Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02045

 

 

 

 

 

                        2020        06          03

    101/ШШ2020/02045

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э Улс, Полва хот, 63707, Ахжа орон нутгийн захиргааны Мустакурму тосгон, Мустамозад оршин суух, Р С /R S/иргэний хувийн дугаар 0/, /хуучин нэрээр Р С /R S/ /иргэний хувийн дугаар 0/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр 0 тоотод оршин суух, Зуутраг овогт Н.Б /РД:0/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух, Харчин овогт И.Н /РД:0/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөг, учирсан хохирол 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр байрны 0 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, NR01/11.01.17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие анх Монгол улсын иргэн Н.Б-тай 2011 оны 5-6 дугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод танилцсан. Тухайн үед би Монгол дахь хууль бус алт олборлолтын талаар хоёрдахь номоо бичихээр Ц Турс компанийн Э.Ц-тэй хамтран ажиллаж байсан бөгөөд тэрээр намайг өөрийн гэр бүлийн гишүүн хамаатны эхнэр хэмээн Байгалмааг анх танилцуулсан билээ. Би аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн Монгол улсад хийх аялал зохион байгуулж байсан ч тухайн үеийн түнш маань 2016 оноос үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноор хамтран ажиллах өөр аялал жуулчлалын компани хайж байсан болно. Ингээд Байгалмаагийн Оффроуд Тур компани хямд үнэ бүхий аялал санал болгосон тул өөрийн зохион байгуулж буй групп аялалдаа түүний компанийн үзүүлэх үйлчилгээг авахаар шийдвэрлэсэн юм. Дараа дахин уулзахад Байгалмаа өөрийгөө нөхрөөсөө салсан гэж хэлж, улмаар 2016 оны 9  сард миний аялал жуулчлалын компаниас зохион байгуулсан Эстонийн групп аялагчдад зориулан Баруун Монголд хийсэн аяллын үеэр надтай хайр дурлалын харилцаа тогтоосон юм. Тухайн үед тэрээр нөхөр болох Идемагийн Нямкагаас 2 жилийн өмнө албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан, цаашид Европт суурьшин надтай шинэ амьдрал эхлүүлэх хүсэлтэй буйгаа хэлж байсан. Байгалмаа нь надад байнга л өөрийнх амьдралд шийдэх шаардлагатай нэг чухал асуудал байгаа гэж хэлдэг байсан. Тэрээр худалдан авах зорилгоор Улаанбаатар хотод шинэ орон сууцанд орсон ч эдийн засгийн хямралаас шалтгаалан орон сууцныхаа үнийг төлөх зээл авахад хүндрэлтэй буй талаар байнга ярьдаг байсан. Хэдэн сарын дараа Эстонид ирсэн бөгөөд бүрмөсөн нүүж ирэхэд саад болж байгаа цорын ганц асуудал нь орон сууцыг худалдан авах мөнгөнөөс болоод байна гэж хэлсэн. Тэрээр анх 2016 оны 12 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод надаас 7,500 евро зээлж авсан, дараа нь намайг ятгасаар байгаад сууцныхаа үнийг төлнө гэсэн зорилгоор нэмж жилийн 15 хувийн хүүтэй 50,000 еврогийн зээл авсан. Бид 2017 оны 02 сарын 13-ны өдөр NR 01/11.01.17 дугаар зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Ийнхүү Байгалмаад туслахын тулд би өөрийн байшин, газар, болон гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авсан. Тэрээр надаас нийт 57,500 еврогийн зээл авсан. Б авсан зээлээ эргүүлэн төлөхөө амласан ба тухайн үед би түүнд итгэж байсан. 2017 оны 01 сарын 14-ний өдөр мөнгөө авсны дараа түүний зан ааш бүрэн өөрчлөгдөж, тэрээр өөрийн нөхөр Идемагийн Н-аас албан ёсоор салаагүй, тэд гэр бүл хэвээрээ гэдэг нь надад тодорхой болсон. 2017 оны 01 сарын сүүлээр, 02 сарын эхээр тэрээр хоёр дахь удаагаа Эстонид ирээд миний гар утас болон хувийн компьютерт зальжин аргаар нэвтэрч өмнө бидний хооронд Фейсбүүкээр бичиж байсан захидлууд, албаны болон хувийн цахим шуудангаар харилцсан зүйлс болон өмнө нь өөрийн илгээж байсан болон хамтдаа авахуулсан зургуудыг устгахаар оролдсон, ихэнх нь амжилттай болсон. Гарын үсэг зурж баталгаажуулсан зээлийн гэрээний хувьд тэрээр ердөө 3 сарын хүүгийн төлбөрийг хийсэн бөгөөд дараа нь түүний аялал жуулчлалын компани болох Оффроуд монголиа нь бараг үйлчлүүлэгчгүй болсны улмаас дампуурахдаа тулаад байна гэж шалтаг хэлж байсан. Б нь нөхөр, хүүхдүүдийн хамт өөрийн байрандаа тайван амьдрах хүсэлтэй байгаагаа хэлж миний зүгээс 2017 оны 2, 3, 4, 5, 6 саруудад өгч байсан зээлээ эргэн төлөх сануулгыг үл тоомсорлон зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн 2017 оны 4-5 сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хийх боломжгүй болсон, эрүүл мэнд муудсаны улмаас амь насанд нь аюул учирсан хэмээн надад мэдэгдэж байсан. Дараа нь 2017 оны 6 дугаар сарын эхээр намайг дахин битгий холбогдоорой гэж хэлсэн бөгөөд өнөөг хүртэл би түүнтэй ямар ч харилцаа холбоогүй байсан. Гэтэл олон нийтэд түгээсэн мэдээнээс Байгалмаа нь Монголоос Европ тив хүртэл ирэх 3-4 жилийн хугацаанд, үргэлжлэх тэмээн аялал зохион байгуулахаар, төлөвлөж буйг олж мэдсэн. Түүний эрүүл мэндийн байдал сайн, тэр ч байтугай Монгол улсаас гарч өөрт ногдох хариуцлагаас, үүнд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд өөрийн авсан зээлийн төлбөрөөс зайлсхийх зорилготой байгаа нь тодорхой болсон билээ. Байгалмаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээл болон хүүгээ төлөхийг удаа дараа сануулж байхад ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд заасны дагуу би гэрээнээс татгалзаж өөрт учирсан хохирлоо бүрэн гаргуулж өгөхийг хүсч энэ нэхэмжлэлээ гаргаж байна. Зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг Улаанбаатар хотод, Монгол улсын шүүхэд хандан шийдүүлэхээр тохиролцсон болно. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч миний бие шүүхэд хандан дараах шаардлага гаргаж байна. Миний бие гэрээнээс татгалзсан тул өөрт учирсан хохирлоо гаргуулах, Үүнд үндсэн зээл 57,500 евро, үүнд хамаарах хүү, хугацаа хэтрүүлсний торгууль алданги 25,803.85 евро, нийт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан тайлбартаа: Б нь Р С-гаас авсан мөнгөө байр авахад зарцуулсан тул үндсэн зээл, хүү болон торгууль, алданги нийт 237,396,812.60 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 49-р байр, 73А тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

            Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд зээлдүүлэгч ******* ХХК-нд зээлийн хүүд шилжүүлсэн 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчаас зээл, хүү, торгууль нийт 83,303.75 евро буюу 237,396,812 төгрөг нэхэмжилж байгаа ба үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 14-р хороо, ******* байраар хангуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь Н.Б-тай 2011 оны 5-6 сард анх танилцаж хамтран ажиллаж байсан. 2016 оны 9-р сард Эстони улсын жуулчдад зориулж аялал зохион байгуулсан ба уг аяллын үеэр Н.Б нь ганц бие ээж тул европд суурьших сонирхолтой байгаа талаар хэлж, нэхэмжлэгчтэй хайр сэтгэлийн харилцаатай болсон. Улмаар Н.Б Улаанбаатар хотод орон сууц авсан тул байрны мөнгөө төлж чадахгүй байна гэж хэлээд Р С-аас /Р С/ мөнгө зээлээч гэж гуйсан. Хэрвээ миний орон сууцны үнийг төлбөл чамтай хамт амьдрах боломжтой гэж хэлсэн. Иймээс нэхэмжлэгч 2016.03.03-ны өдөр 7,500 евро бэлнээр зээлсэн. Хариуцагч тал бэлэг байсан, мөнгөний хэмжээг ч мэдээгүй гэж тайлбарладаг боловч үнийн дүнг өөрөө 7,500 евро гэж зааж хэлдэг. Нэхэмжлэгч 7,500 еврогоос хүү тооцоогүй. Харин 2017.01.17-ны өдөр Б дахин мөнгө хэрэгтэй гэж хэлсэн тул Р С /Р С/ Расхоппер ХХК-иас жилийн 15%-ийн хүүтэй, 50,000 еврогийн зээл авч, зээл авсан өдөр буюу 2017.01.17-ны өдөр шууд *******гийн Голомт банкны 3105102198 тоот данс руу шилжүүлсэн. ******* энэ мөнгөөр байрны мөнгөө төлсөн талаар өөрөө болон түүний ээж Норжмаа тайлбарласан. Хэрэгт авагдсан банкны лавлагаа, дансны хуулгаар нотлогдсон. Нэхэмжлэгч 50,500 евро зээлүүлсэн тул гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг хэлэхэд Н.Б зөвшөөрсөн. Н.Б 2017.02-р сард Эстони улсад үзэсгэлэнд оролцохоор ирсэн. Улмаар талууд 2017.02.13-ны өдрийн MR01/110717 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг Эстони хэл дээр байгуулсан. Учир нь Н.Б маргааш нь Монгол улс руу буцах гэж байсан тул Эстони хэл дээр гэрээ байгуулсан. Н.Б Эстони хэл мэдэхгүй учир гэрээг англи хэл рүү орчуулах үүргийг нэхэмжлэгч өөртөө авсан. Анх Н.Б Эстони улсад очиход Р С /Р С/ Н.Б-ийн нэр дээр компани шилжүүлж өгсөн. Нотариат дээр Н.Б Эстони хэл мэдэхгүй тул гэрээг хэрхэн ойлгох талаар тодруулж асуухад Н.Б миний орчуулагчаар Р С /Р С/ ажиллана, 100% итгэж байна гэж хэлсэн. Ийм учраас Р С /Р С/ Эстони хэлнээс Англи хэл рүү орчуулга хийж компани худалдаж авч өгсөн. Иймээс Р С /Р С/ гэрээгээ Эстони хэл дээр бэлдэж англи хэл рүү орчуулсан ба 2 гэрчийн хамт байсан. Дээрх 2 гэрчээс Эстони улсын хууль зүйн яамаар дамжуулан гэрчийн мэдүүлэг авсан. Хоёр гэрчийн мэдүүлгээр хариуцагч зээлийн гэрээний нөхцөлийг бүрэн ойлгосон, гэрээ байгуулахдаа дарамт шахалтад ороогүй сайн дураар байгуулсан гэж мэдүүлсэн. Н.Б 2-р сарын хүүг төлье гэж хэлээд 2017.02.14-ний өдөр 1 сарын хүүнд 750 еврог нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. 2017.01.17-2017.02.17-ны өдөр хүртэл хэрэглэсэн мөнгийг тооцож 750 евро шилжүүлсэн байсан. Жилийн 15% хүүтэй, 1 жилийн хугацаатай, 50,000 евро ба 1 өдрийн 20.83 евро гэж тооцсон. Мөн 2017.04.04-ний өдөр Н.Б өөрийн Голомт банкны 3105102198 тоот данснаас Р С /Р С/-ийн данс руу 3, 4 дүгээр сарын зээлийн хүүнд 1,112 евро шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 3 удаагийн үйлдлээр зээлийн хүү төлсөн. Хэрвээ хариуцагч зээлийн гэрээний нөхцөлийг ойлгоогүй бол хүүг нарийн тооцож төлөх боломжгүй байсан. Нэхэмжлэгч Н.Б-д туслахаар өөрөө зээл авч, зээлийн хүүгээ төлж байсан. Гэтэл Н.Б 3 удаагийн хүүнээс өөр төлбөр төлөөгүй. Мөнгөө авсан учир мөнгө төлнө гэж итгэж байсан боловч Н.Б 3, 4 сарын хүүгээ төлөөд холбоогүй болсон. Гэтэл Н.Б би хүндээр өвдсөн, нөхөртэйгөө буцаж нийлсэн тул намайг орхи гэж мэдэгдэж 2017 оны 6 сараас эхлэн огт холбоогүй болсон. Н.Б хүндээр өвдсөн гэсэн боловч 2017 оны 6 сараас эхлэн тэмээтэй аялал зохион байгуулж байгаа талаар сонинд мэдээлсэн байсан. Иймээс нэхэмжлэгч удаа дараа мөнгөө шаардсан боловч мөнгө өгөөгүй. Зээлийн гэрээний талаар Н.Б-ийн нөхөр И.Н шүүхэд тайлбар гаргахдаа Н.Б бид 2 төлнө гэж хэлсэн. Н.Б-аас нийт 83,303.75 евро буюу 237,396,812 төгрөг нэхэмжилж байна. Нийт өгсөн зээл нь 50,500 евро ба жилийн 15% хүүтэй, 1 жилийн хүү 5,742.17 евро, 5,157 еврогийн алданги, гэрээний зөрчил 10,000 еврогийн торгууль, хугацаандаа мөнгөө төлөөгүй торгууль 4,904.58 евро, мөн бэлнээр 7,500 евро өгсөн ба үүн дээр хүү тооцоогүй, нийт 83,303.75 евро нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь Н.Б-д туслах зорилгоор 50,000 евро зээлсэн ба зээл авсан тэр өдрөө Н.Б-д 50,000 евро шилжүүлсэн. Хэрвээ Н.Б мөнгө өг гэж шаардаагүй бол Р С /Р С/ зээл авахгүй байсан. Эстони улсын Расхоппер ХХК-иас авсан зээлтэй адил нөхцөлөөр Н.Б-д зээл олгосон. Р С /Р С/ өнөөдрийг хүртэл уг зээлийг төлж байгаа. Гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэхэмжлэгч зээлийн хүүнд 7,974.68 евро, үндсэн зээлээс 15,000 евро нийт 22,974.63 евро төлсөн. Хэрвээ Н.Б мөнгө шаардаагүй бол нэхэмжлэгч зээл авахгүй байсан. Нэхэмжлэгч Н.Б-д мөнгө зээлснээс болж хохирсон нэхэмжлэгч хохиролдоо 7,974.68 еврог хариуцагчаас Иргэний хуулийн 227.3-т зааснаар шаардаж байна. Тухайн үеийн Монгол банкны ханшаар бодоход 23,627,701 төгрөг болж байна. Иймээс Н.Б-аас нийт 91,278.53 евро буюу 261,024,513.06 төгрөг гаргуулж өгнө үү. Уг зээл байр авахад зарцуулагдсан болохыг гэрч Н болон хариуцагч нар мэдүүлсэн тул Баянзүрх дүүрэг 14-р хороо ******* хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р С /Р С/ бол Н.Б-ийн хадам ээж Ц-ийн найз байсан. 2016 оны 8-9 сард Монгол Улсад аялал зохион байгуулахаар болж Н.Б-д хандсан. Энэ үед Н.Б нөхрөөсөө тусдаа амьдардаг байсан. Р С /Р С/ хамтарч аялал зохион байгуулах санал тавьж аялал зохион байгуулсан. Цаашлаад дотно харилцаатай болж хамтран амьдрах болсон. Нэхэмжлэгч 2016 оны 12-р сард нэхэмжлэгчээс 7,500 евро зээлсэн гэж тайлбарладаг боловч 7,500 евро зээлсэн асуудал байхгүй. Р С /Р С/ өөрийн данснаас 7,500 евро авсан юм уу эсвэл бэлэн 7,500 евро хилээр оруулж ирсэн юм уу. Энэ талаар тодорхойгүй баримт хэрэгт байдаггүй. Н.Б 7,500 еврог тоолж, зээлж аваагүй. 50,000 евро Н.Б-ийн дансаар орж ирсэн. Гэхдээ зээл өгсөн гэж хэлээгүй. Тухайн үед талууд хамтран амьдардаг байсан ба Н.Б-ийн авсан гэх байранд Раул Силласте /Р С/ Монгол Улсад ирэхдээ хамт амьдарч байсан. Иймээс 50,000 еврог зөвшөөрдөг. Харин хохирлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Р С /Р С/ Н.Б-тай анх хамт амьдарч байхдаа Далай ламын суурин төлөөлөгч тул байнга буяны ажил хийдэг учир *******д тусална гэж хэлдэг байсан. Иймээс зээл олгосон гэх асуудал байхгүй. 750 еврогийн хүү төлсөн биш, харин үндсэн зээлийн төлбөрт төлсөн. 2017.02.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулах болсон учир нь Н.Б 2017.01.13-ны өдөр 2 охиноо дагуулж Монгол Улсаас Эстони улс руу очсон. Учир нь нэхэмжлэгчтэй хамт амьдрахаар 2 хүүхдээ дагуулж очсон. Гэтэл нэхэмжлэгч хамт амьдарч байхдаа маш их дарамт үзүүлж, 2 хүүхдийг нь дарамталсан. Нэхэмжлэгч Эстони улсад тосгонд амьдардаг тул бусдаас тусламж гуйх боломжгүй байсан. Иймээс Н.Б 2017.02.09-ний өдөр үзэсгэлэн худалдаанд оролцохоор бэлдэж үзэсгэлэнд оролцож нэхэмжлэгчээс тусдаа байрласан. Гэтэл гэнэт нэхэмжлэгч 2 хүнтэй хамт Н.Б-ийн байсан буудалд ирж 50,000 еврог төлөх баримтад гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй бол Эстони улсаас явуулахгүй гэж хэлсэн тул гарын үсэг зурсан. Мөн тухайн өдөр нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар мөнгө төл гэсэн тул 2 гэрчтэй хамт АТМ орсон боловч Н.Б-ийн картанд ямар ч мөнгө байгаагүй учир Н.Б арга буюу нөхөр И.Н-той холбогдож тусламж хүсэж 750 евро авч нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн. Иймд 50,000 еврогоос 750 евро, 1,127 евро төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 48,123 еврог зөвшөөрч, бусад хэргийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

2017.02.13-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхнаасаа Н.Б Эстони хэл мэдэхгүй, англи хэлний бичгийн хэлний мэдлэггүй байсан. Нэхэмжлэгчтэй цаашид хамтран амьдрах боломжгүй байсан тул Н.Б Монгол улс руу явахыг хүссэн. Гэтэл нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зурахгүй бол Эстони улсаас явуулахгүй гэсэн тул гарын үсэг зурсан. Тухайн үед юун дээр гарын үсэг зурж байгаагаа Н.Б ойлгоогүй. Гэрээгээ орой нь И.Н руу явуулсан. Монгол улсад ирээд нэхэмжлэгч шүүхэд хандсан тул тус гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг 2 талын хүсэл зориг гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч Н.Б гэрээний зүйл заалтын талаар мэдээгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ гэрээг удаа дараа хүчирхийллийн үндсэн дээр, бусдын дарамтад байхдаа хийсэн гэсэн. Хүчирхийлэл үйлдсэн, зодсон бол хариуцагч тал ямар ч баримт гаргадаггүй. Харин манай тал энэ зүйлийг эсэргүүцэж хэд хэдэн нотлох баримт гаргасан байдаг. Эстони улс руу түр оршин суух хугацаа сунгуулах өргөдлийг 2017 оны 01 сарын 26-ны өдөр Н.Б гаргасан байдаг. Оршин суух зөвшөөрөл буюу визээ сунгуулахдаа цагдаагийн газарт ханддаг, өөрөө өргөдлөө англи хэл дээр бичсэн байдаг. Энэ хүн хүчирхийлэлд байсан бол 2017 оны 01 сарын 26-ны өдөр буюу гэрээ байгуулахаас хэдхэн хоногийн өмнө хүчирхийлэлд байсан бол цагдаад яагаад мэдэгдээгүй юм бэ. Н.Б-ийн амьдарч байсан зочид буудлын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Тус зочид буудлын аюулгүй байдлыг хариуцсан хүн буудлын өмнөөс “Н.Б 2 хүүхдийн хамт тус зочид буудалд байсан, энэ хугацаанд ямар нэгэн  зөрчил гаргасан, гэмт хэргийн зүйл байгаагүй гэсэн тодорхойлолт өгсөн. Хэрэв үнэхээр гэмт хэргийн шинжтэй зөрчил байсан бол буудлынхаа аюулгүй байдал хариуцсан ажилтантай мэдэгдээгүй юм бэ, яагаад цагдаад хандаагүй юм бэ. Хүүхдүүд нь хүчирхийлэлд байсан гэсэн. Н.Б-ийн хүүхдүүдийн явдаг байсан цэцэрлэгт хандсан. Хариуцагчийн Эстони улсад байх хугацаанд хүүхдүүд нь Энэтхэг улсын цэцэрлэгт явдаг байсан. хүүхдүүдэд ямар нэгэн хүчирхийлэл, барьцаалагдсан зүйл байгаагүй гэсэн нотолгоо гаргаад өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлээс зугтаах оролдлого гэж үзэж байна. Учир нь гавлуулсан зураг нотлох баримт гэж байгаа. Хэн хэзээ хаана гавлуулсан вэ, нүүр нь харагдахгүй зургийг интернетээс авсан ч байж болно. Үүнийг яагаад нотлох баримт гэж байгаа юм бэ, хоёр хүн гараа нийлүүлээд зургаа авсан. Энэ Н.Б гэдэг хүний болон Р С гэдэг хүний дүрс нь байна уу үүнийг яагаад нотлох баримт гэж байгааг ойлгохгүй байна. Хүүхдүүдээ аваад зугтаасан гэдэг нь ямар баримтаар нотлогдож байна вэ. Хүчирхийлүүлсэн гэж байгаа. Хүчирхийлүүлээд хүүхдүүдээ зодоод байдаг бол Р С гэдэг хүн  Монгол улсад байх хугацаанд яагаад монгол улсын цагдаагаар шалгуулаагүй юм бэ.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр ноцтой зүйл болсон бол зодсон, дарамталсан, хүчирхийлсэн бол яагаад  цагдаагийн байгууллагад хандаагүй юм вэ, энэ мөн нотолгоо болох байсан. Орчуулагчийн гэрээг асуугаад байгаа. Бид нар Глобал гэх орчуулгын байгууллагад хандаж Эстони улс руу орчуулга хийх үү гэхэд орчуулга хийдэг гэсэн. Орчуулгыг зөвшөөрөхгүй байгаа бол түүнийг нотлох хэрэгтэй. Зөвшөөрөөд өнөөдөр хурал хийгээд яваад байна. Зугтаасан хүний хүчирхийлэлд байсан гэж удаа дараа яриад байгаа. Дарамталсан гэсэн ганц ч баримт байхгүй. Үлгэр шиг юм яриад байна. Аливаа яриад байгаа зүйл болгон  нотолгоотой хариуцлагатай байх ёстой. Хүчирхийлсэн, дарамталсан, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэсэн асуудлыг ярих үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нар гэрч гэж хоёр хүний бичсэн зүйл байгаа. Тэр хүмүүс хатуу торгуультай гэрээ байсан байна гэж байгаа. Яг нарийн гэрээг харахаар өөр шүү дээ. Орчуулсан байдлаар хатуу торгуультай байна гэж ерөнхий байдлаар хэлсэн байна. Үүнд гэрчийн яриад байгаа болон гэрээний орчуулга буруу байна гэж яриад байна. Гэрээг харж байж ярих ёстой. Энэ гэрээ сайн дурын үндсэн дээр ямар нэгэн хүчирхийлэл байгаагүй гэсэн. Н.Б өөрөө гарын үсгээ зурсан. Хүүхдүүд нь болон өөрөө хүчирхийлэлд байгаагүй. Хариуцагч Эстони хэл дээр үйлдсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр Эстони хэл мэдэхгүй, мэдэхгүй хэл дээр хүчээр гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргадаг. Гэтэл Н.Б нэхэмжлэгч нар дотно харилцаатай байхад Байгалмаад туслах зорилгоор 2016 оны 11 сарын 07-ны өдөр Фикбьюлдинг ХХК хувьцааг 2800 еврогоор худалдан авч өгсөн, худалдах худалдан авах гэрээ байгуулахад нэхэмжлэгч  эстони хэлнээс англи хэл рүү орчуулж өгсөн. Ингэхэд хариуцагч Н.Б нотариатч Анреас Оттын өмнө Р С нь уг гэрээний орчуулагч мөн, энэ гэрээг эстониос  англи хэл рүү орчуулж өгөхөд түүнд бүрэн итгэж байна гэж хэлж гарын үсэг зурсан байдаг. Энэ худалдах худалдан авах гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Компани ч түүний нэр дээр хэвээр байгаа. Гэрээ байгуулахад нэхэмжлэгч эстони хэлнээс англи хэл рүү орчуулах орчуулагчаар хариуцагчийн зөвшөөрч баталсны дагуу ажилласан. Өөрөөр хэлбэл энэ үйлдлээр хариуцагч Б нь Р С эстони хэлнээс англи хэл рүү орчуулуулсан, энэ талаар ямар ч маргаан гаргаагүй, татгалзах зүйлгүй гэсэн ба учир нь өөрт нь ашигтай байсан. Нэгэнт урьд нь орчуулагчаар ажиллахад хариуцагч татгалзаагүй учраас 2 дахь гэрээг мөн л эстони хэл дээр үйлдэж англи хэл рүү орчуулсан. Хариуцагч өөрт байсан гэрээг аваад гэрчүүдийн хажууд уншсан. Энэ үед нэхэмжлэгч гэрээг нэгмөсөн уншиж өгсөн. Өөрт нь ашигтай гэрээний талаар огт маргахгүй атлаа зээлийн гэрээ болохоор хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар зүтгээд байгаа нь хариуцлагаас зугтах нэг арга гэж үзэж байна. Эстони хэл дээр гэрээг ойлгохгүй гэж байгаа юм бол гэрээнд байгаа тоонуудыг яагаад харахгүй өнгөрөв. Тоог л харахад энэ гэрээ мөнгөний тухай юм байна, мөнгөний хэмжээ энэ байна гэдгийг бичиг үсэг тайлагдаагүй хүн ч ойлгоно. Мөнгөтэй холбоотой гэдгийг ойлгосон. Гэрээг ойлгоогүй, хүчээр гарын үсэг зурсан гэж байгаа бол гэрээнд гарын үсэг зурсны дараа яагаад сайн дураараа 3 удаагийн үйлдлээр зээлийн хүү төлөөд байгаа юм бэ гэсэн асуулт гарч байна. Ойлгоод хүүгээ төлөөд байгаа бол хүч хэрэглэсэн тухай ганц ч баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р С /R S/ нь хариуцагч Н.Б, И.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөг, учирсан хохирол 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны 73А тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл,

 

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Р С /R S/-д холбогдуулан 2017 оны 02 сарын 13-ны өдрийн NR01/11.01.17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Р С /R S/ нь нэрээ өөрчилж Р С /R S/ болсон нь Эстони улсын хүн амын бүртгэлийн лавлагаа, Р С-ийн паспортыг баталгаажуулсан Эстони улсын нотариатчийн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэрээ өөрчилсөн тул итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмнөх нэрээр өгч байсан итгэмжлэлээ бататган итгэмжлэл олгосон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч И.Н-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.

           

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

           

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар 57,500 евро зээлж, орон сууц худалдан авсан, зээлээ эргүүлэн төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу хүү, алданги, хохирол гаргуулах үндэслэлтэй гэж,

хариуцагч Н.Б нь 50,000 евро авснаас 1877 евро төлсөн үлдэх 48,123 еврог төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч Раул Силласте /R S/ болон хариуцагч Н.Б нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 57,500 еврог зээлсэн тухай NR01/11.01.17 дугаартай зээлийн гэрээ нотлох баримтаар  авагдсан.

         

Уг гэрээнд нэхэмжлэгчээс 2016 оны 12 сарын 03-ны өдөр бэлнээр 7,500 евро, 2017 оны 01 сарын 17-ны өдөр банкаар шилжүүлсэн 50,000 еврог хариуцагч Н.Б-д өгсөн талаар дурдаж, зээлсэн 50,000 еврогийн хүүд жилд 15 хувьтай тэнцэх хүү төлөх, гэрээний хугацаа 2017 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байх, зээлдэгчийн нөхөр Н И нь 65,000 еврогийн батлан даагчийн гэрээ байгуулах, Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 49-73А гэсэн хаягтай орон сууцыг 65,000 еврогийн барьцаанд бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлэх талаар дурджээ.

 

            Нэхэмжлэгч нь 7500 еврод хүү, алданги тооцохгүй, 50,000 евро, түүний хүү, алдангид 25,803.85 евро, зээлийн гэрээний үүрэгт нийт 83,303.85 евро буюу 237,396.812.60 төгрөг, хохирол 7,964,68 евро буюу 23,627,701 төгрөг, нийт 261,024,513.60 төгрөгийг хариуцагч Н.Б-аас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Гэтэл дээр дурдсан зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 02 сарын 13-ны өдөр 57,500 еврогийн зээлийг бэлнээр олгоогүй, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр 7500 евро, 2017 оны 01 сарын 17-ны өдөр Н.Б-ийн Голомт банк дахь 3105102138 дансанд шилжүүлсэн 50,000 евро зээлдүүлснийг гэрээнд тусгаж Эстони хэл дээр бичигдсэн гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

 

Нэхэмжлэгч Р С нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Н.Б Улаанбаатар хотод надаас 7,500 евро бэлнээр зээлж авсан гэх ба хариуцагч Н.Б нэхэмжлэгч Р С гэрт цүнхтэй евро авчирч орон дээр асгаж уучлалт гуйсан, үүнээс нь 2500 еврог дансанд хий гэсний дагуу Энэтхэг явах аялалд хамтдаа зарцуулсан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 7500 евро бэлнээр өгсөн нь тогтоогдоогүй тул хариуцагч Н.Б-ийн авсан гэх 2500 евро түүний дансанд орсон тул энэ хэмжээгээр зээл авсан байна гэж үзлээ.

 

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Н.Б-ийн Голомт банк дахь 3105102138 дансанд 50,000 евро шилжүүлсэн болох нь Н.Б-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгч Р С, хариуцагч Н.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Р С нь зээлийн гэрээний харилцааг баталгаажуулах зорилгоор хүү, алданги, хохирол тооцох, барьцаа, баталгаа гаргах гэрээ байгуулах агуулга бүхий гэрээг Эстони хэл дээр үйлдэж хариуцагч Н.Б-аар гарын үсэг зуруулсан нь хүчин төгөлдөр эсэхд шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Р С /хуучин нэрээр Р С/ нь Эстони улсын иргэн, хариуцагч Н.Б Монгол улсын иргэн болох зохигчийн иргэний бичиг баримтын хуулбараар тогтоогдож байгаа ба иргэний харьяалал дээр талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Р С өөрийн эх хэл дээр гэрээний эхийг бэлтгэн 2 гэрчийн байлцуулан хариуцагч Н.Б-д англи хэл дээр орчуулж өгсний үндсэн дээр Н.Б хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, гэрээ байгуулахад хамт байлцсан гэх Эстони улсын иргэн К-А К /иргэний үнэмлэхний дугаар АА1109050/, Л М Л /хувийн регистрийн дугаар 49103090255/ нараас шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх журмаар гэрчийн мэдүүлэг авахад гэрчүүд Р С нь гэрээг Н.Б-д англи хэл дээр орчуулж өгсөн, ямар нэгэн дарамт шахалт байгаагүй талаар мэдүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх ба Монгол улсын иргэн Н.Б нь Эстони хэл мэдэхгүй тул түүний хүсэл зориг Эстони хэл дээр бичигдсэн гэрээнд тусгагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Эстони хэл дээрх гэрээг Англи хэл дээр орчуулж өгсөн гэх боловч гэрээний хувийг англи хэл дээр үйлдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т зааснаар гэрчээр нотлох эрхээ алдсан гэж үзнэ.

Мөн Зээлийн гэрээний барьцаа, батлан даалттай холбоотой хэсгүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчсөн тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус, мөн зээлийг батлан даах үүргийг И.Н хүлээсэн болох нь тогтоогдоогүй, уг гэрээг байгуулахад хариуцагч И.Н Эстони улсад байгаагүй, тэрээр уг гэрээнд 65,000 еврогийн зээлийн батлан даагчаар оролцоогүй тул Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т заасан баталгааны гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй байна.

 

Иймээс эдгээр үндэслэлээр зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хариуцагч Н.Б-д хүч хэрэглэж байгуулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан тул хариуцагч Н.Б-аас зээлийн хүү, алданги, торгууль гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохирол арилгуулахаар шаардаж, хилийн чанадад бүрдүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүрэг биелүүлээгүйгээс талууд гэрээнээс татгалзсантай холбоогүй тул нэхэмжлэгч энэ үндэслэлээр хохирол шаардах эрхгүй юм.

 

Хариуцагч Н.Б нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр 750 евро, 2017 оны 04 сарын 04-ний өдөр 1,112 евро, нийт 1,862 еврог нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байх тул зээл 52,500 еврогоос төлсөн 1,862 еврог хасаж 50,638 еврог нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шаардсан еврог шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн монгол банкны ханш 2,849.77 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 281.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасантай нийцэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Б-аас 50,638 евро буюу 144,306,653 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р С /R S/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116.717.860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч И.Н-д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, И.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орчуулгын үйлчилгээний хөлс 830,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан орчуулгын үйлчилгээний хөлс 400,000 төгрөгийг хариуцагч Н.Б-аас, 430,000 төгрөгийг нэхэмжлэгч Р С-аас гаргуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118, 73 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас 50638 /тавин мянга зургаан зуун гучин найм/ евро буюу 144,306,653.26 /нэг зуун дөчин дөрвөн сая гурван зуун зургаан мянга зургаан зуун тавин гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р С /R S/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116,717,860 /нэг зуун арван зургаан сая долоон зуун арван долоон мянга найман зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р С /R S/ болон хариуцагч Н.Б нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан NR01/11.01.17 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч И.Н-д холбогдох шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,935 төгрөг, 276,100 төгрөг, 70,200 төгрөг нийт 1,691,235 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 986,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 879,483 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р С /R S/-д олгож, нэхэмжлэгч Р С /Roy S/-ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 986,000 төгрөг гаргуулж хариуцагч Н.Б-д олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас орчуулгын үйлчилгээний хөлс 400,000 төгрөг, нэхэмжлэгч Р С /Roy S/-ээс орчуулгын үйлчилгээний хөлс 430,000 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дансанд олгосугай.

 

            6. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/19643 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ