Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1348

 

С.Г-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00644 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч С.Г-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч ШШШГГ-т холбогдох

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Ажилчны гудамж, 139-2 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбайтай хувийг сууцыг 52.230.330 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гулдарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ныөдрийн 952 тоот захирамжаар С.Г-с 40 186 161 төгрөгийг гаргуулж "Марико” ББСБ-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. С.Г-ын өмчлөлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206038152 дугаартай ............ дүүргийн ....дугаар хороо, ......... гудамж, 139-2 дугаар байрны 5 тоотын 74 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор "Бэсгэ" ХХК-иар үнэлгээ хийлгэн 52 230 330 төгрөгөөр тогтоосон. Энэ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх тогтоосон үнэлгээ болох 52 230 330 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ШШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шаты шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 952 дугаар захирамжаар С.Г-с 40 186 161 төгрөгийг гаргуулж "Марико" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Г-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .......дүүргийн 3 дугаар хороо, ............ гудамж, 139-2 дугаар байрны 5 тоот 74.85 м.кв хувийн сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 137/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 137/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч С.Г-д 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/16926 дугаар албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гулдарь үнийн санал өгөхөөс татгалзан шинжээч томилох хүсэлт гаргасан тул хөндлөнгийн шинжээч томилон "Бэсгэ"ХХК-иар үнэлүүлэхэд уг хувийн сууцыг 52 230 330 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3/24866 дугаар албан бичгийт төлбөр төлөгч С.Г-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гулдарьт гардуулан өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 36 561 231 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгчид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/25381 дугаартай мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гульдарьт гардуулан өгч мөн төлбөр төлөгч С.Г-д баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч С.Г-ийн  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ШШШГГ-т холбогдох ...... дүүргийн 3 дугаар хороо, ........... гудамж, 139-2 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбайтай хувийг сууцыг 52.230.330 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Гулдарийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С Гулдарийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гулдарь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ............. дүүргийн 3 дугаар хороо, .............. гудамж, 139-2 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбайтай хувийг сууцны эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дээрх “Бэсгэ” ХХК болон “Итгэлт эстимэйт" ХХК нь үнэлгээ тогтоохдоо энгийн орон сууцыг 800 000-1000 000 төгрөгийн хооронд үнэлдэг бол хувийн сууцыг                1 200 000-1 300 000 төгрөгийн хооронд үнэлдэг гэж дүгнэж дээрх байдлаар үнэлгээ хийсэн байна. Үнэлгээ хийхдээ 2016 оны үнэлгээ буюу орон сууцны үнэ бууралттай үеийн ханштай дүйцүүлэн үнэлсэн байна. Энэ талаар шүүх хурал дээр тодруулан асуухад сүүлийн үеийн мэдээлэл олж чадаагүй гэсэн тайлбарыг гаргаж байсан. Гэтэл Монголбанкнаас сар болгон гаргадаг орон сууцны үнийн индекс /ОСҮИ/ судалгаагаар орон сууцны үнэ 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 1.5 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан. Гэтэл шинжээчдийн зүгээс үнэлгээ хийхдээ зах зээлийн буюу жиших аргаар үнэлгээ хийхдээ зах зээлийн бодит үнэ ханшаар тооцоогүй, тухайн үенийн ханшаар жишиж тогтоогоогүй 2016, 2017 оны зах зээлийн үнэлгээтэй жишиж тогтоосон болох нь тайлангаас тодорхой харагдаж байгаа. Шүүхээс ...харьцуулахад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байдал тоггоогдохгүй.... барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч ШШШГГ-т холбогдуулан ......... дүүргийн 3 дугаар хороо, ............ гудамж, 139-2 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбайтай хувийг сууцыг 52.230.330 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00952 дугаартай захирамжаар С.Г нь "Марико ББСБ" ХХК-д 40 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр зохигчид эвлэрснийг баталгаажуулсан байна.

Хариуцагч ШШШГГ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 368 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 157/01 тоот тогтоолоор  "Марико ББСБ" ХХК-д барьцаалагдсан /хх-ийн 37/  .......... дүүргийн 3 дугаар хороо, ............ гудамж, 139-2 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 74 м.кв талбайтай хувийг сууцыг битүүмжилж, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 137/02 тоот тогтоолоор хураажээ. /хх-17, 24, 38 /

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай  нийцжээ. /хх-ийн 46,48,49, 50/

 

Хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр хувийн сууцны өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 52 230 330 төгрөгөөр тодорхойлсон, ШШШГГ нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 36 561 231 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч С.Г-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гулдарь 2017 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч, эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан байна. /хх-ийн 76, 81/

 

Нэхэмжлэгч тал “..Энгийн орон сууцыг 800 000-1000 000 төгрөгийн хооронд үнэлдэг бол хувийн сууцыг 1 200 000-1 300 000 төгрөгийн хооронд үнэлдэг, үнэлгээний байгууллага энгийн орон сууцны үнээр үнэлээд байна...”  гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхаас гадна хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр “Итгэлт-истимэйт” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоосон нь оновчтой биш боловч уг дүгнэлтийг “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлттэй харьцуулан дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч ШШШГГ барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож 36 561 231 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч хувийн сууцны үнийг зах зээлийн аргаар тогтоосон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй.