Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

Д.О холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч  С.Г гаргасан давж заалдах гомдлоор Д.О холбогдох эрүүгийн 1914006670415 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.О, 1983 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,

Д.О нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг Цахир 7 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байх гагнуурын газрын гадаа 27-26 БНХ улсын дугаартай Г.Доржпэрэнлэйн эзэмшлийн мазда маркын авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  С.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,       

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Д.Оыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.О согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Д.Оын засрал, хүмүүжилд хяналт тавих болон согтууруулах ундаа. мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тоггоох албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Оаас 2.562.725 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-2-2 тоотод оршин суух хаягтай, ВП67040615 тоот регистрийн дугаартай Сангидоржийн Готовт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч  С.Г ажил гүйцэтгэх гэрээгээр олох байсан орлого болох 3.595.805 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөр 1.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэний нэхэмжлэгч Г.Доржпэрэнлэйгийн эзэмшлийн 02298388 дугаартай автотээврийн гэрчилгээ 1 ширхэгийг Гялс төгрөг ХЗХоршоонд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Доржпэрэнлэйгийн эзэмшлийн MAZDA DEMIO маркийн 27-26 БНХ улсын дугаартай авто машин ...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч Г.Доржпэрэнлэйд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч  С.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Д.О холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Энэ хэрэгт миний бие  С.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас надад урьдчилсан байдлаар учирсан хохирол 2.562.725 төгрөгийг шүүгдэгч Д.Оаас гаргуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх шийдвэртээ тусгаж, хохирол төлөх хугацааг тогтоогоогүй.

Түүнээс гадна анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тухайн зүйл ангийн ялыг оногдуулаагүй. Өөрөөр хэлбэл хорих ялын хугацааг тогтоож тухайн хорих ялаас чөлөөлж тэнсэх ёстой байсан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осол гаргасан. Зөрчил гаргасан согтуу жолоочийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаад 400000 орчим төгрөгөөр торгодог. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүний шийтгэл зөрчлөөс их байх зарчимтай байхад нэг жилээр эрхийг хасаж байгаа нь шударга бус, хөнгөдсөн шийтгэл гэж гомдол гаргаж байна

Надаас Д.О нэг ч удаа уучлалт гуйгаагүй, уулзаагүйн зэрэгцээ чиний гэмтсэн гэдэг худлаа, эмнэлгийн худлаа бичиг авч ирсэн гэх мэтээр удаа дараа утсаар дайрч доромжилж дарамталсан. Д Одбаяр 2019 оны 04 сард жолооны эрхээ сэргээлгэсэн ч 2019 оны 09 сард дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож миний эрүүл мэндэд хохирол учруулсан нь энэ хүн гэм буруугаа огт ухамсарлаагүй гэж үзэж байна. Миний бие бүрэн эдгэрээгүй цаашид байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай. Согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байдлыг шийтгэл оногдуулахдаа тооцсонгүй.

Хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж хуульд заасан байна. Миний бие дээрх хэрэгт хохирсноос үүсэж Баянхонгор аймгийн “Инновацийн төвийн эко жорлон барих" ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр ажиллаж олох байсан орлого 1.737.800 төгрөг Мал сүрэгт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх байсан боловч тухайн ажлыг өөрөө хийж гүйцэтгэх боломжгүй болсон учир бусдаар дээрх ажлыг гүйцэтгүүлж ажлын хөлс, бусад зардалд 1.858.005 төгрөгийг төлсөн зэрэг нийт 3.595.805 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймээс дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж хохирогч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан тайлбартаа: Д.О миний бие тархиндаа харвалтын шинжтэйгээр Улаанбаатар хотод эмчилгээнд явж ирээд үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг давж заалдах шатны шүүхийн материалтай танилцлаа. Миний биеийн байдал даралт ихтэй тул эмчийн хяналтанд байна. Хохирогч  С.Г хохирлыг цаг тухайд нь төлж барагдуулж дуусгасан болно гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Д.О нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг Цахир 7 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байх гагнуурын газрын гадаа 27-26 БНХ улсын дугаартай Г.Доржпэрэнлэйн эзэмшлийн мазда маркын авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган  С.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч  С.Г “...төмөр раман дотор тасдагчаар өө сэвийг нь дараад баруун тийшээ хараад сууж байтал гэнэт араас машин ирээд төмөр рам болон миний ар нуруу хэсэг рүү мөргөсөн миний нуруу хэсэг мэдээгүй болж дотор муухай болж газар унасан. Тэгээд хартал мазда маркын 27-26БНХ улсын дугаартай авто машин байсан машин дотроос нэг согтуу залуу гараад ирсэн...” /хх-ийн 34-36 дугаар тал/ гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 577 дугаар нэмэлт шинжээчийн дүгнэлтээр “...  С.Г биед өмнө гаргасан 2019.9.16-ны өдрийн №555 тоот дүгнэлтэд тархи доргилт, дух, зүүн мөр, бугалга, шуу, баруун шуу, шилбэнд зулгаралт, зүүн мөр, шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад ахар сүүлний 4-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 55 дугаар тал/ Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 50 тоот зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 59-60 дугаар тал/ мөн Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 604 дүгээр дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шүүгдэгч Д.Оыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хохирогч  С.Гоос давж заалдах гомдолдоо Д.О хорих ял оногдуулж дараа нь хорих ялаас чөлөөлж тэнсэх ёстой байсан мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осол гаргасан байхад нэг жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж байгаа нь шийтгэл хөнгөдсөн гэсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзаж тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн заалтыг, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлтэй бөгөөд шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.

Мөн хохирогч  С.Гоос гэрээгээр ажиллаж олох байсан орлого 1.737.800 төгрөг, бусдаар ажил гүйцэтгүүлсэн зардал зэрэг 3.595.805 төгрөг нэхэн хохиролд тооцсонгүй гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн этгээдэд хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтоож өгөх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс Д.Оыг 6 сарын хугацаанд хохирлоо нөхөн төлж барагдуулахыг даалгаж, хохирогч  С.Г гаргасан давж заалдах гомдлын энэ талаар бичсэн холбогдох хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Оаас 2.562.725 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-2-2 тоотод оршин суух хаягтай, ВП67040615 тоот регистрийн дугаартай Сангидоржийн Готовт олгосугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Оаас 2.562.725 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-2-2 тоотод оршин суух хаягтай, ВП67040615 тоот регистрийн дугаартай Сангидоржийн Готовт олгож, Д.О шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хохирлыг төлж барагдуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч  С.Г гаргасан давж заалдах гомдлын 1 дэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.