| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 163/2019/0037/Э |
| Дугаар | 1 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 1
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Сүрэнхор
Хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбат
Шүүгдэгч Ч.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаяр
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Н-д холбогдох 1815001570091 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Ч.Н.
Ч.Н нь 2017 оны 08 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Баруун захцаг” гэх газарт буюу “Т” ХХК-ний эзэмшлийн, тусгай зөвшөөрөлтэй газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож 17129232 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор
1. Шүүгдэгч Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-д 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргах эрхтэйг дурьдаж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Н-д сануулж,
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н-с 17129232 /арван долоон сая нэг зуун хорин есөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Төсөлч” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ц.Х-д олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,
6. Шүүгдэгч Ч.Н-н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/99 дугаартай Хас банкны *********, ********* тоот, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/100 дугаартай Төрийн банкны *********** тоот данс, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/109 дугаартай Хаан банкны *********** тоот данснуудын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон прокурорын зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож,
7. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж,
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбат давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Т” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хууль бусаар алт олборлож уг комданид их хэмжээний хохирол учруулсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ч.Н нь 120м өргөн, 200м урт, 20м гүнтэй нийт 16000 м2 талбай ухаж ашиглалт явуулсан бөгөөд уг үйлдлийн улмаас байгаль орчинд 204 сая гаруй төгрөгний хохирол учруулсан нь шинжээчийн анхны дүгнэлтээр тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулан хохиролын хэмжээг бодитойгоор тогтоохоор даалгасан боловч анхан шатны шүүхийн шүүгч үүнийг биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шинжээчид тавьсан асуултад бүрэн хариулт өгөөгүй, шинжээчийн мэдлэг дутсан, эсвэл хамааралгүй бол энэ талаар дүгнэлтэндээ тусгаагүй /шүүх хурал дээр хамааралгүй гэснээ мэдүүлсэн/, мөн 3 удаагийн шинжилгээг бүгдийг нь нэг шинжээчээр хийлгэсэн нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл болж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг зөрчжээ. “Т” ХХК-нд учирсан ашигт малтмалын нөөцийн хохиролыг бүрэн тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалтанд заасан нотлогдвол зохих байдлыг тогтоогоогүй үйлдэл болно. Шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгаагүй буюу нөхөн сэргээлт хийгээгүй, “Т” ХХК-нд учруулсан хохиролоо төлөөгүй, шүүгдэгчийн талаар хөнгөрүүлэн үзэх ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс торгох ял оноосон нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмж шалгуулахаар прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Н-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 08 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Баруун захцаг” гэх газарт буюу “Т” ХХК-ний эзэмшлийн, тусгай зөвшөөрөлтэй газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож 17.129.232 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 12-15 дугаар хуудас/, “Монслов” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хавсралт /2хх-ийн 153-161 дүгээр хуудас/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Ч.Н-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Мөн Шүүгдэгч Ч.Н-н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5/99 дугаартай Хас банкны *********, ********* тоот, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/100 дугаартай Төрийн банкны *********** тоот данс, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/109 дугаартай Хаан банкны *********** тоот данснуудын гүйлгээнд хязгаарлалт тогтоосон прокурорын зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбат нь “...“Т” ХХК-нд учирсан ашигт малтмалын нөөцийн хохиролыг бүрэн тогтоогоогүй. Шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгаагүй буюу нөхөн сэргээлт хийгээгүй, “Т” ХХК-нд учруулсан хохиролоо төлөөгүй, шүүгдэгчийн талаар хөнгөрүүлэн үзэх ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс торгох ял оноосон нь ял хөнгөдсөн гэж үзэж байна...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт хохирлын хэмжээ 204.329.232,5 төгрөг болох нь нотлогдоогүй, “Монслов” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 17.129.232 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй түүнчлэн “Монслов” ХХК-ний эрх бүхий нэг шинжээч дүгнэлтийг гаргаагүй байх бөгөөд “Монслов” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Н нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан нь хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзэв.
Харин хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож “Т” ХХК-нд хохирол учруулсан байтал хууль ёсны төлөөлөгч Ц.Х-д хохирол 17.129.232 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын Ц.Х-д олгож гэснийг “Т” ХХК-нд гэж зөвтгөн өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг 5 дахь хэсгийн
”Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н-с 17129232 /арван долоон сая нэг зуун хорин есөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Т” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ц.Х-д олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н-с 17129232 /арван долоон сая нэг зуун хорин есөн мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Т” ХХК-нд олгож, “Т” ХХК нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогчийн өмгөөлөгч Р.Түвшинбатын давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Н-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД З.ХОСБАЯР
Ё.БЯМБАЦЭРЭН