Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 7

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,   

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Д.Энхбаяр

         Нарийн бичгийн дарга                         Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолтой З.Д.д холбогдох 1915005350279 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Д түүний шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, З.Д

З.Д нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны Булган аймгийн Орхон сумын нутаг “Хоргоны энгэр” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 300000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор:

1. З.Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Д.г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

4. Энэ хэрэгт шүүгдэгч З.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэгт зааснаар  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5м3 мод, **-** БУЛ улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр улаан өнгийн цахилгаан /моторт/ хөрөө зэргийг шүүгдэгч З.Д.с албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Д.д урьд авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нь давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 7.5-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг албадан гаргуулахаар заасан. Гэтэл шүүх шүүгдэгч З.Д.д ямар зорилгоор хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч байгааг тодорхой заалгүйгээс тогтоол ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолд дурьдсанаар З.Д.н гэм буруут үйлдлийн улмаас учирсан хохирол нь 300.000 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу гурав дахин нэмэгдүүлж 900.000 төгрөг болгон төлүүлсэн байх бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тоооцсон талаар шийтгэх тогтоолд дурьдсан мөртлөө давхар учруулсан хохирлоос нь илуү гаргаж эд хөрөнгийг нь хурааж байгаа нь нэг талаас ял хариуцлагыг хөнгөрүүлээд байгаа мөртлөө нөгөө талаар эрх зүйн байдлыг нь дордуулсан хүнлэг бус болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дах хэсэгт ялын санкцад хөрөнгө хураах албадлагын хэмжээг заавал хэрэглэх заалт байхгүй байна. Мөн улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтандаа яллагдагчийг 450.000 торгох ялаар шийтгэх саналыг оруулсан байх ба хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглүүлэх талаар ямар нэгэн санал дүгнэлт оруулаагүй байна. Энэ нь шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх хэмжээ хязгаарын заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий шинжгүй байна, Эрүүгийн хариуцлага хүлээсэн нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй зэрэг Эрүүгийн хуулийн 6.1-ийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг зөрчсөн байх тул хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч З.Д нь давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхээс надад хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсан бөгөөд үүнээс миний портер машиныг чөлөөлж өгөхийг хүсч байна. Портер машин маань миний амьдралыг маань гол хэрэгцээт зүйлийн нэг бөгөөд нүүдэл суудал хийж, өвс хадлангаа авч зөөж тээвэрлэдэг тул надад үлдээж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: ”...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч боолон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн З.Д.д  холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч З.Д нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны Булган аймгийн Орхон сумын нутаг “Хоргоны энгэр” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 300000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх З.Д.г зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 5 ширхэг буюу 5м3 мод бэлтгэж байгаль экологид 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч З.Д.н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Д нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж буюу 900.000 төгрөгийг төлж барагдуулсан, түүний хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн модыг нь хураан авч улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлого, тээврийн хэрэгслийг нь хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэснийг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын  хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ар гэрийн ахуй амьдралын байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч З.Д гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг нь хураан авах зайлшгүй шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч **-** БУЛ улсын дугаартай, “Porter”  загварын тээврийн хэрэгсэлийг нь шүүгдэгч З.Д.д буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэгт зааснаар  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5м3 мод, **-** БУЛ улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр улаан өнгийн цахилгаан /моторт/ хөрөө зэргийг шүүгдэгч З.Д.с албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэгт зааснаар  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 5м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр улаан өнгийн цахилгаан /моторт/ хөрөөг шүүгдэгч З.Д гаас албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, **-** БУЛ улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч З.Д.д буцаан олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч З.Д түүний өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ХҮРЭЛБААТАР                                   

                                         ШҮҮГЧИД                             З.ХОСБАЯР                                                  

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН