Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2019/03689/И |
Дугаар | 001/ХТ2022/00645 |
Огноо | 2022-05-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2022/00645
Т.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01085 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1261 дүгээр магадлалтай,
Т.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй
Рапид констракшн ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 4,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч С.Түвшинжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т.Эрдэнэбаатараас Рапид констракшн ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,140,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01085 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Рапип констракшн ХХК-аас 3,740,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 81,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1261 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01085 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...хариуцагч Рапип констракшн ХХК-иас... гэснийг ...хариуцагч Рапид констракшн ХХК-аас... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-т зааснаар хяналтын гомдол гаргаж байна.
4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Учир нь нэхэмжлэгч Т.Эрдэнэбаатар нь гэрээнд заасан ажлыг 65 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн гэдэг баримт хэрэгт авагдаагүй, хөдлөшгүй баримтаар нотлогдоогүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т түрээсийн хугацааг зөвхөн ажилласан өдрөөр тооцно гэж харилцан тохиролцсон. Мөн тухайн үед цаг агаарын сааталтай байсныг нотолсон баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгсөн боловч шүүхээс ажилд гараагүйг шууд нотлохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2. Мөн гэрч Д.Сүхбаатар, М.Пүрэвжамц нарт Эрүүгийн хуулийн 9.6-т зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулсаар байтал худал, зөрүүтэй мэдүүлэг өгснийг хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж үнэн зөв гэж мэдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хариуцагч талаас машин механизм түрээслэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу Т.Эрдэнэбаатарын цаг агаарын нөхцөл байдал болон ажил эхэлсэн хоног хугацааг тухайн үед амаар харилцан тохиролцож, нийт 46 хоног ажилласан хоногийн хөлс болох 10,160,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Гэтэл шүүхээс гэрчийн зөрүүтэй мэдүүлэг, хэргийн бодит үнэнд нийцсэн шийдвэрийг гаргалгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан нь хариуцагч талд хохиролтой байна.
Иймд шийдвэр, магадлал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч Т.Эрдэнэбаатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...машин механизм түрээслэх гэрээгээр өөрийн эзэмшлийн автокран бүхий автомашинаар хариуцагчийн гүүрийн ажилд түрээслэгч талын зааварчилгаагаар ажил гүйцэтгэсэн, түрээсийн төлбөрт хоногийн 220,000 төгрөг төлөхөөр тохирсон бөгөөд 65 хоног ажилласан, төлбөрт 10,160,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 4,140,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан,
Хариуцагч нь: ...тухайн үед 65 хоног ажиллаагүй, гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа ажил эхэлсэн, цаг агаарын тааламжгүй байдал, зуурмаг хийсэн өдрүүдэд нэхэмжлэгч ажиллаагүй, мөн нэхэмжлэгч нь 3-4 хоног хот руу явсан зэргээр 18 хоног ажиллаагүй, ...46 хоног ажилласан гэдгийг амаар тохиролцож 46 хоногийн хөлсийг өгсөн, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар талууд 2019.03.27-ны өдөр Машин механизм түрээслэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Т.Эрдэнэбаатар өөрийн эзэмшлийн Kia fronteir маркийн 78-93 УНЧ улсын дугаартай өргөгч автокран машинаар Рапид констракшн ХХК-ийн гүйцэтгэж буй Дорноговь аймгийн Сайншанд хотоос Алтанширээт сум хүртэлх төмөр зам дээгүүр баригдаж буй 26м гүүрийн ажилд түрээслэгч талын зааварчилгаагаар ажил гүйцэтгэхээр, хариуцагч Рапид констракшн ХХК түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх, түрээсийн хугацааг ажилласан өдрөөр нь тооцож, хоногийн 220,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
7. Гэрээний талаар зохигч маргаагүй, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцжээ.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигч ажилласан хоногийн талаар маргасан бөгөөд анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг үндэслэн 2019.03.27-ны өдрөөс 2019.05.31-ний өдрийг хүртэлх 65 хоногийн хугацаанд нэхэмжлэгч нь 63 хоног ажилласан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэж, ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 3,740,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Харин шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагч хуулийн этгээдийн нэрийн сүүлийн үсгийг ташаа бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
8. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...гэрч Д.Сүхбаатар, М.Пүрэвжамц нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулсаар байтал худал, зөрүүтэй мэдүүлэг өгснийг шүүх бодитойгоор харьцуулан үзсэнгүй, ...нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, ...бодит үнэнд нийцсэн шийдвэрийг гаргалгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн үндсэн дээр ...үнэлнэ гэж зохицуулжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 46 хоног ажилласан гэх тайлбараа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай хуулийн зохицуулалтыг тайлбарласны дараа гаргасан гэрч Д.Сүхбаатар, М.Пүрэвжамц нарын мэдүүлгийг худал мэдүүлсэн гэж үзэх боломжгүй, улмаар тэдний гаргасан мэдүүлгийг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1261 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С.Түвшинжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч С.Түвшинжаргалаас 2022.07.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД