Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 15-5 тоотод оршин суух, Сартуул овогт А.Я/ /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах, Ховд аймгийн ЗӨС төв //-д холбогдох,

Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн шаардлагатай,

Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай тодруулсан шаардлагатай,

Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр “А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын 2 дахь заалт буюу А.Яг өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр “Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалын 1 дэх заалт буюу А.Яг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай,

А.Яд холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай Ховд аймгийн ЗӨС төвийн сөрөг нэхэмжлэлтэй 153/2020/00099/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, гэрч Ц.Сайнбилэг, Ш.Хабива, Х.Цацрал, М.Батмягмар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Я нь Ховд аймгийн ЗӨС төвд холбогдуулан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргасан. Гомдлын шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Эхний ээлжинд гомдлын шаардлагын талаар тайлбар хийнэ. Дараа нь гомдлын шаардлагын талаар тайлбар хийнэ.

1. Гомдлын нэгдүгээр шаардлага нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн А/35 дугаартай ажилтанд ээлжийн амралт олгож өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай тушаалын 2 дахь заалт буюу А.Яг өндөр насны тэтгэвэрт гарсан хэсгийг хүчингүй болгуулах,

2. Гомдлын хоёрдугаар шаардлага нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/11 дугаартай ажилтан тэтгэмж автал түр ажиллуулах тухай тушаалын 1 дахь заалт буюу А.Яг түр ажиллуулах тухай шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

3. Гомдлын гурав дахь шаардлага нь Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай ажилтанд өндөр насны тэтгэвэрт гаргах тушаалыг хүчингүй болгуулах,

4. Гомдлын дөрөв дэх шаардлага нь Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дугаартай А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах,

5. Гомдлын тав дахь  шаардлага нь Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дугаартай ажилтанг ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах гэсэн тушаалтай холбоотой 5 шаардлага, мөн А.Ягийн урьд эрхэлж байсан Ховд аймгийн ЗӨС бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, А.Ягийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, бичилт хийлгэхийг даалгах, А.Ягийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны буюу 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах,  2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны буюу 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:

Ажил олгогчоос санаачилж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн агуулгатай тушаал байгаа. Энэ тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримталсан байна. Энэ нь ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хуульчилсан. Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилтны иргэний үнэмлэхээр ажилтны төрсөн он, сар, өдрөөр тооцоход тушаал гарсан өдөр 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгодог....Нэхэмжлэгч А.Я нь ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гарсан өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 насанд хүрээгүй байсан. Ажилтан 60 нас хүрээгүй байхад ажил олгогч этгээд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ажилтан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх асуудал нь тухайн ажилтан өөрөө хүсэж эдлэх эрх юм....Үүнийг ажил олгогч этгээд хүчээр элдлүүлэх боломжгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх авсан ажилтан, ажил олгогч этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг бүрдүүлж чадахгүй. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар дуусгах харилцаа хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Ягийн өндөр насны тэтгэвэрт гаргасан тушаалын дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар буюу гэрээт ажилтнаар томилох тушаалыг ажил олгогч гаргаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллуулж байсан. Энэ шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээтэй нийцсэн байна. Хууль тогтоомж, хамтын гэрээнд заасан нөхцөлийг дордуулсан бол хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.4 болон 21.5-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна. Яагаад гэвэл төрийн үйлчилгээний албан тушаал нь байнгын ажлын байр юм. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулан ажиллуулах хуулийн зохицуулалттай. Төрийн албан тушаалын цалин хөлсийг дээд шатны байгууллага тогтоосон байдаг. Эрүүл мэндийн ажилтны тухайд цалингийн шатлал, сүлжээг Засгийн газраас тогтоосон. Засгийн газраас тогтоосон хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр байгаа. Засгийн газраас тогтоосон төрийн албан хаагчийн нэмэгдэл, урамшуулал олгох журам бас үйлчилнэ. Гэрээт ажилтнаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар ажилтан нь 1-д Засгийн газраас тогтоосон хэмжээнээс доогуур цалин хөлс авах нөхцөл үүснэ. 2-т Засгийн газраас тогтоосон нэмэгдэл урамшуулалд хамрагдах боломжгүй болно.

Энэ нь Засгийн газрын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг дордуулсан шийдвэр байна. Үүнийг хүчингүй болгуулж эрх зүйн үр дагаврыг арилгах гомдлын нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн салбарын ажилтанууд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй. Энэ эрхийг ажилтан хүсэж эдлэх эрх, албадан эдлүүлэх эрх биш. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгах, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй....Гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Бид нарыг зүгээс гомдлын шаардлагад хамааралтай нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлалаа. Хариуцагчийн зарим тайлбар маргаанд хамааралгүй учир няцаалт хийх шаардлагагүй гэж бодож байна.... 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 2,421,979 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөг, нийт 3,392,418 төгрөгийг хариуцагчаас гаргуулана....Үндсэн цалингийн дунджаас бодсон. 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр бүтэц орон тоо баталсан тушаалаар ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэл байсан.  2020 оны 10 дугаар сард ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулах гэсэн тушаал байгаа. 2020 оны 1, 2, 3 сарын үндсэн цалингийн зөрүү 730,257 төгрөг, үүн дээр нэмэгдэл, урамшуулалыг ТҮЭМ-2-5-д заасан 663,419 төгрөгөөс тооцон сар бүр төрийн алба хаасны хугацааны нэмэгдэл 25 хувь, орон нутгийн нэмэгдэл 10 хувь, хортой нөхцлийн нэмэгдэл 10 хувь, ур чадварын нэмэгдэл 25 хувь, төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшуулал 15 хувиар гэж тус тус тооцон гаргасан...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг дуустал ажлын өдрөөр тооцож гаргасан. Ажлын өдөр нь 17 хоног байгаа. Үндсэн цалинг нэг сарын дундаж ажлын өдөр буюу нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу 21.5-д хувааж ажлын 17 хоногоор үржүүлнэ. Үржүүлж гарсан тоо нь 524,563 төгрөг. Үндсэн цалингаа нэмэгдэлдээ хуваагаад 970,439 төгрөг гэдэг дүн гарч байгаа. 17 хоногийн ажлын өдрийн цалин нь 524,563 төгрөг байна. Энэ нь ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлал буюу 663,419 төгрөгөөр тооцож байгаа. Ингээд хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөгийг гаргуулна....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…Өндөр настны тэтгэвэрт гаргаж, амралт олгох тухай А/35 дугаартай тушаалыг А.Я бид хоёр хоорондоо ярьж зөвшилцөж гаргасан. Тухайн өдөр А.Я нь тушаалаа авсан. Тушаалаа аваад нягтлангаас цалингаа аваад амарсан. Манай байгууллага нь ажил үүргийн онцлогоос хамаарч  9 дүгээр сараас хойш амралтаа авдаг. А.Я нь олон жил ажилласан. Эртхэн амраад шүүхээр нэршлээ өөрчлүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй байна. Та миний тушаалыг гаргаад өгөөч гэхээр нь би тушаалаа гаргаж өгсөн. Сайн дураараа тэтгэвэртээ гарах тухай өргөдлөө манай хүний нөөцийн ажилтанд өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа. А.Я нь сайн дураараа тэтгэвэртээ гарсан. 45 нас хүрээд хортой нөхцөлөөр сайн дураараа тэтгэвэртээ гарч болно гэсэн заалтын дагуу тэтгэвэртээ гарсан. А.Я нь 10 дугаар сард эргэж ажилдаа орж ирээд тэтгэврээ тогтоолгож амжсангүй. Одоо яах вэ гэхээр нь тэтгэвэртээ гартлаа ажиллаж байхгүй юу цалинг чинь хасахгүй гээд түр ажилтнаар ажилд авсан. Нэгэнт тэтгэвэртээ гарсан хүнийг жинхэнэ ажилтнаар авч болохгүй. Уг хоёр тушаалыг аваагүй гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Тушаалаа аваад нийгмийн даатгалд очоод тэтгэврээ тогтоолгосон байгаа. Тэтгэмжээ авахын тулд тэтгэврийн дэвтрийг нь үндэслээд яам руу явуулсны дараа тэтгэмж нь орж ирдэг....А.Я нь 10 дугаар сард ажиллаж байгаад 12 дугаар сард оны эцэст чи 01 дүгээр сард ажлаасаа гарна шүү. Тэтгэвэртээ гарч байна шүү. Тэтгэврээ тогтоолгоод тэтгэмжээ авсан байна гэхэд даргаа манай нөхөр хөдөө өвөлжиж байгаа би хүүхэдтэйгээ энд байгаа. Түлш байхгүй хүйтэн хэцүү байна гэхээр нь чи гэрээтээр хуучин ажиллаж байсан ажлаа хийгээд 3 сар ажиллаж байгаад дулаарахаар ажлаасаа гараарай гэж хэлсэн. А.Я нь зөвшөөрч гэрээтээр ажиллахаар болсон. Гэрээтээр ажиллаж байх хугацаандаа шүүхэд хандсан байдаг.

....Тэтгэвэртээ гарсан 8 дугаар сарын тушаалаа мэдэхгүй гэж ярьж байна. Ийм ёс зүйгүй байж болохгүй. Тушаалаа аваад нийгмийн даатгалд өгөөд тэтгэвэртээ гараад дараагийн байгууллагаас тэтгэмжээ авчихаад өнөөдөр би мэдэхгүй гэж хэлж байгаад нь харамсаж байна. Ийм ёс зүйгүй байж болохгүй гэж бодож байна. 8, 10 дугаар сарын тушаалын шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг уу. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлаар шүүхдээд байж болох уу. Тушаалаа мэдэхгүй байгаа бол 12 дугаар сард гарсан А/28 тушаалын нэхэмжлэл гаргаж байхдаа мөн энэ үеийн байдлынхаа талаар нэхэмжлэл яагаад гаргаагүй вэ гэдэгт би эргэлзэж байна. 01 дүгээр сард тэтгэвэрт гарна гэхэд намайг харж үзээч, сүүлийн 6 сар өндөр цалин авбал тэтгэвэр өндөр тогтдог гэнэ гэхэд нь би хууль зөрчөөд тушаал гаргаж өгсөн. ТҮ-ээр цалинжих ёстой хүнийг ТҮЭМ-ээр цалинжуулсан. Тиймээс энэ тушаалуудыг хүчинтэй гэж үзэж байна. 8, 10 дугаар сарын тушаал нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үү, үгүй юу гэдгийг шүүхээс хянаж өгнө үү гэж хүсэж байна. 10 дугаар сард түр тушаалаар ажиллаж байсан хүнийг ажилд нь авахдаа бид хуулийн мэргэжилтэй биш болохоор хуулийн заалт, тэргүүнд алдаа гаргасан байх магадлалтай гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Тушаалын утга нь 8 дугаар сард тэтгэвэртээ гарсан, 10 дугаар сард тэтгэврээ тогтоолгох хүртэл А.Яг хохироохгүй ажиллуулах тухай гэсэн тушаал байгаа. 12 дугаар сард гарсан тушаал нь тэтгэвэр, тэтгэмжээ аваад ажиллаж байсан хүнийг чөлөөлөх тухай тушаал гэж би өөрөө ойлгож байгаа юм....1 дүгээр сард нөхөр нь хөдөө явсан, түлшгүй хэцүү байна гэхэд нь олон жил ажилласан хүнийг би хаяж болохгүй гээд гэрээтээр авч ажиллуулсан. Өөр арга надад байхгүй. Би тэтгэвэртээ гарсан хүнийг буцааж авах боломжгүй. Гэрээтээр авч ажиллуулах эрх нь надад байгаа. 3 дугаар сард Төрийн албаны зөвлөл, эрүүл мэндийн газар, эрх бүхий байгууллагуудаас надад олон албан бичиг ирсэн. Өндөр насны тэтгэвэр, тэтгэмжээ аваад гарсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлж дараагийн залуу боловсон хүчнийг ажилд нь ав гэсэн албан бичиг жил бүр надад ирдэг. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсаны дагуу А.Яг 3 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлсөн. А.Ягийн нийгмийн баталгааг хангасан. А.Яг өөрийнх нь хүсэлтээр амрах ёсгүй улиралд амрааж, тэтгэвэрт нь гаргасан. Тэтгэвэртээ гарсны дараа түр тушаалаар үндсэн цалинг нь өгч ажиллуулж байсан. Байгууллагын даргын менежментийн хувьд А.Я нь оны эхэнд тэтгэвэртээ гарна гэж хэлээд цалингаа нэмэгдүүлээд, сүүлийн 6 сар өндөр авна гэж надтай тохирсон тул дараагийн боловсон хүчинээр эмнэлгийн сертификаттай хүнийг авахын тулд бага эмч залууг бэлдээд, ариутгагчийн курсэд сургаж түр ажилд авсан. А.Яг тэтгэвэртээ гарсны дараа тэр хүнийг ажилд авч жинхэлсэн. Бэлдмэлчин гэдэг албан тушаалыг өмгөөлөгч ярихдаа эрүүл мэндийн ажилтан гэж ярьж байна. 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө эрүүл мэндийн байгууллагын ажилтан гэж байсан. Харин Засгийн газрын 382 дугаар тогтоол гарснаас хойш эмнэлгийн сертификатгүй учир эрүүл мэндийн байгууллагын туслах ажилтан, үйлчилгээний ажилтан болсон. А.Я нь үйлчилгээ үзүүлдэг ажилтан юм. Түүнээс мэргэжлийн ажилтан биш. Мэргэжлийн ажилтан гэж диплом, сертификаттай хүнийг хэлж байгаа. А.Я нь олон жил ажилласан туршлагатай үйлчилгээний ажилтан юм. Байгууллагын бүтэц орон тоог 2017 юм уу 2018 онд баталсан байдаг. 2018 онд бүтэц орон тоог баталж байхад 2012 оны н.Туяа сайдын тушаалаар А.Ягийн ажлын байр ТҮЭМ-ийн зэрэглэлд багтаж байсан. 2019 онд албан тушаал бүрд индекс, код зааж өгсөн. Жишээ нь түргэн тусламжийн жолооч хэдээр цалинжихыг зааж өгсөн. Бэлдмэлчин гэж байхгүй. Бэлдмэлчин гэж үйлчилгээний ажилтанд орж байгаа юм. А.Ягийн хэлсэн болгоныг биелүүлж ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлээр цалинжуулж хууль зөрчиж ажиллуулсан. Яагаад хууль зөрчиж тушаал гаргасан вэ гэвэл энэ үйл явдал нь хоёр хүний итгэлцлийн хүрээнд болсон явдал. Намайг ажилд ороход ажиллаж байсан. Олон жил ажиллаж байсан гэдгийг харж үзээд тэтгэврийг нь өндөр тогтоохын тулд А.Яг ТҮЭМ-ийн 2 дугаар зэрэглэлээр цалинжуулж ажиллуулсан....А.Я нь өөрөө өргөдлөө өгч миний гаргасан 8 дугаар сарын тушаалыг өгч тэтгэврээ тогтоолгосон. Тэтгэврээ тогтоолгоод тэтгэврийнхээ дэвтэр, тушаалаа авч очоод тэтгэмжээ авсан байгаа. Тэтгэвэрт гарсан тушаал, өргөдөл, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслээд тэтгэмж нь орж ирдэг. Тэтгэвэрт хүчээр гаргаагүй. Өөртэй нь ярьж тохироод гаргасан.

...Миний гаргасан тушаалын дагуу цалингаа бүтэн авсан. Дутуу аваагүй. Нийгмийн даатгалын дэвтэрт авсан цалингийн дагуу бичилт нь хийгдэж байгаа. Нэхэмжлэгч тал хэдэн төгрөг нэхээд байгааг мэдэхгүй байна. Гаргасан тушаалын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөөд явсан. А.Яг хохироосон зүйл байхгүй гэж үзэж байна.

Бэлдмэлчингийн ажилдаа буцаж орох боломжгүй. А.Я нь тэтгэвэртээ гарсан. Тухайн үед би харж үзээд 3 сар, дахиад 6 сар ажиллуулсан. Үүнээс илүү ажиллуулах боломж байхгүй. Нийгмийн даатгалын хууль, журмаараа 45 нас хүрээд өөрөө тэтгэврээ тогтоолгож, тэтгэврийн хүн болсон. Тэтгэврийн хүнийг ажилд авах нь удирдлагын хувьд өөрийн эрх мэдлийн асуудал гэж бодож байна. Төрийн албаны зөвлөлийн шаардсанаар А.Яг тэтгэвэрт гаргаад оронд нь өөр залуу боловсон хүчнийг ажилд авсан байгаа. А.Ягийн орон тоо байхгүй. 2020 оны 03 дугаар сарын 16-нд тушаал гаргасан боловч 03 дугаар сарын цалинг нь 420,000 төгрөгөөр бүтэн олгосон. А.Ягийн хэлснээр явсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүрч байна. Нэхэмжлэлийн бүхэлд нь зөвшөөрөхгүй байна....Тэтгэвэртээ гарсан хүнд дээрх нэмэгдлүүдийг авах ёсгүй. Тэтгэвэртээ гарсан хүн дахиж ажилд орвол шинээр ажилд орж байгаа хүний авах цалин урамшуулалтай адил цалинжих ёстой. Алба хаасан хугацааны, орон нутагт ажилласны нэмэгдэл, хөдөлмөрийн хортой нөхцлийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшуулал олгогдохгүй. Ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшууллыг ажлыг нь дүгнэж ажилласан сар, улиралдаа сайн ажиллавал тушаалаар олгодог. Хүн болгонд хавтгайруулж олгодог мөнгө биш....гэв.

Хариуцагч Ховд аймгийн ЗӨС төв шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2019 оны Монгол улсын Засгийн газрын 382 дугаар тогтоол батлагдаж цалингийн цэс нь шинээр ирсэн. Уг тогтоолд эмнэлгийн сертификатгүй ажилчид ТҮ-ийн зэрэглэл рүү шилжиж байгаа. А.Яг ТҮ-ийн зэрэглэл рүү шилжүүлэх гэсэн чинь А.Я надаас энэ жил тэтгэвэртээ гарна. Сүүлийн 6 сар цалин сайн авбал тэтгэвэр өндөр тогтдог гэнэ. Та намайг өндөр цалин өгөхөөр тушаал гаргаад өгөөч ээ гээд гуйхаар нь би А.Яд итгэж тушаал гаргаж өгсөн. А.Я нь миний итгэлийг алдсан учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Өгөх ёсгүй зүйлээ өгсөн юм чинь буцааж авах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

А.Я нь ТҮ-1-5-аар буюу 505,706 төгрөгөөр цалинжих ёстой. Бусад нэмэгдэл урамшуулал нь 505,706 төгрөгөөс бодогдох ёстой. Гэтэл би А.Яг ТҮЭМ-2-5-аар буюу 614,276 төгрөгөөр цалинжуулсан. Нэмэгдэл урамшуулал, 4 улирлын нэмэгдэл нь ороод А.Я нийт 7,966,460 төгрөгийн цалин авсан байдаг. 2019 онд А.Ягийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бүх шимтгэл нь төлөгдөж байсан. А.Ягийн яг авах ёстой байсан цалин нь 505,706 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар гэх мэт бүх шимтгэлээ төлөөд, орон нутгийн нэмэгдэл, хортой нөхцөлийн нэмэгдэл, унааны мөнгө нэмээд авахаар гар дээрээ 6,514,429 төгрөг авах ёстой. Энэ хоёр цалингийн зөрүү 1,452,031 төгрөгийг А.Ягаас нэхэмжилж байгаа. А.Ягаас зөвхөн гар дээр олгогдсон мөнгийг л нэхэмжилж байгаа. Харин нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар гэх мэт шимтгэлийг мөнгийг нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжилсэн бол энэ үнийн дүнгийн 20 хувь нь нэмэгдэнэ...2019 онд цалингийн шатлал буурч А.Я нь ТҮ-ээр цалинжих ёстой байсан. Надтай зөвшилцөж, надтай тохиролцож тушаал гаргуулсны улмаас цалингийн зөрүү гарсан....гэв.

Нэхэмжлэгч А.Я сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:...Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байгаа.

Нэгдүгээрт: Сөрөг нэхэмжлэлд дурдсан ажил олгогч байгууллагын даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр бүтэц орон тоог баталсан тушаал байгаа. Уг тушаалын хавсралтад лабораторийн тасгийн ажилчдын заримыг  ТҮЭМ-2-5-аар, заримыг нь ТҮЭМ-ийн 4-5, ТҮЭМ-ийн 3-5 цалинжуулахаар гаргасан тушаал байгаа.

Хоёрдугаарт: 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар ТҮЭМ-2-5-аар цалинжуулахаар гаргасан ажил олгогчийн тушаал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ажил олгогчийн заасан шатлалаар цалинжиж явсан учир ажилтанг хууль бусаар цалин хөлс авсан гэж үзэхгүй.

Эрүүл мэндийн ажилтны цалингийн ангилал зэрэглэлийн тухайд хариуцагч тал ойлголтын зөрүүтэй байгаа учир үүнийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Анх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн ангилал, зэрэг дэвийг тогтоосон. 2019 онд Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 25 дугаар тогтоол гарсан. Нэхэмжлэгчийг ТҮ-1-5-аар цалинжих ёстой гэж байгаа юм. ТҮ-1-5-д ямар албан тушаалтан ажилладаг юм бэ гэдгийг Монгол улсын Засгийн газрын тогтоолд бичсэн байгаа. Байгалийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай мэргэжил, боловсрол үл шаардагдах үйлчилгээний ажил үүрэг гүйцэтгэх албан тушаалтан хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэг, мэргэжил энэ ажлын байранд шаардлагагүй. Харин ТҮЭМ нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаж сертификаттай байхыг шаарддаг. ТҮЭМ-ийн цалингийн зэрэглэл нь дотроо их олон шаардлагатай. ТҮЭМ болон ТҮ-ийн ялгаа нь энэ. Ямар ч боловсрол мэргэжил шаардлагагүй ажлын байр юм гэж ярьж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч анх ЗӨС төвд сургалтад сууж ирээд томилогдсон.  Ажлын байрны онцлог нь химийн хортой бодисуудтай харьцаж, лабораторийн тасагт ажилладаг. Нэхэмжлэгчийн хийдэг ажлыг ямар ч мэргэжил боловсролгүй хөдөөний малчин хийх боломжгүй. ТҮ-1-5-аар цалинжих ёстой гэж шууд үндэслэлгүй хэлж болохгүй. 2017 оноос хойш ТҮЭМ-ээр цалинжсан. 2019 онд ажил олгогч мөн ТҮЭМ-ээр цалинжуулсан. Одоо шүүх дээр маргаан гаргаад ТҮ-ийн 1-5-аар цалинжих ёстой байсан гэж үзэж байгаа бол энэ нь боломжгүй юм.

Хэрэв А.Ягийн ажил ТҮ-1-5-ийн ажлын байр байсан бол Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу буцалтгүй тусламж авах эрх нь үүсэхгүй. Эрүүл мэндийн ажилтан, ТҮЭМ-ээр цалинжиж байсан учраас Эрүүл мэндийн тухай хуульд хамаарч Эрүүл мэндийн байгууллагаас буцалтгүй тусламж олгосон байдаг. Мөн хортой нөхцөлийн нэмэгдэл авч байгаа нь ТҮЭМ-ийн ажлын байр гэдгийг нотолж байгаа. ТҮ-1-5 буюу ямар ч мэргэжил шаардлагагүй ажлын байранд хортой нөхцөл нэмэгдэл яригдахгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг ойлгоно гэж заасан. Хариуцагчийн ярьж байгаа зүйл, гаргаж байгаа үндэслэл нь хоорондоо зөрчилдөөнтэй. Мөн ажил олгогчийн тушаал шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд ажилтанг хууль бусаар цалин хөлс авсан гэж үзэх боломж байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Я нь Ховд аймгийн ЗӨС төвд холбогдуулан Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” гэж тодруулж, “Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр “А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын 2 дахь заалт буюу А.Яг өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр “Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалын 1 дэх заалт буюу А.Яг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн хариуцагч Ховд аймгийн ЗӨС төв нь А.Яд холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах тухай шаардлагаа “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 2,421,979 төгрөг гаргуулах” гэж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаа “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа “2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөг гаргуулах” гэж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаа “2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” гэж тус тус тодрууллаа.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал эс зөвшөөрч “...А.Яг бэлдмэлчингийн ажилд оруулах боломжгүй, ...тэтгэвэрт гарсан, ...тэтгэмжээ авсан, ...тэтгэвэрт гарсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж түр ажиллуулсан, ....ТҮ-ийн шатлалаар цалинжих байтал А.Ягийн цалин өндөр байвал тэтгэвэр өндөр тогтоогддог гэсэн хүсэлтийн дагуу ТҮЭМ 2-ын 5 дахь шатлалаар цалинжуулсан...гэрээт ажилтанд нэмэгдэл, урамшуулал зэргийг олгохгүй, ....нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй....” гэж маргасан болно.

Нэхэмжлэгч А.Я нь Ховд аймгийн Гоц аюулт халварт өвчнийг эсэргүүцэн судлах станцын даргын 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай тушаалаар 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Гоц аюулт халварт өвчнийг эсэргүүцэн судлах станц, Ховд аймгийн ЗӨС төвд бэлтгэгч, бэлтгэмэлч, бэлдмэлчингээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 01 сард хугацаагүйгээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаартай “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөо насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдов /хх-ийн 26, 106 дугаар тал/. Энэ талаар талууд маргаагүй болно.

Ховд аймгийн ЗӨС төвд бэлдмэлчингээр ажиллаж байсан А.Яг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гаргаж, мөн өдрөөс тэтгэвэрт гарч тэтгэмж автал түр хугацаатай ажиллуулсан болох нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаартай “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилтанг тэтгэвэрт гарч тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 107 дугаар тал/

Мөн А.Яг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гаргаж, мөн өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бэлдмэлчингээр авч ажиллуулсан болох нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаартай “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн Б/01 дугаартай “А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 3, 30 дугаар тал/

Түүнчлэн А.Яг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн болох нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилтанг ажлаас чөлөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдов. /хх-ийн 46 дугаар тал/

Ажил олгогч нь 2019 оны 8 дугаар сараас 202300 оны 3 дугаар сарын хооронд А.Ягийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нийт 5 тушаал гаргасан байна.

Ховд аймгийн ЗӨС төвийн дарга нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаартай тушаал гаргаж, А.Яд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт олгон, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 79.1, 79.2, 79.4, 79.5, 79.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7-д заасан заалтуудыг үндэслэжээ.

Ажил олгогчийн тушаалдаа баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.4, 79.5, 79.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д заасан заалтууд нь нэхэмжлэгчийн ээлжийн амралт эдлэхтэй холбоотой холбогдох хуулийн заалтыг баримталсан байх тул шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Харин ажил олгогч нь дээрх тушаалыг гаргахад нэхэмжлэгч нь 45 настай байсан ба ажилтанг 60 нас хүрээгүй байхад 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх хуулийн заалтыг баримтлан тэтгэвэрт гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчжээ.

Мөн ажил олгогч нь ажилтныг тэтгэвэрт гаргах эрхгүй этгээд ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө холбогдох байгууллагад гаргах эрх нь гагцхүү нэхэмжлэгчид хадгалагддаг.

Түүнчлэн ажил олгогч нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай тушаал гаргаж, А.Яг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс тэтгэвэрт гарч тэтгэмж автал түр хугацаатай ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2 дахь заалтуудыг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан ахмад настны хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон заалтыг баримталсан нь ойлгомжгүй, уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаал, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр “Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалуудыг тухайн тушаалуудыг гаргасан өдрөө нэхэмжлэгчид гаргуулан өгсөн гэж тайлбарлах боловч уг тушаалуудыг нэхэмжлэгчид гардуулан өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн дээрх тушаалуудыг гарсан талаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд уг тушаалуудыг нотлох баримтаар гарган өгснөөр мэдсэн гэх нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч тал ирүүлээгүй болно.

Иймээс Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын 2 дахь заалт буюу А.Яг өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр “Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалын 1 дэх заалт буюу А.Яг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Ховд аймгийн ЗӨС төвийн дарга нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай тушаал гаргаж, А.Яг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.3, 46.5, 60.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлэг, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоол “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмын 4.2, 5.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан заалтуудыг үндэслэжээ. /хх-ийн 3 дугаар тал/

А.Я нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, өндөр насны тэтгэвэр авч байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс тэтгэвэр авч байгаа...хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон...” гэх тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Я нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өндөр настны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж заагаад мөн хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхойлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг нөхцөл болж байна.

А.Я нь 60 нас хүрээгүй тул “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” үндэслэлээр ажил олгогч санаачилж өндөр насны тэтгэвэрт гаргахгүй боломжгүй юм.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 2 дахь хэсэгт зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэрт гарч болох хөнгөлөлттэй нөхцөлийн талаар заасан ба энэ нөхцөлөөр тэтгэвэрт гарахыг нэхэмжлэгч өөрөө хүсвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой.

Нэхэмжлэгч нь өөрийн санаачлагаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг бичгээр гараагүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Хэдийгээр А.Я өндөр насны тэтгэвэр тогтоолгож, хуулийн дагуу олгогдох тэтгэмж авсан үед ажил олгогчид нэхэмжлэгч нь өөрийн санаачлагаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж болох байсан боловч энэ хугацаанаас хойш түүнийг үргэлжлүүлэн ажиллуулсан нөхцөлд “...тэтгэвэр тогтоолгож, тэтгэмжээ авсан...” гэж тайлбарлан ажил олгогчийн санаачилгаар өндөр насны тэтгэвэрт гаргахаар тушаал гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

Мөн ажил олгогч нь дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй нэр томъёо хэрэглэснийг дурдлаа.

А.Я нь эрхэлж байсан бэлдмэлчингийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагч байжээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаал хамаардаг.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөхтэй холбогдох заалтыг баримтлан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болохыг зөвшөөрсөн.

Ажилтан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон үйлдэлд нь ажил олгогч тэтгэвэрт гаргах 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Мөн ажил олгогч нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б/01 дугаартай “А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаалыг /хх-ийн 30 дугаар тал/  гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.2-т заасныг зөрчиж ажилтныг хөдөлмөрлөх, цалин хөлсийг хязгаарласан нь ажил олгогчийн буруу байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргаагүй атлаа хугацаа зааж ажилд томилсон нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б/04 дугаартай “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргаж, уг тушаалыг үндэслэлээ Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 13 дугаартай албан бичгийн дагуу гэж заан А.Яг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эхлэн ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 46 дугаар тал/

Энэхүү тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлэг, 4-р зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоол “Төрийн албан хаагчид өндөо насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмын 5.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан заалтуудыг үндэслэн заажээ.

            Ажил олгогчоос А.Ягийн хөдөлмөрийн харилцааг зохицуулан гаргасан өмнөх тушаалуудад дээрх үндэслэсэн зарим заалтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “ажил олгогч иргэн, ажилтан нас барсан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан.

            Гэтэл ажил олгогч, ажилтан нар нас бараагүй байхад ажил олгогч дээрх хуулийн зохицуулалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 13 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлээгүй тул уг албан бичигт дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь “....Төрийн албаны зөвлөл, эрүүл мэндийн газар, эрх бүхий байгууллагуудаас надад олон албан бичиг ирсэн. Өндөр насны тэтгэвэр, тэтгэмжээ аваад гарсан хүмүүсийг ажлаас нь чөлөөлж дараагийн залуу боловсон хүчнийг ажилд нь ав гэсэн албан бичиг жил бүр надад ирдэг. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсаны дагуу А.Яг 3 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлсөн....” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Төрийн албан зөвлөл, Эрүүл мэндийн газар, эрх бүхий байгууллагууд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажил олгогчоос шаардах эрхийг хуулиар олгоогүй болохыг дурдлаа.

Иймд Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр “А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаал, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн ЗӨС төвийн бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 2,421,979 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар тодруулжээ.

Уг шаардлагын үндэслэлээ “...2020 оны 1, 2, 3 сарын үндсэн цалингийн зөрүү 730,257 төгрөг, үүн дээр нэмэгдэл, урамшуулалыг ТҮЭМ-2-5-д заасан 663,419 төгрөгөөс тооцон сар бүр төрийн алба хаасны хугацааны нэмэгдэл 25 хувь, орон нутгийн нэмэгдэл 10 хувь, хортой нөхцлийн нэмэгдэл 10 хувь, ур чадварын нэмэгдэл 25 хувь, төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшуулал 15 хувиар гэж тус тус тооцон гаргасан...” гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч нь ТҮЭМ-2 зэрэглэлийн 5 дахь шатлалд зааснаар цалин авсан байсан болох нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 27-29, 107 дугаар тал/

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг баталж, уг хавсралтаар бэлдмэлчин албан тушаалын зэрэглэл нь ТҮЭМ-2-5-д хамаарахгүй байх боловч ажил олгогч нь нэхэмжлэгчийг 2019 онд ТҮЭМ-2-5-д заасан шатлалаар цалинжуулж байсан байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд цалин хөлс гаргуулах тооцооллыг ТҮЭМ2-5-д заасан шатлалаар тооцох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад ТҮЭМ-2-5-д заасан шатлалын цалин нь 663,419 төгрөг байх бөгөөд уг үндсэн цалингаас тооцон холбогдох нэмэгдлүүдийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь төрийн албанд 29 жил 9 сар ажилласан, ажил олгогч нь нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд 420,000 төгрөгийн цалин олгосон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Үндсэн цалин 663,419 төгрөгөөс 420,000 төгрөгийг хасахад нэг сарын цалингийн зөрүү 243,419 төгрөг х 3 сар /2020 оны 1-3 сар/ = 730,257 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу  25 хувийн нэмэгдэл, 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 10 хувийн нэмэгдэл, 7 дугаар хавсралтаар баталсан Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 10 хувийн нэмэгдэл зэргийг тус тус үндсэн цалин 663,419 төгрөгөөс тооцож, 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарыг дуусталх хугацагаар буюу 3 сараар үржүүлэн тооцоход нэмэгдлийн зөрүү 563,906.15 төгрөг байна.

Монгол улсын Засгийн газрын Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3-д “4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгохоор” заажээ.

Мөн Монгол улсын Засгийн газрын Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын Гурав-д эрүүл мэндийн ажилтан улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшуулалын талаар зохицуулжээ.

Уг журмын 3.2-т “Улирлын ажлын бүр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно”, журмын 3.9-д “Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухай ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана”, 3.10-д “Эрүүл мэндийн байгууллагын тасаг нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гарган” гэж тус тус заасан.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчид ур чадварын нэмэгдлийг 25 хувиар, мөнгөн урамшуулал 15 хувиар тус тус тооцож олгох талаар ажил олгогчийн шийдвэр гараагүй, тухайн журамуудад зааснаар ур чадварыг нэмэгдлийг 10-25 хувиар, мөнгөн урамшуулалыг 10-20 хувиар тус тус тооцож олгохоор заасан байхад нэхэмжлэгч нь ур чадварын нэмэгдлийг 25 хувиар, мөнгөн урамшуулалыг 15 хувиар тус тус тооцож авахтай холбогдсон болон мөнгөн баримтыг шүүхэд ирээгүй байх тул уг нэмэгдэл болон мөнгөн урамшуулалыг нэхэмжлэгчид олгох боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 730,257+563,906.15=1,294,163.15 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,127,815.85 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 970,439 төгрөгийг гаргуулахын шаардлагын тухайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж зааснаар тодорхойлох боловч нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох боломжгүй байна.

Иймээс ажилтны үндсэн цалин 663,419 төгрөгийг ажлын хоног 22 хоногт /2020 оны 4 сард/ хуваан нэг өдрийн цалин хөлсийг гаргалаа.

Түүнчлэн нэмэгдэл, урамшуулал олгох талаар дээрх байдлаар дүгнэлт хийж хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 743,332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэж 227,107 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтлоо.

Иймд Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын 2 дахь заалт буюу А.Яг өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр “Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалын 1 дэх заалт буюу А.Яг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр “А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаал, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн ЗӨС төвийн бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 1,294,163.15 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 743,332 төгрөг, нийт 2,037,495.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Яд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,127,815.85+227,107 = 1,354,922.85 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,294,163.15 төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох, 743,332 төгрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Ховд аймгийн ЗӨС төв нь А.Яд холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагийн төлөөлөгч нь “.....2019 онд цалингийн шатлал буурч А.Я нь ТҮ-ээр цалинжих ёстой байсан. Надтай зөвшилцөж, надтай тохиролцож ТҮЭМ-2-5-аар цалинжихаар тушаал гаргуулсны улмаас гарсан цалингийн зөрүү 1,452,031 төгрөгийг А.Ягаас гаргуулах....” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь эс зөвшөөрч “....2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар ТҮЭМ-2-5-аар цалинжуулахаар гаргасан ажил олгогчийн тушаал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ажил олгогчийн заасан шатлалаар цалинжиж явсан учир ажилтанг хууль бусаар цалин хөлс авсан гэж үзэхгүй....” гэж тус тус маргасан болно.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг баталж, уг хавсралтаар бэлдмэлчин албан тушаалын зэрэглэл нь ТҮЭМ-2-5-д хамаарахгүй байна.

Гэвч ажил олгогч нь 2019 онд нэхэмжлэгчийг ТҮЭМ-2-5-д заасан шатлалаар тооцон цалин хөлс олгож байсан болох нь Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 27-29 дүгээр тал/

Мөн ажил олгогч нь 2019 онд Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан ТҮЭМ-2-ын 5 дахь шатлал нь 614,276 төгрөгөөр тооцон үндсэн цалинг олгосон болох нь ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 73-88 дугаар тал/

Ажил олгогч нь өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн нэхэмжлэгчид 2019 онд ТҮЭМ-2-5-д заасан шатлалаар тооцож цалин хөлс олгосон үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь А.Яг ТҮЭМ-2-5-д заасан шатлалаар цалинжуулахаар тогтоосон Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаал нь хүчинтэй байна.

Уг тушаалыг хүчингүй болгосон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь “....А.Я нь оны эхэнд тэтгэвэртээ гарна гэж хэлээд цалингаа нэмэгдүүлээд, сүүлийн 6 сар өндөр авна гэж надтай тохирсон...” гэж тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Ховд аймгийн ЗӨС төвийн А.Яд холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн цалин хөлсний зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 2,037,495.15 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,550 төгрөг, нийт 117,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар “Ажилтанд ээлжийн амралт олгож, өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалын 2 дахь заалт буюу А.Яг өндөр насны тэтгэвэрт гаргасан хэсгийг, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр “Ажилтанг тэтгэвэрт гарч, тэтгэмж автал түр ажиллуулах тухай” тушаалын 1 дэх заалт буюу А.Яг түр ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсгийг, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр “А.Яг гэрээт ажилтнаар ажилд авах тухай” тушаал, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн ЗӨС төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 дугаар “Ажилтанг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн ЗӨС төвийн бэлдмэлчингийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Ховд аймгийн ЗӨС төвийн А.Яд холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл илүү олгосон цалин хөлсний зөрүү 1,452,031 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ЗӨС төвөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 1,294,163.15 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 743,332 төгрөг, нийт 2,037,495.15 /хоёр сая гучин долоон мянга дөрвөн зуун ерэн таван төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Яд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 1,354,922.85 /нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга есэн зуун хорин хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ягийн 1,294,163.15 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох, 743,332 /долоон зуун дөчин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн ЗӨС төвд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн ЗӨС төвөөс улсын тэмдэгтийн  хураамж нийт 117,750 /нэг зуун арван долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ