Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 999

 

 

 Х.М, Б.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00570 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.М, Б.С нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.М, Б.С нар 1985 онд албан ёсоор гэр бүл болж 5 хүүхдийн эцэг, эх болон амьдарч байсан ба дунд хүү М.Б-аа 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зуурдаар алдсан. Талийгаач хүү нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр Хан-уул дүүрэг 16 хороо, Буянт ухаа, Наадамчдын зам гудамж, 716 байр, 17 тоот, 39,47 м.кв талбайтай 1 өрөө байрыг худалдаж авсан ба одоо энэ орон сууц нь Хаан банкны зээлийн барьцаанд байдаг. Гэтэл Б.Г нь хүү Б.А-н нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан гээд 2017 оны 7 дугаар сард бидэнд мэдэгдэлгүйгээр, дураар авирлан тус орон сууцанд очиж өөрийн албан тушаал, хууль хүчний дүрэмт хувцсаа ашиглан түрээслэгчийг айлган сүрдүүлж дарамтлан байрнаас хөөж гаргаад хаалганы цоожийг нь солиод өөрөө амьдарч байна. Өвлөгдөж буй эд хөрөнгө бусдын барьцаанд байгаа тохиолдолд барьцаалагчаас заавал зөвшөөрөл авч зөвшөөрлийн үндсэн дээр олгоно. Хэдий хариуцагч Хаан банкинд очиж уулзаж хуулбар үнэн даруулсан ч хариуцагч талаас өгсөн Хаан банкны хуулбар үнэн дарагдсан ямар ч эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй. Хан-Уул дүүргийн нотариатч өв нээгдсэн газар нь биш байтал гэрчилгээ олгосон. Талийгаачийн төрсөн эцэг X.М, эх Б.С  нар нь хууль ёсны өв залгамжлагчид байсаар байтал Хан-Уул дүүргийн нотариатч Б.Б нь бусад хууль ёсны өв залгамжлагчдыг шалгаж нягтлах, тэдгээрийн татгалзал зөвшөөрөл байгаа эсэх, тухайн өвлөгдөх хөрөнгийн талаар болон өвлүүлэгчийн өмчлөлд байсан эсэхийг шалгаагүй, зохих баримтыг шаардан аваагүй, нотариатын бүртгэл хийгээгүй зэрэг нь Нотариатын тухай хууль болон холбогдох журам зааврыг баримтлаагүй буюу зохих журмын дагуу хийх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчиж байх тул 2017 оны 6 дугаар сарын 16-ны  өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ....Б.А-н өмнөөс эх Б.Г нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өвлүүлэгч М.Б-н өмчлөлийн орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд гаргасныг Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.Хишигсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн. 1 жилийн хугацаанд өвөөс татгалзсан ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Түүнчлэн бусад өвлөгчөөс түүний дотор өвлөгч С, М нараас өв хүлээн авах хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь Өв бүртгэх бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон учраас Б.А-г хууль ёсны өмчлөгч гэж үзсэн. Өв хүлээн авах хүсэлтийг аль ч нотариатад гаргах эрхтэй байгаа. Б.А 4 настай, хууль зүйн хувьд эрх зүйн чадамжгүй, хууль ёсны төлөөлөгч эх нь хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Б.А-д өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэл журмын нотариатч олгосон. Иргэний оршин суугаа газрыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлд иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу харьяалан бүртгүүлсэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно, 22.3-т “бусдын асран хамгаалалтад байгаа этгээдийн оршин суугаа газрын тэдний эцэг, эхийн оршин суугаа газар тодорхойлогдоно” гэж заасан. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрээр Б.А нь өвлүүлэгч М.Б-тай нэг хаягт албан ёсоор бүртгэлтэй оршин сууж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулиин 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан нотариатч Б.Б-д холбогдох, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах, Хан-уул дүүрэг, 16 хороо, Буянт ухаа 716 байр, 17 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн Ноён овогтой Х-н М /РД:ТЯ57102710/, Боржигин овогтой Б-ын С /РД:ЧН60071967/ нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэиий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлиин Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Базарсад давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нотариатч Б.Б нь Б.А-д 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвийн зүйл болох орон сууц нь Хаан банкны барьцаанд байтал барьцаалагч байгуулагын зөвшөөрөлгүй, мөн түүнчлэн эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг үндэслэн нотариатын үйлдэл хийж холбогдох хууль, журам зөрчсөн. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох эсэх, өвийн зүйлийг шилжүүлэхтэй холбоотой асуудал байхад барьцаалагч, барьцаалуулагч хоорондын эрх үүрэгтэй холбоотой нийтлэг зохицуулалт агуулсан хуулийн зүйл заалтаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Өвлүүлэгч нь Б.А-н эх Б.Г-аас салж 2015 оны 1 дүгээр сараас Хан-Уул дүүрэг дэх байрнаас нүүж Чингэлтэй дүүрэгт аав, ээж, эгчтэйгээ хамт амьдрах болсон гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгээр нотолсон. Үүнд хариуцагч талаас ч маргаагүй байдаг. Гэтэл Б.Б нотариатч нь тойрог зөрчиж нотариатын үйлдэл хийсэн байтал шүүхээс үүнд дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Талийгаач М.Б нь нас барах үедээ Хан-Уул дүүрэгт амьдарч байгаагүй, мөн тус хаяг дээр Б.Г болон хүү Б.А нартай хамт амьдарч байгаагүй гэдгийг зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг мөн бусад баримтаар тодорхой байтал өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо үндэслэсэн гэх 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Засаг даргын тодорхойлолт нь илт худал, хуурамч тодорхойлолт болохыг шүүхэд мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтад өвлөгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт болон өрхийн бүртгэлийн дэвтэрт өвлүүлэгчийн төрсөн ах М.Батмөнхийн албан ёсны бүртгэл, мэдээлэл байсаар байтал Хууль зүйн сайдын 2011 оны Нотариатын үйлдэл хийх тухай зааврын 8.2. болон 8.2.4.заалтуудыг зөрчиж шаардлагатай лавлагаа, тодорхойлолт гаргуулахгүйгээр өвлөх гэрчилгээ олгосон байдаг. Харин шүүхээс үүнийг өвийн нэгдсэн бүртгэлд зөвхөн нэг хууль ёсны өвлөгч бүртгэгдсэн тул дээрх баримтуудыг нотариатч шалгах шаардлагагүй” гэж тайлбарласан. Энэ нь хууль зүйн ямар үндэслэл, зүйл заалтыг баримтласан нь тодорхойгүй байна. Хэргийн бодит нөхцөл байдал, гэрчийн мэдүүлгээр өвлүүлэгч нь Хан-Уул дүүрэг дэх байрнаасаа 2015 оны 01 дүгээр сараас нүүснээс хойш эцэг эх, эгчтэйгээ хамт амьдарч байсан ба үүнийг хэрэгт авагдсан өвлүүлэгчийн эцэг Х.М-ын иргэний цахим үнэмлэх болон итгэмжлэл дээрх хаягийн мэдээлэлээс тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч нар нь 3 сарын дотор өвөөс татгалзах хүсэлт гаргаагүй тул өвийг хүлээн авсан. Өвийг хүлээн авсан төдийгүй өвийн зүйлийг харж хандаж, эзэмшилт ашиглалтыг хариуцаж түрээслүүлэх, банкны зээлийг төлж ирсэн. Гэтэл үүнийг мэдсээр байж Б.А-н эх Б.Г-ийн увайгүй шунахай үйлдэл, нотариатч Б.Б-ийн ажлын хариуцлагагүй байдлын улмаас хууль ёсны өв залгамжлагч нарын эрх ашгийг хохироож байна. Иймд Б.Б нотариатчийн Б.А-д олгосон 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, өвлүүлэгчийн эцэг Х.М, эх Б.С  нарыг хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Х.М, Б.С нар нь Хан-Уул дүүргийн нотариатч Б.Б-д холбогдуулж 2017-06-16-ны өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож, 1 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Өвлүүлэгч М.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт  зааснаар өв нээгдсэн ба Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасан өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн 16-р хороо, 716-р байрны 17 тоотод байрлах орон сууцны түүнд ногдох хэсэг байна.

Дээрх орон сууц нь нас барагч М.Б-н өмчлөлд бүртгэлтэй байх ба нотариатч Б.Б эхнэр Б.Г-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн  хууль ёсны өвлөгч Б.А-д  өвлүүлэгчийн өвийг өвлөх эрхийн гэрчилгээг 2017  оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон байна.

Гэтэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар  нас барагчийн эхнэр Б.Г, хүү Б.А нараас гадна хууль ёсны нэгдүгээр ээлжийн өвлөгч эцэг Х.М, эх Б.С  нар байхад тэдгээр нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан талаар шүүх тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь  буруу болжээ.

Нотариатч Б.Б “...бусад өвлөгчөөс түүний дотор Х.М, Б.С нараас өв залгамжлагчаар тогтоолгох хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь өв бүртгэх бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон...”  байдлыг өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо үндэслэл болгосон хэдий ч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасан “бусад өвлөгч... өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан...” эсэхийг тодруулаагүйг шүүх анхаараагүй нь буруу байна.

Иймд өв нээгдсэн үеээс хойш өвлөгдөх эд хөрөнгө болох  Хан-Уул дүүргийн 16-р хороо, 716-р байрны 17 тоотод байрлах 1 өрөө орон сууцанд хэн амьдарч байсан, түрээслэж байсан эсэх, түрээсийн гэрээг хэн байгуулсан зэрэг асуудлыг тодорхой болгох шаардлагатай.

Нөгөө талаар, “...эхнэр Б.Г нь 2015 оны 9 сард гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдарч байсан... “ гэж нэхэмжлэгч нар тайлбар гаргаснаас үзэхэд энэ тухай шүүхийн шийдвэр, өвлөгдөх эд хөрөнгө нь ХААН банкны зээлийн барьцаанд байгаа бол барьцааны гэрээ тус тус хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр  хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй буюу хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн хүрээнд хууль ёсны өвлөгч нар маргаанд бүгд оролцоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.