Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2020/01978

 

 

 

 

 

                                         2020         06          16 

     184/ШШ2020/01978

            

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Э-д холбогдох,

Хамтран өмчлөх дундын өмчөөс 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Н.З, хариуцагч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Этай 2001 онд танилцаж, 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Сүүлийн үед гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 184/ШШ2019/0...дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Гэр бүлээ цуцлуулах үед эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй ба дараа шийдэхээр тохиролцсон. Хамт амьдрах хугацаандаа бид чадлаараа зүтгэж олсон мөнгөөрөө машин авна хэмээн 18 сарын өмнөөс мөнгө цуглуулж, Н.Эгийн нэр дээр данс нээлгэн хуримтлал бий болгосон. Түүний хадгаламжийн дансанд 20.000.000 төгрөг цугларсан ба энэ мөнгө бол бид хоёрын гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгө юм. Гэтэл хариуцагч нь одоо болтол ногдох хувийг гаргаж өгөхгүй байна. Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хаан банкны 507520... тоот хадгаламжийн данснаас 20.000.000 төгрөгийн тал хувь болох 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2019 оны ...дүгээр сарын ...-ний өдрийн 184/ШШ2019/0... дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэр үед хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн. Байраа худалдаж мөнгийг нь хувааж авсан. С.Б нь 9.700.000 төгрөгийн үнэтэй машинаа авч, байрны мөнгөнөөс 14.000.000 төгрөгийг нэмж аваад, нийт 23.700.000 төгрөгийн хөрөнгө авсан. Би Хархорин Барс-2 зах дээр лангуу түрээсэлж бараа зардаг. Өдөр бүрийн орлогоос байрны зээл төлж, байрны урьдчилгаа мөнгө хийсэн. Байрны бүх зардлыг би төлж байсан. Хуримтлуулсан 20.000.000 төгрөгийг би өөрийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон. С.Б энэ хуримтлалыг бий болгоход оролцоогүй тул хуваах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө болох 20.000.000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 10.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч Н.Эд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Н.Э нь, хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг бий болгоход нэхэмжлэгч С.Б оролцоогүй, хуваарьт хөрөнгө гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нь 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарсан байх ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/0... дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. /хх 7 дугаар тал /

Хариуцагч Н.Э нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 507520... дугаарын дансанд 2017 оноос хойш хуримтлагдсан 20.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 592524... дугаартай хугацаатай хадгаламжийн данс руу шилүүлсэн, мөн өдөртөө 21.120.000 төгрөгийг 592524.. дугаартай данснаас 507520... дугаарын данс руу шилжүүлсэн, 507520... дугаартай данснаас 21.120.000 төгрөгийг 5019904... дугаартай хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн, 501990... дугаартай дансны үлдэгдэл болох 23.794.363 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өмнөх 507520... дугаартай данс руу буцаан шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-иас ирүүлсэн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.  / хх 132, 175 дугаар тал/  

Нэхэмжлэлд дурдсан 20.000.000 төгрөгийн мөнгөн хуримтлал нь гэрлэгчдийн гэрлэснээс хойш бий болсон мөнгөн хөрөнгө байх ба хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй.

Хариуцагчийн зүгээс, дээрх хуримтлал бий болоход нэхэмжлэгч С.Б оролцоогүй, өөрийн хуваарьт хөрөнгө гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэг хүлээдэг.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал зэрэг нь хамтран өмчлөх дундын өмчид тооцогддог ба мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хамтран өмчлөх эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар, гэрлэлт цуцалсны дараа хувааж болдог байна.

Дээрх хуримтлал нь гэрлэгчдийн аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого байх тул тэдгээрийн хамтран өмчлөх дундын өмч болох 20.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тэнцүү хувааж, 10.000.000 төгрөгийг хариуцагч Н.Эгаас гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Н.Эгаас 10.000.000 төгрөгийг гаргуулан С.Бт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эгаас 174.950 төгрөгийг гаргуулан С.Бт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.ХИШИГБААТАР