Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/01852

 

 

 

 

 

                        2020        05          22

    101/ШШ2020/01852

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Ямаат овогт Э.Д /рд:0/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр Орд хотхон, 0 дугаар байр, 0тоотод байрлах, “И К” ХХК /рд: 0/-д холбогдох

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч “И К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Д нь “И К” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 600.000 төгрөг, 700.000 төгрөг, 700.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг зээлдүүлэн шилжүүлэн өгсөн. Талууд хүү тогтоогоогүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Э.Д нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр  “И К” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9003 дугаар захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1886 дугаар бүхий шийдвэрээр хариуцагч “И К” ХХК-ийг эрэн сурвалжилсан. Шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага хариуцагчийг эрэн сурвалжилж Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25л-1-4/7855 дугаар албан бичгээр хаягийг нь тогтоосон тухайгаа мэдэгдсэн. Иймд хариуцагч “И К” ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2.000.000 төгрөгийг гаргуулж Э.Д-д олгож өгнө үү. Золжаргал зээл аваагүй хэрэв өөрөө зээл авч байсан бол компанийн данс руу шилжүүлүүлэх шаардлага байхгүй, мөнгө шилжүүлэх утга дээр зээл олгов гэсэн байгаа, гэрч М.З-ын мэдүүлгээр 2,000,000 төгрөг компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзнэ. Иймээс хариуцагч “И К” ХХК-иас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “И К” ХХК-ийн захирал Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Б. миний бие 2010 онд өөрийн үүсгэн байгуулсан “И К” ХХК-ийг 2017 оны 10 дугаар сараас гадаад худалдаа, импорт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагааг нь сэргээн ажиллаж байгаа.          “И К” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 495049580 тоот дансыг эзэмшдэг ба 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дансанд маань 26.758,25 төгрөг байсан ба 2.500.000 төгрөгийн орлого орж тэр өдөртөө 2.378.640 төгрөг данснаас гарч М.З өөрийн данс руу шилжүүлэн авсан байдаг. Б.Н би Э.Д гэх хүнийг огт танихгүй бөгөөд зээл авах хүсэлтийг аман болон бичгийн хэлбэрээр илэрхийлээгүй ба хамтран ажиллах болон өөр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. М.З нь 2017 оны 10 дугаар сараас миний бизнест хамтрах хүсэлтээ илэрхийлэн бид үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэрээр санхүү талын бүхий л асуудлуудыг хуулийн талаас нь, миний бие үйл ажиллагаа, хүний нөөц, гадаад харилцаа, борлуулалт, маркетинг, менежмент зэргээ хариуцахаар ажлаа хувиарласан байсан. М.Золжаргал нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тус “И К” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших болсон. Уг мөнгийг М.З өөрийн данс руу шилжүүлэн авсан тул 2.000.000 төгрөгийг “И К” ХХК хариуцахгүй. Иймд Э.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И к ХХК-ийн дансанд 2,000,000 төгрөг орсон өдрөө Золжаргал руу шилжсэн. Д-д И  ХХК 2,0 сая төгрөгийн зээл авах хүсэл зоригоо илэрхийлээгүй. Золжаргал нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хувийн зээлээ төлсөн, компанид хамаралгүй болох нь тогтоогддог. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч “И К” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “И К” ХХК нь 2.000.000 төгрөг компанийн дансанд орсон өдөр компанийн хувьцаа эзэмшигч М.З өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан, М.З-ын хувийн зээлийг төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй уулзаагүй, зээлсэн гэх мөнгийг хэн хэзээ төлөх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Э.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч “И К” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 495049580 тоот дансанд 600.000 төгрөг, 700.000 төгрөг, 700.000 төгрөгөөр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдсан, гэрч М.З-ын “Би 2017 оны 10-р сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар Нарантуяад өгсөн. Тэр зээлийг сар болгон төлөх төлөлтийг буцаагаад миний нэр дээрх цалингийн дансанд хийдэг байсан. 2018 оны 01-р сарын 26-ны төлөлтийг төлж чадахгүй болохоор намайг мөнгө олоод өгөөч гэсэн. Ингээд мөнгө хайгаад олохгүй байсан учир Даас асуусан. Ингээд Д-аас мөнгө авсан. Даас зээл аваад банкны зээлээ хаасан гэсэн үг. Одоо Д-аас авсан мөнгө Н өгөхгүй байгаа. ...Бид хоёр хоёулаа мөнгө хайж байгаад Д-аас зээлэх үү гэж ярилцаж байгаад зээлсэн. Тэр мөнгийг компани төлөх ёстой...” гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч “И К” ХХК-ийн захирал Б., нэхэмжлэгч Э.Д нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, харин “И К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.З нь нэхэмжлэгчтэй утсаар ярьж компанийн хэрэгцээнд зарцуулах мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч компанийн дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дансанд орсон мөнгийг тус компаниас хувьцаа эзэмшигч М.З-ын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцох тул  нэхэмжлэгч Э.Д, хариуцагч “И К” ХХК, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдтэй гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин хариуцагч “И К” ХХК нь өөрийн дансанд орсон 2,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигч М.З-д шилжүүлж, мөнгийг захиран зарцуулсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч “И К” ХХК, хувьцаа эзэмшигч М. нарын хоорондын тооцооны асуудал уг хэрэгт хамааралгүй болохыг дурдав.

Иймд хариуцагч “И К” ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Дад олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “И К” ХХК-иас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Д-ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И К” ХХК-иас 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Д-д олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ЦЭРЭНДУЛАМ