Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 139/2020/00245/И |
Дугаар | 001/ХТ2022/00441 |
Огноо | 2022-04-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2022/00441
******* ХХК-ийн Дундговь салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 дугаар шийдвэр,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 218/МА2020/00016 дугаар магадлалтай,
******* ХХК-ийн Дундговь салбарын нэхэмжлэлтэй,
Б.Мөнхбаяр,******* нарт холбогдох,
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7,261,523.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь хариуцагч*******,******* нараас зээлийн төлбөр, нотариатын зардалд нийт 7,266,023.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч хариуцагч******* ...Б.Мөнхбаярыг цалингийн зээл авахад нь гэрээнд гарын үсэг зурсан, ...зээлээс нэг ч төгрөг аваагүй... гэсэн, хариуцагч******* нэхэмжлэлийг зөвшөөрч тус тус тайлбар гаргажээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч*******аас зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү, нийт 7,261,523.39 төгрөгийг гаргуулан *******ны Дундговь салбарт олгож, хариуцагч*******гаас зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай нэмэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч******* зээлийн төлбөр 7,261,523.93 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох таван ханатай гэр, зурагт, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,134.37 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 131,134.37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Дундговь салбарт олгохоор шийдвэрлэжээ.
3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 218/МА2020/00016 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.4, 242 дугаар зүйлийн 242.8, 242.11 гэж нэмж ...7,261,523.39 төгрөг гаргуулж гэснийг 7,266,023.39 төгрөг гаргуулж гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,134.37 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 406 дугаартай шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.07-ны өдрийн 16 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т ...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, хамтран үүрэг гүйцэтгэгч*******гийн зээл төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд*******,******* нарыг зээлдэгч нар гэж тодорхойлжээ. Тэдгээрийн хооронд байгуулсан ЗГ201743034779 тоот гэрээнд Ч.Сарантуяа зээлдэгч биш хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлжээ. Зээлийн гэрээний 4 дүгээр бүлэгт зааснаар бол хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн мөнгө хүлээн авахаас бусад эрхийг эдлэхээр заажээ. Эндээс дүгнэн үзвэл маргаан үүссэн зээлийн гэрээний зээлдэгч нь*******, зээлдүүлэгч нь ******* байгаа нь ойлгомжтой байна. Зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн маргааныг хууль болон гэрээнд нийцүүлэн хангаж шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэрлэлтийг буруутгах, хүчингүй болгох өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэжээ. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэх бөгөөд*******,******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид тул хэн хэн нь нийт үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй учраас үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Гэтэл шүүх******* зээлдэгч биш, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн мөнгө хүлээн авахаас бусад эрхийг эдэлнэ, зээлийн гэрээний зээлдэгч нь******* байна гэж ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй, гэрээ болон хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн маргаанд өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн зээлийн гэрээ байгуулахад үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримт бүрдүүлж, цалин орлогоо судлуулан, гэрээнд адил эрх, үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч*******г ямар үндэслэлээр зээлийн төлбөрийг хариуцахгүй талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, тухайн зээлийн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэдгээ хамтран үүрэг гүйцэтгэгч******* өөрөө ухамсарлаж 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 cap хүртэл хугацаанд 5 сая төгрөг төлсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний дансны хуулгаар нотлогдож байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд ХААН Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр******* оролцохоор хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээ шүүхэд өгч шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч ХААН Банкны Дундговь салбарын захирлаас итгэмжлэл аваагүй тул хэргийн оролцогч биш гэсэн хууль бус шаардлага тавьж, Дундговь салбарыг хуулийн этгээд гэж үзэн тухайн салбарын захирлаас итгэмжлэл авсан байх шаардлагатай гэж үзэн түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Тодруулбал Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж, мөн хуулийн 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тус тус заасан байхад төлөөлөгчийг *******ны Дундговь салбараас заавал итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай гэж үзсэн нь түүний МУ-ын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй тул Дээд шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж тогтоосон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 406 дугаартай шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.07-ны өдрийн 16 дугаар магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь хариуцагч*******,******* нараас зээлийн төлбөр, нотариатын зардалд нийт 7,266,023.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч хариуцагч******* ...Б.Мөнхбаярыг цалингийн зээл авахад нь гэрээнд гарын үсэг зурсан, ...зээлээс нэг ч төгрөг аваагүй... гэсэн, хариуцагч******* нэхэмжлэлийг зөвшөөрч тус тус тайлбар гаргажээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч*******аас зээлийн төлбөрт 7,261,523.39 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон 7,261,523.39 төгрөг гаргуулж гэснийг 7,266,023.39 төгрөг гаргуулж гэсэн өөрчлөлтийг оруулсан байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Б.Мөнхбаяр,******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид тул тэднээс үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Гэтэл шүүх******* зээлдэгч биш, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн мөнгө хүлээн авахаас бусад эрхийг эдэлнэ, зээлийн гэрээний зээлдэгч нь******* гэсэн ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой. ...хамтран үүрэг гүйцэтгэгч*******г ямар үндэслэлээр зээлийн төлбөрийг хариуцахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
10. Хариуцагч Б.Мөнхбаяр,******* нар нь Хаан банкны Дундговь салбартай 2017.05.02-ны өдөр зээлийн гэрээ /хэрэглээний зээл, малчны зээл/ байгуулж, 11,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлсэн, уг зээлийн гэрээнд Ч.Сарантуяа хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зуржээ. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, 5 ханатай гэр, зурагт, хөргөгч, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан байх ба зээлдүүлэгч нь зээлийн 11,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна.
11. Хоёр шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ, нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.
12. Хэргийн баримтаар зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 5,058,447.45 төгрөг, хүүд 3,450,986.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,228.32 төгрөг, нийт 8,520,662.28 төгрөг төлсөн боловч 293 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь тогтоогдсон байна.
13. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, 2020.02.19-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн үндсэн зээлд 5,941,552.55 төгрөг, хүүнд 1,278,045.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 41,924.93 төгрөг, нийт 7,261,523,39 төгрөгийг нотариатын зардлын 4,500 төгрөгийн хамт хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, гэвч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нотариатын зардлыг тооцолгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь үндэслэлтэй болжээ.
14. Харин, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн төлбөрийг зээлдэгч нараас бус зөвхөн*******аас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.
15. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ, ...5.1.7-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар гэрээгээр тохирсон, мөн нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Иймээс хариуцагч Б.Мөнхбаяр,******* нараас зээлийн гэрээний үүрэгт 7,266,023.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
16. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдэд заасныг зөв тайлбарлан хэрэглэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч маргааныг шийдвэрлэхдээ шийдвэр, магадлалд хууль хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах нь хуульд нийцнэ.
17. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 218/МА2020/00016 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00406 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч*******,******* нараас зээлийн гэрээний үүрэгт 7,266,023.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарт олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох таван ханатай гэр, зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.29-ний өдөр төлсөн 131,134.37 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж түүнд олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД