Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 183/2018/00304/и |
Дугаар | 1000 |
Огноо | 2018-04-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1000
Х.А-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү, алданги, ээлжийн амралтын цалин, үр дүнгийн урамшуулалд 89 697 252 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: Х.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч Х.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2016 оны ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд захирлын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдан. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а-д "ажилтанд ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцно гэж заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн 4.051.465 төгрөг нь 1 сарын дундаж цалин бөгөөд 21.5-д хувааж, 1 хоногийн цалин 191.106 төгрөг болж байна. 2016.10.07-ноос 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 22.550.508 төгрөгийн цалин болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүнг хасаж тооцоход /22.550.508 - 12.440.489/ дээрх хугацааны дутуу нэхэмжилсэн цалингийн зөрүү 10.110.019 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ын өдрийг хүртэл олгогдоогүй цалин 22.550.508 төгрөгийн алдангийг 224 хоногоор тооцож, 15.153.941 төгрөг байгаа боловч алданги нь нэхэмжилж буй үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх хуулийн дагуу 11.275.254 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэлх цалинг ажлын 198 хоногоор тооцвол 2017 оны 3 сарын цалин ажлын 7 хоногийн 1.337.742 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын цалин ажлын 20 хоногийн 3.822.120, 2017 оны 5 дугаар сарын цалин ажлын 23 хоногийн 4.395.438, 2017 оны 6 дугаар сарын цалин ажлын 22 хоногийн 4.204.332, 2017 оны 7 дугаар сарын цалин ажлын 17 хоногийн 3.248.802, 2017 оны 8 дугаар сарын цалин ажлын 23 хоногт 4.395.438, 2017 оны 9 дүгээр сарын цалин ажлын 21 хоногт 4.013.226, 2017 оны 10 дугаар сарын цалин ажлын 22 хоногт 4.204.332, 2017 оны 11 дүгээр сарын цалин ажлын 22 хоногт 4.204.332, 2017 оны 12 дугаар сарын цалин ажлын 21 хоногт 4.013.226 буюу нийт 37.838.988 төгрөг, цалингийн алдангийг хоногийн 0,3%-иар тооцож 14.626.517 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу сар тутмын бичилтийг нөхөн хийлгүүлэхэд албан тушаалын цалин 1.122.000 төгрөг, 1 жилд 5 сараар, 2 жилд 10 сараар тооцоход 11.220.000 төгрөг болно. Иймд нэхэмжлэгч улсад 33.7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан бөгөөд 2017 оны ээлжийн амралтаа ажлын 29 хоногоор тооцон 191.106 = 5.542.074 төгрөг гаргуулна. Нотариатын зардалд 103.400 төгрөг нэхэмжилнэ. Нэхэмжилж буй цалин, үр дүн, урамшуулал, алданги, бусад зардлыг нэгтгэвэл 2016 оны 10 дугаар сарын 7-ноос 2017 оны 3 дугаар сарын 22-ны цалингийн зөрүү 10.110.019 төгрөг, цалин 37.838.988 төгрөг, алданги 11.275.254 төгрөг, цалингийн алданги 14.626.517 төгрөг, үр дүн, урамшуулалд 10.200.000 төгрөг, ээлжийн амралтын олговор 5.542.074 төгрөг, нотариатын зардалд 103.400 төгрөг, нийт 89.697.252 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдрөөр нэхэмжилсэн. Одоо энэ өдрийг хүртэлх хугацаанд цалингийн алданги 14.626.517 төгрөг дээр 1.099.051 төгрөг нэмэгдээд 15.725.568 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 37.838.988 төгрөг дээр 8.573.015 төгрөгөөр нэмэгдэж нийт 99.369.318 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүргийн алдаа дутагдал гаргаж, хийсэн ажилдаа хайхрамжгүй хандан ажиллаж байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “Жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэж заасан ба Х.А нь 2016 оны 8 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл манай байгууллагад ажиллаагүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл гарах үндэслэлгүй. 2016 оны үр дүнгийн шагналт цалинг Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав захирлын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Х.А-д 3 сараар шагналт цалинг олгогдсоноос дүгнэхэд нэхэмжлэгч нь жилийн ажлын шагналт цалин буюу 13 дахь сарын цалинг авахгүй. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.122.000 төгрөг ба 1 өдрийн цалинг тооцохдоо үндсэн цалинг 21.5 хувааж, нэг өдрийн цалин 52.186 төгрөг болж байгаа юм. Цалин, олговор 2 бол хоёр тусдаа өөр ойлголт тул алданги тооцох хууль эрх зүйн үндэс байхгүй. Иймд Х.А-ийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, алданги авах болон эдлэх эрх бүхий үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609.476 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 318.436 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчид үр дүнгийн урамшуулалд 6.225.300 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь буруутай. Учир нь Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 /тав/ хүртэл сарын үндсэн цалингийн дундаж хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно" гэж заасан байтал шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сүүлийн 3 сараар хийсэн бичилтийг үндэслэн 1 сарын цалинг нь тодорхойлсон байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бохир цалин буюу тухайн саруудад үр дүнгийн шагналт цалин, ээлжийн амралтын олговор гэх мэт жилд нэг удаа олгогддог урамшууллуудыг авсан байх ба эдгээрийг тооцон сарын үндсэн цалинг тодорхойлсон байна. Гэтэл нэхэмжлэгч өөрийн үндсэн цалинг 1.122.000 төгрөг гэдэг баримтыг хэрэгт өгсөн байхад нотлох баримтыг үнэлэлгүйгээр шүүх шийдсэн. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчид 2017 оны үр дүнгийн шагналт цалинг нэг сарын үндсэн цалин буюу 1.122.000*3=3.366.000 төгрөгийг олгохоор байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдэж, баталгаажсан сүүлийн 3 сарын цалингийн дундаж 4.051.465 төгрөг болж байхад анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Цалингийн зөрүү 10.110.019 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх олгогдоогүй байгаа цалин 22.550.508*0,3%*224 хоног =15.153.941 төгрөгийн алданги, анз 11. 275. 254 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох зохицуулалтанд хамааруулан хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүх тайлбарлахдаа “...Шүүх буруутай албан тушаалтанд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алдангийн хэмжээгээр захиргааны шийтгэл ногдуулж ажилтанд олгохоор...” гэж тайлбарлан хэрэгсэхгүй болгосон нь хөдөлмөрийн тухай хуульд заагдаагүй тайлбарыг шүүгч шийдвэртээ тусгасан нь хууль зөрчиж хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь харагдаж байна. Ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн аваагүй байгаа бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 22-ноос 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг алдангийн хамт нэхэмжилж байна. Дараах тооцоолол хийсний дагуу миний нэг өдрийн цалин 191.106 төгрөг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 22-ноос 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг ажлын хоногоор тооцвол 238 хоног*191.106 = 45.483.228 төгрөгийн цалин, алданги 21.562.486 төгрөгийг нэхэмжилж байна. 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингийн дунджаар тооцоололгүйгээр хамгийн бага дүнтэй 9 дүгээр сарын 2.075.100 төгрөгөөр дундаж цалинг тооцож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдэж, баталгаажсан дундаж цалин 4.051.465 төгрөг болж байхад шүүх баримтлаагүй учраас гомдолтой тул дундаж цалинг хуулийн дагуу тооцоолон шийдвэрлэж өгнө үү. Ажилтанд сар, жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэсэн заалтуудын дагуу нэг жилд 3 сараар тооцоход 2.559.593*3=7.678.780 төгрөг нэхэмжилж байна. Учир нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны нэг жилийн 12 сарын дунджаар сарын дундаж цалин 2.559.593 төгрөг болж байна. Би улсад 33.7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан бөгөөд 2017 оны ээлжийн амралтаа ажлын 29 хоногоор тооцон бодуулж, ажлын 29 хоног *191.106=5.542.074 төгрөг гаргуулж авахаар нэхэмжилж байхад дундаж цалинг 55 дугаар тушаалын дагуу тооцоогүйн улмаас амралтын олговор дутуу олгогдохоор шийдвэрлэгдсэн тул гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Дээрх нэхэмжлэлүүдийн шаардлагын үнийн дүнгийн нийлбэр 101.651.841 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон цалингийн зөрүү, алданги, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулалд нийт 89 697 252 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрээр Х.А-ийг “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 440 489 төгрөгийг хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1477 дугаар магадлал, УДШ-ийн 2017 оны 1468 дугаар тогтоол гарснаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 5-12/
Шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүнийг үгүйсгээгүй хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан асуудлаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д а/Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд .... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой ... холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор журамлажээ.
Нэхэмжлэгч Х.А А000170134 дугаартай өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг /5 411 700+4 667 597+2 075 100/3/ 4 051 465 төгрөг гэж тодорхойлсон нь дээрх журмын заалтад нийцсэн байна. /хх-ийн 52/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэрт Х.А-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо дээрх байдлаар дүгнэсэн байдаг боловч тухайн үед гаргасан түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарласан дүгнэлт хийсэн байна. /хх-ийн 6/
Нэхэмжлэгч Х.А-ийг ажилд эгүүлэн тогтоосон өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс энэ хэргийг хянан шийдвэрлэсэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааг түүний ажилгүй байсан бүх хугацаанд хамааруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг тооцоход 4 051 465 төгрөг, нэг өдрийн цалин 188 440 төгрөг болох ба ажилгүй байсан хугацаа болох 11 сарын 3 хоног буюу 238 хоногт бодоход 44 848 720 төгрөг, нотариатын зардалд 103 400 төгрөг, нийт 44 952 120 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын зөрүү гаргуулах үндэслэлгүй талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад мөн хуулийн 69.1-д заасан олговор хамаарахгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Харин нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг дээрх байдлаар тооцож хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул давхар ээлжийн амралтын олговор тооцон олгох нь мөн хуулийн 69.1 дэх хэсгийн заалтад нийцэхгүй байхаас гадна ажил олгогчийн буруугаар нэхэмжлэгч бодитойгоор ажил хөдөлмөр эрхлээгүй боловч жилийн ажлын үр дүнгээр байгууллагын захирлын шийдвэрээр олгох урамшууллыг шүүх тооцон олгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байхад шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь буруу байх тул өөрчлөх нь зүйтэй.