Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 278

 

Л.Х, О.И, Н.Б,

Б.Э, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар магадлалтай, 201710000148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Х-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Л-ийн Х нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Б-ын Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 150,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

Дорноговь аймгийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1, 1231 дугаар зүйлийн 4-д зааснаар 9 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Я овогт О-ны И нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизм, сантехникч мэргэжилтэй, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх прокуророос Л.Х-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 7 удаагийн хулгайн үйлдлээс  хохирогч Ц.Г-ийн 9 тооны адуу хулгайлсан, Т.А-ын 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдлийг, шүүгдэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч хохирогч Т.А-ын 23 тооны адуунаас 6 тооны адуу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

прокуророос шүүгдэгч Л.Х-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Э-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Л.Х, Б.Э нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Л.Х-ийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан, шүүгдэгч Б.Б-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б, О.И, Н.Б нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Л.Х-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял,

шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Б-г 5 жил хорих ял, шүүгдэгч О.И-, Н.Б- нарыг тус бүр 2 жил хорих ял,

шүүгдэгч Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 жил хорих ял тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-ийн хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн элдэх ялыг 8 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-гийн хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг  7 жил хорих ялаар тус тус тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х, Б.Б нарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Э, О.И, Н.Б нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.И, Н.Б нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “...шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял” гэснийг “шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар” гэж,

4 дүгээр заалтын “...шүүгдэгч Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 жил хорих ял” гэснийг “шүүгдэгч Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял” гэж,

5 дугаар заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 7 жил хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт эдлэх ялыг 7 жил хорих ял” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил хорих ял” гэж тус тус өөрчилж,

5 дугаар заалтад "2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч Б.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил хорих ялаар” гэж,

“2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар шүүгдэгч Н.Б-ийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 19 хоногийн хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 5 сар 19 хоног хорих ялаар тогтоосугай” гэж тус тус нэмж,

6 дугаар заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 8 жил хорих ял, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад...” гэснийг “ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэж,

6 дугаар заалтын “...шүүгдэгч О.И, Н.Б нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг“ гэснийг  “шүүгдэгч О.И-д оногдуулсан 2 жил хорих ялыг, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг “ гэж,

11 дүгээр заалтын “...шүүгдэгч Б.Б-гаас 2,540,000 төгрөг” гэснийг “... шүүгдэгч Б.Б-гаас 2,790,000 төгрөг” гэж тус тус өөрчилж,

4 дүгээр заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Б-г 5 жил хорих ял, шүүгдэгч О.И, Н.Б нарыг тус бүр 2 жил хорих ял” гэснээс “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг хасч, 8 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Л.Х, Б.Э, Б.Б нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Х гаргасан гомдолдоо “Миний бие хэдийгээр 17 тооны адууг Б.Б-тай хамт туусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх адуу Т.А-х болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байхад Б.Б манайд ирж хөдөө яваад ирье гэж гуйсны дагуу явж байтал “Цагаан хаалга”-ны баруун талд хэсэг адуу байсныг хараад “энэ манай адуу, энд усгүй болсон тул эдгээр адууг ахынд аваачиж услая” гэж хэлээд туугаад “Хаалгын булаг” гэх газарт амьдардаг түүний ах Ядамсүрэнгийн гэрт очсон. Тэгээд би гэртээ буцсан юм. Үүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Б-гийн гуйлтын дагуу түүний ах Ядамсүрэнгийн гэрт очиж нэг адуу гаргасан бөгөөд уг адууг хулгайлсан болохыг мэдээгүй. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “эдгээр адуу Л.Х-д хамаагүй” гэж мэдүүлсэн. Мөн хохирогч Т.Алтанбат нь хохирогчоор хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө “адуу хулгайлагдсан цаг хугацаа, газар, адууны тоо, тамга, зүс зэргийг зөрүүтэй мэдүүлснийг шүүх анхаараагүй. Хохирогч Т.А цагдаагийн байгууллагад 23 тооны адуу хулгайд алдлаа хэмээн гомдол гаргасан боловч 6 тооны адуу нь олдсон, харин үлдэх 17 тооны адууны талаар нотлох баримт байхгүй болно. Намайг ямар ч нотлох баримтгүйгээр адуу хулгайлсан гэж буруутгаснаас гадна надад холбогдох хэргийг зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Энхтүвшин өмгөөлөгчид мөнгө өгөх шаардлагатай гэхээр нь М-ны 40 тооны адуунаас 2 тооны адууг авч бусдад 700,000 төгрөгөөр зарж борлуулж, мөнгийг Энхтүвшинтэй хамт хувааж авсан. Гэтэл М нь 10 тооны адуу хулгайд алдсан гэж нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Мөн хохирогч Т.А-ын 23 тооны адууны үнэлгээнээс олдсон 6 тооны адууны үнийг хасалгүй гаргуулсан. Мөн Могнооны илүү нэхэмжилсэн 8 тооны адууны мөнгийг хохирлоос хасах нь зүйтэй. Үүнээс гадна хохирогч Б.Г-ийн 9 тооны адуу хулгайлагдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон атлаа уг адууны үнэлгээ болох 6,850,000 төгрөгийг хохирлоос хасалгүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Л.Х, О.И, Н.Б, Б.Э, Б.Б, Л.Ц, Г.Т нарт холбогдох хэргээс Л.Ц, Г.Т нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-гийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт 7 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Х-ийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Х, О.И, Н.Б, Б.Э, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Х, Б.Э нар 2016 оны 10 дугаар сарын 24-нээс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Мустанг”, “Даюун” загварын мотоцикль ашиглаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Могнооны 9 тооны адуу, М.Энхбаярын 1 тооны адуу, мөн аймгийн  Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс С.О-ын 2 тооны адуу, Н.С-ын 2 тооны адуу, Сайхандулаан сумын Цохио гэх газраас М.М-ын 5 тооны адууг хулгайлж нийт 33,750,000  төгрөгийн,

шүүгдэгч Л.Х нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-21 тоотод оршин суух иргэн У.П-ын орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4,477,000 төгрөгийн,

шүүгдэгч Л.Х, Б.Б нар 2017 оны 03 дугаар сард урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж “Портер” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, Дорноговь аймгийн Өргөн сумын “Цагаан хад” гэх газраас  иргэн Т.А-ын 17 тооны адуу хулгайлж, 14,250,000 төгрөгийн, 

шүүгдэгч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд “Даюун” загварын улаан өнгийн мотоцикль ашиглаж Дорноговь аймгийн Сайншанд сумаас баруун урагш “Улаанширээ” гэх газраас иргэн А.Д-ын 1 тооны үхэр, М.Э-ын 2 тооны үхэр хулгайлж нийт 1,90,000 төгрөгийн, 

 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж 664,400 төгрөгийн,

шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц нар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Даюун” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг ашиглаж, мөн аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Г-ийн 9 тооны адууг хулгайлж 6,850,000 төгрөгийн,

шүүгдэгч Б.Б, О.И, Н.Б, Л.Ц, Г.Т нар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Даюун”, “Супер бэнни” загварын мотоцикль ашиглаж Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.О-ын 1 тооны үхэр,  мөн аймгийн Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас иргэн Н.Ш-ын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж нийт 1,620,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Х, О.И, Н.Б, Б.Э, Б.Б гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Л.Х-ийг бусадтай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан, хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан, Б.Э-г бусадтай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Б.Б-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, давтан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, О.И, Н.Б нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Б.Э, Б.Б, Н.Б нарт оногдуулсан хорих ялд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч Л.Х-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан “Хохирогч Б.Г-ийн 9 тооны адуу хулгайлагдсан үйлдэлд намайг оролцоогүй болохыг тогтоож, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон атлаа хохирлоос хасч тооцоогүй, хохирогч Т.А-ын хулгайлагдсан 23 тооны адуунаас олдсон 6 адууны үнийг хохирлоос хасаагүй” тухай гомдлыг хянаж үзвэл:

хохирогч Б.Ганбүргэдийн 9 тооны адууг шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц нар урьдчилсан үгсэн тохиролцон бүлэглэж хулгайлсан нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүхээс дээрх гэм буруутай 3 шүүгдэгчээс хохирлыг гаргуулахдаа энэхүү хэрэгт оролцоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Л.Х-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд хохирол төлбөр гаргуулаагүй байна.

Мөн хохирогч Т.А-ын хулгайлагдсан 23 тооны адуунаас олдсон 6 тооны адууны үнийг хасч, үлдэх 17 тооны адууг хулгайлсан шүүгдэгч Б.Б, Л.Х нарын оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хэлбэрийг зөв тогтоож, уг 17 тооны адууны үнэ 14,250,000 төгрөгийг дээрх нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч Л.Х-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Х-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН