Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00001/И |
Дугаар | /00218 |
Огноо | 2019-04-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 07 өдөр
Дугаар /00218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 8-19 тоотод оршин суух, Ботохара нура овогт А.Д/ /-ийн нэхэмжлэлтэй,
Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй 153/2020/00001/и индекстэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Д миний бие Харахас овогт Х.Ө жирэмсэн болж 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Шолпаныг төрүүлсөн. Өээс жирэмсэн болсон тул миний бие үндэсний ёс заншлаа дагаж Х.Өтэй гэр бүлээ батлуулсан.
Х.Ө бид 2-т гэр бүл болох зорилго байгаагүй. Нэг гэр бүлд хамтран амьдраагүй. Ө нь хүүхдээ өсгөлцөөгүй, хүүхдийн тэтгэвэр төлөөгүй.
Х.Ө нь 2013 онд Казакстан улсын иргэн болж, 2013 оноос хойш надтай болон охинтойгоо уулзаагүй.
Миний бие 2013 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Ительхүик овогт Нурзатын Эрхэмбайтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин А.Айгулым төрсөн. Охин А.Айгулым эрүүл бойжиж байна.
Миний бие Х.Өтэй бүртгүүлсэн хүчин төгөлдөр бус гэрлэлтийн улмаас одоогийн нөхөртэйгээ гэрлэлтээ бүртгүүлж чадахгүй, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Айгулымыг төрсөн эцэг болох Н.Эрхэмбайгаар овоглож чадахгүй хүүхдийн болон манай гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байна.
Надад байгаа баримтуудыг үндэслэн Харахас овогт Халамиаягийн Ө, Ботохара нура овогт А.Дбидний 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр буст тооцож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа болон тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар багт оршин суудаг Ботохара нура овогт А.Днь шүүхэд Харахас овогт Х.Өтэй 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хууль зүйн үндэслэлээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д зааснаар тухайн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай хүсэлт гаргасан. Авилхааны Д, Харахас овогт Х.Өээс жирэмсэн болсон учраас 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Шолпаныг төрүүлсэн байдаг. Х.Өээс жирэмсэн болж хүүхэд гаргасан учир үндэсний ёс заншлыг дагаж гэр бүл болсон гэх тайлбарыг надад хэлсэн.
Х.Ө, А.Д хоёрт гэр бүл болох зорилго байгаагүй. Сонирхол, шохоорхолын журмаар уулзаж явж байгаад жирэмсэн болсон нөхцөл байдал тогтоогддог. Х.Ө, А.Д нарын дундаас хүүхэд төрсөн боловч хамт амьдраагүй, Х.Ө нь хүүхдээ өсгөлцөөгүй. Х.Өийн хувьд 2013 онд Казакстан улсын иргэн болсон. Казакстан улсын иргэн болохоосоо өмнө 2005 оноос хойш Казакстан улс руу их явдаг байсан. Х.Өт А.Дтай хамтын амьдралтай байж, гэр бүл болъё гэдэг зорилго байгаагүй. А.Дгийн хувьд Х.Ө надтай нэг гэр бүл болж, хамт амьдарч, миний сайн хань болохгүй юм байна гэдэг үндэслэлээр Х.Өийг орхисон байдаг. Х.Ө Казакстан улсын иргэн болсноос хойш буюу 2013 оноос хойш Баян-Өлгийн аймгийн Цагаан нуур боомтоор Монгол улсад их олон удаа орж ирсэн байдаг. Казакстанаас ирэхдээ Баян-Өлгийд болон Ховд аймагт ирсэн боловч А.Д болон охин Шолпантай уулзаагүй байдаг.
А.Д нь 2013 онд Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын иргэн Н.Эрхэмбай гэдэг хүнтэй сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Айаулым төрж, эрүүл, саруул бойжиж байгаа.
Яагаад Х.Өтэй бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байна вэ гэвэл анхнаасаа Х.Өтэй хамт амьдарч, гэр бүл болох зорилгоор гэрлэлтээ бүртгүүлээгүй мөн хэдэн жил тус тусдаа амьдарч, эхнэр нөхрийн харилцаа үүсээгүй, гэр бүл болох зорилгогүйгээр гэр бүл болсон.
2013 оноос хойш хамт амьдарч байгаа Н.Эрхэмбай гэдэг хүнтэй, гэр бүл болж чадахгүй, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Айаулым гэдэг охиныг эцэг Н.Эрхэмбайгаар нь овоглож чадахгүй байгаа тул хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол хохирч байна гэдэг үндэслэлээр гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох 2 үндэслэл байгаа. Үүнд: Гэрлэхэд харшлах шалтгаан байсан эсэх, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн зорилго байхыг шаарддаг.
Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлд “Гэр бүл болох зорилгогүй, хамтран амьдрах зорилгогүйгээр гэр бүл болсон бол гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож” болно гэсэн хуулийн заалт байгаа учраас Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө гэдэг хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна....Гэрлэхэд харшлах шалтгаан байгаагүй....2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Шолпан төрсөн. Х.Ө, А.Д нар хүүхдээ 3 нас хүртэл гэрлэлтээ бүртгүүлээгүй байж байгаад А.Дгийн гэр бүлийхэн нь охиных нь эцгийг хайсаар байгаад А.Дгаар хэлүүлчихээд нэгэнт хүүхэдтэй болсон юм чинь гэрлэлтээ бүртгүүл, гэрлэлтээ бүртгүүлвэл Х.Ө охиноо гээд хүрээд ирж магадгүй, та хоёр хамт амьдарч магадгүй гээд эцэг, эхнийхээ шахалтад орж гэрлэлтээ бүртгүүлсэн гэж А.Д надад хэлсэн. Х.Өтэй хамт Ховд аймгийн Жаргалант сум нь дээр очиж гэрлэлтээ бүртгүүслэн боловч нэг ч өдөр хамт байгаагүй. Х.Өийн хувьд хүүхдээ асарч, харалгүй байж байгаад Казакстан улсын иргэн болсон....А.Д надад тайлбарлахдаа: Чи залуу эмэгтэй, гэртээ хүүхэд гаргаж болохгүй тийм учраас чи хүүхдийнхээ эцэгтэй гэр бүл бол гэдэг шаардлатыг гэр бүлийнх зүгээс нь тавьсан. Манай эцэг, эх Х.Өийн эцэг, эхтэй очиж уулзаад хоёр талын эцэг, эх гэрлэлтээ бүртгүүл гэж шаардсны үндсэн дээр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ Х.Өтэй хамт гэрлэлтийн бүртгэлийн газар очиж бүртгүүлсэн гэдэг тайлбарыг надад хэлсэн....Айаулым нь одоо хамт амьдарч байгаа Н.Эрхэмбайгийн хүүхэд байгаа....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь “Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай” гэж тодруулав.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Х.Ө, нэхэмжлэгч А.Д нар нь 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хадгалагдаж байгаа гэрлэсний бүртгэлийн нотлох баримтаас Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхдээ бүрдүүлсэн баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4, 37-43 дугаар тал/
Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын дундаас 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Ө.Шолпан төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 126/004589 дугаартай Ө.Шолпаны төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/
Харахас овогт Х.Ө нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай зарлигаар Монгол улсын харьяатаас гарсан болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаартай албан бичгээр, Х.Ө нь Бүгд Найрамдах Казахстан Улсын харьяат болсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 30 дугаар тал/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....гэр бүл болох зорилгогүйгээр казак үндэстний ёс заншлаа дагаж Х.Өтэй гэр бүлээ батлуулсан....” гэж тодорхойлов.
Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “....гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж заасан байна.
Гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэдэг нь тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууцны талбай эзэмших, хуульд заасан ямар нэг хөнгөлөлт, халамж эдлэх, гадаадад зорчих ба оршин суух эрх авах зэргээр гэрлэгчдийн хэн нэг нь эдлэх ёсгүй эрхийг эдлэх, эсхүл хүлээх үүргээс зайлсхийхийн тулд гэрлэлтийг ашиглах зорилгоор бүртгүүлснийг ойлгоно.
Гэтэл А.Д, Х.Ө нарын гэрлэлт бүртгүүлсэн нь дээрхи ойлголтонд хамаарахгүй ба гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болсноо 2007 онд улсын бүртгэлд бүртүүлснээр баталгаажсан нь хууль болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн казак үндэстний ёс заншлаа дагаж Х.Өтэй гэр бүлээ батлуулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй юм
Гэрлэгсдийн гэрлэлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Иргэний улсын бүртгэлийн хуульд заасны дагуу явагдсан байна.
Хэдий нэхэмжлэгч А.Д нь Баян-Өлгий аймагт Н.Эрхэмбай гэх хүнтэй хамтран амьдарч, тэдний дундаас төрсөн охин Д.Айаулымыг эцгээр нь овоглуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон гэх боловч Харахас овогт Х.Ө, Ботохара нура овогт А.Днарын дундаас 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ө.Шолпаны эрх ашиг хөндөгдөж байна.
Тодруулбал, Х.Ө, А.Д нарын дундаас төрсөн охин Ө.Шолпаны асрамж, тэтгэлэг зэргийг тодруулах нөхцөл байдал бий болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Дгийн нэхэмжлэлтэй, Харахас овогт Х.Ө /ПЭ80030619/, Ботохара нура овогт А.Д/ПО80072224/ нарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргах боломжтойг, 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай монгол улс, бүгд найрамдах казахстан улсын хоорондын гэрээ батлагдсан болохыг тус тус дурдлаа.
Нэхэмжлэгч А.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Дгийн нэхэмжлэлтэй, Харахас овогт Х.Ө /ПЭ80030619/, Ботохара нура овогт А.Д// нарын 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 0042 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ