Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00493

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         04           19                                        001/ХТ2022/00493

 

 

“М у х б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01863 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2150 дугаар магадлалтай,

“М у х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М э и к” ХХК, “Б г” ХХК, “Б” ХХК, “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,339,096,396 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“М у х б” ХХК-д холбогдох 2018-03 тоот барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 4 ширхэг хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай “М э и к” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

“М у х б” ХХК-д холбогдох 2018-04, 2018-05 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газрын хамт барьцаанаас чөлөөлүүлэх тухай “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-, Г.Г, хариуцагч “М э и к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-Э, түүний өмгөөлөгч Э.Г, “Б г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу “Б” ХХК-ийн өмгөөлөгч Л.О, “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М у х б ХХК нь М э и к ХХК, Б ХХК, Б г ХХК, К б ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,339,096,396 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч М э и к ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,568,373,671 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч марган, улмаар 2018-03 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031, Ү-2206028059, Ү-2206028028, Ү-2206028057 дугаарт тус тус бүртгэлтэй 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийг, мөн хариуцагч К б ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2018-04, 2018-05 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203014771, Ү-2203014778, Ү-2203014775, Ү-2203014774, Ү-2203014780, Ү-2203014781, Ү-2203014770, Ү-2203014772, Ү-2203014776, Ү-2203014773, Ү-2203014777, Ү-2203014779 дугаарт бүртгэлтэй 14 ширхэг үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18641310911482 дугаар бүхий Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 866 м.кв эзэмшлийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02668 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч “М э и к ХХК, “Б г ХХК-иас 6,882,245,094 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М у х б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 456,851,302 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлгүй тул “М у х б” ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хоорондох 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018-03 тоот барьцааны гэрээний эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031, Ү-2206028059, Ү-2206028028, Ү-2206028057 дугаарт тус тус бүртгэлтэй хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцаанаас чөлөөлүүлэх тухай “М э и к ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар “М у х б” ХХК, “М э и к” ХХК, “К б ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018-04 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г бүхэлд нь, мөн өдрийн “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-ний “К б ХХК-ийн эзэмшлийн газрыг барьцаалсан хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу барьцаалагдсан К б ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн ...эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,011,381 төгрөг, хариуцагчаас төлсөн 15,219,958 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 87,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “М э и кХХК-иас тэмдэгтийн хураамжид 60,879,680 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч “М э и к ХХК, “Б г” ХХК нараас 34,693,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...з/ Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд шинээр худалдан авсан хатуу болон шингэн эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж... гэснийг хасч, мөн заалтын , ...и/ К б ХХК дахь зээлдэгч М э и к ХХК-ийн төгрөгийн болон ам долларын данс дахь мөнгөн хөрөнгө зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэснийг ...зэрэг барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, К б ХХК дахь зээлдэгч М э и к ХХК-ийн төгрөгийн болон ам.долларын данс дахь мөнгөн хөрөнгө барьцаалагдсан болохыг дурдсугай гэж, 5 дахь заалтын ...60,879,680 төгрөг гаргуулж... гэсний дараа ...нэхэмжлэгч М у х б ХХК-иас 57,059,966 төгрөг гаргуулж тус тус... гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М у х б ХХК-ийн төлсөн 2,442,206 төгрөгийг, хариуцагч М э и к ХХК-ийн төлсөн 6,796,069 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тус банкны нэхэмжлэлтэй, хариуцагч М э и к ХХК, хамтран хариуцагч Б ХХК, Б г ХХК, К б ХХК дахь банкны эрх хүлээн авагч нарт холбогдох иргэний хэргийг давж заалдах журмаар 2020.10.19-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 2150 дугаартай магадлалыг хүлээн аваад уг магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаагүй байна гэж үзэж гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгтээ “Зээлийн гэрээний хугацаа 2023 онд дуусахаар боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй явдал нь зээл олголтыг зогсоох, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхийг үүсгэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлэхийг сануулж нэмэлт хугацаа тогтоож, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага...-ыг хангах үндэслэлгүй байна” гэжээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг шүүх баримтлан нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэн уг зохицуулалтыг Банкны зээлийн гэрээтэй холбоотой харилцаанд шууд хэрэглэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх... эрхтэй” гэсэн суурь зохицуулалтыг үгүйсгэн шийдвэр гаргаж байгаа нь хэргийн оролцогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэсэн, эрхийг нь тодорхойлсон Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1 дэх заалтад заасан зарчмаас ухарсан явдал гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлээр Зохигчдод олгосон гэрээнээс татгалзах эрхийн мөн чанар нь үүрэг гүйцэтгүүлэгчийг үүргээ гүйцэтгэхгүй байгаа шударга бус үүрэг гүйцэтгэгчээс хамгаалахад чиглэсэн хуулийн “механизм” бөгөөд ийнхүү өөрийгөө хамгаалах эрхээ - хамгаалалтаа эдэлсний төлөө улам ихээр хохирох боломжийг бий болгосон шийдвэр болсон гэж үзэж байна. Банк нэхэмжлэл гаргахдаа зээл, зээлийн хүүгийн тооцооллоо 2019.09.30-ны өдрөөр тасалбар болгон тооцсон бөгөөд энэ хугацаанаас хойш ямар нэгэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоо зогсоосон билээ. М у х б нь “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл нь шүүхийн шийдвэр болдог” гэдэг эрх зүйн тулгуур зарчмыг удирдлага болгон, нэхэмжлэл гаргаснаараа бус харин эрх бүхий шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхээр шийдвэр гаргуулан Зээлийн гэрээгээ дуусгавар болгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Нэхэмжлэлээ гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн 2016.02.01-ний өдрийн “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал”-ын талаар гаргасан 1 дүгээр зөвлөмжийг удирдлага болгон: 1 дүгээрт, Иргэний хэрэг үүсгүүлж Хөгжлийн банкны зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Төрөөр хамгаалуулахаар шүүхэд хандаж өргөдөл гаргасан болно. 2 дугаарт, Нэхэмжлэл нь Зээлийн гэрээ болон хуульд заасан үндэслэлээр манай банкны эдлэх эрхийн үүднээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд гаргаж буй шаардлага, мөн зөрчигдсөн эрхийг маань шүүхээр хамгаалах хэрэгсэл гэж ойлгон уг хэрэгслийг ашиглан хариуцагчийн гэм бурууг тогтоолгон, зөрчигдсөн эрхээ шүүхийн шийдвэрээр хамгаалуулж, шүүхийн шийдвэрээр учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хандсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн буруутай үйл ажиллагаанд шүүхээс дүгнэлт өгүүлэн, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ буюу зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн журмаар буюу шүүх хуралдаанаас нэхэмжлэлд заасан хэмжээгээр шийдвэр гаргуулан маргаанаа “эцэслүүлэхээр” нэхэмжлэл гаргасан болно. Тиймээс ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “гэрээг цуцлах”, “гэрээнээс татгалзах” тухай дурдаагүй болно. Мөн манай зүгээс нэхэмжлэл гаргах үед Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан, зээлийн хугацаа гэрээнд зааснаар 5 жил бөгөөд 2023.03.09-ний өдөр дуусгавар болно. Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа зөвхөн хариуцагч талын хүсэл, санаачилгаар шүүх хуралдаан хуралдаж чадалгүй, удаа дараа хойшилж байсан тул М у х б 2020.04.15-ны өдрөөр Зээл, зээлийн хүүгийн тооцооллоо тасалбар болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл (Зохигч) - ийн 26.2 дахь хэсэгт заасан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэснийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа 456,851,302.51 (дөрвөн зуун тавин зургаан сая найман зуун тавин нэгэн мянга гурван зуун хоёр төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Анхан шатны шүүх Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах шаардлагыг хангасан, 62 дугаар зүйлд заасан Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан, Нэхэмжлэлийн үнийг зөв тодорхойлсон, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзээд, хүлээн авч мөн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар Нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулан, хариу тайлбар өгөх хугацааг нь тогтоон өгч шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно. Түүнчлэн хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж байсныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчээс буюу манай талаас хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд авч байсан болно. М у х бнаас анхан шатны шүүхэд гаргаж байсан нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү.

4.2. Магадлалын хянавал хэсгийн 3-т “М у х б-аас Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах” гэсэн шүүхийн шийдвэрийн 5 заалтад оруулж байгаа өөрчлөлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д заасан /2020.08.28-ны өдрийн хуулиар нэмсэн/-аар тус банк нь Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа болно. Иргэний хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч М у х б ХХК нь М э и к ХХК, Б ХХК, Б г ХХК, К б ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,339,096,396 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч М э и к ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,568,373,671 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч марган, улмаар 2018-03 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031, Ү-2206028059, Ү-2206028028, Ү-2206028057 дугаарт тус тус бүртгэлтэй 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийг, мөн хариуцагч К б ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2018-04, 2018-05 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203014771, Ү-2203014778, Ү-2203014775, Ү-2203014774, Ү-2203014780, Ү-2203014781, Ү-2203014770, Ү-2203014772, Ү-2203014776, Ү-2203014773, Ү-2203014777, Ү-2203014779 дугаарт бүртгэлтэй 14 ширхэг үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18641310911482 дугаар бүхий Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 866 м.кв эзэмшлийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

6. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж буюу “М э и к” ХХК, “Б г” ХХК-аас 6,882,245,904 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгон, үлдэх 456,851,302 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “М э и к” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “М у х б” ХХК, “М э и к” ХХК, “К б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018.01.12-ны өдрийн 2018-04 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүхэлд нь, мөн Газар эзэмших эрх барьцаалах гэрээний, “К б” ХХК-ийн эзэмшлийн газрыг барьцаалсан хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу барьцаалагдсан “К б” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б- магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-, Г.Г нар шүүх хуралдааны явцад “...хариуцагч тал болох “М э и к” ХХК нь нэхэмжлэлийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохих төлбөрийг банкинд төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт, тайлбарыг гаргажээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан. 

Нэхэмжлэгч “М у х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй, зохигчийн болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01863 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2150 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,М у х б ХХК-ийн нэхэмжлэлтэй “М э и к” ХХК, “Б г” ХХК, “Б” ХХК, “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,339,096,396 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16 зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД