Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00072/И |
Дугаар | 00415 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 00415
2020 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2020/00415 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны байрны 2 дугаар орц 20 тоотод оршин суух, - дугаарын регистртэй, Алаг адуут овогт Д-ын Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэмэгдүүлсэн шаардлагадаа : Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157 дугаар захирамжаар Дамдингийн Галсандондогийг өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Ховд аймгийн Засаг даргыг ажлаас чөлөөлжээ. Монгол Улсын хуульд Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасны дагуу Д.Галсандондог нь Ховд аймгийн Засаг даргын ажлыг орлогч Ш.Батсүхэд ажлаа хүлээлцүүлсэн байдаг. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байх хугацаандаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Г- намайг Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Гэтэл Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Дүгэржав нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/866 дугаар захирамж гарган Д.Г- намайг Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож, намайг хууль бусаар ажлаас халлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэжээ. Хуулийн дээрх заалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд тодорхой заасан тул Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь Д.Г- намайг ажилд томилсон захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шаардлагыг Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж хангахгүй байна. Учир нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаатай байна. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Г- албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156, 157 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргалаа, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г- нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан үндсэн болон нэмэгдүүлсэн 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамж хүчингүй болгуулах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай Д.Г- ажлаас чөлөөлөх, мөн өдрийн Б/12 дугаартай Чулуунбаатарыг ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байгаа. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан заалтыг баримтлаад Ховд аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Тус захирамжийн агуулга нь Д.Гантогтоог Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд томилсон захирамжийг хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгч талаас ажилтныг ажилд томилсон захирамжийг ажил олгогч этгээд ажил олгосон шийдвэрээ хүчингүй болгосон асуудал нь ажилтныг ажлаас халсантай адилтгаж гомдлоо гаргасан. Энэ гомдлыг гаргах болсон шалтгаан нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг ярих нь зүйтэй байх. 2017 оны Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж маш тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч Д.Г- нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал буюу Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар ажилладаг хүн. Энэ нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан юм. Төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээгээр үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болдог учраас энэ төрлийн маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэдэг. Иймд бид нарын зүгээс хуульд зааснаар иргэний хэргийн шүүхэд гомдлоо гаргасан. Нэгэнт төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг учраас Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцааг зохицуулдаг. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй. Хэрвээ ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан тушаал шийдвэр гаргах хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Мөн энэ захирамжийн үндэслэл нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т засаг даргын гаргасан захирамжийг Үндсэн хуульд зааснаар Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд тодорхой заахдаа энэ хуулийн дээрх заалт хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл засаг дарга гэдэг албан тушаалтан хүний нөөцийн удирдлагатай холбоотой буюу хүнийг ажилд томилж, чөлөөлөхтэй холбоотой шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй гэдгийг хууль тогтоомжид тодорхой тайлбарласан. Түүнчлэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлийн хувьд хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбараар Улсын Дээд шүүхийн тайлбараар хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой гэсэн тайлбарт няцаалт хиймээр байна. Хуулийн албан ёсны тайлбарыг Улсын Дээд шүүх гаргахаас биш хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хуулийн албан ёсны тайлбарыг тайлбарлах эрх хэмжээ байхгүй. Энэ нь хууль ёсны тайлбар дээр хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэрийг гаргахгүй, захирамжаа хүчингүй болгохгүй. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах журмаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан журмыг үндэслэж тухайн актыг гаргасан. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор төрийн үйлчилгээний албан хаагчийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль буюу дээд эрэмбийн хэр хэмжээг зохицуулж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тодорхой заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т тодорхой заасан. Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчоос ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Ховд аймгийн Засаг дарга 2019 оны 9 дүгээр 21-ний өдөр захирамж гаргаад, тухайн өдрөө ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Тухайн хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тусгаж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр байна. Ажил олгогч буюу Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11, Б/12 дугаартай захирамжууд энэ хуулийн шаардлагуудыг хангахгүй байгаа. Нэгэнт Д.Г-ийн ажилд эгүүлэн тогтоогдох тохиолдолд түүний оронд томилсон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох эрх зүйн харилцаа үүснэ. Иймд гуравдагч этгээдийг томилсон захирамжийг давхар хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд заагдаагүй үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр хуульд заасан үндэслэл байхгүй байхад ажилтныг ажлаас чөлөөлж байгаа ажил олгогчийн шийдвэр буруу гэж үзэж байгаа. Бусад тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбартай холбогдуулан хэлье гэж бодож байна. Ажилтан Д.Г- нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол улсын Ерөнхий сайд нарт хандаж гомдлоо шийдвэрлүүлсэн ба Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад захирамжийг биелүүлэх талаар шийдвэрлэсэн байдаг. Мөн Сонгон шалгаруулалттай холбоотой өөр хэрэг бас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн алба шалгаж , прокурорт гомдол гаргах эрхтэйгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байгаа. Нэхэмжлэгч Д.Г- нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад захирлаар томилогдоод 2018,2019,2020 онуудад ур чадварын бүхий л нэмэгдлүүдээ үр дүнгийн гэрээгээр сайн шалгуулж авсан ба, аудитын дүгнэлтээр сайн шалгагдсан мөн багш ажилчид нь улс төржүүлэхгүй захирал Д.Г- ажлуулах хүсэлтүүдээ хамт олны хурлаар илэрхийлж, сургуулийн ойг тэмдэглэж ажиллаж байгаатай хэн ч маргахгүй ээ. Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 4 нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамжтай холбоотой тайлбараар шүүхээс зөв зүйтэй гэж үзсэн тохиолдолд үгүйсгэгдэх юм. Миний хувьд хууль хэрэглээ гэхээсээ өмнө процесст анхаарлаа хандуулахыг хүсээд байгаа. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамж нь Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн Б/49 дугаартай захирамжийг илт хууль бус байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон захирамж байгаа. Тус захирамжийн үндэслэл нь Б/49 дугаартай захирамж нь өөрөө хуульд нийцээгүй, илт хууль бус байна гэж үзсэн учраас захирамжийг хүчингүй болгосон. Ингэхээр Ховд аймгийн Засаг даргад Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан эрх, үүрэг нь байж байдаг. Яагаад гэхээр хууль бус захирамжийг хүчингүй болгох эрхийг энэ хуулийн зохицуулалтаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн тайлбарт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан заалтыг тайлбарласан. Хүний нууцтай холбоотой асуудлын хувьд тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан заалтад хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой зүйл заалтыг тайлбарласан тайлбар байгаа. Хөдөлмөрийн тухай хууль болон төрийн үйлчилгээний албан тушаалтай холбоотой захирамж гаргаж болохгүй гэсэн зүйлийг хэлээгүй. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбогдуулан гаргасан хүний нөөцийн удирдлагатай холбоотой захирамжийг засаг дарга захирамжаараа хүчингүй болгож болохгүй гэсэн зохицуулалттай. Энэ ойлголтыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Улсын Дээд шүүхийн тайлбараар хүний нөөцтэй холбоотой асуудлыг тайлбарласан боловч төрийн албан хаагчтай холбоотой асуудлыг тайлбарласан байгаа. Түүнээс биш Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлалгүйгээр гаргаж болохгүй шүү гэсэн агуулга байдаггүй. Хэрвээ шүүх хуралдааны явцад харьяалал зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А/866 гэсэн дугаартай захирамж байгаа, Хүний нөөцийн удирдлагатай холбоотой байвал Б гэж гарна ,харин өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой захирамж гарч байгаа тохиолдол А гэж дугаарладаг юм. Шүүх энэ хоёрын ялгаан дээр эргэлзээд байна. А/866 гэсэн байхад яагаад хүний нөөцийн удирдлагатай холбоотой захирамж гэж иргэний хэргийн шүүх үүнийг авч хэлэлцээд байгаа юм. Ер нь бол шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд гэхээсээ илүү хуульд заасан бодит нөхцөл байдалд тулгуурласан байх ёстой юм. Энэ захирамж гаргах болсон үндэслэл нь Б/49 гэдэг захирамж нь хууль нийцээгүй, Д.Г- гэдэг хүний Төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэж байгаа энэ журам дээр Төрийн үйлчилгээний ажилтны сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт явуулна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч маань сонгон шалгаруулалтад орсон гээд байдаг тухайн үед нэхэмжлэгч Д.Г- нь 3 дугаар байранд орсон байдаг юм. 1 дүгээр байранд орсон хүн нь ажилдаа томилогдоод байж байгаад ажлаа хийхгүй би болилоо гээд гараад явсан байдаг. өөрийнхөө хүсэлтээр гарсан тохиолдолд сул орон тоо юм, түүнээс биш Батсүх гэдэг хүн хэн нэгнийг аваачаад томилчихдог юм биш. Төрийн үйлчилгээний албан тушаалтны сонгон шалгаруулах журам гэж байгаа. Энэ журмаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулна гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалтад орсон гэж хэлээд байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.Г- нь 3 дугаар байранд орсон бөгөөд 1 дүгээр байранд орсон хүн томилогдоод ажлаа хийж байгаад ажлаа хийхгүй гэж хэлээд гараад явсан байдаг. Өөрийнхөө хүсэлтээр гарсан тохиолдолд сул орон тоо гэж үздэг. Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй гэдэг асуудлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаад байна. Журмаараа хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулдаг. Гэтэл 3 дугаар байранд орсон хүнийг Ш.Батсүх Б/49 дугаартай тушаал гаргаад томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байгаа. Д.Г- Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажилд Б/49 дугаартай захирамжаар томилсны дараа миний бие Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг олж хараагүй. Хэрвээ хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээ байгуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэлтэй. Сонгон шалгаруулалтад 1 дүгээр байранд ороогүй нэхэмжлэгч Д.Г- томилсон Б/49 дугаартай тушаалыг А/866 дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Энэ нь захирамжийг захирамжаар хүчингүй болгосон ойлголт юм. Д.Г- нь захирлыг түр орлон гүйцэтгэгч байсан бөгөөд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан үүсгээд байгаа тохиолдолд тус захирамжтай маргах ёстой, Мөн Засаг дарга Б.Дүгэржав 2018 оны 09 сарын 21-нд томилогдсон бөгөөд Засаг даргын орлогч Ш.Батсүх засаг даргын эрх хэмжээнд халдаж Д.Г- томилсон захирамж гаргасан, энэ хэрэг нь иргэний шүүхийн шийдэх асуудал биш ,захиргааны маргаан юм иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эхлээд нэхэмжлэлийн нэг шаардлага гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явсан. Анх Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд харьяалал нь захиргааны хэргийн шүүхийн маргаан байгаа. Гэтэл иргэний хэргийн шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нь захиргааны хэргийн шүүхийн маргаан байна гэж үзээд буцааж шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргаснаар шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төрийн үйлчилгээний албан хаагч учраас хөдөлмөрийн харилцаагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулиар эрх зүйн харилцаа үүснэ гэж үзээд байгаа. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд өдөр тутмын үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах боловч ажлаасаа томилогдох, чөлөөлөгдөх харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулах журмаар зохицуулагдана. Б.Мөнхбатын хувьд сайн өмгөөлөгч бөгөөд мэдэхгүйгээс болоод тус нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх рүү зүтгүүлээд байгаа асуудал биш юм. Хэргийн үйл явц баримтыг харахад Ховд аймгийн Засаг даргын А/866 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Г- үүрэг гүйцэтгэгчээр байсныг захирлаар томилсон засаг даргын орлогч Ш.Батсүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нөхцөл байдал байдаг. Энэ нь захиргааны хэргийн шүүх дээр биш иргэний хэргийн шүүх дээр маргаан үүсгээд явж байгаа учраас илт хууль бус акт гэдэг дээр маргахад төвөгтэй болоод байгаа. Ховд аймгийн Засаг даргын А/866 дугаартай захирамжаар Б/49 дугаартай захирамжийг хэрэгт авагдсан баримтаас харахад Ховд аймгийн Засаг дарга Галсандондогийг 14-ний өдөр чөлөөлөөд Монгол улсын Ерөнхий сайд Ховд аймгийн Засаг даргаар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дүгэржав гэдэг хүнийг томилсон. Ингэхээр 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлээд Дүгэржав гэдэг хүнийг Ховд аймгийн Засаг даргын эрх, үүрэг хэрэгжээд явчихсан байхад түр орлож байсан Ш.Батсүх гэдэг хүн эрх хэмжээнд нь халдаж 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргасан байгаа. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай захирамж нь илт хууль бус акт байгаа. Үндэслэл нь өөрийн эрхэд олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргах гэсэн агуулгатай. Дүгэржав дарга томилогдсон өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр орлогч Ш.Батсүх нь засаг даргын эрх, үүргийг нь хэрэгжүүлж захирамж гаргасан байдаг. Иймд Ховд аймгийн Засаг дарга ажлаа авсны дараа 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрхээ хэрэгжүүлэхээр захирамж гаргасан. Ховд аймгийн Засаг дарга ажлаа авсны дараа 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамжаар орлогч Ш.Батсүхийн Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Энэ үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө Хууль зүйн хэлтсийн дарга байсан учраас захирамжийн төсөл боловсруулж байсан хүний хувьд маш сайн мэдэж байгаа. Нэгдүгээрт илт хууль бус захиргааны акт гэдгээр хүчингүй болгосон. Хоёрдугаарт Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгох, томилох, чөлөөлөх асуудлыг Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Төрийн албаны удирдах албан тушаалтан томилогдох албан тушаалтанг сонгон шалгаруулах журмаар зохицуулдаг. Монгол улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтанг сонгон шалгаруулах журмаар зохицуулна. Гэтэл Засаг даргын орлогч Ш.Батсүх нь Б/49 дугаартай тушаалаар Д.Г- жинхлэн томилохдоо сул орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан үед томилсон. Захирамжийг захирамжаар хүчингүй болгоход Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Захирамжийг захирамжаар хүчингүй болгосноор хэн нэгний эрх ашиг хөндөгдөж байгаа ч гэсэн хуулийнхаа зохицуулалтыг харах шаардлагатай. Нөгөө талаас захирамжийг хүчингүй болгох агуулгатай холбоотойгоор 2 дахь нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойлогдож гараад байгаа. Тус захирамжийг захирамжаар хүчингүй болгосноор Д.Гантогтоог 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж хүчин төгөлдөр байгаа. Гэтэл ажлаас халагдсан мэтээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Харин албан тушаалд жинхлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй. Анх түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн захирамжийг хүчингүй болгоогүй. Мөн А/866 дугаартай захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар үндэслэлгүй байна, энэ нь Улсын Дээд шүүхийн тайлбараар үгүйсгэгдэж байгаа гэдэг байдлаар тайлбарлаж байна. 2010 оны Монгол улсын Дээд шүүхийн тайлбараар хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг баримталж болохгүй гэдгийг тайлбарласан. Тус тайлбар нь Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай гэсэн агуулгатай. 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбарын 18 дугаар зүйлд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-т заасан нөхцөл байдлын талаар тайлбарлаад байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрөө өөрийнхөө тайлбарыг үгүйсгээд байна. Эхлээд Д.Г- нь төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой гэж тайлбарлачихаад 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбар болон Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг заасан тайлбарыг тайлбарлаад байгаа. Үйлчилгээний албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш юм. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албыг улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээ гэж ангилдаг. Төрийн үйлчилгээний албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан тушаалтанд хамаарахгүй учраас 2010 оны Улсын Дээд шүүхийн тайлбарыг хүний нөөцийн удирдлагатай холбоотой тайлбар гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Д.Г- нь төрийн жинхэнэ албан хаагч биш учраас өөрийнхөө асуудлыг хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдана гэж үзэж иргэний хэргийн шүүх хүлээж авах үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай тушаалтай холбоотойгоор нэгэнт шүүх бүрэлдэхүүн иргэний хэргийн шүүхийн маргаан гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш явагдах үндэслэл болсон. Цааш нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаа Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох-оор нэмэгдүүлсэн. Ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн ойлголт нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ийм байдлаар нэхэмжлэл нь тодорхойлогдоно. Д.Г-ийн хувьд өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болоогүй бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамжаар хөдөлмөрийн харилцаа шууд дуусгавар болох үндэслэл бий болоогүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагууд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч өөрөө нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудаа 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Гэтэл өөрсдөө үүнийгээ хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдах маргаан гэж тайлбарлаад байгаа. Шүүхэд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг гаргахад шүүхэд гомдол гаргах хугацааг заасан. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзсэн гомдлоо шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргана гэсэн зохицуулалттай. Гэтэл маргаан бүхий захирамжууд нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг. Энэ хугацаанаас хойш 5 сарын дараа шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд гомдлын нэмэгдүүлсэн шаардлагуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Иймд тус нэхэмжлэл нь иргэний хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүй, энэ хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г- нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Г- албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Г- албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Д.Г- Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь Д.Г- Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилсон Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн шийдвэр нь Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэж байхдаа эрх хэмжээгээ хэтрүүлж гаргасан тушаал учраас хууль бус, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаар захирлаар томилсон тушаал нь Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэснийг зөрчсөн, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 2018 оны 09 дүгээр сарын 21-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн, энэ нэхэмжлэл нь Захиргааны хэргийн маргаан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа гэж маргав.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Г- нь Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаар Д.Г- ажилд томилох тухай захирамжаар аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилогдож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан ажиллаж, цалин олговороо зохих журмаар авсан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь талуудын хооронд байгуулж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 50 хуудас/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Д.Г-ийн 2018- 2020 он хүртэлх цалингийн картууд эх хувиар / хх-ийн 199- 201 хуудас/ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан ба Ажил олгогч Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нь Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилтан Д.Г-той байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар гол нөхцөлүүдийг тохирсон хүчин төгөлдөр гэрээ байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1--д ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан , орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар,эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон , 40.1.6-д сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон, 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон гэх нийтлэг үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалдаг.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Д.Г- Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилох тухай аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.
Ажил олгогч Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь ажилтан Д.Г- ажлаас чөлөөлсөн буюу А/866 дугаартай захирамжийг гаргахдаа ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан заалтыг баримтлаагүй хуулийг зөрчиж захирамжаа гаргасан байна.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасны дагуу өмнөх засаг дарга Д.Галсандондогийг чөлөөлсөнөөр бүрэн эрх нь Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхэд шилжиж бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний Б/49 тоот захирамжаар 3 дугаар сургуулийн захирлаар Д.Г- томилсон нь буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талын зүгээс /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат/ Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаар Д.Г- ажилд томилох тухай захирамжаар аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлаар томилогдсон үеэс эхлэн өөрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг хангалттай биелүүлж, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар цалин хөлс, нэмэгдэл хөлс болон урамшуулал авч байсан гэх тайлбарыг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс тайлбарыг няцаадаггүй бөгөөд нэхэмжлэгч Д.Г- хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж, өөрийн үүргээ биелүүлж, цалин хөлс авах, хөдөлмөрлөх эрхээ эдэлж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Ховд аймгийн Засаг дарга нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Г- албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-ийг үндэслэн сонгон шалгаруулалтын дүнгээр Л.Чулуунбаатар томилогдох болсон тул гэжээ.
Ажил олгогч Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Г- албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх буюу хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой заалтыг баримтлаагүй , мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж , гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй , Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан захиргааны актыг ажлаас халагдаж буй этгээдэд гардуулан өгснөөр ажилтнаас гомдол гаргах эрх үүсэх үндэслэлийг бүрдүүлдэг ба хариуцагч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр буюу Б/11 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжаа халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг зөрчөөгүй , хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргасан байна .
3. Ажил олгогч Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан Ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж Д.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ Засаг дарга биелүүлэхгүй Л.Чулуунбаатарыг ажилд томилж,
Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан .... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн зарчимтай нийцээгүй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ... гэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ажилтан Д.Г-ийн иргэний үндсэн эрхийг болон хөдөлмөрлөх эрхийг тус тус зөрчсөн байх тул хуулийн үндэслэлгүй захирамж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолыг шүүхээр хянан шийдвэрлэх маргаан гэж хуульчилжээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж хүчингүй болгох тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Г- албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжууд нь хуулийн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Г- Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Г- 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажилд томилсон захирамжийг хүчингүй болгосон үйл баримт нь зөвхөн нэхэмжлэгч Д.Г-ийн эрх, ашгийг хөндсөн, нийтийн эрх зүйн хүрээнд хамааралгүй, дотогшоо чиглэсэн шинжтэй буюу хувийн эрх зүйн хүрээнд хамаарах, ажилтан Б.Г- нь ажил олгогч Засаг даргатай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаан байх тул уг маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь хуулийг зөрчихгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан А 0155577 дугаартай Д.Г-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 194-198 хуудас/, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/399 дүгээр ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамжийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/400 дүгээр Ээлжийн амралт олгох тухай захирамжийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/165 дугаар Цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/324 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт зэрэг олгох тухай захирамжийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/455 дугаар Ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамжийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/862 дугаар Ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамжийн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай А/242, А/59, А/133, А/242, А/336, А/107 дугаартай захирамжуудын хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ2019/00437 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэгдэх хүртлэх хугацаанд хэвээр болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/866 дугаар захирамж хүчингүй болгох тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр Д.Г- албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар Л.Чулуунбаатарыг албан тушаалд томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Д.Г- Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ2019/00437 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэгдэх хүртлэх хугацаанд хэвээр болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ