Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1248

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00788 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Т Б Т ” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал, ээлжийн амралт олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч С.Уранмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс "Т Б Т " ХХК-д хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерээр ажилд орсон. Намайг "байгууллагын нууц задруулсан" гэх үндэслэлгүй шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Надад элдэв дарамт шахалт үзүүлж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа тул хүний нөецийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор болон 13 дахь сарын урамшуулал, гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгч С.Уранмандах, Д.Лхагва нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь тус компанид 2017 оны 5 сарын 01-ний өдөр хүний нөөцийн газарт хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд ороход ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, цалингийн нууц хадгалах гэрээг тус тус байгуулсан. Б.Ц нь дээрх гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд байгууллагын нууцын журмыг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль, дүрэм журамд заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/246 тоот тушаалаар цуцалсан. Б.Ц нь нууцын журмын 2.5.10-т зааснаар харъяа охин компаниудын үйл ажиллагаанд  хийсэн  мониторингийн   тайлантай   холбоотой   бүхий   л судалгаа дүгнэлтүүдийг тараасан болох нь и-мэйлд хийсэн үзлэгээр 2017 оны 10 сарын 06-ны өдрийн Г.Хулан руу явуулснаар тогтоогдоно. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/45 урамшууллын журмыг батлах тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.3.2 болон 2.3.2-т заасан нөхцлийг хангаагүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гарсан ажилтанд урамшуулал олгогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан "Т Б Т " ХХК-д холбогдох, хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал олгуулах тухай Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрчээр Г.Хуланг шүүх хуралдаанд оролцууулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар хүсэлт тавьсан боловч шүүгч хүлээж аваагүйгээр барахгүй хариуцагч талаас нотлох баримт болгон гаргаж өгсөн "мониторингийн тайлан"-г нотариатаар баталгаажуулаагүй байхад нотлох баримтын хэмжээнд авч үзэн, нотлох баримт болгож өгсөн нийт 39 хуудас материалын /хавтаст хэргиин 53-59 хуудсанд/ байгаа нотлох баримтыг хасч тооцох санал хүсэлт тавьсан боловч шүүх хүлээж аваагүй. Б.Ц-д явуулсан "мониторингийн тайлан" нь 2016 оны олгорсон тайлан байсан бөгөөд энэхүү материал нь ямар ч тамга тэмдэггүй, нууц үгээр хадгалагдаагүй, коджуулалтгүй, гарын үсэггүй файл байсан бөгөөд энэхүү файлыг Б.Ц-д "Т Б Т " ХХК-ийн Хүний нөөцийн дарга Ундрах гэж хүн явуулсан байна. Хариуцагч тал "мониторингийн тайлан"-г нууц үг, кодтой байсан тухайгаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй. Б.Ц нь зөрчил бүртгэх хуудсан дээр "зөрчил гаргаагүй тул тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй" тухайгаа бичиж гарын үсэг зурсан баримтыг Д.Лхагва гэгч нь нуун дарагдуулж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгөөгүйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хэрэгт авагдсан "Т Б Т " ХХК-ийн ерөнхий захиралын 2015 оны 2 дугаар сарын 03-ны одрийн 01/14 тоот  "Гарын үсэг зурах эрх олгох тушаал"-аар "хөдөлмөрийн харилцааны хувьд ерөнхий захиралтай зөвшилцсөний дагуу тушаалд захиралыг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг дэд захирал Ч.Ванчин-Эрдэнэд олгосон байсан тул нэхэмжлэгчээс дээрхи тушаалд эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан гэж тайлбарлах нь няцаагдаж байна" гэжээ. Шүүх нь дээрхи тушаалын гол агуулгын үндэслэлийг зориуд бичилгүй орхигдуулсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халах үед ерөнхий захирал эзгүй байсан эсэхийг нотлох баримтаар нотлоогүй. Хэрэв тухайн үед ерөнхий захирал Баатарсайхан нь байсан бол дэд захирал Ч.Ванчин-Эрдэнэ тушаал гаргаж гарын үсэг зурах эрхгүй болно. Иймд   шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт  заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч "Т Б Т " ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал, ээлжийн амралт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Нэхэмжлэгч  нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч кампанийн хүний нөөцийн газарт менежерийн ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаад  хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/246 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр буюу  Хөдөлмөрийн дотоод журмын 49.2.6, 49.2.10, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6, 4.1.12-т тус тус зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 6 дугаар тал/

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтаар “байгууллагын болон хувь хүний нууцыг тараасан бол”, 4.1.12 дахь заалтаар “өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлсэн эсвэл гуйвуулан ашигласан, албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгосон бол” тус тус хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...ажилтан Б.Ц нь өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлж харъяа охин компаниудын үйл ажиллагаанд хийсэн  мониторингийн тайлантай холбоотой бүхий л судалгаа дүгнэлтүүдийг Г.Хуланд явуулсан, Г.Хулан хувийнхаа мэйлээр бүх мэдээ мэдээллийг задруулж явсан байсныг тогтоосон.... “гэж тайлбарлаж /хх-ийн 133/ байгаа тохиолдолд гэрчээр Г.Хуланг оролцуулах нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...гэрчээр Г.Хуланг оролцуулах тухай” хүсэлтийг “.. хэрэг хянан шийдвэрлэхэд  ач холбогдол бүхий гэж үзэхгүй “ гэж  хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хүсэлтийг хангаагүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг ноцтой зөрчжээ. Түүнчлэн нууцын журмыг Б.Ц-д танилцуулсан эсэх, байгууллагын нууц алдагдсан гэж үзсэн тохиолдолд "Т Б Т " ХХК-ийн нууцын журмын 4.1-д заасныг ажил олгогчоос хэрэгжүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.