Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 72

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогч Ш.Өлзийжаргал,

шүүгдэгч О.Ууганбаяр, Б.Санчиржав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Отгонжаргалын Ууганбаяр, Балгатай овогт Бямбажавын Санчиржав нарт холбогдох эрүүгийн 2016 2501 3548 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван богд фүүдс” ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 23 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 45 дугаар гудамж 2-9 тоотод оршин суух, регистрийн УП95021413 дугаартай, Боржигин овогт Отгонжаргалын Ууганбаяр,

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн инженер мэргэжилтэй, “Таван богд фүүдс” ХХК-д рестораны ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамж 150 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УЗ92091218 дугаартай, Балгатай овогт Бямбажавын Санчиржав.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ууганбаяр, Б.Санчиржав нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” сүлжээ хоолны газарт Ш.Өлзийжаргалыг иргэн Г.Баатарчулууныг бороохойдлоо гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх цус хуралт, дух, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтан шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Санчиржавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Өлзийжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би ажил дээрээ байсан. Тэгээд Баатаржав орж ирээд хоолоо захиалаад ширээ дэрлээд унтаад өгсөн. Тэгээд шүүгдэгч нар 2 найзынхаа хамт орж ирээд хоолоо захиалаад суусан, хажуугаар нь гартал О.Ууганбаяр намайг “чам шиг хамгаалагч байдаггүй юм” гэж хэлсэн. Тэгээд би “та нар зүгээр хоолоо идээд гараа” гэж хэлсэн. Тэгтэл зөөгч Баатаржавыг “унтаад байна, сэрээ” гэж хэлэхээр нь сэрээтэл намайг хэл амаар доромжлоод маргаан үүссэн. Тэгтэл О.Ууганбаяр, Б.Санчиржав нар намайг ирээд зодсон. Одоо би ажилгүй байгаа. Цаашид нүдний ухархайд хагалгаа хийлгэх ёстой, мөн хамрын ясанд ч гэсэн хагалгаа хийлгэнэ. Мөнгөгүй болоод хагалгаанд ороогүй. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг хагалгаандаа зарцуулна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин орлого орж байгаа. Хохирол барагдуулах юм бол гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Өлзийжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байсан. Миний үүрэг бол хоолны зааланд хэв журам сахиулж гарсан зөрчлийг шийдэж, хяналт тавьж ажилладаг юмаа. Тэгээд 24-ний өглөөний 06 цаг өнгөрч байхад сүүлд нь нэрийг нь Баатарчулуун гэж мэдсэн залуу ганцаараа гаднаас нилээд согтуу орж ирээд хоол захиалаад 2 дугаар заалны ширээн дээр суусан. Араас нь удаагүй 4 залуу орж ирээд хоол захиалаад тусдаа ширээнд суусан. Би зааланд алхаад нөгөө 4 залуугийн хажуугаар нь гарахад өндөр шар царайтай залуу нь намайг “хөөе хамгаалагчаа яваад хоол аваад ир, чиний хамгаалагч гэж юу байдаг юм” гэсэн. Би тэдгээр залуучуудад хандаж “та нар тэгж болохгүй шүү, хэрвээ болохгүй бол би цагдаа дуудна шүү” гэсэн чинь “тэр цагдаа чинь ирээд яадаг юм” гэсэн. Би өөр юу ч хэлээгүй цаашаа алхаад тектэй зааланд очсон. Тэгтэл зөөгч Ану над дээр ирээд зааланд согтуу хүн унтаад байна, тэрийг очиж сэрээгээрэй гэж хэлсэн. Тэр унтаж байсан залуу нь Баатарчулуун байсан. Би Баатарчулуун дээр очоод гарнаас нь татаад “хөөе сэрээрэй, энд унтаж болохгүй шүү” гэсэн чинь уурлаад “би хоол захиалсан байгаа, чи яваад миний хоолыг авчирчихаад дараа нь наадхаа надад хэл” гэсэн. Би юм дуугараагүй хажууд нь зогсож байсан чинь Баатарчулуун босож ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би тусгай хэрэгсэл буюу цахилгаан бороохойгоороо гэдэс рүү нь 2 удаа цохиулсан. Тэгтэл цаанаас намайг хэл амаар доромжлоод байсан залуучуудын өндөр шар залуу нь ирээд миний цахилгаан бороохойг хугалаад, уруул руу гараараа цохисон. Араас нь нөгөө хэдэн залуучууд нь бөөнөөрөө ирээд цохисон. Хэн нь хаана цохисныг нь би хэлж мэдэхгүй байна. Тэгээд манай тогооч, зөөгч нар гарч ирээд салгацгаасан. Тухайн үед текэн дээр нэг залуу хоол захиалаад зогсож байсан бөгөөд тэр залуу намайг өмөөрч Баатарчулуунтай зодолдсон. Ингээд байж байхад удаагүй цагдаа нар ирээд бөөнөөр нь аваад явсан. …Би сүүлд Шөлөндөө хоолны газрын камерын бичлэгийг шүүж үзсэн. Мөн эдгээр залуучуудтай уулзаж нэрийг нь мэддэг болсон. Тэгэхээр одоо нэрээр нь хэлээд мэдүүлгээ өгье. Намайг Баатарчулуунтай зууралдаад байж байхад Ууганбаяр эхэлж ирээд “ингэж болохгүй ш дээ, түрүүнээс хойш хараад байсан жаахан хэгжүүн гар уу үгүй юу” гэж хэлээд миний гартаа барьсан цахилгаан бороохойг булааж авах гээд байсан. Би юу ч хэлж амжаагүй байтал Санчиржав хажуунаас орж ирээд намайг нүүрлүү 1 удаа цохисон. Ингээд манай тогооч залуучууд Ууганбаяр, Санчиржав нартай цуг явж байсан найзууд болох Баяржаргал, Эрдэнэсайхан нартай хамт салгасан. Түүний дараа би Баатарчулуунтай дахин маргалдсан чинь Ууганбаяр ирээд бас хэрүүл хийгээд Санчиржав нь дахиж ирээд намайг заамдаад нүүрлүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Санчиржавыг түлхсэн чинь газар хальтираад унасан. Яг тэр газар нь ус асгачихсан байсан. Санчиржавыг түлхтэл Ууганбаяр хажуунаас орж ирээд намайг түлхэж унагаад дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Би нүүрээ дараад хэвтсэн ба манай тогооч нар Баяржаргал нар салгаж байх шиг байсан. Тухайн үед текэн дээр хоол захиалах гээд зогсож байсан залуу “та нар олуулаа ингээд хүн зодож болохгүй ш дээ, наад хүн чинь чамд зөв л шаардлага тавьж байна ш дээ” гээд эхлээд Баатарчулуунтай хэрэлдэж байснаа нэг мэдсэн Ууганбаяртай харилцан зууралдаад зодолдож байсан. …Ууганбаяр, Санчиржав нар нь миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Мөн эмнэлгээр цугтаа явж нүдний зураг, ухархайн зураг авхуулсан зардлын мөнгө өгсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18, 19-20 дугаар тал/

 

Шүүгдэгч О.Ууганбаярын мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн: “…би түрүүлээд бие засчихаад гараад ширээ рүүгээ явж байсан чинь хоолны газрын хамгаалагч буюу сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн залуу үйлчлүүлж байсан залууг цахилгаан бороохойгоор цохиулж байсан. Тэгэхээр нь би очоод “чи болиоч, наад цахилгаан бороохойгоо болиоч” гэж хэлсэн чинь Өлзийжаргал “чамд хамаагүй, цаашаа яваад хоолоо ид” гэсэн. Тэгэхээр нь би цахилгаан бороохойг нь булаагаад авсан. Ингээд байж байхад Санчиржав ирээд Өлзийжаргалтай муудалцаад хүзүү рүү гараараа цохиод авсан. Ингээд яг зодоон болох гэтэл тогооч нар нь ирээд салгасан. Мөн Баяржаргал, Эрдэнэсайхан нар ирж Санчиржав бид хоёрыг салгасан. Баяржаргал, Эрдэнэсайхан нар салгаад Санчиржав бид хоёрыг ширээн дээр суулга гэсэн бөгөөд би Өлзийжаргалтай маргалдаж байгаад зууралдсан чинь Санчиржав хажуунаас Өлзийжаргалын нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Өлзийжаргал Санчиржавыг буцаагаад нүүр лүү цохиод түлхсэн чинь халтираад газар унасан. Тэгээд бас тогооч нар болон Баяржаргал, Эрдэнэсайхан нар салгасан. Санчиржавыг газар унагахаар нь би Өлзийжаргалтай муудалцаад зууралдаж байгаад хөлөөрөө нүүрлүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд салцгаагаад байж байхад нэмэгдлээр хамгаалагч нар ирсэн. Өлзийжаргалтай муудалцаж байхад үйлчлүүлж байсан улаан куртиктэй залуу над руу дайраад надтай бас зодолдсон. Тэр залуу ерөнхийдөө Өлзийжаргалыг өмөөрөөд дайраад байсан. … Ер нь бол Б.Санчиржав бид хоёр цохисон нь үнэн. Тэгэхдээ яг хэн нь аль гэмтлийг нь учруулсаныг нь мэдэхгүй байна. Аль аль нь нүүр лүү нь цохисон. …Өлзийжаргалд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Мөн нүдний зургийг нь цугтаа яваад авхуулсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 52-54 дүгээр тал/

 

Шүүгдэгч Б.Санчиржавын мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн: “… О.Ууганбаяр бид хоёр бие засах өрөө орохоор явсан. Би бие засах өрөө рүү явах замдаа үйлчлэгчийн шал угааж байсан усыг санаандгүй өшиглөөд асгасан. Ингээд бие засах өрөө ороод бие засчихаад нүүр гараа угааж байхад Ууганбаяр түрүүлээд гараад явсан байсан. Би араас нь бие засах өрөөнөөс гараад ирсэн чинь Ууганбаяр сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн тус хоолны газрын хамгаалагчтай “чи наад хүнийгээ зүгээр байхад нь бороохойдоод байна” гээд нэг залууг өмөөрөөд маргалдаад байж байсан. Тэгтэл хажуунаас нь Баяржаргал намайг цааш нь татаад ширээн дээр суулгасан. Ууганбаяр нөгөө залуутай маргалдаад харилцан зууралдаад авахаар нь би очоод Ш.Өлзийжаргалын хүзүү рүү нь 1 удаа гараараа цохисон. Ингээд Баяржаргал, Эрдэнэсайхан нар салгаад ширээн дээрээ очиж суусан. Өлзийжаргал тэгсэн чинь дахиад үйлчлүүлж байсан сүүлд нь нэрийг нь Баатарчулуун гэж мэдсэн залууг цахилгаан бороохойгоор цохиулахаар нь Ууганбаяр дахиж гүйж ирээд Өлзийжаргалтай маргалдаад заамдалцаад авахаар нь би очоод Өлзийжаргалын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Өлзийжаргал намайг буцааж цохиод түлхэхэд нь би шалан дээр асгасан усан дээр халтираад ойчсон. Би ойчоод хэсэг хугацаанд манараад босож чадахгүй байж байгаад ухаан гайгүй болохоор нь боссон. Босоод ирэхэд Ууганбаяр огт танихгүй залуутай барьцалдчихсан зодолдож байсан. Би Ууганбаяр луу дайраад байхаар нь уг залууг араас нь тэврээд салгах гэж оролдсон. Тэгэхэд хажуунаас Баяржаргал намайг салгаад үүд рүү сандал дээр суулгасан. Би сандал дээр сууж байхад нэмэгдлээр хамгаалагч нар ирсэн. Мөн эмнэлэг ирээд араас нь цагдаа нар ирсэн. Эмнэлэг намайг үзээд ерөнхийдөө зүгээр байна, толгой нь хагарсан байна гэсэн. Тэгээд гайгүй гэхээр нь бүгдээрээ цагдаагийн хэлтэс рүү явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 58-60 дугаар тал/

 

Гэрч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн орчим найзууд болох Ууганбаяр, Эрдэнэсайхан, Санчиржав нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байх Шөлөндөө хоолны газарт хоол идэхээр орсон. Хоолоо захиалчихаад сууж байхад Санчиржав, Ууганбаяр нар бие засах өрөө орохоор явсан. Эрдэнэсайхан бид 2 хоолоо авах гээд зогсож байтал хамгаалагч сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн залуу нэг залуутай муудалцаад цахилгаан бороохойгоор бие рүү нь цохиулаад байсан. Тэгсэн чинь Санчиржав, Ууганбаяр нар бие засах өрөөнөөс гарч ирээд Ууганбаяр хамгаалагч залуу дээр очоод “чи яагаад зүгээр байгаа хүнийг бороохойдоод байгаа юм бэ?” гэж хэлээд бороохойг нь булааж авах гэсэн. Ингээд харилцан заамдалцаад авахаар нь би очоод Ууганбаярыг салгасан. Тэгтэл хажуунаас Санчиржав Өлзийжаргалтай зууралдаад эхэлсэн. Ингээд би Ууганбаярыг салгачихаад дахиад Санчиржавыг салгаад ширээ рүү аваачсан. Тэгсэн чинь Ууганбаяр дахиж босоод Өлзийжаргал дээр очоод зууралдаад авахаар нь би Ууганбаярыг салгах гээд байж байтал Санчиржав хажууд шалан дээр унасан. Тухайн унасан газар нь ус асгарсан байсан. Би яг нүдээрээ хэн нь Өлзийжаргалыг цохиж байгааг хараагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21-22 дугаар тал/ 

 

Гэрч О.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “…Б.Баяржаргал бид хоёр хоолоо авах гээд зогсож байтал Ууганбаяр хамгаалагч буюу сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн залуу дээр очоод “болиоч, болиоч” гээд зогсож байсан. Тэгээд Баяржаргал очоод Ууганбаярыг салгасан. Би энэ хооронд хоолоо зөөгөөд ширээн дээр тавьчихаад эргээд ирэхэд Ууганбаяр, Өлзийжаргалтай маргалдаж байсан. Ингээд ширээн дээр очоод суутал Ууганбаяр дахиж очоод Өлзийжаргалтай маргалдсан чинь Санчиржав очоод Өлзийжаргалтай заамдалцаад нүүр лүү нь 1 удаа цохиод авсан. Өлзийжаргал зөрүүлээд Санчиржавыг нүүр лүү нь цохиод түлхсэн чинь Санчиржав хальтираад газар унасан. Яг тэр газар нь ус асгарчихсан нойтон байсан. Санчиржав унаад босож ирэхгүй болохоор нь би сандраад гадагшаа түргэн рүү залгаад дуудлага өгчихөөд эргээд ороод ирсэн. Намайг гаднаас орж ирэхэд улаан куртиктэй танихгүй залуу Ууганбаяртай зодолдож байсан. Юунаас болсоныг нь би мэдэхгүй байна. Баяржаргал Ууганбаярыг салгах гэж оролдоод улаан куртиктэй залууг Өлзийжаргал салгах гээд оролдож байсан. Мөн хоолны газрын тогооч нар ирээд салгацгааж байсан. Өлзийжаргалыг тогооч нар салгаад цаашаа том заал руу дагуулаад явтал Ууганбаяр араас нь очоод дахин Өлзийжаргалтай зууралдаад өшиглөж байсан. Хаашаа өшиглөснийг нь сайн хараагүй, ямар ч байсан хөлөөрөө өшиглөж байсан. …Өлзийжаргалыг Санчиржав, Ууганбаяр нар нүүр лүү нь цохисон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

Гэрч М.Бямбадолгорын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би текэн дээр захиалга авч байхад согтуу залуу хоол бичүүлчихээд текний хажуугийн 2 ширээний урд талын ширээн дээр суугаад хоол хүлээх зуураа унтсан. Тэгэхээр нь хамгаалагч Өлзийжаргалыг дуудаад сэрээгээрэй гэсэн. Өлзийжаргал ирээд уг залуугийн гарнаас нь татаж сэрээхэд нөгөө залуу нь “чи юу юм бэ?” гэж Өлзийжаргалыг хэл амаар доромжлоод заамдаад авсан. Өлзийжаргал гарыг нь тавиулах гээд цахилгаан бороохой хэрэглэсэн чинь бие засах өрөөнөөс гарч ирсэн 2 залуу Өлзийжаргалыг “чи зүгээр байгаа хүнд цахилгаан бороохой хэрэглэлээ” гэж өмөөрч муудсан. Ингээд нөгөө 2 залуу Өлзийжаргалтай муудалцаад дайрч цохисон. …Мөн тэр үед хоол захиалах гээд зогсож байсан улаан куртиктэй залуу Өлзийжаргалыг өмөөрч нөгөө залуучуудтай зодолдоод байсан. Ингээд бужигнаж байгаад цагдаа нар болон манай хамгаалалтын албаны шуурхай бүрэлдэхүүн ирээд больцгоосон. Бие засах өрөөнөөс гарч ирсэн 2 залуу л Өлзийжаргал руу дайраад цохиод байсан. Цуг явж байсан залуучууд нь салгаад байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-26 дугаар тал/

      

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13299 дүгээр:

“1. Өлзийжаргалын биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, цус  хуралт, дух, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 41 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 65, 68 дугаар тал/

 

Оршин суугаа газрын тодорхойлолт,

 /хх-ийн 66 дугаар тал

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 73-74 дүгээр тал/

 

Гэм хорын хохирлын баримтууд,

/хх-ийн 77 дүгээр тал/

 

Хохирол хүлээн авсан баримт,

/хх-ийн 103 дугаар тал/

 

Өргөмжлөл, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрчилгээний хуулбарууд,

/хх-ийн 88-100 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч О.Ууганбаяр, Б.Санчиржав нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” сүлжээ хоолны газарт Ш.Өлзийжаргалыг иргэн Г.Баатарчулууныг бороохойдлоо гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх цус хуралт, дух, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Өлзийжаргалын өгсөн “…Тэгтэл зөөгч Баатаржавыг “унтаад байна, сэрээ” гэж хэлэхээр нь сэрээтэл намайг хэл амаар доромжлоод маргаан үүссэн. Тэгтэл О.Ууганбаяр, Б.Санчиржав нар намайг ирээд зодсон. Одоо би ажилгүй байгаа. Цаашид нүдний ухархайд хагалгаа хийлгэх ёстой, мөн хамрын ясанд ч гэсэн хагалгаа хийлгэнэ. Мөнгөгүй болоод хагалгаанд ороогүй.” гэх мэдүүлэг,

мөн мөрдөн байцаалтад хохирогч Ш.Өлзийжаргалын өгсөн “…Тэгтэл зөөгч Ану над дээр ирээд зааланд согтуу хүн унтаад байна, тэрийг очиж сэрээгээрэй гэж хэлсэн. Тэр унтаж байсан залуу нь Баатарчулуун байсан. Би Баатарчулуун дээр очоод гарнаас нь татаад “хөөе сэрээрэй, энд унтаж болохгүй шүү” гэсэн чинь уурлаад “би хоол захиалсан байгаа, чи яваад миний хоолыг авчирчихаад дараа нь наадхаа надад хэл” гэсэн. Би юм дуугараагүй хажууд нь зогсож байсан чинь Баатарчулуун босож ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би тусгай хэрэгсэл буюу цахилгаан бороохойгоороо гэдэс рүү нь 2 удаа цохиулсан. Тэгтэл цаанаас намайг хэл амаар доромжлоод байсан залуучуудын өндөр шар залуу нь ирээд миний цахилгаан бороохойг хугалаад, уруул руу гараараа цохисон. Араас нь нөгөө хэдэн залуучууд нь бөөнөөрөө ирээд цохисон. Хэн нь хаана цохисныг нь би хэлж мэдэхгүй байна.” гэх,

шүүгдэгч О.Ууганбаярын сэжигтэнээр өгсөн: “…би түрүүлээд бие засчихаад гараад ширээ рүүгээ явж байсан чинь хоолны газрын хамгаалагч буюу сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн залуу үйлчлүүлж байсан залууг цахилгаан бороохойгоор цохиулж байсан. Тэгэхээр нь би очоод “чи болиоч, наад цахилгаан бороохойгоо болиоч” гэж хэлсэн чинь Өлзийжаргал “чамд хамаагүй, цаашаа яваад хоолоо ид” гэсэн. Тэгэхээр нь би цахилгаан бороохойг нь булаагаад авсан. Ингээд байж байхад Санчиржав ирээд Өлзийжаргалтай муудалцаад хүзүү рүү гараараа цохиод авсан. Ингээд яг зодоон болох гэтэл тогооч нар нь ирээд салгасан. …би Өлзийжаргалтай маргалдаж байгаад зууралдсан чинь Санчиржав хажуунаас Өлзийжаргалын нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Өлзийжаргал Санчиржавыг буцаагаад нүүр лүү цохиод түлхсэн чинь халтираад газар унасан. Тэгээд бас тогооч нар болон Баяржаргал, Эрдэнэсайхан нар салгасан.” гэх,

шүүгдэгч Б.Санчиржавын сэжигтэнээр өгсөн “… О.Ууганбаяр бид хоёр бие засах өрөө орохоор явсан. Би бие засах өрөө рүү явах замдаа үйлчлэгчийн шал угааж байсан усыг санаандгүй өшиглөөд асгасан. Ингээд бие засах өрөө ороод бие засчихаад нүүр гараа угааж байхад Ууганбаяр түрүүлээд гараад явсан байсан. Би араас нь бие засах өрөөнөөс гараад ирсэн чинь Ууганбаяр сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн тус хоолны газрын хамгаалагчтай “чи наад хүнийгээ зүгээр байхад нь бороохойдоод байна” гээд нэг залууг өмөөрөөд маргалдаад байж байсан. Тэгтэл хажуунаас нь Баяржаргал намайг цааш нь татаад ширээн дээр суулгасан. Ууганбаяр нөгөө залуутай маргалдаад харилцан зууралдаад авахаар нь би очоод Ш.Өлзийжаргалын хүзүү рүү нь 1 удаа гараараа цохисон. …Баатарчулуун гэж мэдсэн залууг цахилгаан бороохойгоор цохиулахаар нь Ууганбаяр дахиж гүйж ирээд Өлзийжаргалтай маргалдаад заамдалцаад авахаар нь би очоод Өлзийжаргалын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Өлзийжаргал намайг буцааж цохиод түлхэхэд нь би шалан дээр асгасан усан дээр халтираад ойчсон. Би ойчоод хэсэг хугацаанд манараад босож чадахгүй байж байгаад ухаан гайгүй болохоор нь боссон.” гэх,

гэрч Б.Баяржаргалын өгсөн “…Эрдэнэсайхан бид 2 хоолоо авах гээд зогсож байтал хамгаалагч сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн залуу нэг залуутай муудалцаад цахилгаан бороохойгоор бие рүү нь цохиулаад байсан. Тэгсэн чинь Санчиржав, Ууганбаяр нар бие засах өрөөнөөс гарч ирээд Ууганбаяр хамгаалагч залуу дээр очоод “чи яагаад зүгээр байгаа хүнийг бороохойдоод байгаа юм бэ?” гэж хэлээд бороохойг нь булааж авах гэсэн. Ингээд харилцан заамдалцаад авахаар нь би очоод Ууганбаярыг салгасан. Тэгтэл хажуунаас Санчиржав Өлзийжаргалтай зууралдаад эхэлсэн. Ингээд би Ууганбаярыг салгачихаад дахиад Санчиржавыг салгаад ширээ рүү аваачсан. Тэгсэн чинь Ууганбаяр дахиж босоод Өлзийжаргал дээр очоод зууралдаад авахаар нь би Ууганбаярыг салгах гээд байж байтал Санчиржав хажууд шалан дээр унасан. Тухайн унасан газар нь ус асгарсан байсан.” гэх,

гэрч О.Эрдэнэсайханы өгсөн “…Б.Баяржаргал бид хоёр хоолоо авах гээд зогсож байтал Ууганбаяр хамгаалагч буюу сүүлд нь нэрийг нь Өлзийжаргал гэж мэдсэн залуу дээр очоод “болиоч, болиоч” гээд зогсож байсан. Тэгээд Баяржаргал очоод Ууганбаярыг салгасан. Би энэ хооронд хоолоо зөөгөөд ширээн дээр тавьчихаад эргээд ирэхэд Ууганбаяр, Өлзийжаргалтай маргалдаж байсан. Ингээд ширээн дээр очоод суутал Ууганбаяр дахиж очоод Өлзийжаргалтай маргалдсан чинь Санчиржав очоод Өлзийжаргалтай заамдалцаад нүүр лүү нь 1 удаа цохиод авсан. Өлзийжаргал зөрүүлээд Санчиржавыг нүүр лүү нь цохиод түлхсэн чинь Санчиржав хальтираад газар унасан. Яг тэр газар нь ус асгарчихсан нойтон байсан. Санчиржав унаад босож ирэхгүй болохоор нь би сандраад гадагшаа түргэн рүү залгаад дуудлага өгчихөөд эргээд ороод ирсэн.” гэх,

гэрч М.Бямбадолгорын өгсөн “…Би текэн дээр захиалга авч байхад согтуу залуу хоол бичүүлчихээд текний хажуугийн 2 ширээний урд талын ширээн дээр суугаад хоол хүлээх зуураа унтсан. Тэгэхээр нь хамгаалагч Өлзийжаргалыг дуудаад сэрээгээрэй гэсэн. Өлзийжаргал ирээд уг залуугийн гарнаас нь татаж сэрээхэд нөгөө залуу нь “чи юу юм бэ?” гэж Өлзийжаргалыг хэл амаар доромжлоод заамдаад авсан. Өлзийжаргал гарыг нь тавиулах гээд цахилгаан бороохой хэрэглэсэн чинь бие засах өрөөнөөс гарч ирсэн 2 залуу Өлзийжаргалыг “чи зүгээр байгаа хүнд цахилгаан бороохой хэрэглэлээ” гэж өмөөрч муудсан. Ингээд нөгөө 2 залуу Өлзийжаргалтай муудалцаад дайрч цохисон. …Бие засах өрөөнөөс гарч ирсэн 2 залуу л Өлзийжаргал руу дайраад цохиод байсан. Цуг явж байсан залуучууд нь салгаад байсан.” гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13299 дүгээр дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Ууганбаяр, Б.Санчиржав нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ууганбаяр, Б.Санчиржав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч О.Ууганбаяр, Б.Санчиржав нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар хохирогч Ш.Өлзийжаргал нь өөрт учирсан гэм хорын хохирол буюу хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн байцаалтад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 664.400 төгрөгийн, ажилгүй байсан хугацааны цалинд 343.000 төгрөгийн зардал гарсаныг нотлох баримтаа гарган өгч нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нар 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл /хх-103/ баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ш.Өлзийжаргал  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Одоо би ажилгүй байгаа. Цаашид нүдний ухархайд хагалгаа хийлгэх ёстой, мөн хамрын ясанд ч гэсэн хагалгаа хийлгэнэ. Мөнгөгүй болоод хагалгаанд ороогүй. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг хагалгаандаа зарцуулна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин орлого орж байгаа.” гэж мэдүүлэг өгч шүүгдэгч нараас цаашид хагалгаанд орох зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогод 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх ирээдүйд гарах хагалгааны зардлыг урьдчилан төлүүлэх боломжгүй, мөн тэрээр өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилж байх боловч “Мөнх тэнгэрийн ноёд” ХХК-д ажиллаж байгаа талаарх /тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг/ баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хохирогч Ш.Өлзийжаргал нь ажилгүй байсан хугацааны цалин орлого болон цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, О.Ууганбаяр, Б.Санчиржав нар нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Отгонжаргалын Ууганбаяр, Балгатай овогт Бямбажавын Санчиржав нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар О.Ууганбаяр, Б.Санчиржав нарт 300 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар О.Ууганбаяр, Б.Санчиржав нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, О.Ууганбаяр, Б.Санчиржав нар нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч Ш.Өлзийжаргал нь ажилгүй байсан хугацааны цалин орлого болон цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ууганбаяр, Б.Санчиржав нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ОДОНТУУЛ