Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

   2020            4              2                                         2020/ДШМ/394

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Өсөхнэмэх, шүүгдэгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Бд холбогдох 1908036471378 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржгон овгийн Д.Б, 1967 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, 31 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:РЮ67061210/;

Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 9-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 53 дугаар гудамжны 2 тоотод хамтран амьдарч байсан Б.Цэцэгмаагийн эрүүл мэндэд халдлаа гэх гэмт хэргийн шинжтэй дуудлагын дагуу очсон хууль сахиулагч Цагдаагийн ахлагч Ц.Өсөхнэмэхийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Д.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/  хоногийн хорих ялаар тооцож, 30 /гуч/  хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ц.Өсөхнэмэхэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Өсөхнэмэх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний биед хөнгөн хохирол учруулсан Д.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, буруугаа хүлээн надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ер нь надад гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилсан. Тухайн үед Д.Б нь согтуу байснаас ийм хэрэг хийсэн. Түүнээс бус эрүүл саруул байсан бол Д.Б хэрэг төвөг үйлдэхээргүй хүн билээ. Бас Д.Б нь нас ахисан хүн юм. Иймд би шүүхээс оногдуулсан хорих ял түүнд хүндэдлээ гэж үзэн өөр хөнгөн ялаар солих, эсвэл тэнсэж өгөхийг хүсч байгааг хүлээн авна уу. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч, гэм буруугаа 100 хувь хүлээж байна. Харин оногдуулсан хорих ялын оронд өөр хөнгөн ял оногдуулж болоогүй юм болов уу гэж бодож, гомдол бичиж байна. Зуугийн тал илүү насалсан хойноо төрийн албан хаагчид халдаж гэмтэл учруулсандаа туйлаас харамсаж байна. Ах, эгч, найз нөхөд, ах, дүү нараасаа ч урьд хожид мэддэггүй байсан зэмлэл хүртлээ. Анхны эхнэр маань нас барж, дараагийн ханилах бодолтой байсан хүнээ гомдоосондоо ч өөртөө гомдож байна. Би хохирогчид учруулсан хохирлоо нэхэмжилсний дагуу төлж барагдуулсан. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ. Цаашид ч хохирогчид боломжийн хэрээр тусалж байх болно. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хорих ялыг биечлэн эдлүүлхээргүй бол би ямар ч хариуцлага, арга хэмжээг хүлээхэд бэлэн байна. Та бүхний итгэл найдварыг би дахин хэзээ ч алдахгүй байх болно. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан баримтууд гарган өгч байна. Үүнд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тодорхойлолт, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц эмгэгийн төвийн магадлагаа, “Хөвсгөл центр” ХХК-ийн албан бичиг, Д.Бат-Эрдэнийн ах, дүүсийн гаргасан хүсэлт зэргийг хэрэгт хавсаргаж өгнө үү. Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлээ ухамсарлаж байгаа. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж давж заалдах гомдолд дурдсан асуудлыг хангаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан бөгөөд шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир прокурорын зүгээс шүүгдэгч, хохирогч нарын гомдолд дурдсан асуудалд хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт байгаа гэж үзэж байна. Хохирогч болох цагдаагийн албан хаагч нь өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэж явсан, ийм нөхцөл байдалтай байнга учирдаг гэх сэтгэхүйгээр энэ хэрэгт хандаж байна. Бид хууль сахиулагч нарын эрх ашгийг хамгаалах ёстой. Үүнийг ч олон нийтэд мэдээлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 9-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 53 дугаар гудамжны 2 тоотод хамтран амьдарч байсан Б.Цэцэгмаагийн эрүүл мэндэд халдлаа гэх гэмт хэргийн шинжтэй дуудлагын дагуу очсон хууль сахиулагч Цагдаагийн ахлагч Ц.Өсөхнэмэхийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, уг үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Өсөхнэмэхийн “...Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 53 дугаар гудамжны 2 тоотод салсан нөхөр амиа хорлоно гээд байна гэсэн дуудлагын дагуу хаягаар очиход анх дуудлага өгсөн Цэцэгмаа болон түүний эцэг Батбаяр, салсан нөхөр Бат-Эрдэнийн хамт хашааны гадна мухар гудамжинд гурвуулаа зогсож байсан. Би машинаасаа буугаад очих үед Бат-Эрдэнэ Цэцэгмаа руу татсан тамхины ишээ шидсэн. Би Бат-Эрдэнийн араас нь гарыг нь татаад “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд эргэж хараад баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. ...” /хх-8-11, 12-13/,

гэрч Б.Дашнямын “...Өсөхнэмэх машинаас түрүүлж буугаад Бат-Эрдэнийн араас нь очиход Бат-Эрдэнэ эргэж хараад баруун гараа атгаж байгаад Өсөхнэмэхийн зүүн нүд рүү нэг удаа цохихоор нь би Бат-Эрдэнийг барьж аваад бид хоёр хамжиж байгаад гарыг нь ард гавлаад машины арын суудал дээр суулгахад цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлэхгүй урдаас хэрэлдэж, хэл амаар доромжилж эсэргүүцэл үзүүлж байсан. ...” /хх-14-16/,

гэрч Б.Цэцэгмаагийн ”...Би цагдааг иртэл гадаа хүлээгээд байшингийн ард нуугдаад байхад цагдаагийн машин ирсэн. Бат-Эрдэнэ татаж байсан тамхины ишээ над руу шидэхэд цагдаа “та яаж байгаа юм бэ” хэлээд бариад авахад Бат-Эрдэнэ эргэж хараад цагдаагийн нүүр рүү цохисон. Цагдаа надаас миний нүүр рүү танай нөхөр цохичихлоо, хүйтэн жин тавих юм байна уу гэж надаас асуухад нь би гэртээ орж төмс гаргаж өгсөн. ...” /хх-17-19/,

Д.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр, би 7 дугаар сарын 9-ний өдөр найз Нэргүйтэй таараад хоёр шил 0.75 литрийн хоёр шил архи хувааж уусан. Гадаа харанхуй болсон байсан. Би Цэцэгмаагийн гэрт хэдэн цагт ирснээ санахгүй байна. Би Цэцэгмаатай хэрүүл маргаан хийж байсан. Би болсон үйл явдлын талаар санахгүй байна. Миний санаж байгаагаар цагдаа ирээд би цагдаагийн нүүр рүү нь нэг удаа цохиод авсан санагдаж байна. Би Цэцэгмаад гаргасан уурандаа цагдаагийн албан хаагчийг цохисон байх. Цагдаагийн албан хаагч надад гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. Би цагдаа Өсөхнэмэхийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх-38-41/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Өсөхнэмэхийн биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” 8540 дугаартай /хх-30,108/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн цагдаагийн албан хаагч Ц.Өсөрнэмэхийг албан үүргээ гүйцэтгэж байхад нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Ц.Өсөхнэмэхийн “...би шүүхээс оногдуулсан хорих ял түүнд хүндэдлээ гэж үзэн өөр хөнгөн ялаар солих, эсвэл тэнсэж өгөхийг хүсч байна. ...” гэх давж заалдах гомдлыг, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлын “...надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал болон бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/  хоногийн хорих ялаар тооцож, 30 /гуч/  хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/  хоногийн хорих ялаар тооцож, 30 /гуч/  хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлын хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах талаарх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ