Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01659

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01659

 

 

 

ЖДМБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01908 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЖДМБ ХХК-ийн хариуцагч Э.Б д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 29 753 668 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б нь ЖДМБ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, төлбөрийг сар сараар хэсэгчлэн төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулсан.

Э.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компанийн өмчлөлд 14-16 УБМ улсын дугаартай, бор өнгийн Тоёото фортуни маркийн авто машиныг шилжүүлэхээр фидукцын гэрээ байгуулсан.

Зээлдэгч Э.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 5 384 284 төгрөг, хүү 3 614 584 төгрөг, алданги 821 924 төгрөгийг төлж 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс хойш өдий хүртэл гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алдангийг төлөхгүй 135 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна. Э.Б д зээл, хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөхгүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 60 000 000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Э.Б аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19 679 212 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацааны хүү 2 684 999 төгрөг, алданги 8 807 858 төгрөг нийт 29 753 668 төгрөгийг гаргуулж өгнө үү. Э.Б нийт 9 820 810 төгрөгийг эргүүлж төлсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЖДБМ ХХК-аас 23 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан, барьцаанд Тоёото фортуни маркийн авто машин тавьсан, 8 800 000 төгрөгийг буцааж төлсөн, үлдсэнийг нь машин аваарт орсноос хойш төлөөгүй.

Одоо би үндсэн зээлийн үлдэгдийг төлөх хүсэлтэй байна, хүү, алдангийг төлмөөр байна. Барьцаа хөрөнгөөр 54-45 гэдэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан, машиныг анх ЖДБМ ХХК-аас авч, ЖДБМ ХХК-ийн машиныг барьцаанд тавиад, хүний өмнөөс зээл авсан.

Би ЖДБМ ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан 14-16 гэдэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг мэдэхгүй байна. Анх би эдний компаниас Тоёота фортуни гэдэг авто машин худалдаж авсан, тэр машиныг барьцаанд тавьсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э.Б аас 27 698 172 /хорин долоон сая зургаан зуун ерэн найман мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан ЖДБМ ХХК-д олгож, үлдсэн 2 055 496 /хоёр сая тавин таван мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б аас 296 441 төгрөгийг гаргуулан ЖДБМ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.Б би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЖДМБ ХХК-аас 23 000 000 төгрөгийн зээлийг 54-45 УНБ улсын дугаартай Тоёота фортүна маркийн автомашиныг барьцаалан авсан ба энэ тээврийн хэрэгслэл өөр хүний нэр байгаа болно.

Тээврийн хэрэгслэлийг эзэмшигч нь автомашиныг ашиглаж байгаад аваар гаргаж ашиглах боломжгүй болгож одоо Дорнод аймагт эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж байгаа.

Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар миний мэдэхгүй 14-16 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслэлийг барьцаалан зээл авсан гэдэг нь худлаа юм. Дээрх нөхцөл байдлыг шүүхэд ярьсан боловч тодруулалгүй нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний төлсөн мөнгөний тооцооноос нэхэмжлэгчийн гаргасан мөнгөний дүн зөрж байгаа ба ЖДМБ ХХК үндэслэлгүйгээр дарамталж илүү төлбөр авдаг.

Мөн компанийхаа дансаар биш Болорчимэг, Дуламханд гэдэг иргэдийн дансаар төлбөрөө авч байсан , өөр зээлийн төлбөрийг хольж нэмж авдаг.

ЖДМБ ХХК авто ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг гэх боловч ББСБ- ын үйл ажиллагаа явуулж татвар элдэв зүйлээс зайлсхийж иргэдийг хохироодог.

Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг гаргаж өгсөн боловч шүүх хуралдааныг хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ЖДМБ ХХК нь хариуцагч Э.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 753 668 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

ЖДМБ ХХК, Э.Б нар нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1900042 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Э.Б нь 23 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай ЖДМБ ХХК-аас зээлсэн үйл баримтад маргаангүй, фидуцийн гэрээний зүйл болох автомашины талаар зохигчид маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд ЖДМБ ХХК, Э.Б нар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр фидуцийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёото фортуна маркийн 1416УБМ улсын дугаартай автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-11/

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийн фидуцийн гэрээний зорилго нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйлээр үүргийг хангуулахад оршдог.

Дээрх фидуцийн гэрээний дагуу гэрээний зүйл нь зээлдэгчийн эзэмшилд шилжсэн эсэх, одоо хэний эзэмшилд байгаа гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн гадна, фидуцийн зүйлээр үүргийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхойгүй, талууд автомашины улсын дугаарыг зөрүүтэй тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх фидуцийн гэрээний зүйлийн талаар тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй үйл баримт нотлох баримтад дүгнэлт хийх, залруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 441 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД