Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1305

 

“Б-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00964 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Б-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О Ш” ХХК-д холбогдох

Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний үүрэгт 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, Э.Гэрэлт-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Б-А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай компани нь хариуцагч “О Ш” ХХК-тай Тээврийн зуучийн үйлчилгээний 2017/016 тоот гэрээ байгуулан тээврээ хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хэбэй муж, Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass ХХК-иас 20 тонн чингэлэг ачааг /барилгын шавардлагын тор/ 2 060 ам.доллароор тээвэрлүүлэх захиалга өгсөн. Дээрх захиалга өгсөн ачааны төлбөр болох 16 525.5 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нийлүүлэгч тал руу шилжүүлсэн байсан. Ачаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж бэлэн болсон. “О Ш” ХХК-иас бидэнд өгсөн мэдээллээр бол 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хятадын тээвэр зуучийн компани руу 2 100 ам.доллар шилжүүлсэн, Хятадын тээвэр зуучийн компани ачааг Эрээнд ирэх үед нэмж 6 000 ам.доллар шаардсанаар ачаа саатсан гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан 2017/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд заасны дагуу манай компанийн ачааны үнэ болох 16 562.5 ам.доллар буюу 40 694 062 төгрөгийг хариуцагч “О Ш” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин зарим бараа чингэлэгт багтаагүй учраас тэндээ үлдсэн, үлдэгдэл ачааны хөлс 990 ам.долларыг хассан. Нэхэмжлэлээ шүүхэд гаргах үеийн ханш буюу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ханшаар буюу 1 ам.долларыг 2 440 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргасан. Иймд хариуцагч “О Ш” ХХК-иас 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О Ш” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Б-А” ХХК-д тээвэр зуучийн үйлчилгээг 2015 оноос хойш хүргэж ирсэн бөгөөд тус компанийн Чинхуандо хотоос авах 20 тонн барилгын шавардлагын тор тээвэрлэх саналыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авч Хятадын олон тээвэр зуучийн компанийг судлан хамгийн боломжит үнийн саналыг Циндао Лианг стар компаниас авч нэхэмжлэгч “Б-А” ХХК-д санал болгосон. “Б-А” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээвэр хийлгэх санал ирсэн, мөн өдрөө Циндао Лианг Стар компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн. Циндао Лианг Стар компани нь Зенгзоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь конпани Шензен Нептүүнэ агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас “Б-А” ХХК-ийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна. Дээрх шалтгаануудын улмаас манай компани нь Циндао Лианг стар болон Зенгзоу дахь залилан хийдэг компанийн хохирогч болсон тул уг асуудалд буруутай гэж үзэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О Ш” ХХК-иас 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б-А” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “О Ш” ХХК-ийн төлөөлөгч Г.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал нарт мэдэгдэлгүйгээр хийсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж илтэд худал тэмдэглэсэн. Өмгөөлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18/13 дугаартай хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг уншиж сонсгохдоо “хариуцагч тал цагдаад гомдол гаргасан байгаа гэсэн Хятад улсад хийлгэх, шалгуулах ажиллагаагаа цагдаагаар хийлгэхгүй юу, заавал шүүх хийх албагүй” гэж хэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ хууль бус үндэслэлээр биелүүлэхээс зайлхийсан гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бичгээр гаргасан шүүгч М.Мөнхтөрийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгч 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн гэх боловч тухайн хүсэлт шийдвэрлэх шүүх хуралдаанд гомдол, хүсэлт гаргагчийг оролцуулаагүй, товыг мэдэгдээгүй, улмаар Ерөнхий шүүгчийн захирамжийг танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр шүүх хуралдааныг товлон хуралдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасныг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрт хариуцагч нь дээрх чингэлэгтэй барааг тээвэрлүүлэхээр Хятад улсын Циндао лианг стар компанид 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр захиалга өгч, хамтран ажиллах гэрээ байгуулж тээврийг эхлүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс тээврийн гэрээ Хятад улсын дээрх компанид тээвэр эхлүүлэхийн тулд төлсөн мөнгөний баримт, цахим шуудангаар харилцаж байсан талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Албан ёсны орчуулгыг ч мөн хүргүүлсэн. Үүнээс гадна, шүүгч М.Мөнхтөрийн урьд нь даргалан явуулж, хойшлогдсон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийж, тухайн барааг ачилтанд өгсөн зургийг хэвлэсэн, ачаа илгээгч худалдан авагч нарын харилцсан гар утсан дээр авсан зургийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан тухай үзлэгийн тэмдглэл хэрэгт авагдсан. Шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх үед хариуцагчийн төлөөлөгч “энэ материалыг би монгол хэл рүү орчуулуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хэрэгт хавсаргуулъя” гэхэд шүүгч зөвшөөрч тухайн материалыг өгсөн. Гэтэл тухайн баримт болон түүний орчуулгыг шаардан авч хэрэгт хавсаргалгүйгээр, шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Хариуцагч нь гэмт хэргийн золиос болж хятадын тээвэр зуучийн гэх компаниуд тээвэрлэлтийн зуучийн үйлчилгээг үзүүлэхдээ “О Ш” ХХК-д мэдэгдэлгүйгээр ачаатай чингэлэгийг дамжуулан тээвэрлэсэн төдийгүй 3 дахь зууч нь ачааны тээвэрлэлтийн үнийг 3 дахин нэмэгдүүлж дахин 6 500 ам.доллар нэхэмжилж өгөхгүй болохоор ачааг барьцаалсан гэсэн мэдээ авсан. Мөн эдгээр хэсэг бүлэг этгээд ямар нэгэн далайн тээвэрлэлт хийсэн гэх үндэслэл гаргасан байгаа. “Б-А” ХХК-ийн худалдан авч байгаа барааг нийлүүлсэн үйлдвэр нь хятад улсын эх газар дээр оршдог бөгөөд далайн тээвэрлэлт орох ямр ч үндэслэлгүй. Дээрхийг нэгтгэн үзвэл “Б-А” ХХК-ийн барааг ачуулсан компани мөнгийг банкаар хүлээн авсны дараа барааг тээвэрлэлтэнд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхой бус байна. Худалдан авагч нь бараагаа нэхээд байхад барааг илгээгч нь барааг хэзээ хэрхэн хэнд ачуулсан, тээвэрлэгч нар хэнд хэзээ дамжуулан шилжүүлснийг тодруулж худалдан авагчид энэ тухайгаа нотлосон бичиг хүргүүлж, улмаар ямар нэг үүрэг хүлээх үнүдэслэлгүй гэдгээ нотлосон баримтыг худалдан авагч талд өгөөгүй байгаа болно. Худалдан авагч, бараа илгээгч хоёр тал 2017 оны 5 дугаар сард мөнгө шилжүүлсэн, бараа илгээсэн гэх боловч энэ мөнгөний дагуу барааг ачуулсан бараагаа тээвэрлэлтэнд өгсөн гэдгээ бүрэн нотлож чадаагүй. Өмгөөлөгчийн хоёр улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын гэрээний дагуу Хятад улсад тодорхой ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Цагдаагаараа шалгуулахгүй юу гэж шүүгч хэлсэн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Шүүхийн шийдвэрт хятад компанид залилуулсан гэх асуудлаа цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа болох нь Баянгол дүүрэг дэх 2 дугаар хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 14/1491 тоот албан бичгээр тогтоогдож байна гэж бичжээ. Гэвч энэ нь хариуцагчийг нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх тухайн тээвэрлэлт, “Б-А” ХХК-тай байгуулсан гэрээний асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгааг мэдсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоогүй нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Б-А” ХХК нь хариуцагч “О Ш” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний үүрэгт төлсөн 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө гаргах үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт тус тус зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбараа нотлох зорилгоор хариуцагч компанийн захирал Б.Нямбаяр, борлуулалтын менежер Б.Уянга нарын болон “Б-А” ХХК-ийн цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан, уг хүсэлтийг шүүх хангаж, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн боловч “Б-А” ХХК-ийн цахим шууданд үзлэг хийж, Б.Нямбаяр, Б.Уянга нарын цахим шуудан үзлэг хийгээгүй орхисоноос гадна “Б-А” ХХК-ийн цахим шуудангийн мэдээллүүдийг баталгаат орчуулгаар орчуулан хэрэгт хавсаргахаар үзлэгийн тэмдэглэлд заасан боловч уг бичмэл баримт хэрэгт авагдаагүй нь захирамжийн заалт биелэгдээгүй буюу хэргийн оролцогчийн хүсэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6  дах хэсэгт заасныг зөрчжээ.

Мөн маргааны зүйл болох ачаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотод ирсэн эсэхийг тодруулах зорилгоор УБТЗ ХНН-ээс лавлагаа гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангасан боловч Улаанбаатар Төмөр Замаас “...улсын хилийн цаана байгаа ачааны лавлагааг өгөх боломжгүй” гэсэн хариу ирүүлснээр уг нөхцөл байдал тодорхой бус үлджээ. /хх-ийн 85-87/

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ачаа хаана байгааг тодруулах талаар дахин хүсэлт гаргасан байхад шүүх мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулаагүй нь буруу байхаас гадна талууд зуучлалын гэрээний үүргийн биелэлтийн талаар маргаж байгаа тохиолдолд ачаа хаана саатсан үйл баримтыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байж болхоор байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчиж, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож, дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн,  шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нь шүүхээс лавлах үүрэгтэй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

Мөн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийг заавал оролцуулах шаардлага хуулиар тавигдаагүй  болно.