Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00934

 

 Д.Сумъяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00589 дүгээр шийдвэр, 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1913 дугаар магадлалтай,  

Д.Сумъяагийн нэхэмжлэлтэй

Х.Батжаргал, Б.Болдмаа нарт холбогдох 

Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэг 28,485,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  

Хариуцагч Б.Болдмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч Д.Сумъяа хариуцагч Х.Батжаргал, Б.Болдмаа нарт холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,010,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 131/ШШ2022/00589 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 15,930,000 төгрөгийг, хариуцагч Х.Батжаргалаас, 8,080,000 төгрөгийг хариуцагч Б.Болдмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,475,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300,375 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батжаргал, Б.Болдмаа нараас улсын тэмдэгтийн хураамж 278,000 гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар 2017.07.18-ны өдрийн 131/Ш32017/01713 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1913 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 131/ШШ2020/00589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 15,930,000 төгрөгийг хариуцагч Х.Батжаргалаас, 8,080,000 төгрөгийг хариуцагч Б.Болдмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,475,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 15,930,000 төгрөгийг хариуцагч Х.Батжаргалаас, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 8,080,000 төгрөгийг хариуцагч Б.Болдмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,475,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Болдмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,230 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч Б.Болдмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 131/ШШ2020/00589 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Болдмаа давж заалдах гомдол гаргаж, Өвөрхангай аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 204/МА2020/00023 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 343 дугаар зүйл 343.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Болдмаагаас 8,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сумьяад олгохоор нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: 

4.1 Хэрэгт авагдсанаар Орон сууц барилга барих, бариулах гэрээ нь 2012.10.15-ны өдрөөр үүргийн гүйцэтгэл хангагдан дуусах бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг гаргасан. Түүнчлэн төлбөр бүрэн төлсөн баримтуудыг шүүхэд гаргасаар байтал эрүүгийн хэргийн баримт гэх шалтгаанаар тооцоогүй орхисон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасантай нийцэхгүй байна. 

4.2 Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч Х.Батжаргал болон үүрэг гүйцэтгэгч Д.Сумьяа нар Б.Болдмаагийн дансаар мөнгийг оруулан буцааж гарган авч байгаа нь Б.Болдмаатай холбоотой үүрэг үүссэн болохыг нотолж байгаагаас гадна Б.Болдмаа түүнээс нэг ч төгрөгийг өөртөө авч үлдээгүй байна. Энэ талаар Х.Батжаргал тайлбартаа ...Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байхдаа нэхэмжлэлд дурдагдсан Б.Болдмаа, Б.Лхагвадорж, Ц.Дуламсүрэн нар нь харилцах дансаа хэрэглүүлснээс бусдаар хэрэгт хамааралгүй болохыг нотолсон. гэсээр байхад шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүйгээр Д.Сумьяа, Б.Болдмаагийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 8,080,000 төгрөгийг хариуцагч Б.Болдмаагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн тус хуулийн 492 зүйл 492.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч Б.Болдмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.  

6. Нэхэмжлэгч Д.Сумъяа хариуцагч Х.Батжаргал, Б.Болдмаа нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,485,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... 2012 оны 04 сард Батжаргалын гүйцэтгэгчээр ажиллах саналыг хүлээн авч түүнд 46,845,000 төгрөг өгсөн. Түүний эхнэр Б.Болдмаад дансаар нь 8,080,000 төгрөг шилжүүлсэн нь энэ мөнгөнд багтана. ... ажлаа гүйцэтгээгүй. ...одоогийн байдлаар 28,485,000 төгрөг буцааж өгөөгүй. ... Урандөш буудлын тооцоог зохих хүмүүсээс нь нэхэмжлэх тул 4,475,000 төгрөгөөр багасгана гэж тайлбарлаж байна. Хариуцагч Х.Батжаргал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулсан ч надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. ... би 18,360,000 төгрөгийг төлсөн, ... нэхэмжлэгч энэ дүнг зөвшөөрсөн. ... Б.Болдмаа харилцах дансаа хэрэглүүлснээс өөрөөр хэрэгт хамааралгүй. гэж маргаж байх бол хариуцагч Б.Болдмаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... Би Д.Сумъяа гуайтай ямар нэг гэрээ байгуулаагүй, ... Х.Батжаргал бид хоёр 2011 оны 11 сараас хот хөдөөд тусдаа амьдарч байсан. ... 4 сарын сүүлээр Х.Батжаргал утсаар ярьж Д.Сумъяа гуай материал ачуулах гэж байгаа гэж хэлээд миний дансанд мөнгө хийнэ гэсэн. ....Би мөнгийг авч өгсөн. гэж мэтгэлцэж байна. 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч Х.Батжаргалаас 15,930,000 төгрөгийг, хариуцагч Б.Болдмаагаас 8,080,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, 4,475,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Д.Сумъяа хариуцагч Х.Батжаргал нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч энэ үндэслэлээр хариуцагч Х.Батжаргалаас 15,930,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй бол хариуцагч Б.Болдмаа нь 8,080,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу дээрх мөнгөн хөрөнгийг Д.Сумъяад олгохоор шийдвэрлэжээ.  

8. Хяналтын шатны шүүхээс хариуцагч Б.Болдмаагийн хяналтын гомдлыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэстэй гэж үзлээ. 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ажил гүйцэтгэх гэрээ нэхэмжлэгч Д.Сумъяа, хариуцагч Х.Батжаргал нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэн, тус гэрээний тал бус Б.Болдмаад холбогдуулан гэрээний шаардлага гаргах үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь зөв байна.  

10. Гэвч хариуцагч Б.Болдмаад холбогдох шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.  

Нэхэмжлэгч Д.Сумъяа нь 2012.04.21-ний өдөр Хаан банк дахь Б.Болдмаагийн эзэмшлийн 5225205350 дугаартай дансанд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 8,080,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй. Гэвч тус мөнгөн хөрөнгийг маргааш нь данснаасаа гаргаж тухайн үед хувийн шалтгааны улмаас тусдаа амьдарч байсан нөхөр Х.Батжаргалд гаргаж өгсөн гэх Б.Болдмаагийн тайлбар нь түүний дансны хуулга, хариуцагч Х.Батжаргалын Б.Болдмаад ажил гүйцэтгэх гэрээ хамааралгүй гэх тайлбар, маргаан бүхий хугацаанд Б.Болдмаагийн Австрали улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран тус улсад суралцахаар явсан нөхцөл байдлуудаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.

Аливаа этгээдийн дансанд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгө орж ирэх, эсхүл түүнтэй адилтгах нөхцөл байдал бүрдсэн байх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг тодорхойлох цорын ганц урьдчилсан нөхцөл бус бөгөөд ийнхүү хөрөнгө орж ирснээр хүлээн авагчийн хөрөнгө уг хэмжээгээр нэмэгдэх буюу арвижих байдлаар түүнд ашигтай нөхцөл байдал үүссэн байхыг давхар шаардана. Гэвч маргаан бүхий тохиолдолд Б.Болдмаагийн хөрөнгө Д.Сумъяагийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр бодит утгаараа арвижаагүй, уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэгчийн өгсөн зориулалтынх нь дагуу, хүлээн авах ёстой гэж шилжүүлэгчийн үзэж байсан этгээд буюу Х.Батжаргалд дамжуулсан үйлдлийг хийсэн тухайд зохигчдын хэн аль нь маргаагүй байна.  

Иймд Д.Сумъяагийн шилжүүлсэн 8,080,000 төгрөгөөр хариуцагч Б.Болдмааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.  

11. Харин Д.Сумъяагаас шилжүүлсэн 8,080,000 төгрөгийг барилгын ажилд зарцуулахаар Б.Болдмаагаас хүлээн авснаараа хариуцагч Х.Батжаргал нь ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаас ажлын хөлс, материалын зардалд хамаарах мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ.  

12. Нэгэнт зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ гүйцэтгэгчийн буруугаас хэрэгжээгүй, тодруулбал, гүйцэтгэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажлыг гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй тул захиалагч гэрээг цуцалж, ажлын гүйцэтгэлийг бус шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасантай нийцэх юм.  

13. Дээр дурдсанчлан /хянавал хэсгийн 9, 10, 11, 12/ Д.Сумъяа болон Х.Батжаргал нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Болдмаад холбогдуулан тус гэрээний гүйцэтгэл, хохиролтой холбоотой шаардлага гаргах эрхгүй, хариуцагч Б.Болдмааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Болдмаад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу хариуцагч Х.Батжаргалаас 24,010,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгох нь зүйтэй байна.  

14. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Болдмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.   Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1913 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00589 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Х.Батжаргалаас 24,010,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сумъяад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 4,475,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Б.Болдмаад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, 

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,375 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Батжаргалаас 278,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сумъяад олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Болдмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагч Б.Болдмаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 144,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА

Х.ЭРДЭНЭСУВД