Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 00589

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч; Баянхонгор аймгийн Д.С 

Хариуцагч:   Х.Б 

Хариуцагч: Баянхонгор аймгийн  Б.Б нарт холбогдох

Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэг 28.485.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 08 сарын сарын 11 ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Д.С миний бие 2012 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Спорт хорооны харалдаа хойд хэсэгт 30 айлын орон сууцны барилга барихаар ажил эхлүүлэх гэж байхад 4 дүгээр 10 жилийн сургуульд сантехникчээр ажиллаж байсан Х. Б нь би тусгай зөвшөөрөлтэй барилгын компанитай гүйцэтгэгчээр нь ажиллая гэсэн саналыг нь хүлээн авч ажиллуулахаар тохиролцоод ажлын хөлсний урьдчилгаа болгон Х.Бд 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3000000 төгрөг, 4 дүгээр сарын 11-ний өдөр 2000000 төгрөг, нийт 5000000 төгрөгийг миний хүү Мэнджаргал Улаанбаатар хотод бэлнээр нь өгсөн. 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Б.Б нь ХААН банкны 5225205350 тоот дансаараа 8080000 төгрөг, Б нь бэлнээр 1420000 төгрөг авч Улаанбаатар хот руу яваад Бадарчийн Лхагвадорж гэдэг хүний Хаан банкны 5235100869 тоот дансаар 4 удаа нийт 13930000 төгрөгийг шилжүүлэн авсан. 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Цэрэнгийн Дуламсүрэн гэх хүний 5246064554 тоот дансаар 11000000 төгрөгийг авсан, барилгын инженер Ганбаатар, Түдэвдорж нарт 410000 төгрөг, барилгын техникч Ж.Эрдэнээд 2565000 төгрөг, Б.Балдоржид 1800000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б тээврийн зардал гэж 2000000 төгрөг, 7 дугаар сарын 10-нд 100000 төгрөг бэлнээр авсан. Уран дөш буудалд 540000 төгөргийг хоол болон ор хоногийн тооцоо тус тус авч нийт 46845000 төгрөгийг залилан авсан нь тогтоогдож 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 201201011456 тоот хэрэг үүсгэн шалгуулж байхдаа оргон зайлж олдохгүй болсныг нь олох гэж олон удаа Баянхонгороор Улаанбаатар явж зардал чирэгдэл гаргаж байж хамтран залилагч Балдорж гэгчийг нь өөрийн биеэр олж өгч Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч Лхамсүрэнд аваачин өгснөөр хэрэг дахин сэргэж байцаалт явуулсан юм. Энэ үед Б эхнэр Б нь гадаадад суралцахаар явах гэж байсан. Надаас энэ мөнгийг залилах болсон шалтгаан нь гэр бүлээрээ гадаад гарах үндэс болсон гэж үзэж байна. Эдгээр хүмүүс нь сураггүй алга болж байгаад 2016 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуутын 5 дугаар гудамжны 04 тоотод одоо амьдарч байна. Х.Б нь надад барилгын материалаар 5860000 төгрөг, Д.Өлзийхишигээр дамжуулан 11000000 төгрөг, Балдоржоос 1500000 төгрөг өгсөн нь нийт 18360000 төгрөг болж байна. Одоогийн байдлаар 28485000 төгрөгийн тооцоо дутуу байна. Иймд миний бодит хохирол болох 28485000 төгрөг гэрээнд заасан алдангийг тооцож иргэн Х.Б, Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Иргэн Болдмаагийн бичсэн тайлбартай танилцлаа. Б.Б нь тайлбартаа Б хэрэгт өөрийгөө холбогдолгүй гэж бичээд байгаа нь ямар нэгэн байдлаар энэ хэргээс зугтах гэсэн нь тодорхой байна.Б.Б нь өөрийнхөө бичсэн тайлбарт 8 сая төгрөгийг 808000 төгрөг гэж бичсэн нь ямар учиртай юм бэ, өөрийнх нь хувийн дансаар орсон 8080000 төгрөгийг хэзээ өгч яаж зарцуулсан баримт байхгүй. Бтай ямарч хамааралгүй юм шиг бичиж байгаа ч хэдэн оноос хэдэн он хүртэл гадаадад цуг амьдарсан , хэдэн онд Баянхонгорт ирсэн, Одоо амьдарч байгаа газартаа 2 давхар байшин барьж амьдарч байгаагаа бичээгүй, Б урьд нь үүссэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон гэдгийг мэдэж байгаа зэрэг нь энэ хоёр хүн хамт амьдарч байгаа нь тодорхой байна. Би энэ хүний нэр хүндэд халдах нь битгий хэл энэ хүнийг хүндэтгэн үздэг. Энэ хүнийг хүндэтгэсэн шалтгаан нь миний жолооны шавь, энэ хэргийг үүсэж байх тэр үед УБ хотын Москва хороололд Бтай нэг дор амьдарч байсан. Гадаадад гарна гэдгийг нь мэдэж байсан боловч энэ хэргийн талаар хэрэгт ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, нинжин сэтгэл гаргасан. Харин энэ хүн намайг сэтгэл санаа эд материал, мөнгө төгрөгийн хохиролд орсныг мэдсээр байж гэр бүлийнхээ хүнд хэлж хохирлыг нь яаж барагдуулах талаар ярьж хэлэхийн оронд өөрийгөө хамгаалан хэргээс зайлах гэж оролдож байгаад эх хүний хувьд маш их харамсаж байна. Би гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Уранчимэгийг авсан байсан юм. Одоо өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд орох хүсэлтэй байна. Мөн Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгөхийг хүсье. Миний бие нэхэмжлэлийн нийт шаардлагаас Х.Бын хүлээн зөвшөөрсөн 16 сая төгрөгийг өөрөөр нь, 8080000 төгрөгийг Б.Бгаас гаргуулж, өөр хүмүүс болох Эрдэнээ болон бусад хүмүүсийн дансаар өгсөн мөнгө, Урандөш буудлын тооцоо зэргийг тухайн хүмүүсээс нь нэхэмжлэх хүсэлтэй байгаа тул 4475000 төгрөгөөс татгалзаж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг би хэтрүүлээгүй гэж бодож байна. Учир нь би энэ асуудлыг анх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй буюу Д.Б нь намайг залилан мэхэлсэн гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ хэргийг иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүхэд ханд гэсэн тул би харъяа шүүхдээ хандсан..гэв.

Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх хэрэгтэй холбогдуулан 2012 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд миний гаргаж өгсөн баримтаар нотлогдох мөнгөн дүнг хасаж нэхэмжлэгчид 18 сая 360 мянган төгрөгийг нөхөн төлөх ёстой гэснийг төлсөн билээ. Нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан Б.Б нь миний тусдаа амьдардаг эхнэр бөгөөд бид сүүлийн арван жил тусдаа амьдарч байна. Тэрээр гадаадад суралцахдаа суралцуулах улсынхаа зуун хувь тэтгэлгээр суралцсан болно. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байхдаа нэхэмжлэлд дурдагдсан Б.Б, Б.Лхагвадорж, Ц.Дуламсүрэн нар нь харилцах дансаа хэрэглүүлснээс бусдаар хэрэгт хамааралгүй болохыг нотолсон билээ..гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Энэ нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Сумъяа гуайтай хамтран ажиллах ямарч гэрээ контракт хийж гарын үсэг зурж байгаагүй. Сумъяа гуайгаас нэг ч төгрөг авч байгаагүй. Ийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй. Сумъяа гуай энэ нэхэмжлэлдээ түүнээс залилж авсан мөнгөөрөө гэр бүлээрээ гадаадад оргон зайлсан сураггүй алга болсон мэтээр бичсэн нь миний нэр хүндийг гутаан доромжилсон явдал гэж ойлгож байна. Миний бие 2011 онд Австралийн ЗГ ын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө өгч тус оны 7 сард тэнцсэн гэсэн хариу авсан бөгөөд уг хөтөлбөр нь гэр бүлээр нь явуулдаг хөтөлбөр юм. Тэр үед нь IELTS ийн 6 оноотой байсан билээ. Миний тэтгэлэгт хамрагдах хугацаа 2013-2015 он байсан. 2013 он хүртэл хугацаанд би оноогоо ахиулж 6.5 болгоод суралцах шаардлагатай байсан. Б нь 2011 оны 11 сард ажлаасаа гараад УБ т ажил хийнэ гэж явсан. Энэ байдал нь надад таалагдаагүй учраас би салах бодолтой байсан ч 2012 оны 3 сарын үед гэнэт Улаанбаатараас хүрээд ирсэн, яах гэж яваа юм бэ гэхэд энд ажил гараад гэж хэлсэн. Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс энэ үед намайг сургалтандаа суу гэж дуудсан. Энэ нь 6 сарын сургалт байсан. Ингээд би хотруу явсан. 4 сарын эхэнд манай дүү нэг өдөр надруу утасдаад Б гэртээ бөөн хүн байлгаад байна юу хийгээд байгаа юм бэ гэж асуусан, ингээд би Бтай ярьтал барилгын суурь ухаж байгаа юм гэсэн. Би гэрээсээ явахыг шаардсан. Ингээд удахгүй 4 сарын сүүлээр Б би хотруу явж байгаа, дансруу чинь мөнгө хийлгэх гэсэн юм дансаа өгөөч гэхэд нь би яах гэж байгаа юм гэсэн. Сумъяа эгчид байрны материал ачуулах гэж байгаа юм гэсэн. Ингээд би дансаа өгч дансруу 8 сая гаруй төгрөг орсон байсан, маргааш нь намайг бүтэн сайн өдөр хорооллын хаан банк ажилладаг юм, нөгөө мөнгөө аваад өгөөч гэсэн. Ингээд би мөнгийг нь авч өгсөн. Тэр тэгээд салаад явсан. Тэр үед Б хотод, би дүүгийндээ амьдарч байсан. Би шалгалт 6 сарын сүүлээр өгөх ёстой байсан учраас хичээл хийгээд завгүй байсан. Бтай уулзах ч завгүй байсан. Ингээд би 6 сарын сүүлээр шалгалтандаа очих гээд 14 хоног амар гэхээр нь Баянхонгор явж охинтойгоо Үхэгт очиж хэд хоног амраад хотруу иргээд сургалтандаа явсан. Тэр үед Австралийн ЗГ 450.000 төгрөг сар бүр өгч байсан.Ингээд хотруу ирээд байж байтал 7 сарын сүүлээр байх Б ангийн охин Дуламсүрэн надруу залгасан. Би 32 дээр байна, ирээд уулзаач гэсэн. Би маш их гайхсан. Яваад очтол Сумъяа гуай хүүтэйгээ тэр 3 байж байсан. Тэгээд Б мөнгө авчихаад уулзах гэхээр зугатаагаад байна гэсэн.

Энэ үед Бд миний уур маш их хүрсэн. Ингээд Б охиноо ирж авна гэсэн . Тэгэхээр нь та нар барьж аваад уулз гэж хэлж хэлсэн. Бруу утасдаад охиноо ав гэсэн. Тэр үед Сумъяа гуай болон хүү нь , бас цагдаагийн нэг хүн Быг барьж аван Баянзүрх дүүргийн цагдаа дээр очсон. Ингээд Б цагдаад дээр байцаагдаж байгаа гээд л байдаг байсан. Би чи ажил олж хийж мөнгийг нь төл гэдэг шаардлагыг тавьж байсан Ингээд миний сургалт дуусч 10 сард Баянхонгор яваад 2013 оны 1 сард Австрали явах болсон. Австрали явахад намайг Нисэх дээр гаргаж өгсөн. Тэгэхдээ хөтөлбөрөөс бэлдсэн онгоцны тийз өгч , амьдрах мөнгө сургалтын төлбөрийг төлөх байсан болохоор би ямарч мөнгө Баас аваагүй. Б мөнгө ч үгүй байсан. Австралид байхдаа би охиноо дүүгийнхээ охиноор авчируулсан. Б нэг хэсэг сураг тасарсан байснаа 2013 оны 10 сарын үед 15 сая төгрөг өгөөч гэсэн. Би чадахгүй гэсэн. Дараа нь хэд хоногийн дараа 10 сая төгрөг өгчих гээд , хэрэг хаагдах гээд байна гэсэн, би дургүйцсэний эцэст зөвшөөрч Сидней хотод байдаг Булгамаа гэдэг эмэгтэйтэй ярьж 10 сая төгрөг явуулсан. Ингээд Б би Австралид та хоёр дээр очмоор байна гэсэн. Би хэрэг чинь бүрэн хаагдсан уу, гадаадруу гарах зөвшөөрөл байгаа юм уу гэхэд Бүх юм зүгээрээ гэж хэлсэн Ингээд би Б эрүүл мэндийн даатгалыг төлж сургуулиас бичиг аваад визэнд .ирсэн. Англи хэл сайн мэдэхгүй болохоор ажил хийх боломж хомс, хүүхдээ харж миний стифентээр амьдарч байсан.

Ингээд Австралиас ирсний дараа Сумъяа гуайтай таартал Б хаана байна мөнгөө авмаар байна гэсэн. Би Бд хэлтэл хэрэг хаагдсан гэж хэлсэн. Ингээд саяхан намайг шүүхээс дуудсан. Нэхэмжлэлээ ирж ав гэхэд би үнэхээр гайхаж цочирдсон. Тэр тусмаа намайг холбогдогчоор татсан байхыг уншаад үнэхээр цочирдлоо. Би энэ хэрэгт холбогдолгүй Сумъяа гуай өөрөөч сайн мэдэж байгаа. Би дээр дурдсанчлан Сумъяа гуайтай гэрээ контракт хийгээгүй. Сумъяа гуайгаас нэг төгрөг ч аваагүй.

Ийм учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүр мөсөн хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Х.Б, Б.Б нарт холбогдуулан Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэг 28.485.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардаж шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4.475.000 төгрөгөөс татгалзаж 24010000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэгч, тайлбартаа өөрийн хүү М.Мэндээ /Мэнджаргал/ ээр дамжуулан 2012 оны 04 сарын 06 ны өдөр орон сууцны туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар хариуцагч Х.Бтай тохиролцож урьдчилгаа болгон 28.485.000 төгрөгийг бэлнээр, бусдын дансаар болон эхнэр Б.Бгийн дансаар дамжуулан өгсөн тул хохирлоо гаргуулна гэжээ.

Харин хариуцагч Х.Б нь шүүхэд өгсөн тайлбартаа Д.Стай орон сууцны гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцож, урьдчилгаанд мөнгө авсан нь үнэн, эрүүгийн хэргээр шалгагдаж байхдаа 18.360.000 төгрөг төлсөн, авсан мөнгөө бүрэн төлсөн, Б.Б нь энэ хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй..гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар Д.С, Х.Б нарын дунд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Х.Б нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, урьдчилгаанд авсан мөнгөө бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч нь Х.Б болон Б.Б нарт өгсөн мөнгөө гаргуулах, шаардах эрхтэй гэж үзнэ. 

Шүүх нэхэмжлэлийг анх 2017 оны 02 сарын 08 ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байна. 

Гэтэл зохигчдын дунд эрх зүйн үр дагавар бий болгох харилцаа анх 2012 оны 04 сард болсон, шаардах эрх мөн онд үүссэн гэж үзэх үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Д.С нь маргааны асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар 2012 оны 08 сарын 02 ны өдөр Х.Бд холбогдуулан бусдыг залилан мэхэлсэн хэргээр эрүүгийн хэрэг нээн шалгажээ. 

Улмаар хэргийг 2014 оны 02 сарын 26 ны өдөр Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хэргийг хэсэгсэхгүй болгосон байна. 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ..гэсэн байна. Дүүргийн прокурорын газраас Х.Бд холбогдуулан Д.Сг залилсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч нь 2014 оны 2 сарын 26 ны өдрөөс хойш гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолсон гэж үзвэл түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан мөнгө болох хариуцагч Х.Баас 15930000 төгрөг, хариуцагч Б.Бгаас 8.080.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгох нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 11 дэх талд Х.Б нь Лхагвадорж гэж хүний дансаар болон бэлнээр 16000000 төгрөг авсан гэж бичин, хүлээн авсан Б гэж гарын үсгээ зуран, нотлох баримыг бичгээр үйлджээ. 

Түүнчлэн хариуцагч Б.Б нь өөрийн ХААН банкин дахь 5225205350 дансаар дамжуулан 2012 оны 04 сарын 21 ний өдөр 8.080.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С, Мэнджаргал нараас авсан болох нь тогтоогдсон байна. 

Хэрэгт авагдсан 163 дугаартай Х.Б, Б.Б нарын гэрлэлтийн батлахын хуулбар, хариуцагч нарын тайлбараар хариуцагч нар нь гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 д .Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно..гэснээс үзвэл Х.Бын шүүхэд гаргасан Б.Б нь энэ хэрэгт хамааралгүй, түүний дансаар дамжуулан би нэхэмжлэгч нараас мөнгө авсан гэх тайлбарыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзнэ.

Нөгөө талаар Х.Б нь цагдаагийн байгууллагад шалгагдах явцдаа нотлох баримтаар тогтоогдсон 18.360.000 төгрөгийг төлсөн, өөр төлөх төлбөргүй гэх боловч тус шүүхээс үнэлж шийдвэрлэсэн нотлох баримтуудаар гаргуулах нь зүйтэй гэж үзсэн төлбөрийг цагдаагийн байгууллага үнэлсэн эсэх, хохирлыг бүрэн гүйцэт шалгасан эсэхийг шүүх нягтлан шалгах үүрэггүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа Миний бие Д.Бд бэлнээр болон Лхагвадорж гэж хүний дансаар дамжуулан өгсөн 16.000.000 төгрөг, Б.Бгийн дансанд хийсэн 8.080.000 төгрөгөө нотлох баримттай тул гаргуулж, Эрдэнээ болон Урандөш буудлын тооцоо зэрэг бусад хүмүүст өгсөн мөнгөө тухайн хүмүүсээс өөрөөс нь жич нэхэмжлэх тул үлдэх 4475000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэж нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан тул энэ татгалзлалыг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.475.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300375 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 278.000 гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 15.930.000 төгрөгийг хариуцагч Х.Баас, 8.080.000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.475.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300375 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 278.000 гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 131/ШЗ2017/01713 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.