Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1149

 

З.О-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00711 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч З.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т, Н.С нарт холбогдох

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 4 517 561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч З.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Наран шоп” дэлгүүрийн автомашины зогсоолд Д.Т-ын жолоодож явсан “Тоёото кроун” маркийн 01-08 УНХ улсын дугаартай автомашинд мөргүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр миний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, зам тээврийн ослын улмаас надад учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүйн улмаас Тээврийн прокурорын 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн 1305 дугаарын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Миний бие Н.С-ийн өмчлөлийн Д.Т-ын жолоодож явсан машинд мөргүүлж, биедээ гэмтэл аван эрүүл мэндээрээ хохирч олон эмнэлгүүдээр явж эмчилгээ хийлгэж ихээхэн хэмжээний зардал, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирсон. Иймд Д.Т, Н.С нараас гэм хор учруулсаны хохиролд нийт 4.517.561 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т, Н.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Т-с  1.711.910.5 төгрөг, хариуцагч Н.С-аас  1.711.910.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.О-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.093.740 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.231 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Т-с  42.340 төгрөг, хариуцагч Н.С-аас  42.340 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.О-д  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчид хуулиар олгосон Шүүх хуралд биечлэн оролцох, Шүүх хуралд тайлбар өгөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч бөгөөд хариуцагч /Н.С гийн/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т миний бие тухайн өдрийн хуралдаанд оролцож чадахгүй, өвчтэй байгаа тухай эмчийн актыг шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх дээрх баримтыг авч үзээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсаар атал шүүх хурлыг хийсэнд гомдолтой. Шүүх уг хэргийн хариуцагчийг тодорхойлохдоо ИХШХШТХ-ийн 497 дугаар зүлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх заалтыг хэрэглэхдээ Д.Т, Н.С нарыг хариуцагчаар давхар тодорхойлсон нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна. Иймд шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч З.О  нь хариуцагч Д.Т, Н.С нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  4 517 561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хариуцагч Д.Т-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарлан өгч тэрээр энэ тухай баримтад 2018-01-12-ны өдөр гарын үсэг зурсан, нэхэмжлэгч З.О-ийн гаргасан нэхэмжлэлийн хувийг мөн 2018-01-12-ны өдөр гардуулж, 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн баримтад мөн гарын үсэг зуруулсан боловч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар ирүүлээгүй зохигч өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй,  мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Мөн шүүх хариуцагч Д.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж  нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцсэн байна.  

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэх учиртай.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Наран шоп” дэлгүүрийн арын замд  2017-05-18-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хариуцагч Д.Т нь “Тоёото кроун” маркийн 01-08 УНХ улсын дугаартай 01-08 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдэхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч З.О-ийг мөргөж, зам тээрийн осол гаргасан, З.О-д  тархины доргилт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 1305 дугаар тогтоол, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 299 тоот акт, Зам тээврийн хэрэг ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр  тогтоогдсон байна.

Хариуцагч Д.Т нь хариу тайлбар гаргаагүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй тул нэхэмжлэгчид учирсан эрүүл мэндийн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Түүнчлэн хариуцагч Д.Т-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч Н.С  болох нь хэрэгт авагдсан  тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд гэм хор учруулсан этгээд болох хариуцагч Д.Т-тайхамтран Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т заасан үндэслэлээр хариуцагч Н.С д хариуцлага хүлээлгэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч Н.С  нь Д.Т-д хариуцагчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон нь хуульд заасан шаардлага хангасан, хэрэгт авагдсан байна. /хх-ийн 72/

Гэм хор шууд учруулаагүй боловч тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т заасан хариуцлага ногдуулахад гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх шаардлагагүй болно.

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч З.О-ийн биед тархины доргилт, мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг шинжээч эмч тогтоож, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 299 дугаартай актыг үйлджээ.

Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын хэмжээг эмчилгээ, оношилгоо, эм, тарианд зарцуулсан мөнгө, гаргасан зардал, зэргээр тодорхойлж, холбогдох нотлох баримтыг хуульд заасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1., 505.2.-т заасан шаардлагад нийцсэн байх ба анхан шатны шүүх тэдгээрт үндэслэн нэхэмжлэгч З.О  дээрх ослын улмаас биедээ учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 3 423 821 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн З.О-ийн эмчлүүлэгчийн карт, уг картад бичигдсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ, хийлгэсэн, эм, тариа худалдан авсан хуульд заасан шаардлага хангасан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх-ийн 9-22, 24-32, 35-38/

Харин нотлох баримтын шаардлага хангахгүй, даатгалд төлсөн төлбөр гаргуулах боломжгүй, худалдан авсан зарим эм нь эмчийн бичилтэд хамаарахгүй гэх зэргээр дүгнэж  нэхэмжлэлийн шаардлагаас зарим  хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

 Анхан шатны шүүх хариуцагч Д.Т-ын гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу 2018-02-21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд тэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байх боловч 2018-02-28-ны өдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт бичгээр гаргаагүй тул  шүүхэд хүргүүлсэн эмнэлгийн магадлагааг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.