Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 395

 

                  

 

 

 

     2020            4              2                                        2020/ДШМ/395                                 

Г.П, Н.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч, хохирогч Г.П, түүний өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Г.П, шүүгдэгч, хохирогч Н.Эийн өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Э, Г.П нарт холбогдох 1905023730654 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хиад Боржигин овгийн Г.П, 1974 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байрны 159 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧТ74073118/;

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 872 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Боржигон овгийн Н.Э, 1962 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 6 дугаар гудамжны 273 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧН62092179/;

Г.П нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 3а тоотод иргэн Н.Этэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Н.Э нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 3а тоотод иргэн Г.Птэй маргалдаж, гараараа толгой орчим нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Э, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Н.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Хиад Боржигин овгийн Г.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Пийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох тус тус ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э, Г.П нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Э, Г.П нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.П миний бие Н.Эийг нэг ч удаа цохиогүй байхад цохьсон гэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлээ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Ж.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...Н.Эрдэнбилэг, Г.П нарт холбогдох хэрэг нь анх 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээд 809 тоот шийтгэх тогтоолоор Г.Пийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, миний үйлчлүүлэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бол уг шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанд оролцсон прокурор эс зөвшөөрөн эсэргүүцэл бичсэний үндсэн дээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, 1176 тоот магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дахин шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 110 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э, Г.П нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Н.Э, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн байдлаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгааг анхаарч үзээгүй. Г.П нь Н.Эийн биед хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон Н.Эийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, адилхан ял шийтгэл оногдуулан, ялыг ялгамжтай оногдуулаагүй явдалд гомдолтой байна.

Н.Эийн өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон удаа дараагийн шүүх хуралдааны үеэр үнэн зөвөөр хүлээн мэдүүлсээр ирсэн. Харин Г.П нь өөрийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн гэрч Х.Янжинлхам мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдаан дээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдалд болон гэрч Ц.Энхсайхан, Э.Сансармаа нарын удаа дараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа байдалд ч шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялыг тус зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр тогтоон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Пийн өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.П нь Н.Эийн биед анхнаасаа хохирол учруулаагүй, цохиогүй гэдгээ мэдүүлсэн. Эхнэр Янжинлхам гэрчээр мэдүүлэхдээ ч цохиж зодсон асуудал байхгүй гэдгийг мэдүүлсэн. Н.Эийн биед түүний эхнэр Энхсайхан гэмтэл учруулсан.  Эхнэр нь нэг удаа цохисон гэж мэдүүлсэн. Энхсайхан нөхрөө зодож цохисон үйлдэлд дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул Г.Пийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэргийн материалаас үзэхэд, хохирогч Н.Э мэдүүлэхдээ “...тухайн үед Пүрэвсүх намайг гараараа угзрах үед би хойшоо унаж гэмтэл авсан. ...” гэдэг. Гэрч Энхсайхан мэдүүлэхдээ “...Эрдэнэбилэг, Пүрэвсүх хоёр хоорондоо зодолдоод байсан. ...” гэж тус тус мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгээс үзвэл Н.Эийн биед Пүрэвсүх нь гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Г.П нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 3а тоотод иргэн Н.Этэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Н.Э нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжны 3а тоотод иргэн Г.Птэй маргалдаж, гараараа толгой орчим нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Г.Пийн хохирогчоор өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 24-ний орой эхнэр Янжинлхамын хамтаар 1 дүгээр хороололд байрлах гэрээсээ гараад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бичлийн 27 дугаар байрны ард байрлах өөрийн эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүй буусан Эрдэнэбилэгийг “манай хашаанаас нүүгээч” гэж хэлэх гэж очсон. Ингээд очоод хэлэхэд “ингэж удаан танай гражийг түрээсэлж байхад нүүж чадахгүй” гэж хэлэн Эрдэнэбилэг намайг заамдаж авсан, би гарыг нь арагш нь түлхсэн. Эрдэнэбилэгийн эхнэр охин Сансармааг утсаар дуудсан. Удалгүй Сансармаа ирээд над руу дайраад “та яагаад ээж, аавыг минь дээрэлхээд байгаа юм бэ” гээд миний нүүр рүү гараараа цохисон. Энэ үед Эрдэнэбилэг босож ирээд орон дээр дараад нүүр рүү гараа зангидаж байгаад цохиж, маажсан, хөл рүү өшиглөөд байсан. ...” /хх-8-12, 110-111/,

Н.Эийн хохирогчоор өгсөн “...Би уурлаад Пүрэвсүхийн цамцны энгэрээс баруун гараараа заамдаад авсан чинь зөрүүлээд миний цамцны энгэрээс заамдаж намайг бооход би унахдаа хажууд байсан модон шкафыг баруун талаараа цохиж, баруун гараа тулаад зогссон. Энэ үед эхнэр “та нар боль” гээд бид хоёр салсан. ...Надад учирсан гэмтлийг Пүрэвсүх бид хоёр нэг нэгнийгээ заамдалцаж байхад учирсан. ...” /хх-13-17, 107-109/,

Г.Пийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх-34, 38-40/,

Н.Эийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх-33, 35-37/,

гэрч Х.Янжинлхамын “...Эрдэнэбилэг манай нөхрийг сууж байхад ирээд цамцнаас нь заамдаж авахаар нь манай нөхөр чи яагаад байгаа юм бэ гээд болиулсан. Тэгтэл Сайхнаа гар утсаа гаргаж ирээд охиноо хүрээд ир гэж дуудаад, удалгүй Сансараа гэж охин нь орж ирээд манай нөхрийг барьж авч зодох үед Эрдэнэбилэг бас манай нөхрийг зодсон. Тэр хоёр манай нөхрийн нүүр, хөл, гарт нь хөлөөрөө болон гараараа цохиж зодсон. Манай нөхөр ямар нэгэн зүйл барьж цохиогүй. ...Пүрэвсүхийг Эрдэнэбилэг зодсон. Хоолойг нь гараараа боосон, нүүр рүү нь гараараа цохьсон, хөл рүү нь цохьсон. ...” /хх-18-20, 117-118/,

гэрч Ц.Энхсайханы “...Пүрэвсүх Эрдэнэбилэгийн хэвтэж байсан орон дээр очоод “танайх нүү” гэж хэлээд заамдаад авсан. Ингээд тэр хоёр барилцаж аваад зодолдоод байсан. Тэр хоёр зууралдаад гадагш гараад явсан. ...” /хх-123-134/,

гэрч Э.Сансармаагийн “...Намайг орох үед аав, Пүрэвсүх хоёр хоорондоо заамдалцсан байсан. Би салгах гээд голоор нь орсон. Пүрэвсүх ах намайг заамдсан ба бид хоёр зууралдаад гэрээс гарсан. Гадаа гараад ямар нэгэн зүйл болоогүй. ... /хх-60-61, 125-126/,

гэрч Х.Амарсайханы “...Гадаа хүмүүс хэрэлдээд байна гэж хэлэх үед би гэрээс гараад хашаа даваад хартал Эрдэнэбилэг гэрээсээ гарч ирээд “намайг чи яах юм бэ” гэж хэлж байсан. Пүрэвсүхийн эхнэрийн ойролцоо Сайхнаа, Сансармаа хоёр Пүрэвсүхийг бариад зогсож байсан. Сансармаа намайг “цаашаа бай, чи илүү” гэж хэлж байсан. ...” /хх-119-120/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.Пийн биед тархи доргилт, хоёр хацар баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өндөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” 6466 дугаартай /хх-23, 25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Эийн биед цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” 6483 дугаартай /хх-24, 26/ гэх дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Э, Г.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Н.Э, Г.П нарын харилцаж зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Пийн үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч Н.Э, гэрч Х.Янжиндулам, Ц.Энхсайхан, Э.Сансармаа нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн баримтууд хавтас хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Пийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тус тус тохирсон байх тул шүүгдэгч Г.Пийн “...Н.Эийг нэг ч удаа цохиогүй байхад цохьсон гэж анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэсэн. ...” гэх, шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Ж.Баярсайханы “...ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү . ...” гэх тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Пийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тус тус торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Э, Г.П нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн тэдний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Г.П болон шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Г.П нарт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.П болон шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ