Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1306

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01141 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Ц” ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзсантай холбоотой 12 621 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хандгайт болон Найрамдалд байрлах 2 орон сууцны барилгын вакум цонхны ажил гүйцэтгүүлэхээр “Т Ц” ХХК-тай мөн өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь төлбөрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гэрээт ажлыг гүйцэтгэж, захиалагч талд нийлүүлж өгөх үүрэг хүлээсэн бөгөөд захиалагчийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 14 121 000 төгрөгийг гүйцэтгэгчийн данс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн, манай компани үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул захиалагч талаас шилжүүлсэн 14 120 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл гүйцэтгэгч компани болох “Т Ц” ХХК-ийн захирал М.Саруул 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр бичгээр баталгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч “Т Ц” ХХК-иас     12 621 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т Ц” ХХК-ийн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай компани гэрээний үүргээ биелүүлж вакум цонхыг суурилуулахаар авч очсон боловч хүлээн авалгүй буцаасан. Манай компани цонхыг сайн хийж угсарсан, материалыг захиулж авчруулсан зэргээр зардал гаргасан бөгөөд энэ зардал нь урьдчилгаа төлбөрт тооцогдсон  гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Ц” ХХК-иас 12 621 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 216 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216 890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Т Ц” ХХК-ийн төлөөлөгч П.Ганбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн тогтоогдохгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Т Ц” ХХК-д холбогдуулж гэрээнээс татгалзсантай холбогдуулж ажлын хөлсөнд төлсөн 12 621 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Т Ц” ХХК нь 80 434 м.кв хэмжээний вакум цонх, хаалгыг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Хандгайт, Сонгинохайрхан дүүргийн Найрамдалд барьж буй барилгад нийлүүлж, суурилуулах, нэхэмжлэгч “Х” ХХК нь 23 534 929 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээний нөхцөл, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шүүх харьцуулан үзэж талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй.         /хх-ийн 4-13/

Нэхэмжлэгч “Х” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлсний урьдчилгаа 14 121 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан, ийнхүү татгалзсантай холбоотойгоор хариуцагч “Т Ц” ХХК-ийн захирал М.Саруул нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөгийг  тус тус буцаан төлж, үлдэх хэсгийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор буцаан төлж дуусгахаар баталгаа гаргасан  болох нь Т Ц” ХХК-ийн захирал М.Саруулын гарын үсэг, тамга бүхий бичмэл баримт, Голомт банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 14, 15, 53/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т Ц ХХК-иас ажлын хөлсний урьдчилгаа 12 621 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 Хариуцагч нь “... цонхыг сайн хийж угсарсан, материалыг захиулж авчруулсан зэргээр зардал гаргасан бөгөөд энэ зардал нь урьдчилгаа төлбөрт тооцогдсон ... “гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгт шүүх хуралдааны товыг 2018 оны 3 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн, тэрээр уг баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 66, 69/

Харин шүүх нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө талууд гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.