Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2019/02038/И |
Дугаар | 001/ХТ2022/00636 |
Огноо | 2022-05-24 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00636
Г.Янжингийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01158 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1233 дугаар магадлалтай,
Г.Янжингийн нэхэмжлэлтэй
С.Мандалсүрэн, Л.Дуламсүрэн нарт холбогдох
2019.03.06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Г.Янжинг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, хариуцагч Л.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч С.Мандалсүрэнгийн өмгөөлөгч Б.Манлайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Янжин хариуцагч С.Мандалсүрэн, Л.Дуламсүрэн нарт холбогдуулан 2019.03.06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Л.Дуламсүрэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг, Г.Янжинг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01158 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Мандалсүрэнгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Янжинг Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Мандалсүрэн, Л.Дуламсүрэн нараас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Янжинд олгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Янжинд холбогдох Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Г.Янжинг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох хариуцагч Л.Дуламсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1233 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01158 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар Л.Дуламсүрэн, С.Мандалсүрэн нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай Г.Янжингийн нэхэмжлэл, Г.Янжинд холбогдох Баянгол дүүргийн 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Г.Янжинг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох тухай Л.Дуламсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлжээ.
4.1. Иргэний хуульд өв залгамжлалыг 2 аргаар тодорхойлсон бөгөөд хуульд зааснаар өвлөгдөх талаар хууль тогтоогч зохицуулахдаа нэгдүгээр ээлжинд тус хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар нас барагчийн буюу Л.Гансүхийн эх, төрсөн охин нь нэгэн зэрэг өвлөх эрхтэй юм. Анхан шатны шүүх Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгож, натариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2-т заасан үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, Д.Гансүх нь хүүхэдтэй эсэхийг тодруулаагүй, мөн хуулийн 21.2.5, 21.2.9-д зааснаар холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянах, нягтлах, үйлчлүүлэгч хууль зөрчсөн эсэхийг тодруулахгүйгээр нотариатын үйлдэл нь хийсэн нь хууль зөрчсөн гэж зөв дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд Гэрч Д.Ганпүрэв манай талийгаач ах Д.Гансүх ганцаараа амьдардаг байсан тул ээж хамт амьдарч хоол, цайг нь хийж өгч, тусалж, нас барах хүртэл нь хамт амьдарсан. 2013 онд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцаа зарахаас нь өмнө жил гаруй хамт амьдарч байгаад тэр байрыг зарснаас хойш байнга хамт амьдарч байсан гэж үндэслэх бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх нь хэрэгт ач холбогдолтой шийдвэрлэхэд чухал буюу гэрч Д.Ганпүрэвийн мэдүүлэг нь үнэн бодиттой эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Гэрч нь хэдийгээр Д.Гансүхтэй Л.Дуламсүрэн нас барахад нь хамт амьдарч байсан гэх боловч түүний мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй буюу баталгаажаагүй, үнэн зөв гэхэд эргэлзээтэй ба хариуцагчтай сонирхлыг зөрчилтэй этгээдийн мэдүүлгийг бусад баримтаар нотлоогүй байхад үнэлсэн нь шийдвэрт нөлөөлжээ.
4.2. Мөн БГД-ийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тухайн байранд талийгаач Д.Гансүх нь нас барах үед оршин суугаагүй, Л.Дуламсүрэн нь байгаагүй зэрэг үйл баримтыг шүүх үгүйсгээгүй бөгөөд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.6-д заасан сүүлийн нэг жилийн хугацаанд хамт амьдарч байсан талаарх тодорхойлолтыг оршин суугаа газрын Засаг даргаас гаргуулахаар журамласан бөгөөд гэрч Ганпүрэв тус байрыг зарж тэнд амьдраагүй, БГД-ийн ЗД-н гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тус байранд оршин суугаагүй зэрэг нотлох баримтууд байхад өвлөх эрхийг хүлээн авсан гэж тооцож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.3. Давж заалдах шүүхийн магадлалд ...Иймд Л.Дуламсүрэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй байх тул өвийг хүлээн авсан гэж дүгнэнэ... гэж дүгнэхдээ дээр дурдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд 2 аргаар өвийг хүлээн авахаар хуульчилсан.
Хариуцагч Л.Дуламсүрэн нь нас барагчтай хамт амьдраагүй нь БГД-ийн 6-р хорооны ЗД-ийн гэрчийн мэдүүлэг, БГД-ийн 6-р хорооны ажлын албан хийсэн хүн амын нэгдсэн бүртгэл, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд хамт амьдарч байсан эсэх баримт байхгүй зэрэг үйл баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нас барагчтай Л.Дуламсүрэн хамт амьдарч байсан гэх гэрч Ганпүрэвийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй бөгөөд хариуцагч Л.Дуламсүрэн нь нэхэмжлэгчтэй яг адил Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан журмаар 1 жилийн дотор өвлөх талаар хүсэлтийг гаргах журам үйлчлэх ба хавтас хэрэгт Монголын Нотариатчдын танхимаас Л.Дуламсүрэн нь маргаан бүхий хөрөнгийг 2007 оноос хойш өвийн нэгдсэн бүртгэлд өвлөх хүсэлтийг гаргаагүй гэж ирүүлсэн нь өвлөх эрхгүй гэдгийг харуулж байна.
4.4. Түүнчлэн давж заалдах шүүхийн магадлалд ...Б.Болор-Эрдэнэ, Ш.Базаррагчаа нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан хугацаанд Г.Янжингийн өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай хүсэлтийг гаргасан байх боловч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн газрын нотариатчид гаргаагүй харьяалал зөрчжээ... Иймд Г.Янжин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авсан гэж дүгнэхгүй юм... гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарласан. Маргаан бүхий газрын 000681331 тоот гэрчилгээнд тус газрыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэж, бодитоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гэж газрын байршлыг 2 өөр байдлаар заасан бөгөөд хэрэв ДЗШШ-ийн үзсэнээр өв нээгдэх газрыг СХД, БГД-ийн аль нь ч байж болохоор эргэлзээтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн хувьд тус газрын гэрчилгээнд байгаа байршлыг мэдэхээс СХД, БГД-ийн алийг мэдэх боломжгүй юм. Мөн тус өмчийг Б.Болор-Эрдэнэ, Ш.Базаррагчаа нарт итгэмжлэл олгож /нэхэмжлэгч нь БНСУ-д удаан хугацаагаар амьдардаг/ тус хөрөнгийг өвлөх талаар хүсэлтийг СБД-ийн нотариатч Гэрэлмаад гаргасан бөгөөд Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хууль дээдлэх зарчмыг нотариатч биелүүлэн ажиллах бөгөөд өв нээгдэх газарт хүсэлтийг гаргах талаар зөвлөх, эсхүл нотариатчын хууль зөрчиж байгаа үйлдлийн үр дагавраар нэхэмжлэгчийн өвлөх эрхийг зөрчиж шийдвэрлэсэн нь Иргэний хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч Г.Янжин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Г.Янжин нь талийгаач Д.Гансүхийн төрсөн ганц охин бөгөөд хуульд зааснаар цорын ганц өвлөх эрхтэй этгээд, хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байхад хууль бусаар өөр этгээдэд өвийг олгосон байна. Иймд өвлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, маргаж буй газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү... гэж тайлбарласан бөгөөд ...2019.01.30-ны өдөр буюу талийгаач нас барснаас хойш нэг жил болохоос 10 хоногийн өмнө өв нээлгэх хүсэлт гаргасан тул өвөөс татгалзсан гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргасан,
Хариуцагч С.Мандалсүрэн: ...иргэн Л.Дуламсүрэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хууль, холбогдох заавар, дүрэм, журмыг баримтлан олгосон бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн хариуцагч биш... гэж,
Хариуцагч Л.Дуламсүрэн: ...Д.Гансүх нь 2018.02.10-ны өдөр зүрхний шигдээс өвчнөөр нас барсан. ...2007 онд гэрлэлтээ цуцлуулж, нас барах хүртлээ ээж Л.Дуламсүрэнтэй хамт амьдарсан, ...2000 оноос Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмрийн зах дээр худалдаа эрхэлж байсан бөгөөд эргэлтийн хөрөнгөө босгох зорилгоор өөрийн болон эх Л.Дуламсүрэнгийн өмчлөлийн орон сууцыг удаа дараа барьцаанд тавьж зээл авч байсан, авсан зээлээ төлөх санхүүгийн чадваргүй болсны улмаас өөрийн байраа зарж борлуулан өрөө дарж байсан. ...нас барахын өмнө С.Төртүвшинбаяр, Д.Ганбаатар нарын өр төлбөрийг дарахаар тохиролцон өөрийн нэр дээрх, маргаж буй 209 м.кв газрыг 2 хувааж шилжүүлэхээр өргөдөл гаргаж Нийслэлийн газрын албаны Драгон нэг цэгийн үйлчилгээний төвд өгч байсан боловч шилжүүлж чадалгүй нас барсан. ...гэрлэлтээ цуцлуулах үед охин Г.Янжин 13 настай байсан бөгөөд түүний ээж Солонгос хүнтэй гэр бүл болж охиноо дагуулан Солонгос явснаас хойш бидэнтэй нэг ч удаа уулзаагүй, тэндээ ажиллаж амьдрахаар болсон гэсэн тул энэ газрыг Г.Янжин сонирхохгүй гэж бат итгэлтэй байсан. ...нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргаж,
...нэхэмжлэгч Г.Янжин нь хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоож, Л.Дуламсүрэнг маргаж буй газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү... гэжээ.
7. Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн маргаж буй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Төмрийн захын зориулалттай 209 м.кв газрыг Д.Гансүх хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд эх Л.Дуламсүрэнтэй хамт амьдарч байгаад 2018.02.10-ны өдөр нас барсан, Л.Дуламсүрэн 2019.03.06-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Мандалсүрэнд өв хүлээн авах хүсэлт гаргаснаар №6 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.
Нэхэмжлэгч Г.Янжин талийгаач Д.Гансүхийн төрсөн охин бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2007.06.26-ны өдрийн 804 дүгээр шийдвэрээр Л.Гансүх, Б.Ариунаа нарын гэрлэлтийг цуцалж, 1994 онд төрсөн охин Г.Янжин эхийн асрамжид үлдсэн, тэрээр БНСУлсад амьдардаг, 2018.10.01-ний өдөр Ш.Базаррагчаа, Б.Сутай нарт, 2019.01.17-ны өдөр Ш.Базаррагчаа, Б.Болор-Эрдэнэ нарт тус тус итгэмжлэл олгож, Д.Гансүхийн нэр дээрх газрыг өвлөн авах тухай хүсэлтийг зохих газар, байгууллага, нотариатчид бүртгүүлэх, хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах болон өв нээлгэхтэй холбоотой бүхий л эрхийг олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өв хүлээн авах хүсэлтийг 2019.01.30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатчид гаргаж, улмаар 2019 оны 03 дугаар сард Нотариатчдын танхимд хандаж Л.Дуламсүрэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоныг мэдсэнээр нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх маргаж буй үйл баримтын хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, алдааг залруулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх зохицуулалтад нийцжээ.
9. Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... /тодорхойлох хэсгийн 4-т заасан/ талаарх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа өөрөө нотолж, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 116 дугаар зүйлийн 116.3-т шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэжээ.
Хариуцагч Л.Дуламсүрэнгийн Д.Гансүхийг нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэх үйл баримт нь хариуцагчийн тайлбар, гэрч Д.Ганпүрэвийн ...талийгаач ах ганцаараа амьдардаг байсан тул ээж хоол цайг нь хийж өгч, тусалж нас барах хүртэл нь хамт амьдарсан.. гэх мэдүүлгийг нэхэмжлэгч нь үгүйсгэсэн, татгалзсан тайлбар үндэслэлээ нотлоогүй тул хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийн үнэн бодитой эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нөхцөл байдалд нийцсэн, нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
9.2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдснээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэжээ.
Мөн хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус зохицуулжээ.
Өвлүүлэгч буюу Д.Гансүх нас барах хүртлээ эх Л.Дуламсүрэнгийн хамт амьдарч байсан бөгөөд Л.Дуламсүрэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 41 дүгээр байрны 45 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэнээр нотлогдсон тул өв нээгдсэн газрыг Баянгол дүүрэг гэж, өв нээгдсэн газрын нотариатч гэж Баянгол дүүрэгт байрлах тойргийн нотариатчийг хэлнэ.
Нэхэмжлэгч Г.Янжин өв хүлээн авахаар 2019.01.17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгосон боловч төлөөлөгч нь хуульд заасан хугацаанд, харъяалах нотариатад өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй тул Г.Янжинг өв хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь заалтыг зөрчөөгүй.
Түүнчлэн хариуцагч Л.Дуламсүрэн хуульд заасан журмаар өвлөх эрхийг өвлөн авсан, түүний эрх зөрчигдөөгүй тул түүнд иргэний эрх зүйн хамгаалалт шаардлагагүй гэж дүгнэн маргаж буй газрын өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх зохицуулалтад нийцсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн маргаж буй үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1233 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.07.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД