Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2020/00724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байр ******* тоотод суух, ******* регистерийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг хороо, группийн байранд байрлах ХХКомпанид холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 23 492 0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ХХКомпанийн орчуулагчаар ажиллаж байгаад 2019 оны 7 сарын 23-ны өглөө Газрын тосны 19-р талбайгаас Дорнод аймагт ирж ХХКомпанийн ажилчдын сургалтанд орчуулга хийсэн ба мөн Өрмийн ангийн ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад орчуулга хийх ажлаар явж байгаад буцах замдаа 17 цагийн үед албаны машинтайгаа осолд орж хүзүүндээ хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод ГССҮТөвд 7 сарын 31-нд хагалгаанд орж одоог хүртэл ажил хийх боломжгүй акттай хэвтрийн дэглэмтэй эмчлүүлж байна. 2019 оны 12 сарын 06-ны өдөр Эрүүгийн хэргийн шүүх хурал хийгдсэн. Хохирлоо иргэний журмаар нэхэмжилж болох эрхийн дагуу хандаж байна. Энэ хугацаанд ажил олгогчоос ослын актын дагуу олгогдох тэтгэмжийг авахад шаардлагатай нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх бусад хууль ёсны дэмжлэгийг хүссэн боловч сайн дураар өгөхгүй ажилтан миний эрүүл мэндийг хохироосоор байна. Осолд орох үед би ажлын байран дээр байсан. Намайг ХХК нь орчуулагчаар 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс ажилд авч хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулсан. Миний хувьд аман орчуулга хийхээс гадна тестийг бүрэн хэмжээгээр орчуулдаг. Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа компанийн ажилчдыг эмнэлэгт үзүүлэн буцаж ажлын байр руу явах үед осол болсон ажлын байранд дээр үйлдвэрлэлийн осолд орсон гэж үзэж байна. Компанийн зүгээс намайг түр ажиллуулж байсан гэж тайлбарлаж байна. Мөн намайг 2019 оны 10 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг сая харж байна. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон учир ХХКомпаниас ослын улмаас өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй, эрүүл мэндийн байдалтай холбоотой ямар нэгэн асуудлыг ажил олгогч шийдээгүй мөн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа учир ажиллаагүй хугацааны цалин хөлс, урамшуулалыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд 1. Ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 11 сарын 1-нээс 2020 оны 8 сарын 1-ныг хүртэл хугацааны 11 250 000 төгрөг, урамшуулал 3542000 төгрөг, 2.чилгээний зардал 600 000 төгрөг, 3. Нийгмийн даатгалын сангаас олгогдох листны 180 хоногийн мөнгө 7 500 000 төгрөг, 4. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг нийт 23 492 000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Үүнээс нийгмийн даатгалын сангаас мөнгөө бүрэн авсан учир нэхэмжлэлийн шаардлагаас хасч 15 992 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Хариуцагч ХХКомпанийн хувьд гэм хор учруулаагүй. Тус компани нь газрын тосны туслан гүйцэтгэгч компани юм. *******тэй 2019 оны 4 сарын 3-ны өдөр орчуулагчаар түр хугацаагаар хавсран ажиллуулах тухай гэрээ байгуулан ажиллуулсан. ******* нь 2018 оны 8 сарын 01-ний өдөр ХХК-ийн үндсэн ажилтан байдаг. ХХКомпани нь 4 сараас 10 сарын хооронд улирлын чанартай ажилладаг тул энэ хугацаанд ажилтан авч ажиллуулаад буцаан чөлөөлж дахин ажилчид авч ажилладаг. Энэ компани нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр бүх ажилчдаа чөлөөлсөн тухай тушаал хэрэгт авагдсан байгаа. ******* нь тухайн үед компаниас томилолт аваагүй, гэдэг хүн осол гаргасан талаар маргаагүй. Түүний сууж явсан машин нь гэсэн дугаартай байгаа, тус компаний гэрээт машин биш, компаний гэрээтэй машин нь гэсэн дугаартай машинд суугаагүй, 4 зорчигчийн 3 нь бүсээ бүсэлсэн байдаг. ******* суудлын бүсээ зүүгээгүй, өөр машинд суусан байдаг. чилгээний зардлын хувьд 600000 төгрөг нэхэмжилж байгаа боловч эмчийн магадлагаа байхгүй, ******* гэсэн нэр байгаа, эмчилгээний зардлыг хариуцах ёстой гэж үзэж байна. Тус компани нь *******т 8, 9, 10 сарын цалинг бүтэн өгсөн. Мөн өөртэй ярилцаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгсөн. Тус компанид ажилладаг Хятадууд нь 180 хоног ажиллаад буцдаг. Иймээс бүх ажилчдаа чөлөөлдөг. ******* нь аман орчуулга хийдэг, бичгийн орчуулга хийдэггүй. ******* нь гэнэтийн ослын даатгал авах гэж хөөцөлдөж байсан. *******ийн хувьд үндсэн ажилтан биш чөлөөлөгдсөн талаар тушаал гомдол гаргаагүй байдаг. Хөдөлмөрийн хуулийн 128.1, 129.1-д заасан хугацаа өнгөрсөн. Хэрэв үйлдвэрлэлийн осолд орсон гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 97 зүйлд зааснаар үйлдвэрлэлийн осол гаргасан. Хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх тухай акт гарсан. Хөдөлмөрийн маргаан гаргаагүй гэм хорын хохирол гэж нэхэж байгаа бол үйлдвэрлэлийн осол буюу 97 дугаар зүйлд зааснаар нөхөн олговор нэхээгүй. Ажилгүй байсан хугацааны цалин нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ хугацаанд цалингийн талаар маргаагүй. Урамшуулал 3 542 000 төгрөг нэхэмжилж байгаагаа нотлоогүй. Өөр компаний үндсэн ажилтан юм. Компаний хувьд өөртэй нь тохиролцож цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээний заалтыг барьж байдаг. Гэм хор байгууллага учруулаагүй, улирлын чанартай ажил 180 хоног ажилладаг, өөрөө сайн мэдэж байгаа. Тушаал гаргах үед хоорондоо ойлголцсон шүү дээ. ХХКомпани нь 3 удаа мөнгө шилжүүлсэн. Өвчтэй байна гэдгээ нотлох баримтаар гаргаагүй. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсны өмгөөлөлийн хөлс нэхэмжилж байгаа нь өөрийнх нь хүсэл зориг юм. Өмгөөлөлийн хөлс төлсөн баримт байхгүй. ХХКомпани нь хохирол учруулсан этгээд биш учир хариуцахгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ХХКомпанид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 23 492 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага 15 992 000 төгрөг болгон багасгасан болно.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Тоёота Ланд Круйзер-200 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа зам тээврийн осолд орсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолоор батлагдаж байна.

Хариуцагч ХХКомпани нь 2019 оны 04 сарын 01-ний өдрийн Б-08 дугаар Түр ажилтнаар ажиллуулах тухай тушаалаар Ц.*******ийг орчуулагчаар ажиллуулж байсан бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь дээрх авто ослын улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бусад зардлыг хариуцагч ХХКомпаниас гаргуулахаар нэхэмжилдэг.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тус компанид хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг, хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байгаа. ...компанийн ажилчдыг сургалтанд хамрагдахад орчуулга хийж явсан. Ажлаас чөлөөлсөн тушаал гарсныг мэдээгүй, одоо харж байна. Иймд тус компанитай хөдөлмөрийн гэрээтэй, ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон учир ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, эмчилгээний зардал, эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсан тул өмгөөлөгчид төлсөн өмгөөлөлийн хөлс зэргийг гаргуулах хүсэлтэй байна... гэх,

хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ ...******* нь тус компанид түр ажиллаж байсан, томилолт аваагүй, авто машинд сууж явахдаа хамгаалах бүсийг зүүгээгүй явснаас гэмтэл авсан. ХХК нь улирлын чанартай ажилладаг учир ажилтнуудаа 2019 оны 10 сарын 25-ны өдөр ажлаас бүгдийг нь чөлөөлсөн. Ажиллаж байсан хятад ажилчид 180 хоноод явдаг учир орчуулагч шаардлагагүй болдог. *******ийн хувьд аман орчуулга хийдэг, бичгийн орчуулга хийдэггүй... гэх тайлбаруудыг тус тус гаргаж маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчаар ХХКомпанийг татаж байгаа боловч Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

Гэтэл тухайн үед авто машиныг жолоодож явсан жолооч нь Дарьбазарын Батхорлоо гэх иргэн байсан бөгөөд тэрээр эрүүгийн шүүх хуралдаанд өгсөн биеийн байцаалтад тусгаснаар Дорнын баян булаг ХХКомпанид жолооч ажилтай байсан байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь ХХКомпанийг ямар үндэслэлээр хариуцагч гэж үзэж байгаа нь тодорхойгүй, жолооч Д.Батхорлоо нь тус компанитай ямар хамааралтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь: Д.Батхорлоо нь Дорнын баян булаг ХХКомпанийн жолооч ажилтай гэх бөгөөд ХХКомпанитай хөдөлмөрийн гэрээтэй, уг компанийн ажилтан мөн эсэхийг нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч биш этгээдтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага болох эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 15 992 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэм хорын улмаас учирсан хохирлыг өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу харъяаллаа өөрөө сонгосон нь хууль зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэгч Ц.*******ийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 15 992 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

Г. ЖАРГАЛТУЯА