн алдангид 78,309,750 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хүү, алданги нэхэмжлэх боломжтой. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, эсхүл гэрээг цуцалж мөнгө шаардаж байгаа аль нь болох нь тодорхойгүй байна. Хохиролд ам.долларын ханшийн зөрүү гэж 7,182,576 төгрөгийг шаардсан ч баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчаас шалтгаалж хохирсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж маргажээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Тодруулбал, хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь барааны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Гэрээний 4.4-т худалдан авагч төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ, хариуцагч сүүлийн шатахууныг 2019.04.05-ны өдөр хүлээн авснаар төлбөрийг 2019.05.05-ны дотор төлөх үүрэгтэй байсан ч төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алданги тооцох үндэслэлтэй, хариуцагчийн төлөх алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг тооцно. Харин нэхэмжлэгч валютын ханшийн зөрүүнээс болж алдагдалд орж хохирсноо баримтаар нотлоогүй тул 2599.83 ам.долларын зөрүү 7,182,576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Иймд хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 156,619,500 төгрөг, алданги 78,309,750 төгрөг, нийт 234,929,250 төгрөгийг төлөх үүрэгтэй.

11. Иймд, хариуцагчийн өмгөөлөгчийн “... шүүх алдангийг хэзээнээс хэрхэн яаж тооцож гаргасан нь тодорхойгүй, ... нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байлаа ч шүүх тооцооллын хувьд буруу дүгнэлт хийсэн, нийт шаардвал зохих алдангийн дээд хэмжээ нь 70,000,000 төгрөг, гэтэл 78,309,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Мөн нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хойно буюу 2020.02.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн нэгэнт хэрэгжсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байх тул “... нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээгээр тохирсон зүйлийг буцаан шаардаж байхад шүүх алданги шаардах эрхтэй эсэх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” гэх гомдол үндэслэлгүй.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01817 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1691 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 148,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД