Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00671

 

 

 

 

 

 

                Ж.Н, Б.Бнарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01168 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1559 дүгээр магадлалтай,

Ж.Н, Б.Бнарын нэхэмжлэлтэй

Ш.Пд холбогдох

Гэм хорын хохирол 4,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ж.Н, Б.Бнар нь Ш.Пд холбогдуулан гэм хорын хохирол 4,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01168 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ш.Пгээс 4,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож, Ж.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Пгээс улсын тэмдэгтийн хураамжид 84,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1559 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 05 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхэцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. 2019.07.30-ны өдрийн 01 цаг 05 минут орчимд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхорын замд хариуцагч Ш.П нь “Ланд круйзер” маркийн 43-30 УБР улсын дугаартай, бусдын өмчлөлийн автомашиныг жолоодож явах үедээ Б.Бын өмчлөлийн Ж.Н жолоочтой “Харриер” маркийн 52-20 УНХ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан нь үнэн билээ. Гэвч осол гаргасан гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э болон Ж.Н нар нь Ш.Пг бүлэглэн зодож танхайрсан байдаг. Хариуцагчийн биед халдсанаас үүдэн тархи доргилт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, доод уруулын дотор салстад язрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйх, баруун хацар, баруун сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал үүсч хөнгөн гэмтэл учирч, 2 шүд нь булгарч унасан байдаг бөгөөд тус санаатай үйлдлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс /дуудлагаар очсон/-т цагдаа болоод Ш.Пгийн найз Энхамгалан, эхнэр Амаржаргал нар харсан байгаа юм. 2019.09.16-ны өдрийн шүүхийн шийдвэрт “хариуцагчийг өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилж болно...” гэж тусгасан байх бөгөөд талууд харилцан зөвшилцөж хэн аль нь өөрсдийн учирсан хохирлыг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон тул хариуцагч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлээгүй билээ. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.04.14-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би энэ хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан асуудал дээрээ эрүүгийн хариуцлагаа бүрэн хүлээсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь эрүүгийн хариуцлага хүлээснээс бус хохирлыг бүрэн барагдуулаагүй юм. Мөн 2020.07.10-ны өдрийн шүүх хурлын үед “...Ш.Пгийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг барагдуулаагүй байгаа, тэгж байгаад барагдуулна...” гэх тайлбарыг өгсөн нь хариуцагчийн эрүүл мэнд, гоо сайханд учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулаагүй, эрүүгийн хариуцлагаа бүрэн хүлээгээгүй гэдгийг нотолж байгаа болно. Анхан шатны шүүх хурлын үед хариуцагчийн биед халдсанаас үүдэн хөнгөн гэмтэл учирч, булгарч унасан шүд 1 гэж тогтоогдсон байсан ч Э.Э, Ж.Н нарт зодуулсан гэмтлээс үүдэн нэмж 3 шүд буюу нийт 4 шүд булгарсан бөгөөд гэмтлийн зэрэг нэмэгдэхээр байгаа юм. Түүнчлэн хариуцагч Ш.П нь хууль, эрх зүйн зохих мэдлэггүйн улмаас шүүх хуралдаанд өөрийн хөндөгдөж буй эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалж чадаагүй, тайлбар, татгалзал, нотлох баримтуудаа зохих ёсоор буюу хангалттай бүрдүүлж чадаагүй байхад зарлагдсан хамгийн эхний шүүх хуралдаанаар өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хариуцагчийн хувьд хохиролтой байдал үүсгэсэн бөгөөд тийм мэтгэлцэх зарчим алдагдсан байхад шүүх хуралдааныг хийж шийдвэрлэсэн нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. 2020.07.10-ны өдрийн №1559 дугаартай магадлалд “...2020.02.25-ны өдөр болон 2020.04.14-ний өдөр хариуцагчид эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгчээ...” гэх тайлбар нь өөрөө үндэслэлгүй юм. Учир нь тус өдрүүдэд хариуцагчийг шүүхээс дуудах үедээ “...шүүгчийн туслахаас гарын үсэг зурчих...хурлын өмнө тайлбарлаад өгчихнө...” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гарын үсэг зурсан гэдэг нь эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, ойлгосон гэх утгыг бүрэн илэрхийлэх боломжгүй юм. Мөн Ш.Пгийн зам тээврийн осол болоод Э.Э, Ж.Н нарын хариуцагчийг санаатайгаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь учруулсан хохирол хоёрын шалтгаант холбоог үл тоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8.3-т заасан үндэслэлийг удирдлага болгон харилцан үүрэг тооцохыг хориглож Ш.Пгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үл тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь өөрөө үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хурлын үед хариуцагчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг зохих байгууллагаар тооцон гаргуулж, хурлыг ганц удаа хойшлуулж өмгөөлөгчөөс зөвлөгөө авах эрхээр нь хангасан бол талууд эвлэрэх, эсхүл нэхэмжилж буй үнийн дүнд өөрчлөлт орох хангалттай боломжтой байсан. Хэрэв шаардлагатай хэмээн үзвэл /Мэтгэлцэх зарчим алдагдаж байхад/ шүүх хурлыг ганц удаа хойшлуулах эрх шүүгчид байдаг билээ. Мөн анхан шатны шүүх хурлын үед иргэдийн төлөөлөгч Давхарбаяр нь “...хэдийгээр хариуцагч зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчид хохирол учруулсан нь үнэн боловч нэхэмжлэгчид Ш.Пг бүлэглэн зодож түүний эрүүл мэнд, гоо сайханд хохирол учруулсан учраас хэргийг хамтад нь шийдвэрлэж хариуцагчийг хохиролгүй болгох талаас нь авч үзсэн нь шударга...” хэмээх тайлбарыг өгсөн байдаг. Тус асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх буюу хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргах, өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг шүүх хуралдааны өмнө тайлбарлаж ойлгуулж өгөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөө үзүүлэх этгээдүүд буюу гэрчээр оролцвол зохих этгээдүүдийг оролцуулаагүй нь мөн адил хариуцагчид хохиролтой байдал үүсгэсэн хэмээн үзэж байна. Шүүх хуралдааны үед хариуцагч нь хэт их сандарснаас, мөн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас эрх үүргийг тайлбарлан өгсөн ч бүрэн сайн ойлгоогүй гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Шүүхээс анхны шүүх хуралдаан дээр оролцогчийн аль нэг тал нөхцөл байдлыг ойлгохгүй байдал үүсч, мөн нэг тал эрх зүйн туслалцаа авах хангалттай авсан нөхцөл байдалтай байхад өмгөөлөгчтэй оролцох болон мэтгэлцэх зарчим хангах үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж хариуцагчид тайлбарлан ойлгох боломж олгох ёстой байсан гэж үзэж байна. Иймд мэтгэлцэх зарчмаар хангаагүй, мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэдэг үндэслэлээр магадлалыг ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” эсэх үндэслэлээр хянан хэлэлцээд, хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Ж.Н, Б.Бнар, хариуцагч Ш.Пд холбогдуулан гэм хорын хохиролд 4,340,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргахдаа “...осол гаргасны дараа нэхэмжлэгч нарын хүргэн Э.Э намайг зодож гэмтэл учруулсан бөгөөд цагдаагийн байгууллагад шалгуулж байхдаа хэн аль нь бие биенээсээ хохирол нэхэмжлэхгүй гээд эвлэрээд салсан, гэтэл эрүүгийн хэрэг шийдвэрлүүлсний дараа хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэх үндэслэлийг заажээ. /хх 1-2, 27/

7. Хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-12/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-13/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-14/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-15/, автомашины эвдрэл, гэмтлийг харуулсан фото зургийн хуулбар /хх-8/ зэрэг баримтын хүрээнд 2019.07.30-ны 01 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхорын замд Ш.П нь Тоёота Ландкрузер маркийн 4330 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7.а-д заасныг зөрчин Ж.Нгийн жолоодож явсан /Б.Бын өмчлөлийн/ Toyota harrier маркийн 5220 УНХ улсын дугаартай автомашиныг мөргөж, 4,340,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь тогтоогдсон, зохигч уг үйл баримтыг маргаагүй байна.

8. Хариуцагч Ш.П нь дээрх зөрчилд хариуцлага хүлээсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч талын хууль бус ажиллагаа, гэм буруугийн асуудал энэ хэргийн маргааны зүйл болоогүй байна. Харин гэм хорын хэмжээ, хохирол үндэслэлтэй эсэх асуудал маргааны зүйл болжээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан хохирлын хэмжээг дүгнэж, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

10. Шүүх хариуцагч Ш.Пд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагч өөрөө татгалзлаа нотолж, шүүхэд баримт гаргаж өгөөгүй, шүүхийг буруутгах үндэслэл байхгүй байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 2019/ШЦТ/1442 дугаар шийтгэх тогтоолоор Б.Э.Э нь Ш.Пг зодож гэмтэл учруулсан, ял шийтгүүлсэн нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралгүй болохоос гадна Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.8.3-т хүний эрүүл мэндийг хохироосон гэм хорыг арилгахтай холбоотой үүргийг бусад үүрэгтэй харилцан тооцохыг хориглосон байдаг тул хохирлыг харилцан тооцох ёстой байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01168 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1559 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ