Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1002

 

“С”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00375 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С”  ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “У Х К”  ХХК-д холбогдох

Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагат 300 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 12 сарын 26-ны өдөр “У Х К”  ХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 0232751 тоот гэрчилгээ бүхий 288 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий газрыг Мандах инвест ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, 2015 оны 6 сард газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн газрын албанд хандсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Учир нь тус газар нь Газрын тухай хуулийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, мөн тус газар нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж олгогдсон ямар ч барилга барих боломжгүй газар тул гэрээний дагуу шилжүүлэх боломжгүй гэсэн. Иймд манай компанийн хохирол болох 300 000 000 төгрөгийг хариуцагч “У Х К”  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаатар, өмгөөлөгч М.Алтан-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “У Х К”  ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан “С”  ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох тухай ямар нэг гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. “С”  ХХК нь эрх зүйн хувьд Мандах инвест ХХК-ийг төлөөлөх эрхгүй. Манай компани Мандах инвест хоёр ХХК-ийн хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан. 2 тал татгалзаагүй. Эсхүл “С”  ХХК-ийн нэрийн өмнөөс үйлдэл хийх эрх нь Мандах инвест ХХК-д итгэмжлэлээр олгогдсон байсан бол өөр асуудал. Гэтэл газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Гэрээг дүгнэх, гэрээнээс татгалзах эрх “С”  ХХК-д байхгүй. Энэ гэрээг дүгнээд үндэслэлээ болгоод нэхэмжлэл гаргаж байгаа нь бүр ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй. “С”  ХХК нь санхүүгийн баримтыг үндэслэл болгодог боловч энэхүү санхүүгийн баримт нь “С”  ХХК-ийнх гэдэг нь нотлогддоггүй. Хэрэв энэ баримт байсан гэж үзвэл энэ баримтыг “С”  ХХК гаргах боломжгүй. Хууль эрх зүйн хувьд нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзвэл энэ баримт нь зөвхөн Мандах инвест ХХК-ийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой баримт юм. Мөн баримтад захирал нь гарын үсэг зурсан гэх атлаа өөрийнх нь гаргасан албан ёсны орчуулгаар өөр хүн зурсан гэж байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр энэхүү баримтыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний хүрээнд үүргээ гүйцэтгэх явдалд “У Х К”  ХХК-д буруу байгаа эсэхийг дүгнэнэ гэвэл гэрээний тухай ярихаас аргагүй. Гэхдээ энэхүү маргааны хувьд “С”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч “У Х К”  ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 658 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч “У Х К”  ХХК-тай биднийг төлөөлж "Мандах Инвест" ХХК гэрээ байгуулсан богоод тухайн газрыг худалдаж авсан мөнгийг бид төлсөн болно. Бид мөнгө өгсөн байгууллагаас буцаан мөнгөө нэхэмжлэсэн бөгөөд энэ тухай баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. "Мандах Инвест" ХХК-ийн захирал 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралд өорийн биеэр, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр албан бичгээр "Тухайн үед манай компани “С”  ХХК-ийг төлөөлж гэрээг байгуулсан, тус газрыг “С”  ХХК худалдаж авч байгаа бегөөд 300 000 000 төгрөг нь “С”  ХХК-ийн мөнгө бөгөөд нэхэмжлэх эрх нь тус компанид хадгалагдаж байгаа болно" гэж шүүхэд тайлбар өгч, тодорхойлолт гаргаж өгсөн болно. Тухайн " Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ"-нд газрыг худалдаж байгаа тухай, түүний үнэ зэргийг огт дурдаагүй бөгөөд " Газрын эрх шилжүүлэн авагчид шилжүүлнэ" гэж л бичигдсэн байдаг. Гэвч тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “С”  ХХК нь хариуцагч “У Х К”  ХХК-д холбогдуулж 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч “У Х К”  ХХК болон “Мандах инвест” ХХК-ийн хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний дагуу 300 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлаж, уг гэрээг болон кассын орлогын ордерыг дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Хариуцагч “У Х К”  ХХК болон “Мандах инвест” ХХК-ийн хооронд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч “У Х К”  ХХК-ийн эзэмшилд байгаа Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах 0232751 тоот гэрчилгээний дугаар бүхий 178016/0225 тоот гэрээний дугаар бүхий 288 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай газрыг эрх шилжүүлэн авагч  “Мандах инвест” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон  байна. Гэвч уг гэрээнд эрх шилжүүлэн авагч  “Мандах инвест” ХХК нь нөгөө талдаа төлбөр төлөх талаар тухайлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч “Мандах инвест” ХХК-ийн өмнөөс  газрын үнэ төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хариу төлбөртэй гэрээ бичгээр хийгдээгүй тул гэрч Мандахын мэдүүлгээр уг гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байхаас гадна нөгөө тал үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор “Мандах инвест” ХХК гэрээнээс татгалзсан гэх байдал тогтоогдоогүй, “Мандах инвест” ХХК-д  “С”  ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулах эрх хуульд заасан журмын дагуу олгогдоогүй байна.

Гэрч Гао Чифенг /Gao Qifeng/ нэхэмжлэгч “С”  ХХК-д няраваар ажиллаж байсан болох нь нотлогдоогүй, “С”  ХХК-ийн захирлаар Miao Fei захирлаар ажиллаж байсан талаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч кассын орлогын ордерт зурагдсан гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул  түүний  мэдүүлгээр “У Х К”  ХХК-д нэхэмжлэгч төлбөр төлсөн гэж дүгнэх боломжгүй.

Нөгөө талаар “У Х К”  ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий кассын орлогын ордерт 300 000 000 төгрөгийн орлогын гүйлгээний утга бүхий мэдээлэл тусгагдсан байх боловч тушаагч хэсэгт зурагдсан гарын үсэг нь Гао Цифөн гэж орчуулагдсан байгаа нь гэрч Гао Чифенг /Gao Qifeng/-ийн мэдүүлгээс зөрүүтэй байхаас гадна уг баримтад зурагдсан Ерөнхий нягтлан бодогчийн гарын үсгийг хэн зурсан болох нь тогтоогдоогүй тохиолдолд кассын орлогын ордер гэх баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 300 000 000 төгрөгийг тушаасан  гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй  байна.

Харин нэхэмжлэгч газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан агуулгаар нэхэмжлэлээ гаргасан байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг баримтлаагүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв.