Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2020/00343/И |
Дугаар | 138/ШШ2020/00531 |
Огноо | 2020-04-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2020/00531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн эд холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 12 сарын 17-ны өдөр ...Б.эд зодуулж, үүдэн 3 шүд булгарч унасан. Дээрх 3 шүдийг эргүүлж тогтоох боломжгүй, түүнээс шалтгаалж бусад байдлаар ч хохирсон. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шалгаж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гарсан. Хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолоор Б.ийг МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Хэргийн явцад Б.ийн хүсэлтээр эвлэрч, хохирол төлбөрийн талаар 2020 оны 01 сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл үйлдэж, 2020 оны 01 сарын 24-ний өдрийн дотор зургаан сая төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаанд хохирол барагдуулахгүй байна. Энэхүү хохирлын дүн дээрээ бид эвлэрч, хэлцэл хийснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн юм. Одоо би энэхүү хохирлын мөнгөө гаргуулан авч, үүдэн 3 шүдээ яаралтай хийлгэх хэрэгтэй байна. Нэхэмжлэлийг хүлээн авч Б.ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6 000 000 төгрөгийг гаргуулж Б.******* надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Миний нөхөр Б.******* нь Б.эд зодуулснаас үүдэн талын 3 шүд унасан. Инфлант шүд хийлгэх хүсэлтэй байгаа. Нэг шүд нь 2 000 000 төгрөг байдаг юм байна лээ. Шүдний эмнэлэгт үзүүлэхэд энэ 3 шүдийг хамгийн багадаа 6 200 000 төгрөг болно гэсэн. Бас нэг өөр байдлаар хийлгэхэд 7 сая гаран төгрөг болно гэж байсан. Хиймэл шүд хийлгэсэн боловч удахгүй уначихдаг юм байна лээ. Залуу хүн учраас үүдэн шүднүүд нь байхгүй болсонд байнга гутрах болсон. Ер нь ямар ч шүд хийлгэсэн өөрийн шүд шиг байдаггүй. Идэж, уухаас эхлээд асуудал их үүсдэг юм байна лээ. Бидний зүгээс хамгийн багаар тооцож мөнгө нэхэмжилсэн. Ер нь шүдний эмнэлгүүд нь тухайн хүнээ үзэж байж эмчилгээ, үйлчилгээний үнийн саналаа өгдөг юм байна лээ. Тийм учраас Б.******* нь Эвада эмнэлэгт өөрийн биеэр очиж үзлэгт орсны дараа тус эмнэлэг нь ийм ийм үнэтэй шүд хийлгэж болно гэсэн үнийн саналыг өгсөн. Тиймээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.******* нь намайг архины шилээр цохиха гэж ирэхэд нь би өөрийгөө хамгаалах гэж өшиглөсөн нь үнэн. Би Б.*******д тагнайтай хиймэл шүд хийлгэж өгсөн. Шүдний үнийг ямар байдлаар 6 сая гэж үзэж надаас нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Би энэ 6 сая төгрөгийг төлж барагдуулахгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдаг. 3 шүд унасан нь хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэргийн шийдвэрлэх үед хохирогч нартай эвлэрч тохирсон, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хохирогч нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлөх төлбөргүй гэсэн хэлцэл үйлдсэн боловч хавтаст хэрэгт үүнийгээ хавсаргаагүй байсан. Мөн нэхэмжлэгч талаас өнөөдөр бодит зардлыг нэхэмжлээгүй ирээдүйд үүсэх үр дагаврыг нэхэмжилсэн байна. Иймээс бодит хохирол биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.эд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.эд зодуулсаны улмаас үүдэн 3 шүд унасан, мэргэжлийн эмчид үзүүлэхэд хамгийн багадаа 6 200 000 төгрөгийн эмчилгээний зардал гарна гэсэн, гэхдээ эрүүгийн хэрэг шийдвэрлэхээс өмнө 6 000 000 төгрөгийг төлнө гэж хэлцэл хийсэн учраас уг үнийн дүнгээр хохирлоо нэхэмжилж байгаа, 3 шүдээ эмчлүүлж имплант суулгах хүсэлтэй байна... гэж,
хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...шүдний үнийг ямар байдлаар 6 сая гэж үзэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, бодит зардлыг нэхэмжлээгүй, ирээдүйд үүсэх үр дагаврыг нэхэмжилсэн, энэ нь бодит хохирол биш байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлан маргадаг.
Хариуцагч Б. нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах Газрын тосны 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг SMS ХХК-ийн ажилчдын байранд Э.Наранбаяр, Б.******* нартай маргалдан улмаар тэднийг зодож Б.*******гийн биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, баруун болон зүүн дээд төвийн үүдэн шүдний хугарал, зүүн дээд захын үүдэн шүдний булгарал, зүүн дээд 3-р шүдний сулрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна. (хх-н 3-9 тал)
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Хариуцагч тал ...бодит зардлыг нэхэмжлээгүй, ирээдүйд үүсэх үр дагаврыг нэхэмжилсэн, энэ нь бодит хохирол биш... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэйг зохицуулсан байдаг.
Нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эвада шүдний эмнэлэгт үзүүлж 6 150 000 болон 7 300 000 төгрөгийн эмчилгээний зардал шаардлагатай гэсэн 2 үнийн саналыг нотлох баримтаар тус шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Б. нь Б.*******д эмчилгээний зардалд 6 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан (хх-н 2 тал) байна.
Нэхэмжлэгч тал шүдний эмнэлгийн үнийн саналууд нь дээрх хэлцлээр тохирсон үнийн дүнгээс их байгаа боловч бид нэгэнт 6 000 000 төгрөг гэж тохиролцсон учраас энэ үнийн дүнгээр нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.
Хариуцагч тал нь шүдний үнийг ямар байдлаар 6 сая гэж үзэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Иймд гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан гэм хор буюу гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зайлшгүй зардал болох 6 000 000 төгрөгийг хариуцагч Б.ээр урьдчилан төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 110 950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
ШҮҮГЧИД Т.БАЙГАЛМАА
Г.УРТНАСАН