Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 329

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х  б” ХХК

Хариуцагч:   аймаг   сум,   багт оршин суух, У  овогт Ц.Э , /регистрийн дугаар:             /

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 154 855.37 мөнгө, нотариатын зардалд 13 940 төгрөг, нийт 32 168 795.37 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Ө, Ц.Э нар нь Х банкны Өмнөговь салбарын Гурвантэс тооцооны төвөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЗГ201642588658 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 13 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай, ахуйн хэрэгцээ эмчилгээний зориулалтаар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ЗГ201743171465 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 3 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201743293991 тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 4 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар, 2018 оны 06 дугаар сарын 06-н өдөр ЗГ201843630103 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 25 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан. Зээлдэгч Ш.Ө нь 2019 онд зуурдаар нас барсан. Зээлийн барьцаанд М.Ц, П.Ө, Ц.Э, Э.Х нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү1104001175 тоот дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв 4 дүгээр багт байрлах 48.8 м.кв талбайтай орон сууц, М.Ц, П.Ө, Ц.Э, Э.Х нарын эзэмшлийн нэгж талбарын 150400709 тоот дугаартай 90 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 16 737 693.70 мөнгө, зээлийн хүү 12 654 617.32 мөнгө, нийт 29 392 311.02 мөнгө төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 203 хоног хугацаа хэтрүүлсэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа тул банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ201843630103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар даарах зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 28 262 306.30 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 3 804 448.07 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88 101 төгрөг, зээлийн төлбөрт 32 154 855.37 мөнгө, нотариатын төлбөр 13 940 төгрөг, нийт зээлийн болон нотариатын төлбөрт 32 168 795.37 мөнгө гаргуулж. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү1104001175 тоот дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв 4 дүгээр багт байрлах 48.8 м.кв талбайтай орон сууц М.Ц, П.Ө, Ц.Э, Э.Х нарын эзэмшлийн нэгж талбарын 150400709 тоот дугаартай 90 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч №үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж, тус тус заасан тул нэхэмжлэлд дурдсан төлбөрийг хариуцагч Ц.Э-с зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт 32 168 795.37 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. 2018 оны 06 сарын 06-ны өдөр зээлдэгч нар 11 028 368 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 25 000 000 төгрөгийн зээлийг авсан байгаа. Ингээд нийтдээ 36 028 368 төгрөгийг 2018 оны 06 сарын 06-ны өдөр зээлж авсан. Энэ зээлийн төлбөр төлөгдөхгүй удаа дараа хугацаа хэтэрсэн. Ийм учраас банк 2020 оны 01 сарын 04-ний өдөр, 2020 оны 01 сарын 29-ний өдрүүдэд зээл төлөх тодорхой мэдэгдлүүдийг хүргүүлсэн байгаа. Хүчин төгөлдөр гэрээний хувьд талуудын аль нэг талын хугацаа хэтэрч гэрээ зөрчигдсөн тохиолдолд нөгөө талдаа бичгээр мэдэгдэх ёстой. Тодорхой үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож өгөх ёстой. Энэ хугацааг дээрх 2 мэдэгдлээр хугацаа тогтоож өгсөн боловч хугацаандаа зээлийн гүйцэтгэгдээгүй. Тийм учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд бичгээр мэдэгдэх хуулийн шаардлагын хүрээнд дээрх 2 мэдэгдлийг өгөөд зээл төлөгдөөгүй учраас шүүхэд 2020 оны 03 сарын 31-ний өдөр дээрх нэхэмжлэлийг гаргасан байгаа. Аливаа гэрээ хэлцэл гэдэг бол өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Хүсэл зоригоо аль нэг тал илэрхийлж байж нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авснаар бодитой хэлцэл хийгдсэн гэж үздэг. Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, мөн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг заасан байдаг. Тийм учраас энэ хүсэл зоригийн илэрхийлэл нь 2016-2018 онуудад 4 удаа зээл дээр өгсөн зээлдэгч нарын зээлийн өргөдлүүд байгаа. Өргөдлүүд дээр зээлдэгч Ө, хамтран зээлдэгч Д.Э монгол бичгээр гарын үсгээ зураад энэ зээлүүдийг авъя гэсэн хүсэлт гаргасан байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 06 сарын 06-ны өдрийн хүсэлтээр хувийн хэрэгцээнд зориулан тухайн гэрээний 2.1.2-т тодорхой заасан байгаа. Хувийн хэрэгцээнд гэдэг нь зээлдэгч Д.Э 2019 оны 12 сарын 20-ны өдөр банкинд гаргасан хүсэлт дээр би талийгаачийн зээл дээр хамтран зээлдэгчээр орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ хүүхдийнхээ эмчилгээнд зориулж дээрх зээлүүдийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ бол хувийн байдалтай салшгүй холбоотой зээлсэн гэдэг нь нотлогдож байгаа. Дээр нь хүсэл зоригийн илэрхийллээ хавтаст хэрэгт байгаа Д.Э ажиллаж байгаа газрын тодорхойлолтууд байгаа. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЕБС-ийн захирал Э, ерөнхий нягтлан бодогч Ц нарын тодорхойлолт байгаа. Өөрөөр хэлбэл манай хүнд цалингийн зээлийг олгож өгөөч ээ, энэ хүн тийм төгрөгийн цалинтай гэсэн ийм тодорхойлолтуудыг удаа дараа гаргаж өгсөн байгаа. Мөн хамтран зээлдэгчийн өөрийнх нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан эдгээр баримтуудыг хамтран зээлдэгч өөрөө банкинд гаргаж өгсөн байдаг. Ийм учраас зээл үндсэн зээлдэгчийн цалингийн орлого, хамтран зээлдэгчийн цалингийн орлого аль алинаар нь олгогдож байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 2018 онд олгосон арван нэгэн сая төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэмж 25 000 000 төгрөгийг олгоно гэдэг нь ямар ч тохиолдолд үндсэн зээлдэгчийн орлогоор олгогдож байгаа асуудал биш. Тухайн үед үндсэн зээлдэгчийн орлого 1 960 193 төгрөгийн орлого, хамтран үүрэг гүйцэтгэгчийн 830 117 төгрөгийн орлоготой байж тухайн зээлийн тооцоолол орлогыг хангаж байсан. Тийм учраас хамгийн сүүлд өндөр хэмжээний зээл олгосон. Анх 13 000 000 төгрөг, дараагийн удаа 3 000 000 төгрөг, дараагийн удаа 4 000 000 төгрөг, хамгийн сүүлд 25 000 000 төгрөгийн зээл олгосон байгаа. Энэ зээл дээр хамтран үүрэг гүйцэтгэгч татсан байгаа. Хариуцагч талаас зээл аваагүй гэж маргаагүй, зээлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа, гэрээний талаар маргах зүйлгүй гэдгээ тодорхой хэллээ.  Маргаж байгаа гол үндэслэл нь үүрэг дуусгавар болсон талаар маргаж байх шиг байна. Тэгэхээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг хуульд тодорхой заасан байгаа. Үүнд хуульд зааснаар 5 үндэслэлийг тодорхой заасан. Түүний нэг үндэслэл буюу 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд дуусгавар болно гэж заасан байдаг. Энэ заалтын тухайд үнэхээр үүрэг гүйцэтгэгч нь тухайн гэрээнд ганцаар оролцож байгаа ийм тохиолдолд л хэрэглэгдэж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж гэрээний үүрэгт 32 168 795 төгрөг 37 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Учир нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 дугаартай зээлийн гэрээ нь цалингийн зээл. Өөрийн тогтмол орлого болох цалинг барьцаалан үүгээр баталгаа болгож зээлсэн зээлдэгч нь Ш.Ө байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний агуулгаас үзэхэд Ш.Ө цалин орлогыг судалсны үндсэн дээр уг зээлийг олгосон. Банкны зүгээс зээл олгох, нөгөө талаас Ш.Ө өөрийн цалин орлогоос уг зээлийг төлж барагдуулах хүсэл зоригийн илэрхийлэл дээр уг гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд хэд хэдэн гэрээ байгуулагдсан. Гэхдээ эдгээр гэрээнүүд нь бүгд нэг агуулгатай. Тоо, дүн л өөрчлөгдсөн. Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр бүлэг зээл тооцооны үүрэгт хамаарах 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ юм. Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар,зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 44 дүгээр бүлэгт цалингийн зээлийн үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх татаар тодорхой зохицуулалтгүй. Иймд уг харилцааг иргэний хууль дахь үүргийн ерөнхий зохицуулалтаар шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт “Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно” гээд 240.1.2 дахь хэсэгт “үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан бол” гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь агуулга зорилгын хувьд талийгаач Ш.Ө тогтмол орлого болох цалин орлогын хэмжээг харгалзан үзэж судлаад цалинг барьцаалан зээл олгосон байна. Ш.Ө зээл авах үедээ авч байсан цалингийн хэмжээ нь түүний зээл авах үндсэн нөхцөл, үүрэг гүйцэтгэх гол баталгаа болж байсан. Зээл олгох дүн зээлийг эргэн төлөх баталгаа нь зөвхөн цалин орлого байгаа тул тухайн мөнгөн төлбөрийн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1 2 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэх нөхцөл байдал мөн. Дээрх байдлаар үүссэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгч болох Ш.Ө нас барснаар дуусгавар болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын дурдаж байгаатай холбоотойгоор энэ зээлийг бид аваагүй гэдэг асуудлаар маргахгүй байгаа. Зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талаас маш олон удаагийн зээлийн гэрээг дурдаж байна. Энэ бүхэн нэг агуулгатай яваад байсан. Зээлээ аваад төлөлтөө өөрчлөөд төлөөд яваад байсан. Энэ бол хамгийн сүүлд 2018 оны 06 сарын 06-ны өдрийн гэрээг хамгийн сүүлд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Зээлийн гэрээн дээр ч байж байна сая нэхэмжлэгч талаас ч хэлж байна. 25 000 000 төгрөгийн зээлийг яаж авсан бэ гэхээр талийгаач Ө, Д.Э нар төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Тархины саажилт оноштой. Энэ хүүхдийг эмчлүүлэх асрахад маш их хэмжээний зардал гаргадаг. Аав ээж хоёр энэ хүүхдээ эрүүл болгохын тулд бүх зүйлээ зориулж амьдарч байсан. Харамсалтай нь Өлзийбадрах ажил дээрээ байж байгаад гэнэт зуурдаар нас барсан. Ямар ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр ч гэсэн тухайн хүнийг үйлдвэрлэлийн осол гэдэг юм уу, ямар байдал тогтоож чадаагүй. Тийм учраас ар гэрт нь ямар нэгэн мөнгөн дэмжлэг олдоогүй. Тэгээд хариуцагч Д.Э нь 8-18 насны 4 хүүхэдтэй үлдэж байгаа. Нэг хүүхэд нь 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Өөрөө 60 сарын цалингийн зээлтэй. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр нэхэмжлэгч тал өөрөө хариуцагч Д.Э бичгээр гаргасан мэдэгдлийг үндэслэж ярьж байгаа учраас хэлж байгаа юм. Мэдэгдэл өгсөн гэсэн асуудлыг ярьж байгаа учраас хувийн байдлыг тогтоож хэлж байгаа. Бид энэ шүүх хуралдаанд зээл аваагүй гэж маргаагүй. Харин зээлийн үүрэг дуусгавар болсон. Д.Э нь тухайн зээлийг төлөх боломжгүй гэж маргаж байгаа. Эрх зүйн үүднээс, эдийн засгийн үүднээс боломжгүй гэсэн 2 үндэслэлээр маргаж байгаа. Яагаад гэхээр талийгаач Ө цалингийн зээлийг үндэслэсэн, энэ бол талийгаач Өлзийбадрахын цалингийн зээл. Гэтэл Өлзийбадрах өөрөө нас барсан. Тэгэхээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг дурдаж өгсөн. 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан байгаа. Талийгаач Өлзийбадрахын цалинг барьцаалж, тухайн хүний ажил хөдөлмөрөөс олж байгаа орлогыг барьцаалж зээл олгосон байсан. Гэтэл харамсалтай зүйл тохиолдож Ө нас барсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа. Тэгээд үүрэг бол хамт дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 2 удаа мэдэгдэл өгсөн гэж хэлж байна. Тэр мэдэгдлүүд дээр Д.Э хариу тайлбараа өгсөн байдаг. Манайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Тэгээд хүүхдийнхээ эмчилгээнд зориулдаг байсан. Ө нас барсан. Би өөрөө энэ зээлийг төлж барагдуулах ямар ч боломжгүй юм. Энэ зээл нэгэнт дуусгавар болсон. Тийм учраас банкыг эрсдэлийн сандаа хамруулаад манай зээлийг нааштайгаа шийдвэрлэж өгөөч ээ гэсэн агуулгатай өргөдлийг, тийм хариуг өгсөн болохоос би төлж барагдуулна, энэ үүргийг гүйцэтгэнэ гэсэн тийм хариу мэдэгдлийг өгөөгүй юм гэдгийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Иргэний хуулийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг нь тухайн үүрэг гүйцэтгэгчээс өөр хүн тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй. Тэр хүнд л анх үүргийг томьёолохдоо тэр хүний хувийн байдалтай нь хамааруулж, холбогдуулж салшгүй байдлаар гэрээнд тусгасан байдлыг ойлгоод байгаа. Энэ маргааны тухайд гэр бүлийн асуудал, санхүүгийн асуудал яригдаж байна. Үнэхээр энэ нөхцөл байдлыг харахад Иргэний хуулийн 240.1.2-т заасан нөхцөл байдал үүсчхээд байгаа. Хувийн байдалтай нь салшгүй холбоотой буюу тэр хүн ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй болсон, амь насаа алдсан тохиолдолд тухайн үүрэг гүйцэтгэгдэх боломжгүй ийм нөхцөл байдал гэж ойлгож байна. Ийм нөхцөл байдал яг одоо болчхоод өнөөдөр бид маргаад зогсож байгаа. Хэрэв тэр хүн амьд байсан бол энэ үүргийн гүйцэтгэл явж л байх байсан. Өмнө нь ч явж л байсан. Тийм ч учраас энэ үүргийг аль ч талаас нь харсан хувийн байдалтай нь сайлшгүй холбоотой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний 4.3-т заасан хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэсэн байдлаар тайлбарлаж байна. Тийм учраас талийгаач хэдий нас барсан боловч адилхан үүрэг хүлээж байгаа учраас энэ зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн байдлаар тайлбарлаж байна. Танайхаас адилхан үүрэг хүлээх ёстой, төлбөрийн үүргийг адилхан гүйцэтгэх ёстой гэж тайлбарлаад байгаа боловч адилхан эрх эдэлсэн юм уу гэдэг асуудлыг харвал их өөр утга агуулгатай байна. Яг үнэндээ зээлдэгчийг хамтран зээлдэгч гэж оруулж ирээд үндсэн зээлдэгчийн орлогыг судлаад үндсэн зээлдэгчийнхээ дансанд орлогыг хийгээд явчихсан болохоос Д.Э-н хувьд энэ гэрээн дээр гарын үсэг зурсан, барьцаа хөрөнгүүдээр хангасан, үүнээс өөр ямар нэгэн эрх эдэлсэн зүйл байхгүй. Адил эрх эдэлж байж адил үүрэг хүлээх ёстой байх гэж бодож байна. Гэрээний үүргийг шударгаар биелүүлэх ёстой. Гэвч эхлээд гэрээний үүрэг шударгаар үүссэн байх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Х банк ХХК-ийн нэхэмжлэл, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201642588658 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201642588658 тоот зээлийн гэрээний хавсралт барьцаа хөрөнгийн жагсаалт, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Х банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16/247 дугаартай Саусгоби сэндс ХХК-ийн тодорхойлолт, 000096327 дугаартай Ш.Ө нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-13-16, 31-33, 48-50/,  2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тодорхойлолт, 0845584 дугаартай Ц.Э нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-18-19, 35-36, 52-53/, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201743171465 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн БГХ/201743171465 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Х банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/375 дугаартай Саусгоби сэндс ХХК-ийн тодорхойлолт, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ201743293991 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн БХГ201743293991 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/624 дугаартай Саусгоби сэндс ХХК-ийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тодорхойлолт, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн БХГ201843630103 дугаартай барьцааны хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн БГҮ201843630103 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Х банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, 000165642 дугаартай гэрчилгээний хуулбар, 0086202 дугаартай гэрчилгээний хуулбар, 0000225196 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш.Ө зээлийн бүртгэлийн картын хуулбар, Ш.Ө, Ц.Э нарын Х банк ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /3 хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5585/141 дугаартай итгэмжлэлийн хуулбар, орлогын баримт /2 хуудас/, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Гурвантэс сумын Газрын даамлын тодорхойлолт, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29/4920 дугаартай итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай Х банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ц.Э Өмнөговь аймгийн Х банкны салбарын захирал Н.Э гаргасан өргөдлийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Ц.Э Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Х банкны салбарт гаргасан өргөдлийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5585/299 дугаартай Х банк ХХК-ийн итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29/4907 дугаартай Х банк ХХК-ийн итгэмжлэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь Ц.Э холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас  өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 154 855 төгрөг 37 мөнгө, нотариатын зардалд 13 940 төгрөг, нийт 32 168 795 төгрөг 37 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201843630103 дугаартай зээлийн гэрээг нэг талаас Х банк ХХК түүнийг төлөөлж Өм Гурвантэс Т/Т-ийн захирал/эрхлэгч М.Г, нөгөө талаас Б овогт Ш.Ө, У овогт Ц.Э нар байгуулж, тус гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл хэмжээ 11.028.361 төгрөг 68 мөнгө болохыг тогтоож, 25.000.000 төгрөгийн нэмэлт зээл олгож, нийт зээлийн хэмжээг 36.028.361 төгрөг 68 мөнгө гэж тооцон жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгохоор тохиролцсон байна. /хх-54-58/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон БГХ201843630103 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

Зээлдэгч Ш.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох нь хэргийн 86 авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Х банк ХХК нь Ш.Ө, Ц.Э нарын зээл хүссэн өргөдөл, ажил олгогчийн тодорхойлолт, ЗГ/201843630103 дугаартай зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар зээл олгох, эргүүлэн төлөх үндэслэл, гэрээний нөхцөл зэрэг нь зээлдэгч нарын ирээдүйд авах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан өөрийн хөдөлмөрлөх эрхийн дагуу хөдөлмөр эрхлэснийхээ төлөө ажил олгогчоос авах цалингийн орлого болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч энэ эрх нь хуулийн хүрээнд байх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь “...Талуудын хооронд хэд хэдэн гэрээ байгуулагдсан. Гэхдээ эдгээр гэрээнүүд нь бүгд нэг агуулгатай. Тоо, дүн л өөрчлөгдсөн...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас няцаагаагүй ба Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэжээ.

Зээлдэгч Ш.Ө нас барсан үеэс зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэж нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Ц.Э-с шаардсан байна.  

Хэдийгээр хамтран үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл нь ажил олгогч иргэн, ажилтан нас барсан бол гэж заасан. Түүнчлэн зээлийн гэрээний “Зургаа. Гэрээ дуусгавар болох. Цуцлах” гэсэн хэсэгт зээлдэгч нас барах тохиолдлыг заагаагүй боловч зээлийн гэрээний 6.1.3-т Зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон, хүү өөрчлөгдсөн талаарх нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулахаас зээлдэгч татгалзсан / ... зөвхөн цалингийн зээлд хамаарна/ гэжээ.

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгч Ш.Ө нас барснаас хойш зээлдэгч Ц.Э хувийн болон санхүүгийн байдал зээл эргүүлэн төлөх боломжгүй байдал бий болсныг мэдсээр атал  зээлийн гэрээг банкны санаачлагаар цуцлаагүй ба энэ хугацаанаас хойших зээлийн хүүгийн төлбөр 3.804.448 төгрөг 07 мөнгийг хариуцагч Ц.Э хариуцах үндэслэлгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээний 4.3-т  “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”  гэж заасан хэдий ч зээлдэгч Ш.Ө, Ц.Э нарын зээл хүссэн өргөдөл, ажил олгогчийн тодорхойлолт зэргийг үндэслэж зээл олгосон атлаа зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч Ц.Э хариуцуулах үндэслэлгүй байна гэж үзэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт  “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” ,мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэсэн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “ Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх” мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь “ зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно “ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн төлбөр 28.262.306 төгрөг 30 мөнгө + нэмэгдүүлсэн хүү 88.101 төгрөг = нийт 28.350.407 төгрөг : 2 / зээлдэгч Ш.Ө, Ц.Э / = 14.175.203 төгрөгийг хариуцагч Ц.Э-с гаргуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн нотариатын зардал 13.940 төгрөг нь нотариатын ямар үйлчилгээг, хэдэн төгрөгөөр авсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201642588658 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201642588658 тоот зээлийн гэрээний хавсралт барьцаа хөрөнгийн жагсаалт, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Х банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16/247 дугаартай Саусгоби сэндс ХХК-ийн тодорхойлолт, 000096327 дугаартай Ш.Ө нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тодорхойлолт, 0845584 дугаартай Ц.Э нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201743171465 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн БГХ/201743171465 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Х банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/375 дугаартай Саусгоби сэндс ХХК-ийн тодорхойлолт, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ201743293991 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн БХГ201743293991 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/624 дугаартай Саусгоби сэндс ХХК-ийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тодорхойлолт, 000096327 дугаартай Ш.Ө нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 0845584 дугаартай Ц.Э нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ201843630103 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн БХГ201843630103 дугаартай барьцааны хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн БГҮ201843630103 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны Гурвантэс тооцооны төвд гаргасан хүсэлт, 0845584 дугаартай Ц.Э нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, 000165642 дугаартай гэрчилгээний хуулбар, 0086202 дугаартай гэрчилгээний хуулбар, 0000225196 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш.Ө зээлийн бүртгэлийн картын хуулбар, Ш.Ө, Ц.Э нарын Х банк ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /3 хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай зээл төлөх мэдэгдлийн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5585/141 дугаартай итгэмжлэлийн хуулбар, орлогын баримт /2 хуудас/, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Гурвантэс сумын Газрын даамлын тодорхойлолт, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул оролцогчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201843630103 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.Э-с 14.175.203 /арван дөрвөн сая нэг зуун далан таван мянга хоёр зуун гурав/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

2. Хариуцагч Ц.Э-с 17.993.592 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хариуцагч Ц.Э нь 14.175.203 төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХХК-д төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.974 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-с 228.826 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.УГТАХБАЯР