Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
Хэргийн индекс | 104/2020/00079/И |
Дугаар | 79 |
Огноо | 2020-02-14 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******, Их ам 25 дугаар гудамжны 1а тоотод оршин суух, ******* А.С /РД: /
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ******* Д.Х /РД: /-д холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.С, хариуцагч Д.Х, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Хтэй 2012 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү ******* төрсөн. Бид 2020 оны 01 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Сүүлийн үед нөхөр Д.Хийн зан ааш өөрчлөгдөж хэл амаар доромжилж, олон хоногоор алга болж ирээд хардаж, байнга архи ууж, амгалан тайван амьдрахад хэцүү болсон. Одоо бид цаашид хамт амьдрахгүй. Иймд эцэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2012 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү ******* төрсөн. Бид хамт амьдарч эхэлсэн цагаас хойш хоорондоо таарч тохирохгүй байх болсон. А.С маргаж муудах болгондоо намайг удам муутай гэж хараан, гэрээсээ хөөдөг байсан учир явдаг. Мөн миний эцгийг алуурчин, охин дүүг маань янхан гэж хэл амаар доромжилдог. Би энэ бүхнийг дэвчиж ирсэн. Одоо бол хамт амьдарч чадахгүй. Харин хүү ******* миний хүүхэд мөн тул маргах зүйлгүйгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж баймаар байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С хариуцагч Д.Хид холбогдуулан тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Х 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү *******ын эцэг мөн болохоо зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн. Харин хүүхдийн асрамжийн талаар маргаж шаардлага гаргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар сайн дураар тохиролцоогүй бол нэхэмжлэгч А.С хүү *******ыг тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч тэтгэлэг шаардах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч А.С, хариуцагч Д.Х нар 2012 онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү ******* төрж эцэг Д.Хийн овог, нэрийг авсан байна.
Одоо хүү ******* эх ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүү *******ын № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Суврага Налайх” АЭМТөвийн хүүхэд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-4-6/
Нэхэмжлэгч А.С, хариуцагч Д.Х нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү *******ыг эцэг Д.Хээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн зохигчид хүү *******ыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.
Хариуцагч Д.Х нь бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч А.С нь хүү *******ад зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д.Х зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч 37.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Сд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү *******ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.050 /гучин долоон мянга тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч 37.050 /гучин долоон мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Сд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС