Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2020/01908

 

 

 

 

 

     2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2020/01908

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Э.Б-д холбогдох

 

 Зээлийн гэрээнийн үүрэгт  29 753 668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч Б.Л, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Э.Бнь Ж ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23 000 000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, төлбөрийг сар сараар хэсэгчлэн төлөхөөр тохирч 1900042 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Э.Бнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компанийн өмчлөлд 14-16 УБМ улсын дугаартай, бор өнгийн toyotа portuner маркийн авто машиныг шилжүүлэхээр фидукцын гэрээ байгуулсан. Зээлдэгч Э.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 5 384 284 төгрөг, хүү 3 614 584 төгрөг, алданги 821 924 төгрөгийг төлж 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өдий хүртэл гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алдангийг төлөхгүй 135 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна. Э.Буянжаргалд зээл, хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөхгүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 60 000 000 төгрөгийн зээлийг нэмж авсан байна. Э.Б-с үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19 679 212 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны хүү 2 684 999 төгрөг, алданги 8 807 858 төгрөг, нийт 29 753 668 төгрөгийг гаргуулж  өгнө үү, Э.Б нийт 9 820 810 төгрөгийг эргүүлж төлсөн гэв.

 

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж ХХК-иас 23 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, барьцаанд Тоёота фортуни маркийн авто машин тавьсан, 8 800 000 төгрөгийг буцааж төлсөн, үлдсэнийг нь машин аваарт орсноос хойш төлөөгүй. Одоо би үндсэн зээлийн үлдэгдийг төлөх хүсэлтэй байна, хүү, алдангийг төлмөөр байна. Барьцаа хөрөнгөөр 54-45 гэдэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан, машиныг анх Ж ХХК-ийн авч байсан, Ж ХХК-ийн машиныг барьцаанд тавиад, хүний өмнөөс зээл авсан. Би Ж ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан 14-16 гэдэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг мэдэхгүй байна. Анх би эдний компаниас Тоёота Фортуни гэдэг авто машин худалдаж авсан, тэр машиныг барьцаанд тавьсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Э.Б-с 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөр 19 679 212 төгрөг, зээлийн хүү 2 684 999 төгрөг, алданги 8 807 858 төгрөг, нийт 29 753 668 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Э.Б нь Ж ХХК-иас  2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23 000 000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно” гэж талууд тохирсон байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргээс Э.Б9 820 810 төгрөгийг эргүүлж зээлдүүлэгчид төлсөн үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд үндсэн зээлийн дүнгээс 5 384 284 төгрөг төлж, үлдэгдэл 17 615 716 төгрөг, зээлийн хүүг 2 684 99 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй л анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд дээрх хэлцлээр алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч байгууллага нь алданги шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлийг бүрэн төлөөгүй нөхцөлд гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй тул 7 389 457 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э.Б-с 27 698 172 /хорин долоон сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгож, үлдсэн 2 055 496 /хоёр сая тавин таван мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с 296 441 төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН