Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2020/00623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг  П.Б нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Баянхонгор Тээвэрчин ХХК-нд холбогдох Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

 Миний бие П.Б нь Баянхонгор сумын Би 2011-2018 онд өөрийн Пургон маркийн автомашинаар хүн тээвэр хийсэн бөгөөд улмаар Пургон машинаар хүн тээвэр хийж болохгүй гэсэн учир том оврын машинаар зорчигч тээвэр хийх ёстой гэсэн шаардлагын дагуу 2019 онд том оврын автобус авсан байгаа. Би тус компанийг анх хоршоо байхад нь хоршооны гишүүнээр 2010 онд орж одоо тус хоршоог компани болоход нь мөн компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн билээ. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн осол гаргаж байгаагүй, хоршоо болон компаниас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан. Жишээ нь миний бие 2014 оны шилдэг жолоочоор хүртэл шалгарч байсан.

Би тус хоршоо болон компаний гишүүн, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байгаагын гол шалтгаан нь өөрийн ганц хийж чадах "зорчигч тээврийн" үйл ажиллагааг эрхлэх, цаашид энэ чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг компанидаа болон өөртөө оруулах үндсэн зорилготой. Жижиг оврын тээврийн хэрэгсэл зорчигч тээвэрт явуулахаа больсноос хойш би ямар ч ажилгүй болж, ямар нэгэн орлогогүй болж байна. Энэ талаар компаний удирдлага болон захиргаанд хамгийн анх 2017 онд өргөдөл өгсөн, 2018 онд мөн өргөдөл өгсөн. Өгч байхдаа том автобусаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн боловч бичгээр ямар нэгэн хариу ирсэнгүй. Энэ талаар хэрхэн яаж шийдвэрлэж байгаа талаар асуухад тодорхой хариу хэлдэггүй.

Би өөрийгөө компаний тендерийн эрхэд орсон, тухайн тендер дээр явах боломжтой гэж ойлгож байгаа, анх хоршоо, болон компани болоход ч би зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэнэ гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр орсон. Би өөрийгөө хувьцаа эзэмшигчийн хувьд тэгш эрхтэйгээр оролцох, аливаа үйл ажиллагаанд оролцох боломжийг эдлэх ёстой гэж боддог. Намайг зорчигч тээврийн үйл ажиллагаанд оролцох гэж хэд хэдэн удаа хүсэлт өгсөн боловч ямар ч шалтаг шалтгаангүйгээр татгалзаад байна. Компаний дүрэм ёсоор компаний гишүүд тэгш эрхтэйгээр ажиллах ёстой байдаг. Иймд П.Б намайг "Баянхонгор тээвэрчин" ХХКомпаний зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж ажиллуулахыг даалгаж өгнө үү...гэжээ.

2020 оны 04 сарын 09-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

Миний бие нь Баянхонгор тээвэрчин ХХК-нд холбогдуулан Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж ажиллуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Энэ агуулгаараа би компанийн өмнөөс хариуцлага хүлээдэг тул мөн өөрийн ажиллах нөхцөл бололцоог хангуулах, тэгш эрхтэй компанийн үйл ажиллагаанд оролцох боломжтой гэж үздэг. Миний бие тус компанид хувьцаа эзэмшиж байгаа гол агуулга нь зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах юм. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн дарга нар нь миний компанид ажиллах, цагийн хуваарьт оруулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь тухайн компанид учруулж байгаа хохирол, нөгөө талаар миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа зөрчил гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-д заасныг зөрчиж үндэслэл бүхий шийдвэр гаргахгүй байна. Манай компани одоогийн байдлаар тус компанийг анх үүсгэн байгуулсан 26 жолооч байснаас зарим нь хасагдаж зорчигч тээврийн үйл ажиллагаанд 20 жолоочийг явуулсан байтал хувьцаа шимтгэлийг төлж үйл ажиллагаанд нь тухай бүр оролцож байгаа намайг зорчигч тээврийн үйл ажиллагаанд оруулахгүй, ажиллуулахгүй байгаа нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар зөвтгөж байна. Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулуулах..гэжээ.

 Нэхэмжлэгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би компаниас мөнгө нэхэмжилсэн зүйлгүй. Автобусныхаа цагийн хуваарьт оруулах хүсэлт л гаргасан. Авто тээврийн үндэсний төв автобусны цагийн хуваарийг мэддэг гэж ярьж байна. Өнөөдөр нэг хүн жолоочоор авна гэвэл компани өөрсдөө шийддэг. Энэ компани дээр бүртгэлтэй байгаа нөхцөлд Төлөөлөн удирдах зөвлөлийн 6 гишүүн шийдээд цагийн хуваарьт оруулчихдаг. Үүнийг Авто тээврийн үндэсний төв ч мэддэг юм биш байгаа. Тийм учраас одоогийн байдлаар нэг жолоочийг хавчаад оруулахгүй байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна.. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Баянхонгор аймгийн нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа нийт жолооч нар нийтийн тээврийн үйл ажиллагааг бие даан гүйцэтгэдэг байсан. 2005 онд Баянхонгор Тээвэрчин хоршоо гэж байгуулагдсан. Энэ хоршоог 9 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулсан байдаг. П.Бийн хувьд 2011 онд тус хоршоог анх Баянхонгор тээвэрчин хоршоо байхад нь гишүүнээр элсэн орсон. Хоршооны үндсэн зорилго нь гишүүддээ үйлчилдэг. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Гишүүдээ ажлын байраар хангах үндсэн зорилготой. Зорчигчоос хураах үнийн 8 хувийг татвар хэлбэрээр өгдөг. Хоршоонд 6 хувийн замын хуудасны мөнгө өгдөг. Бусад зардлаа өөрөө авдаг байдлаар үйл ажиллагаа явуулж байсан. Өөрсдийн авсан машинаа хоршооныхоо нэр дээр шилжүүлээд үйл ажиллагаа явуулдаг. 2018 онд энэ хоршооны нийт гишүүд хуралдаад нийтдээ 26 жолооч шийдвэр гарган хоршоог ХХК болгоё, хоршоонд өмнө хөрөнгө оруулж байсан хөрөнгийг нэгж хувьцаа болгоё гээд нийт 26 хүний хувьцаа олгогдоод ганцхан хүн нэг дахин илүү бусад жолооч нар тэнцүү хувьцаа эзэмших байдлаар дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Компанийн зорилго бол хэдийгээр ашгийн төлөө боловч нэгдэн орсон үүсгэн байгуулагчид өөрсдөө аж ахуйн нэгжид автобусаараа үйл ажиллагаа явуулж хураамж хэлбэрээр аваад эндээсээ жолооч ашиг олох үйл ажиллагааг явуулж байгаа юм.

 П.Бийн хувьд 2011 онд хоршоонд элсэн орсноос хойш хоршоо компаний бүхий л үйл ажиллагаанд оролцсон. Сар бүр өгдөг татвар хураамжийг өгсөн. Техникийн үйл ажиллагааг өргөтгөхөд хураасан 1.000.000 төгрөг өгсөн. Одоо компаниас хувьцаа эзэмшигчийн хувьд энэ компанийн бусад байгууллагатай холбосон гэрээ хэлцлийн үр дүнд өөрийн том оврын автобусаа компаний нэр дээр бүртгүүлээд цагийн хуваарьт орох шаардлага байгаа юм. Хувьцаа эзэмших эрх нь тухайн компанид жолоочоор ажиллаж ашиг хүртэх явдал юм. Одоо нийтдээ 21 том оврын автобус явдаг. Нэг хувьцаа эзэмшигч 7 хоногт 2 удаа тээвэрт явж байгаа. Компанийн удирдах зөвлөл хуралддаггүй. Ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаад байгаа. Тээвэрчин ХХК-д автобустайгаа ажиллах хувьцаа эзэмшигчийн эрхийн хүрээнд даалгая. Холбогдох гэрээ дүрэм журам даалгах, цагийн хуваарьт оруулахыг даалгах гэсэн байдлаар хандсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн учраас шаардлага гаргасан байгаа. Энэ шаардлага нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх нь зөрчигдсөн байгаа. Баянхонгор Тээвэрчин Хоршоо нь гишүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Хоршооны дүрмийн 13 дугаар зүйлийн 2.1-т гишүүдийн эрх хэмжээг зааж өгсөн. Хоршооноос зохих үйлчилгээ авна гээд, зохих үйлчилгээ гэдэгт Баянхонгор тээвэрчин хоршооны гишүүн нь тухайн хоршооны нэр дээр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж болно гэсэн энэ үйлчилгээг ойлгож байгаа. Энэ үйлчилгээ цаашид явсаар Баянхонгор тээвэрчин ХХК болсон ч үйл ажиллагаа хэвээр үргэлжилсэн. 2017 онд жижиг оврын тээврийн хэрэгсэл явуулахгүй гэсэн авто тээврийн үндэсний төвийн шаардлага гарсан гэж хариуцагч тайлбарласан. Энэ шаардлагын хүрээнд П.Бийн өөрөөс нь үл шалтгаалах шалтгаанаар зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг зогсоосон. Компани энэ эрхийг нээх үүрэгтэй байгаа. Харамсалтай нь хариуцагч талын тайлбарлаж байгаагаар 20 жолооч ажиллаж байгаа. Хэрвээ нэг жолооч нэмбэл 20 жолоочийн  ашиг орлого багасна гэсэн байдлаар тайлбарлаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Ийм учраас Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т зааснаар ногдол ашиг нь өөрөө энэ компанид жолооч хийх үндсэн үйл ажиллагаа, эрх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.. гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч П.Б нь Баянхонгор тээвэрчин хоршоонд 2011 оны 10 сард хүсэлт гаргаж, тус хоршоо нь жижиг оврын автобусаар зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тус хоршоо нь 2018 онд өөрчлөгдөн байгуулагдаж Баянхонгор тээвэрчин ХХК болсон бөгөөд хоршооны жолооч нарыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Компанийн хувьцаа эзэмшигч, бусад этгээдүүд компанийн үндсэн болон дотоод үйл ажиллагаанд гагцхүү хуульд заасан эрх, үүргийн дагуу оролцох эрхтэй байдаг. Иймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж ажиллуулахыг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч П.Б нь Баянхонгор тээвэрчин хоршоонд 2011 оны 10 сард хүсэлт гаргаж, тус хоршоо нь жижиг оврын автобусаар /пургон/ зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр гишүүнээр элсүүлэн ажиллуулж байсан болно. Одоогоор тус компани жижиг оврын автобусаар зорчигч тээвэрлэдэггүй болно. Тус хоршоо нь 2018 онд өөрчлөгдөн байгуулагдаж Баянхонгор тээвэрчин компани болсон бөгөөд хоршооны гишүүд тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Компанийн хувьцаа эзэмшигч, бусад этгээдүүд компанийн үндсэн болон дотоод үйл ажиллагаанд гагцхүү хуульд заасан эрх, үүргийн дагуу оролцох эрхтэй байдаг. Иймээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь тодорхойгүй Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж ажиллуулахыг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баярнэмэх нь 2011 онд Баянхонгор тээвэрчин хоршоонд хүсэлт гаргаад жижиг оврын автобусаар гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус хоршоо нь 2018 оны 03 дугаар сард өөрчлөн байгуулагдаж Баянхонгор тээвэрчин  ХХК болсон байгаа. Ер нь хоршоонд Н.Баярнэмэх мөнгө оруулсан. 2.000.000 төгрөг өгсөн, тэр нь яасан талаар маргаан байхгүй. Яг тухайн хоршоо өөрчлөн байгуулагдахад тухайлсан ямар нэгэн хөрөнгө бий болоогүй. Элсэлтийн хураамжийг хоршооны гишүүдийн нэгэн адил төлж байсан. Баярнэмэх нь манай компаний хувьцаа эзэмшигч мөн үү гэвэл мөн байгаа. Баярнэмэхийн 2011 онд өгсөн өргөдөлд өөрийнх нь хүсэлтийг үндэслээд жижиг оврын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр гэрээ хийгээд 2017 онд дуусгавар болсон байдаг. Баярнэмэх нь 2017 оноос хойш бол ямар нэгэн тээвэрлэлт хийгээгүй. Хувьцаа эзэмшигч нь Компаний тухай хуульд ямар байдлаар оролцох талаар зааж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь Баянхонгор тээвэрчин ХХК-нд холбогдуулан Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгахыг тус тус хүсэн шаарджээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа 2011 онд Баянхонгор тээвэрчин хоршоонд гишүүнээр элсэж, 2011 оны 10 сард хүсэлт гаргаж, тус хоршооны нэр дээр жижиг оврын автобусаар /пургон/ зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байсан. Тус хоршоо нь 2018 онд өөрчлөгдөн байгуулагдаж Баянхонгор тээвэрчин компани болсон бөгөөд хоршооны гишүүд тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Тухайн үеийн хоршооны гишүүд бүгд одоо Баянхонгор тээвэрчин ХХК-ийн нэр дээр том оврын автобусаар тээвэрлэлт хийж байгаа тул миний бие том оврын автобусаар тээвэрлэлт хийх эрхтэй гэж шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагчийн төлөөлөгч нь П.Б нь 2011 оны 10 сард хүсэлт гаргаж, тус хоршоо нь жижиг оврын автобусаар /пургон/ зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр гишүүнээр элсүүлэн ажиллуулж байсан болно. Одоогоор тус компани жижиг оврын автобусаар зорчигч тээвэрлэдэггүй болно. Тус хоршоо нь 2018 онд өөрчлөгдөн байгуулагдаж Баянхонгор тээвэрчин компани болсон бөгөөд хоршооны гишүүд тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Компанийн хувьцаа эзэмшигч, бусад этгээдүүд компанийн үндсэн болон дотоод үйл ажиллагаанд гагцхүү хуульд заасан эрх, үүргийн дагуу оролцох эрхтэй байдаг. Компанийн гишүүн бүрт том оврын автобусаар тээвэрлэлт хийлгэх зөвшөөрөл өгөх боломжгүй. Учир нь том оврын автобусны парк ашиглалт бага хувьтай, сул зогсолт их учир жолооч нарт ногдох ашиг бага учир нэмж автобус цагийн хуваарьт оруулах боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.

Баянхонгор тээвэрчин ХХК нь 2018 оны 03 сарын 11-ний өдөр хоршооны хэлбэрээс компани болон өөрчлөн байгуулагдаж, хоршооны гишүүдийг компанийн хувьцаа эзэмшигч болгон нийт 26 гишүүдэд тэнцүү хэмжээгээр хувьцаа эзэмшүүлэхэд компанийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч П.Б бүртгүүлсэн, компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэх, ногдол ашиг тараасан эсэх дээр талууд маргаангүй байна. /ХХ154-155/

Улмаар П.Б нь 2019 оны 11 сарын 15-ны өдөр Г.Мөнхбаяраас XYUNDAI төрлийн хүн тээврийн автобус худалдан авч, 2019 оны 12 сарын 18-ны өдөр /ХХ 145-146/ Баянхонгор тээвэрчин ХХК-ийн захиргаанд хандан Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж өгөхийг хүссэнийг Баянхонгор тээвэрчин ХХК-иас шийдвэрлэж өгөөгүй гэснээр маргаан үүсгэжээ. Шүүх зохигчдын хуульд заасан журмаар гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэл, тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Тодруулбал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудаар П.Бийн иргэний эрхэд Баянхонгор тээвэрчин ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж хөдөлмөрийн болон, Иргэний эрх зүйн эрхийн зөрчил үүсээгүй байна гэж шүүх дүгнэв. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг тодорхойлсон байх бөгөөд эдгээр тохиолдлуудад зохигчдын маргаан бүхий харилцааг хамаатуулан ойлгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл зохигчдын дунд том оврын автобусаар тээвэр хийх эсэх дээр ямар нэгэн амаар болон бичгээр хийсэн хэлцэл байхгүй, гэм хор учруулсан, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, компанийн гишүүний хуулиар болон дүрмээр олгогдсон эрх ашиг сонирхолыг хууль бусаар хохироосон зэрэг хууль зүйн болон бусад үйл явдал болоогүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа Компаний хувьцаа эзэмшигчийн хувьд компаний үндсэн үйл ажиллагаанд биелэн оролцох, тус компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх эрхтэй гэж тайлбарлан шаардаж байгаа ч энэ эрх нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, хувьцааны ногдол ашиг авах зэрэг хуулиар олгогдсон хэм хэмжээнд хамааралгүй юм. Түүнчлэн компанийн захирал, Төлөөлөн Удирдах зөвлөл нь эрх хэмжээгээ хэтрүүлж нэхэмжлэгчид том оврын автобусаар зорчигч тээвэрлэх эрх олгож, цагийн хуваарьт оруулахгүй хууль зөрчиж байна гэх боловч энэ асуудал нь тухайн компанийн дүрэм болон Компанийн тухай хуулиар зохицуулагдсан, компанийн дотоод асуудал тул шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

П.Бийн хүсэлтээр Баянхонгор тээвэрчин хоршооны даргын 2011 оны 10 сарын 20-ны өдрийн 09 дугаар тушаалаар түүнд УАЗ-2206 Фургон маркийн жижиг оврын автобусаар зорчигч тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөл, зохчигдын дунд хийгдсэн хэлцэл дуусгавар болсон талаар зохигчид тайлбарласан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Нэхэмжлэгч П.Бийн Баянхонгор тээвэрчин ХХК-нд холбогдуулан гаргасан Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгахыг тус тус хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ