Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00621

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

Х.Энхдалайд холбогдох

 

Гэм хорын хохирол 860,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******аас*******д холбогдуулан гэм хорын хохирол 860,003 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч*******гаас 850,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,114 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч*******гаас 24,971 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад 2019.05.27-ны өдрөөс өмнө гаргасан зардлаа бүгдийг авсан, энэ хугацаанаас хойших зардлаа гаргуулахаар шаардсан байдаг, гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхгүйгээр 2019.05.11, 23-ны өдрүүдэд хэрэглэсэн 70,000 төгрөгийн бензиний үнийг хохиролд тооцож гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж гаргасан шийдвэр юм.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагад хэзээ, хаана, ямар эмчилгээг, хэний заавар, үзлэг, оношлогоо, жороор, хэнд эмчилгээ хийгдээд байгаа нь тодорхойгүй байсан, түүнчлэн ямар зорилгоор хэн хэзээ хаанаас хаашаа яваад өдөр бүхэн бензин аваад байсан нь ойлгомжгүй буюу өвчтөн эмнэлэгт хэвтсэн эм тариа авсан зэрэг үйлдэл хооронд шалтгаант холбоо байхгүй байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

4.3. Эмнэлэгт хэвтэх үеийн баримтуудыг яагаад хэрэгт нотлох баримтаар өгөөгүй юм, хэрэв тийм баримт байсан бол өнөөдөр маргаад байх зүйлгүй байсан, гэтэл он сар нь засвартай, нөхөж бичүүлсэн гэх ийм баримтуудыг үндэслээд Ө.Сандагдоржийг эмнэлэгт хэвтсэн, хагалгаа хийлгэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа зүрхний эм, ханиадны эм, эмэгтэйчүүдийн вакус, бага насны хүүхдийн витаминууд, хордлого тайлах шингэнүүд, юу авсан нь тодорхойгүй Е баримтууд нь хохирогч хүүхдийн эмчилгээнд зарцуулсан гэдгийг яаж нотлоод байгаа нь ойлгомжгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.4. Мөн Ж.Наранцэцэгийн зээлд төлсөн хүүний мөнгө гэдэг зүйл нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй байснаа гэнэт шүүх хурал дээр хүүний төлбөрт 284,000 төгрөг гэж яригдаад анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Ж.Наранцэцэг 284,000 төгрөгийг хүүний төлбөрт төлсөн гэдгийг ямар нотлох баримтыг үндэслээд шүүх хангаж шийдвэрлэсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Ж.Наранцэцэг аль банкнаас ямар зээл авсан, зээлийн хүү нь хэд юм, сар бүр хэдийг төлдөг, энэ төлбөр нь хэдэн сарын зээл юм, мөн уг зээлийг Ө.Сандагдоржийн эмчилгээнд зарцуулсан гэдгээ яаж нотлоод байгаа нь тодорхойгүй байхад хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой, гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хохирогч Ө.Сандагдоржийг эмнэлэгт хэвтсэн гэх баримт нь илт эргэлзээтэй, засвартай, нөхөж бичүүлсэн, бусад гаргаж болох нотлох баримтуудаар нотлогдоогүй байхад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч... тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийн материалд авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4.6. Нэхэмжлэгч нь хэнээс, юу шаардсан нь тодорхой болсон тохиолдолд хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэх тул анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч хариуцагчаас хэдэн төгрөгийн эм тарианы төлбөр, бензиний зардал, хүнсний зардал, хүүний төлбөр, нотариатын үйлчилгээний зардал шаардаад байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 860,003 төгрөгийн задаргаа байхгүй, нэхэмжилж буй баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс илт зөрүүтэй, зарим баримт нь хүүхдийн эмчилгээнд зориулагдаагүй байхад дүгнэлт гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Ж.Энхдалай зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй Ө.Сандагдоржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацааны эмчилгээний зардлыг шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн, одоо шийтгэх тогтоол гарснаас хойш гарсан зардлыг нэхэмжилж байна. ...Ослын улмаас хагалгаанд орж хөлөө хадуулсан байсан, шүүх хуралдааны дараа Булган аймгийн Гурванбулаг сумаас ирж хадаасаа авахуулах хагалгаанд орсон, мөн хадаас байгаа хэсэгт ясны үрэвсэл үүсчихсэн байсан ясны үрэвслийн хагалгаанд орсон, үүнтэй холбоотой зардлууд гарсан, зөвхөн нэг талын замын зардлыг нэхэмжилж байгаа. ...осол болсны дараа эмчилгээний зардалд мөнгө шаардагдаж 9,000,000 төгрөгийн зээлийг банкнаас авсан, энэ зээлийн хүүд 284,000 төгрөгийг төлсөн баримт байгаа, энэ хүүгийн төлбөрийг бас нэхэмжилнэ, ингээд нийт 860,003 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, тооцож үзэхэд 637,809 төгрөг болж байна, баримтаар хүүхдэд эмчилгээнд хэрэглээд байдаггүй ханиад хатгааны болон зүрхний эм, эмэгтэйчүүдийн вакус, хордлого тайлах эм тариа, памперс, хүүхдийн витамин зэргийг худалдан авсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч нь бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаас анар вакус, хүнс худалдан авсан гэх 9,114 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 850,889 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...эрүүгийн шүүх хуралдаанаас өмнө гарсан зардал болох шатахууны төлбөрийг гаргуулсан, ...эмнэлэгт хэвтэх үеийн баримт байхгүй байхад холбогдох шаардлагыг хангаж, мөн зээлийн хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, дээрх зээлийг хохирогчийн эмчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангасныг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4.1-4.6/

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Хариуцагч******* нь 2018.12.13-ны өдөр Соната-6 маркийн 53-26 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-16 дугаар байрны арын засмал зам дээр явган зорчигч Ө.Сандагдоржийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул тэрээр бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч учирсан гэм хор учруулсан хохиролтой шалтгаант холбоотой байх учиртай.

 

Нэхэмжлэлд дурдсан шатахууны зардал, эм тарианы төлбөр нь хохирогч Ж.Сандагдоржид мэс засал хийлгэсэн, шүүх хуралдаанд оролцсон хугацаатай тохирч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх боловч зээлийн хүүд нэхэмжилсэн 284,000 төгрөгийг ямар үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөр шаардсан үндэслэлээ хүүхдээ осолд ороход хөдөөнөөс ирсэн зардал, холбогдох эм тариа, яаралтай хагалгаанд орох зорилгоор зээлсэн мөнгөний хүү гэж тайлбарлах боловч тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, ямар банкнаас хэдэн төгрөгийн зээлийг хэдэн хувийн хүүтэйгээр хэзээ авсан, хэрхэн төлж барагдуулсан, дээрх зээлийг хэрхэн зарцуулсан болохоо баримтаар нотлоогүй байна.

 

Иймд банкны хүүгийн төлбөрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул гомдлын энэ хэсгийг хангаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 850,889 төгрөгөөс дээрх 284,000 төгрөгийг хасч, үлдэх 566,889 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...850,889 /найман зуун тавин мянга найман зуун наян ес/ төгрөг... гэснийг ...566,889 төгрөг... гэж, ...9,114 /есөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг... гэснийг ...293,114 төгрөгийг... гэж, 2 дахь заалтын ...24,971 /хорин дөрвөн мянга есөн зуун далан нэг/ төгрөг... гэснийг ...17,675 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гаас 2020.06.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД