Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ДШМ/379

 

 

 

 

 2020           3            31                                    2020/ДШМ/379

                                                       

Г.М, Ц.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч Ц.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзул,

өсвөр насны шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.М, Ц.Т нарт холбогдох 1811025590881 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. З овгийн Гын М, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит задгай тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

2. О овгийн Цын Т, 2002 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 7, эх, эхнэр, хүүхэд, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 36-471 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой 20-21 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээд салхитын 34-465а тоотод оршин суух хохирогч Ц.Оийн эзэмшлийн монгол гэрийн ханын шийрийг хугалан хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Elko” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 470.000 төгрөгийн,

шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээд салхитын 36-478 тоотод байх хохирогч Н.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хатавчны бүслүүрийг тасалж, хууль бусаар нэвтэрч, 5 лангийн орцтой мөнгөн цөгц 1 ширхэг, 5 лангийн орцтой дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 2.650.000 төгрөгийн,

шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 21-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбулаг” зуслангийн задгай тоотод байх хохирогч Э.Гэрэлмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч, 52 инчийн “Sony” загварын зурагт 1 ширхэг, “Philips” загварын видео /DVD/ тоглуулагч 1 ширхэг, “Rotenzo” загварын шарах шүүгээ 1 ширхэг, чемодан 1 ширхэг, “Үлгэрийн далай” нэртэй судар 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 2.647.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шадивлан” зуслангийн задгай тоотод байх хохирогч Д.Мөнхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, бөөгийн зан үйлд хэрэглэдэг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн суварга 1 ширхэг, дунд зэргийн хэмжээтэй шүрэн толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг, мөн тоотод байх монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, гуулин тоногтой, иж бүрэн модон эмээл зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 2.200.000 төгрөгийн,

өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-421 тоотод оршин суух хохирогч Д.Даариймаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч “Toshiba” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, процессор 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 138.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Гын М, өсвөр насны шүүгдэгч О овогт Цын Т нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Мыг 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Тыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Тд шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, тус ялыг нээлттэй сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Г.М, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогч нараас уучлал хүсэж байна. Би 5 удаа хэрэг үйлдэхдээ бага насны хүүхэд байсан тул бусдыг даган дуурайж хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хоригдож байх хугацаандаа хорих ангийн албан тушаалтнууд болон сэтгэл зүйчээс заавар, зөвлөгөө, тусламж авч байсан. Миний бие ээж, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг бөгөөд амьдралд минь ээж, эгч, эхнэр, хүүхэд минь юугаар ч орлуулшгүй үнэтэй гэдгийг ойлгосон. Мөн сурах хүсэлтэй байгаа тул дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн надад ганцхан боломж олгож, миний ирээдүйг харж үзэн 1 жилийн хорих ялыг өөр шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тын хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны шүүгдэгч Ц.Тд оногдуулсан хорих ялыг өөр шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Тын 5 удаагийн үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг агуулсан үргэлжилсэн гэмт хэрэг юм. Ц.Түвшинжарал нь гэмт хэрэг үйлдэхдээ 14-15 настай байсан бөгөөд хэргийн учир холбогдол, хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарлах чадваргүй байсан. Тухайн үед ганцаараа явж байгаад ийм хэрэгт холбогдсон бөгөөд одоо 17 нас 6 сартай буюу 18 насанд хүрээгүй. Түүний хүүхэд нь 1 нас хүрч байгаа бөгөөд ээжтэйгээ нэг хашаанд хамт амьдардаг, ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Мөн бусдад төлөх төлбөргүй, цаашид хэрэг үйлдэхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлж байсан. Шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Өсвөр насны шүүгдэгч Тыг заавал хорихгүйгээр, нэг удаа итгэл үзүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Ингэснээр түүний эрх зүйн байдал нь дээрдэж, өсвөр насны шүүгдэгч үйлдсэн хэргээ ухаарч, дахин гэмт хэрэг хийхгүй байх итгэлтэй болох юм. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь бусадтай бүлэглэн, таван удаагийн үйлдлээр бусдад 8.105.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хэдийгээр хохирогч нар хохиролтой холбоотой төлбөр тооцоо байхгүй гэж байгаа боловч шүүгдэгчийн зүгээс хохирогч нарын гомдлыг барагдуулсан зүйл байдаггүй. Шүүхээс Ц.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой 20-21 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээд салхитын 34-465а тоотод оршин суух хохирогч Ц.Оийн эзэмшлийн монгол гэрийн ханын шийрийг хугалан хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Elko” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 470.000 төгрөгийн,

шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дээд салхитын 36-478 тоотод байх хохирогч Н.Алтантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хатавчны бүслүүрийг тасалж, хууль бусаар нэвтэрч, 5 лангийн орцтой мөнгөн цөгц 1 ширхэг, 5 лангийн орцтой дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 2.650.000 төгрөгийн,

шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 21-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбулаг” зуслангийн задгай тоотод байх хохирогч Э.Гэрэлмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч 52 инчийн “Sony” загварын зурагт 1 ширхэг, “Philips” загварын видео /DVD/ тоглуулагч 1 ширхэг, “Rotenzo” загварын шарах шүүгээ 1 ширхэг, чемодан 1 ширхэг, “Үлгэрийн далай” нэртэй судар 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 2.647.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шадивлан” зуслангийн задгай тоотод байх хохирогч Д.Мөнхтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, бөөгийн зан үйлд хэрэглэдэг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн суварга 1 ширхэг, дунд зэргийн хэмжээтэй, шүрэн толгойтой, халтар манан хөөрөг 1 ширхэг, мөн тоотод байх монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, гуулин тоногтой, иж бүрэн модон эмээл зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 2.200.000 төгрөгийн,

өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-421 тоотод оршин суух хохирогч Д.Даариймаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхыг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч “Toshiba” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, процессор 1 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 138.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Оийн “...Гэрийн ханын шийр хугалж хулгай орсон байсан. ... “Elko” загварын 32 инчийн зурагт алдагдсан. ...” /1хх 28-30/,

гэрч Э.Эрдэнэсүрэнгийн “...Т нь найз гэх М гэдэг хүүхэдтэй ... жижиг зурагт тэвэрсэн орж ирсэн. ...Мын зурагт гэж надад хэлсэн. ...” /1хх 33-34/,

хохирогч Н.Алтантуяагийн “...Монгол гэрийн ханыг эвдэн мөнгөн цөгц, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /1хх 148-151/,

гэрч Н.Хатанбаатарын “...Гэрт ороход ...хоёр авдарны хаалга, ...шкаф онгорхой байсан. Гэрийн хатавчны бүслүүрийг таслаад орсон байсан. ...” /1хх 152/,       

хохирогч Э.Гэрэлмаагийн “...Манай зуслангийн байшингийн мансартын тагтаар хулгай орсон байсан. ...Эд зүйлсээ шалгахад 52 инчийн “Sony” загварын зурагт, DVD тоглуулагч, шарах шүүгээ, “Үлгэрийн далай”, “Гэсэр” гэж нэртэй 2 ширхэг судар, чемодан, орны бүтээлэг зэрэг алдагдсан. ...” /2хх 36-37/,

хохирогч Д.Мөнхтуяагийн “...Манай зуслангийн байшинд хулгай орж, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, гуулин тоногтой модон эмээл, гуулин хазаар, ногт, дөрөө, бөөгийн мөнгөн толь, мөнгөн суварган орой, шүрэн толгойтой халтар манан, дунд зэргийн хэмжээтэй хөөрөг зэрэг эд зүйлс, ... бас виски 1 ширхэг алдагдсан. ...” /1хх 206-207/,

гэрч П.Мөнхтогтохын “...Эгч Д.Мөнхтуяагийн байшингаас 10 ширхэг мөнгөн аяга, мөнгөн толь, мөнгөн суварган орой, шүрэн толгойтой халтар манан хөөрөг, иж бүрэн эмээл зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /1хх 209-210/,

хохирогч Д.Даариймаагийн: “...Манай байшингийн цонхоор хулгай орж, гэрээс компьютерийн процессор, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайд алдсан. ...” /2хх 94-95/,

Ц.Тын яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байх байшингийн цонхыг түлхэн орж, ...10 ширхэг мөнгөн аяга, бөөгийн толь, мөнгөн суварга, халтар манан хөөрөг, мөн хажуу талын гэрээс нь нэг ширхэг тоногтой эмээл хулгайлсан, ...2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүрэгт байх байшингийн цонхыг түлхэн орж эд зүйл хулгайлсан, ...2018 оны 9 дүгээр сард найз Мтай хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитад байх монгол гэрийн ханыг эвдэн орж, 32 инчийн нэрийг нь мэдэхгүй зурагт хулгайлсан, 2018 оны 4 дүгээр сард найз Мтай хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитад байх айлын монгол гэрийн хатавчаар нь орж, 5 ширхэг мөнгөн аяга хулгайлсан, 2017 оны 10 дугаар сард найз Мын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зусланд байх байшингийн цонхыг түлхэн орж 52 инчийн зурагт, видео тоглуулагч, судар, шарах шүүгээ, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлсан. ...” /2хх 139/,

Г.Мын яллагдагчаар өгсөн “..2018 оны 9 дүгээр сард Ттай хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитад байх монгол гэрийн ханыг эвдэн орж, 32 инчийн нэрийг нь мэдэхгүй зурагт хулгайлсан, 2018 оны 4 дүгээр сард Ттай хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитад байх айлын монгол гэрийн хатавчаар нь орж, 5 ширхэг мөнгөн аяга хулгайлсан, 2017 оны 10 дугаар сард Ттай хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зусланд байх байшингийн цонхыг түлхэн орж, 52 инчийн зурагт, видео тоглуулагч, судар, шарах шүүгээ, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлсан. ...” /2хх 140/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-21, 133-136, 189-196, 2хх 27-32, 82-87/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 41-42, 216-217, 2хх 106-109/, эд зүйлийн үнэлгээ /1хх 44, 160, 218, 2хх 49/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Ц.Т нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Мын өсвөр насны шүүгдэгч Ц.Ттай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас нийт 5.767.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

өсвөр насны шүүгдэгч Ц.Тын шүүгдэгч Г.Мтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр болон ганцаараа 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас нийт 8.105.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байдалд дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тын “...Миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч нараас уучлал хүсэж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Би 5 удаа хэрэг үйлдэхдээ бага насны хүүхэд байсан тул бусдыг даган дуурайж хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Надад ганцхан боломж олгож, 1 жилийн хорих ялыг өөр шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч Ю.Тогмидын “...Шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан тул Ц.Тыг заавал хорихгүйгээр, нэг удаа итгэл үзүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байна.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ц.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгасан нь хуульд нийцжээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ