Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1386

 

 

“Ж Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01210 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ж Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ГС У” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 294 059 820 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн 31 644 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Төмөрчөдөр, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, Э.Ганхөлөг, хариуцагчийн төлөөлөгч Л.Лхаажав, өмгөөлөгч П.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, С.Отгонцагаан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 3 чингэлэг ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг /газ/ Солонгос улсаас импортоор оруулж ирэх, санхүүжүүлэх, зарж борлуулах зорилгоор "Ж Х" ХХК нь Хамтран ажиллах гэрээг “ГС У" ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Гэрээний 2 тал харилцан тохирч 2017 оны 11 дүгээр дугаар сарын 09-ний өдөр үндсэн гэрээнд тусгагдаагүй аман хэлцлээр тохирч байсан нөхцөлөөр үндсэн гэрээний тодорхой бус заалтуудыг тодотгох зорилгоор гэрээний төлбөр тооцооны нөхцөлд нөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус гэрээнд “Ж Х” ХХК нь 3 чингэлэг газны санхүүжилт болох 112.500.000 вон буюу 236.250.000 төгрөгийг гаргах, “ГС У” ХХК нийт борлуулалтыг хариуцаж 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Ж Х” ХХК-д 3 чингэлэг газны үнэ 236.250.000 мөн 2 чингэлэг газны ашиг 24.885.000 төгрөг, нийт 261.135.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. “Ж Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 3 чингэлэг газны санхүүжилт болох 263.250.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн боловч .ГС У” ХХК өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл 152.987.000 төгрөг, алданги 141.072.820 төгрөг, нийт 294.059.820 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГС У” ХХК-ийн захирал Л.Лхаажав шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2017 оны 05 дугаар сарын 09-ний Л.Лхаажав, Төмөрчөдөртэй БНСУ-аас ахуйн хэрэглээний газ улирлын чанартай зарагддаг бараа бөгөөд 07 дугаар сарын 01-нээс 10-ны өдрийн хооронд маш сайн гүйлгээтэй байдаг бараа болохоор аман хэлэлцээр 3 чингэлэг газ авчрахаас 2 чингэлэг газны ашгийг Төмөрчөдөр, 1 чингэлэг газны ашгийг Л.Лхаажав авахаар тохирч, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд худалдан борлуулж, 2 чингэлэг газны ашгийг өгөхөөр тохирсон. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эхний чингэлэг газ орж ирснийг “Ж Х” ХХК-ийн ажилтан С.Отгонцагаан агуулахад очиж барааг ирснийг хараад зураг авч, тоо ёсоор нь тоолж аваад хагас бараа нь бид удалгүй хүргэж өгсөн, хэсэг хугацааны дараа “Ж Х” ХХК нь бид бүхэн борлуулалтыг хийж чадахгүй юм байна, танайх борлуулалтыг нь хийж өгөөч гэж буцааж өгсөн. “ГС У” ХХК нь зах болон худалдааны төвүүдээр бөөний худалдаа эрхэлдэг. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/500 тоот захирамжаар бүх худалдааны төв хаагдсан учир борлуулалт зогссон. Наадмын дараа зах урт хугацаагаар амарсан бөгөөд хэт халалтаас болж, ойн түймэр гарч, тухайн үед ахуйн хэрэглээний газ болон тэсэрч дэлбэрэх бодис галын аюултай бүтээгдэхүүнийг Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын дагуу түр хугацаагаар борлуулалт болон үйл ажиллагааг Онцгой байдлын газраас бүрэн зогсоосон. “Ж Х” ХХК-д 3302 хайрцаг газ болон бэлнээр 102.135.300 төгрөгийг өгч төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “ГС У” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ГС У” ХХК нь "Ж Х" ХХК-тай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг Солонгос улсаас импортоор оруулж ирэх, санхүүжүүлэх, зарж борлуулах, төлбөр төлөхтэй холбоотойгоор 2017 оны 05 сарын 10-ны өдөр ХГ-17-01 дугаартай Хамран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу “ГС У” ХХК нь 1 чингэлэг газны тээврийн зардлыг төлсөн бөгөөд “Ж Х” ХХК нь гэрээний 3.5 дахь заалт буюу дотоод тээврийн зардлыг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Тухайн үед 2017 оны 06 дугаар сард Монгол улсад орж ирсэн 3 чингэлэг газны гаалийн бүрдүүлэлтийг хийсний дараа “Ж Х” ХХК нь 2 чингэлэг газны тээврийн зардлыг төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул “ГС У” ХХК 2 чингэлэг газны дотоод тээврийн зардлыг төлсөн. 2017 оны 06 сараас 2 чингэлэг газыг “Ж Х” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед “Ж Х” ХХК-д хадгалах том агуулах сав байхгүй тул манай компанийн түрээсэлдэг 2017 оны 09 cap хүртэл манай компанийн түрээсэлдэг агуулахад авахгүй байлгасан. Ж Х ХХК-иас 2 чингэлэг газны тээврийн зардалд 17.640.000 төгрөгийг, алданги 8.820.000 төгрөг, нийт 26.460.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр cap хүртэл 2 чингэлэг газаа хүлээж авахгүй байлгасан түрээсийн төлбөр 3.456.000 төгрөг, алданги 1.728.000 төгрөг, нийт 5.184.000 төгрөг болсон. Иймд Ж Х ХХК-иас дотоод тээврийн зардал 17.640.000 төгрөг, алданги 8.820.000 төгрөг, агуулахын түрээсийн зардал 3.456.000 төгрөг, алданги 1.728.000 төгрөг, нийт 31.644.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батмөнх, С.Отгонцагаан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үүргээр энэхүү бүх зардал үйл ажиллагааг дуусгаж тооцоо хийхийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр байхаар тохиролцсон. Гэтэл “ГС У” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, манай тал гэрээнд заасан үүргээ биелүүлж санхүүжүүлсэн. Тиймээс 2017 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний зарим заалтыг тодорхой болгох үүднээс нэмэлт гэрээ үйлдсэн. Тус нэмэлт гэрээний өөрчлөлтөд төлбөр тооцооны хугацаа болон бүх зүйлийг тодорхой заасан. Уг гэрээнд зааснаар төлбөр тооцооны асуудлыг Б тал нь борлуулалтыг хийж А тал нь санхүүжилт 3 чингэлэг газ болон 2 чингэлэг газны ашгийг нэмэгдүүлж өгнө гэж заасан байдаг. Үүнд мөн 2 чингэлэг газны тээврийн зардлыг хассанаар тооцож тохиролцсон байдаг. Шүүхэд хандсаны дараа зарим зүйл тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлага багасгасан. Тиймээс гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 175.295.125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ГС У ХХК-иас 46 226 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж Х ХХК-д, нэхэмжлэгч Ж Х ХХК-иас 20 854 708 төгрөг гаргуулан хариуцагч ГС У ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч Ж Х ХХК-ийн нэхэмжлэлээс 129 068 525 төгрөгийн шаардлагыг, хариуцагч ГС У ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс 10 789 292 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 628 250 төгрөг, хариуцагчаас төлсөн 316,170 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ГС У ХХК-иас 389 083 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж Х ХХК-д, нэхэмжлэгч Ж Х ХХК-иас 262 223 төгрөг гаргуулж хариуцагч ГС У ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Ж Х” ХХК нь хариуцагч болох “ГС У” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулан БНСУ-аас 3 чингэлэг шингэрүүлсэн шатдаг хий /газ/-г Монгол Улсад оруулж ирэх санхүүжилтыг 100% олгож, тухайн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлын үндсэн дээр хариуцагчаар борлуулж 2 чингэлэг шингэрүүлсэн шатдаг хийн ашиг болон үндсэн төлбөр, 1 чингэлэг шингэрүүлсэн шатдаг хийн үндсэн төлбөрийг буцаан авах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Фактийн хувьд мөнгөтэй тал мөнгөө гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигч тал бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж ашиг гаргаж борлуулах үйл баримт болсон. Шүүхээс талуудын хооронд хуульд нийцсэн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн атлаа тухайн гэрээгээр зохицуулсан талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хугацаа хэтэрсэн алдангийг “...эрх, үүргийн хуваарилалтад өөрчлөлт оруулсан нь харилцан алданги шаардах эрхийг үгүйсгэж байна" гэж дүгнээд шийдэлгүй орхисон нь утга агуулгын хувьд харилцан нэгнээ үгүйсгэсэн байдлаар дүгнэж шийдвэрлэсэн. Тухайн гэрээний нэмэлтээр талуудын эрх үүргийг шинээр тодорхойлсон бус зорилгоо тодорхойлсон байгаа нь талуудын гэрээгээр хүлээсэн эрх үүрэг хэвээр үргэлжилж байгаа болохыг харуулж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч тээврийн зардлыг төлөх үүрэгтэй ба тухайн нэхэмжлэлд тээврийн зардлыг хассан дүнгээр нэхэмжилсэн болохыг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардлыг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мөнгөн хэлбэрээр олгосон 76.480.000 төгрөг, 3172 хайрцаг шингэрүүлсэн шатдаг хийг гэрээнд заасан үнээр буюу 113.240.000 төгрөгт нэхэмжлэгч маргаагүй бөгөөд шүүхээс хариуцагчийн нэхэмжлэгчид олгосон гэж маргаж буй 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болохыг гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугласан баримтаар тогтоосон байдаг. Ингэж үзвэл 197.720.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болохоор байна. Энэ нь хариуцагч тухайн бараа бүтээгдэхүүнийг зарж болруулахдаа өөрийн агуулах саванд хадлагалах, бусдын агуулах саванд хадгалах нь нэхэмжлэгчийн хариуцах ёстой үүрэг биш байна. Сөрөг нэхэмжлэлээр өөрийн хүлээсэн үүргийг бусдын хүлээх үүрэг мэтээр ойлгож түүнээс учирсан хариуцлагыг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй байсан ба шүүх түүнийг хүлээн авч шийдэх нь зүйд нийцэхгүй байна. Иймд шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан хэсэгт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ж Х” ХХК нь хариуцагч “ГС У” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэл, алданги нийт  294 059 820 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч тээврийн зардал, түрээсийн төлбөр, алданги нийт 31 644 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нь “ГС У” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ өөрчилж гаргасан /хх-ийн 144/ тохиолдолд хариуцагч уг өөрчилсөн нэхэмжлэлд хариу тайлбар гаргах эрхтэй бөгөөд шүүх өөрчилсөн нэхэмжлэлийг түүнд гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, улмаар маргааны зүйлийн талаар мэтгэлцэх хариуцагчийн эрхийг хангаагүй байна.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурсан байх боловч уг тэмдэглэлд тамга дарагдаагүй тул хуульд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй  /хх-ийн 216/  гэж үзэхээс  гадна хавтаст хэргийн 70, 71, 74-76, 83, 86, 88-89, 92-93, 95-97, 101, 103, 109, 114-115,120-123, 130-132 дугаар талд авагдсан бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй болохыг, түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтран ажиллах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж тодорхойлсон байхад шүүх зохигч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүйг тус тус дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.