Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00714

 

Б.Цэрэндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00425 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 826 дугаар магадлалтай, 

Б.Цэрэндуламын нэхэмжлэлтэй,

Таван богд трейд ХХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал, ээлжийн амралт олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, түүний өмгөөлөгч Н.Баасанжав нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Таван Богд Трейд ХХК-д Хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерээр ажилд орж, ажиллах явцдаа ямар нэг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй. Гэтэл хүний нөөц хариуцсан захирлын орлон гүйцэтгэгч Ц.Саранцэцэг, Хүний нөөцийн газрын дарга А.Ундрах нар миний оронд өөр хүн ажиллуулах зорилгоор элдвээр шахалт үзүүлж тухайн ажлын байранд миний ур чадварыг тэнцэхгүй гэсэн шалтаг хэлж, миний дэргэд н.Болорцэцэг гэдэг хүнийг суулгаж ажлыг авахаар шахалт үзүүлж, ажил хүлээлцэхийг удаа дараа шаардсан. Би өөрийн ур чадварын үнэлгээг хийлгэхийг зөвшөөрч хийлгэсэн ч дүнг надад гаргаж өгөөгүй. Мөн намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгд, өөрт чинь сайн гэх мэтээр дарамталж байсан. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгох мэдэгдлийг 2017оны 12 дугаар сарын 08-ны өдөр бичгээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаад 2017 оны 12 дугаар сарын цалин, 13 дахь сарын урамшуулал болон ээлжийн амралтын мөнгөө аваад гарья гэхэд Хүний нөөцийн менежер н.Лхагва өөдөөс уурласан. Эцэст нь байгууллагын нууц задруулсан гэх үндэслэлгүй шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Иймд Хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор болон 13 дахь сарын урамшуулал, гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Таван богд трейд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Цэрэндулам 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Таван богд трейд ХХК болон бүрдүүлэх функц хариуцсан хүний нөөцийн менежерээр хүний нөөцийн газарт ажилд орсон. Ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ, нууцын гэрээ болон цалингийн нууцлал хадгалах гэрээг тус тус байгуулан ажиллуулсан. Б.Цэрэндуламын зүгээс энэ албан тушаал дээр мэдвэл зохих бүхий л мэдлэг мэдээллийг уг чиглүүлэх хөтөлбөрөөс авсан байх ёстой.

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Цэрэндуламын мэйлд үзлэг хийхэд өөрийнхөө [email protected] хаягаас [email protected] буюу Монгол машин концерн ХХК-ийн хүний нөөцийн менежер рүү удаа дараа мэйл албан бусаар явуулсан. Албан бусаар явуулсан гэдэг нь үзлэг хийсэн баримтаар нотлогдоно. Явуулсан мэйлүүдэд манай байгууллагын нууцын журмаар нууцад хамаарах мэдээ, мэдээллүүд байсан учраас Б.Цэрэндуламыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Мониторингийн тайлангуудад Таван богд трейд ХХК-ийн нууцын журмын 2.5.15-т заасан нууцын зэрэглэлтэй материал. Нууцын журамд маш нууц болон, нууц гэж хоёр ангилсан. Мөн өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан гэж үзсэн. Б.Цэрэндулам 2017 оны хүний нөөцийн газрын мониторингийн ажлын хэсэгт оролцож, мониторингийн удирдамжид 5 ажлын хэсгийн гишүүдэд эрх үүргийг зааж өгсөн. Уг удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийчхээд бүх бичиг баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэлтсийн даргадаа, хэлтсийн дарга хүний нөөцийн газрын захирал руу мэйлээр илгээгээд хүний нөөцийн газрын захирлууд нь тухайн охин компанийн удирдлагууд руу нэг бүрчлэн мэйлдэх ёстой байсан. Гэтэл Б.Цэрэндулам үүнийг мэдсээр байж хүний нөөцийн менежер рүү дур мэдэн зөвхөн Монгол машин концерн ХХК-ийн хүний нөөцийн тайланг илгээлгүй бусад охин компаниуд болох Таван богд Вашёкү ХХК, Жуулчин гэх мэт компанийн тайланг илгээсэн. Нууцын зэрэглэлтэй материал мөн гэдгийг Таван богд трейд ХХК-ийн 2016 оны нууцын журмаар тодорхойлно. Байгууллага өөрөө нууцаа тодорхойлох бүрэн эрхтэй. Тиймээс энэ материалууд нь манай компанийн нууцын зэрэглэлтэй материал юм. 2017 оны 9, 10 дугаар сард 60-аас дээш минутын хоцролттой байгаа бөгөөд энэ тохиолдолд зөрчил гэж үзнэ. Мөн 13 дахь сарын цалин урамшуулал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт ажил үүргээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн урамшууллыг олгохгүй гэж тодорхой зааж өгсөн учир урамшуулал олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00425 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэндулам амралт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Цэрэндуламыг Таван богд трейд ХХК-ийн Хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Таван богд трейд ХХК-иас 32.127.576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэрэндуламд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Таван богд трейд ХХК-иас 13 дахь сарын урамшуулал 1.233.417 төгрөг гаргуулах Б.Цэрэндуламын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Таван богд трейд ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэндулам улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Таван богд трейд ХХК-иас 318.588 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 826 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, түүний өмгөөлөгч Н.Баасанжав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдөр 183/ШШ2020/0425 дугаар шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 826 дугаар Магадлал нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Таван Богд Трейд ХХК нь Монгол Машин Концерн ХХК-ийн толгой компани боловч бие даасан тус тусдаа үйл ажиллагаатай, тусдаа гүйцэтгэх удирдлагатай хуулийн этгээдүүд. Таван Богд Трейд ХХК нь Монгол Машин Концерн ХХК-ийн үйл ажиллагаанд хоорондоо үйл ажиллагаагаа уялдуулсан гэрээгээр өөрөөр заагаагүй бол эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцох буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаар түүнд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд оролцох эрхтэй юм. Иймд компани тус бүрийн мэдээлэл хоорондоо нууцын зэрэглэлд хамаарахгүй дамжуулж болохоор тайлбарлах нь байгууллага өөрөө нууцад хамаарах зүйлээ тодорхойлох, нууцад хамаарах зүйлтэй танилцах эрхгүй этгээдэд (Г.Хуланд)-нд тараасан нь ажил олгогч ба нэхэмжлэгчийн харилцан тохирсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил юм. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг хариуцагч байгууллагын нууц мэдээллийг бусдад дамжуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй ... гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

Б.Цэрэндуламын илгээсэн мэдээлэл нь Таван Богд Трейд ХХК-ийн нууцын зэрэглэлтэй мэдээлэл байх бөгөөд Нууцын журмын 2.2 дугаар зүйлд нууц гэсэн зэрэглэлд багтах мэдээллийг цахимаар хадгалахад нууц үг код оруулахыг журмаар урьдчилан шаардаагүй болно

Нэхэмжлэгч болох Б.Цэрэндулам нь хэдий албан хаягаас тухайн мэдээллүүдийг дамжуулсан байдаг боловч өөрийн үүрэгт ажилд хамааралгүй нууцын зэрэглэлтэй мэдээллийг дур мэдэн дамжуулсан байдаг. Үүнийг гэрч Г.Хулан нь Зөрчлийн хуудсаар өгсөн тайлбартаа буюу гэртээ унших зорилгоор авсан болно. Харамсалтай байна уучлал хүсье гэсэн нь тухайн ажилтнууд албан үүргийн дагуу бус хувийн зорилгоор дамжуулсан гэдгийг илэрхийлж байна. Тус дамжуулсан нууцын зэрэглэлтэй мэдээлэлд ажлын байрны тодорхойлолт байгаагүй. Харин Хүний нөөцийн газраас охин компаниудын хүний нөөцийн үйл ажиллагаанд хийсэн мониторингийн тайлан байсан бөгөөд тэрхүү мониторингийн хяналт шалгалт хийх удирдамжид хэрхэн мониторинг хийх үү, тайланг хэн хэрхэн цааш дамжуулах талаар буюу эцсийн байдлаар бэлэн болсон охин компаниудын мониторингийн тайланг Хүний нөөц хариуцсан захирал охин компаниудын гүйцэтгэх удирдлагад мэдээлэх талаар зохицуулсаар байтал Б.Цэрэндулам ММК ХХК- аас гадна Эйрлинк МонголиаХХК, ЖуулчинХХК, Монгол машин ХХК, Таван Богд Смарт Электроникс ХХК, Таван Богд Вашёкү ХХК-ийн тайланг илгээж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж ажил олгогч дүгнэх эрхтэй, эрх мэдлээ гуйвуулан, хэтрүүлэн нууц мэдээллийг бусдад өгснийг шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил гарсныг давж заалдах шатны шүүхээс огт дүгнээгүй талаар: Энэхүү хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-нд Нийслэлийн давах шатны шүүх шийдвэрлэхдээ ХУД-ийн анхан шатны шүүх нь нотлох баримт цуглуулах бүрдүүлэх ноцтой алдаа гаргасан байх тул тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан байдаг. Ийнхүү буцааснаас хойш нийт 20 сарын хугацаанд анхан шатны шүүхээс гэрчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсаар байсан боловч хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн олон сарын хугацаанд хурлыг хойшлуулах болсон гэрчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн байдаг. Шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалинг 1,233,417 төгрөг гэж дүгнэсэн бөгөөд зөвхөн гэрчийг оролцуулахаар хойшлуулсан 20 сард тооцоход 24,668,340 төгрөг болохоор байгаа бөгөөд энэ нь хариуцагчийн хувьд шударга бус байна.

Иймд 0425 дугаар шийдвэр, 826 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ 

Б.Цэрэндуламын ...ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын урамшуулал, ээлжийн амралт олгуулах тухай нэхэмжлэлийг Таван богд трейд ХХК эс зөвшөөрч, маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Ажил олгогч 2017.12.11-ний өдөр 01/276 дугаар тушаал гаргаж, Б.Цэрэндуламыг хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, нууцын журмын 5 дугаар зүйлийн 5.2, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2-т заасныг баримталж, хариуцсан ажил үүргийн хүрээнд олж авсан байгууллагын болон хувь хүний нууц мэдээллийг бусдад дамжуулсан, өөрт олгогдсон эрх мэдлээ гуйвуулан ашигласан гэсэн үндэслэл дурджээ /1хх 6 тал/. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.1.6-т байгууллагын болон хувь хүний нууцыг тараасан, 4.1.12-т өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн, эсхүл гуйвуулан ашигласан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, албан тушаалын байдлаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, байгууллагын ажиллагаанд саад учруулахуйц, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байна.  

Нэхэмжлэгч нь 2017 оны 09 сарын 18, 25, 10 сарын 04-ний өдөр ажлын зориулалтаар ашигладаг [email protected] и-мэйл хаягаас хариуцагчийн салбар компани болох Монгол машин концерн ХХК-ийн хүний нөөцийн менежер Г.Хулангийн ажлын [email protected] гэх и-мэйл хаяг руу хүний нөөцтэй холбоотой судалгаа шинжилгээний тайлан, удирдамж зааварчилгаа, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудыг илгээснээ үгүйсгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагджээ /2хх 61-133 тал/ 

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан менежерийн ажлын байр нь группийн толгой компани болон салбар компаниудын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, өрсөлдөөнд давуу байр суурь эзлэх нөхцлийг бий болгохын тулд эерэг хандлага, ур чадвар бүхий хүний нөөцийн төлөвлөлтийг бүтээмжтэй уялдуулан төлөвлөж, оновчтой аргаар илрүүлэн тасралтгүй бүрдүүлэх замаар хүний нөөцийн бүрдүүлэх функцийн хэрэгжилтийг хангах зорилготой ба хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдийг гарын авлага чиглүүлгээр хангах чиг үүрэгтэй байна /1хх-23 тал/. 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн охин компани болох Монгол машин концерн ХХК-ийн хүний нөөцийн менежер Г.Хуланд хүний нөөцтэй холбоотой судалгаа, гарын авлага, материалыг и-мэйлээр явуулсан нь түүний ажил үүргийн хүрээнд хийгдсэн гэж үзнэ.  

Б.Цэрэндулам нь ажил үүргийн хүрээнд олж авсан байгууллагын болон хувь хүний нууц мэдээллийг бусдад дамжуулсан, өөрт олгогдсон эрх мэдлээ гуйвуулан ашигласан гэх байдал тогтоогдоогүй, дээрх үйлдэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний талаар дүгнэлт хийгээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Таван богд трейд ХХК-ийн ерөнхий захирлын 2017.05.01-ний өдрийн 01/81 дүгээр тушаалаар Б.Цэрэндуламыг хүний нөөцийн бүрдүүлэх функц хариуцсан ажлын байранд туршилтын 3 сарын хугацаагаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба 2017.09.05-ны өдөр туршилтын хугацаа дуусгавар болсон тул хөдөлмөрийн гэрээг 2017.12.31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ /1хх 7-9, 13 тал/.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах гэж заасан. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг бичгээр өгсөн, ...2017.12.28-ны өдөр хүртэл ажиллаад 12 сарын цалин, 13 дахь сарын урамшуулал, ээлжийн амралтын мөнгөө аваад гарья... гэсэн боловч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн... гэжээ /1хх1-2 тал/. 

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг ойлгож, мэдэж байсан ба гэрээний хугацаа дууссан байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.  

Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах буюу 2017.12.31-ний өдөр хүртэл 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 881.010 /1 өдөр 58.734/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-г зөрчихгүй.  

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ээлжийн амралт олгуулах шаардлагаас татгалзсан ба 13 дахь сарын урамшуулалд 1,233,417 төгрөг гаргуулах шаардлагаа нотолж чадаагүй, шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.  

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 826 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг нэгтгэн 2 гэж дугаарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар Таван богд трейд ХХК-с 881,010 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 6 дахь заалтын ...318,588... гэснийг ...25,694... тус тус өөрчлөн, 5, 6, 7 дахь заалтыг 3, 4, 5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 318,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД