Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00781

 

 

 

“Е А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01692 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1679 дүгээр магадлалтай,

“Е А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д Т” ХХК-д холбогдох

36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Мандахын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Е А М” ХХК нь “Д Т” ХХК-д холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01692 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д Т” ХХК-аас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Е А М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Д Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Е А М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1679 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 900 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч С.Мандах хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал зэргийг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү Дээд шүүхэд хянуулах гомдлыг гаргаж байна. Учир нь гэвэл “Е А М” ХХК-ийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хурлаар авч хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нь гэрээгээр хийж гүйцэтгэх тухайлбал 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 05/30 - 01 дугаартай ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “Д Т” ХХК-ийн захиалгын дагуу Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрлах Зүрхийн хуудас алтны уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, төслийн талбайн төлөв байдлын судалгаан, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулсан. “Е А М” ХХК нь дурдсан ажлуудыг гүйцэтгэн 2018.04.13- ны өдөр захиалагч “Д Т” ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдэл 24,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Талууд 2018.05.25-ны өдөр Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд 4.2 дах хэсэгт захиалагч гэрээний төлбөрийг цаг хугацаандаа шилжүүлээгүй тохиолдолд гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Иймд гүйцэтгээгүй үүрэгт 24,000,000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алдангид 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчтэй 2016.05.30-ны өдөр 05/30-01 дугаартай Орд газрын бичиг баримт боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээний 2.3-т зааснаар нэхэмжлэгч “Е А М” ХХК нь хийж гүйцэтгэх ажлаа 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой. 4.2.2-т гүйцэтгэгч болон захиалагч тал үүргээ биелүүлээгүй 7 өдөр хэтэрсэн тохиолдолд түүнээс хойш хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно. Гэтэл “Е А М” ХХК нь гэрээний хугацааг тасалдуулж, 2018.04.23-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн. Гэрээний үүргээ 2 жил хэтрүүлснээр бид банкнаас авах Санхүүжилт цуцлагдаж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч гэрээгээ цуцалж маш их алдагдалд орж, одоогийн байдлаар уурхайгаа ажиллуулж чадаагүй байна. Бид гэрээнд зааснаар аливаа асуудлыг тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байна. Талууд алданги тооцохоо болиод одоог хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй байгаа хариуцагч “Д Т” ХХК ихээхэн хохиролтой байгааг харгалзан үзэж төлбөрөөс 4,000,000 төгрөг хасч 20,000,000 төгрөгийг тодорхой үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэх саналтай байна гэжээ. Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д Т” ХХК - аас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Е А М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Д Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Е А М” ХХК-д олгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. “Е А М” ХХК нь 2016.05.30-ны өдрийн гэрээгээр хийж гүйцэтгэх ажлаас зөвхөн техник эдийн засгийн үндэслэлийг хугацаа хэтрүүлж 2 жил орчмын дараа буюу 2018.04.13-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээний 3.4-т заасан Байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэргийг хийж өгөөгүй байсан тул манай байгууллага уг ажлыг “Экологийн бүтээмж” ХХК-тай 2018.05.30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг өгч хийлгэсэн. Бид “Е А М” ХХК-тай төлбөр тооцоо нийлээгүй тул тооцооны алдаа байгааг шүүх хурлын хэлэлцүүлгийн үед мэдэж 8,000,000 төгрөгийн гэрээ, бусад нотлох баримтыг гаргаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргаж нэг удаа хойшлуулах хүсэлт тавихад, шүүгч хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж 24,000,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох байсан. Шинээр гаргаж өгөх нотлох баримт нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн. Иймд уг нотлох баримтыг дахин хэлэлцэх боломж олгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх, эсвэл 24,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийн хасч тооцон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээрх гомдлыг 2020.07.29-ний өдөр авч хэлэлцэхдээ 2020.05.27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй байна гэж дүгнэж Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх магадлал гаргасан юм. Анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга нь бидэнд хуралдааны тэмдэглэлээ уншуулж танилцуулаагүй бөгөөд энэ бидний гаргаж байгаа гомдол шүүхийн шийдвэрт тусгасан байсан ч анхаарч үзсэнгүй. Шүүх хурлын хуралдааны дүрс бичлэгийг хуулбарлан авахыг хүсэхэд шүүх өгөхгүй байна. Иймд шийдвэр болон магадлал зэрэгт өөрчлөлт оруулж төлөх 24,000,000 төгрөгнөөс 8,000,000 төгрөгийг хасаж тооцох буюу эсвэл шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр шийдүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хянаад, хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Е А М” ХХК нь хариуцагч “Д Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь 2016.05.30-ны өдрийн гэрээний 2.3-т 45 хоногийн хугацаанд ажлаа хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл хугацааг хэтрүүлж 2018.04.23-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн. Гэрээний үүргээ 2 жил хэтрүүлснээр бид банкнаас авах санхүүжилт, хамтран ажиллах хөрөнгө оруулагч гэрээгээ цуцлагдаж маш их алдагдалд орж, одоогийн байдлаар уурхайгаа ажиллуулж чадаагүй байна. Бид гэрээнд зааснаар аливаа асуудлыг тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байна. ...20,000,000 төгрөгийг тодорхой үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэх саналтай” гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хооронд ажил гүйцэтгэх эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

8. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, талууд 2016.05.30-ны өдөр “ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах” гэрээг байгуулж, “Е А М” ХХК нь Завхан аймгийн Завханмандал сумын нутагт байрлах Зүрхийн хуудас алтны уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэл болон бусад бичиг баримтын бүрдлийг боловсруулан батлуулах, “Д Т” ХХК нь ажлын хөлсөд нийт 55,000,000 төгрөг төлөх, үнийн дүнгийн 60 хувь болох 33,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдөр төлөх, үлдэх 40 хувь болох 22,000,000 төгрөгийг төслөө хүлээн авч 2 тал акт үйлдсэний дагуу ажлын 2 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний хугацаа 45 хоног гэж харилцан тохиролцсон, 2018.05.25-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уулын ажлын төлөвлөгөө хийж батлуулах ажлыг 3,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон, уг гэрээнүүд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ хүчин төгөлдөр, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлнө гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох ажлын үр дүнг 2018.04.13-ны өдөр хариуцагч талд хүлээлгэн өгсөн нь ...алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл хүлээлцэх акт /хх-8/ гэсэн баримтаар тогтоогдсон, хариуцагч нь ажлын хөлсөд 33,000,000 төгрөг өгсөн байна. Хариуцагч нь 2018.06.20-ны өдөр 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 24,000,000 төгрөгийг 2018.07 сар гэхэд төлж дуусгана гэсэн баримт үйлдэж, гарын үсгээ зуржээ. /хх-7/ Эдгээр баримтаар хариуцагч нь үндсэн үүрэг 24,000,000 төгрөгийг биелүүлэх үүрэгтэй болох нь тогтоогдсон.

10. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заажээ.

“Е А М” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн буруутай тул хариуцагчаас анз шаардах эрхгүй,  алданги 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй юм.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэж, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй.” гэж заасан.

Хариуцагч “Д Т” ХХК нь нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг өөр компанитай гэрээ байгуулж 8,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн гээд уг хохирлыг харилцан тооцох талаар тайлбар, баримт гаргаагүй буюу анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар гомдол гаргасан нь үндэслэлгүй, хуулийн дээрх журмыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар тайлбар гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй гэж гомдолдоо дурдсан боловч 2020.05.27-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй, хариуцагчийн гомдол үндэслэлгүй байв. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх байдал хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01692 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1679 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                 Б.МӨНХТУЯА

         ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД