Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0848

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Д   ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ДХХК /РД:*********/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Э.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн А/129 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богд-Хан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутаг болох Зайсангийн ам нэртэй газарт 0.15 га газрыг Аялал жуучлалын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, гэрчилгээ авсан юм.

Тухайн газрыг ашиглах явцдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, аливаа хэлбэрээр хууль, дүрэм, журам, стандарт зөрчөөгүй юм.

Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгоод байна. Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалд хууль зүйн үндэслэлдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал зэргийг үндэслэсэн байдаг.

Манай компанийн ашиглаж буй газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаараагүй бөгөөд энэ нь бидний байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.В-Д зааснаар нотлогдоно. Тиймээс манай компани Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,40.1.2, 40.2 дахь хэсэгт зааснаар байгалийн төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй юм.

Мөн манай компанийн ашиглаж буй газарт талуудын хооронд байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ болон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох тухай аливаа тохиолдлууд бий болоогүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гарсан нь илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалын дагуу манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай болон газар чөлөөлөх мэдэгдлийг Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн тул компанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №1/22 тоот албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №1/04 тоот гомдлыг тус тус Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргахад хариу өгөхгүй байж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаар албан бичгээр Газар ашиглах эрх олгох, цуцлах шийдвэр гаргадаг эрх нь төрийн захиргааны төв байгууллагад байдаг тул холбогдох байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн юм.

Компанийн зүгээс Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаар албан бичгийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төрийн захиргааны төв байгууллагад 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор хандахад 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02/1713 дугаар албан бичгээр маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоохгүй талаар мэдэгдсэн юм.

Иймд компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02/1713 дугаар албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалын манай компанид холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж баина. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 онд тухайн албан хаагч нь энэ газар авч болно гэж олгоод өөрсдөө төлбөр мөнгийг нь авсан. Тусгай газар авах эрх нь Засаг даргаас арай ялгаатай, төлбөр мөнгө, бүрдүүлэх бичиг баримт, цаг хугацааны хувьд ч гэсэн асар их зүйл зарцуулагддаг.

Нөхцөл байдлаас юу харагдаж байгаа вэ гэхээр, танай аж ахуй нэгж газар олгоод, төлбөр мөнгийг авч улсын орлогод төвлөрүүлээд гэнэт энэ газар нь хамгаалалтын бүсэд мөн бургасны хажууд олгосон байна гэдэг зүйлээр асуудалд хандаад шууд нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа нь өөрөө хууль зүйн асуудалтай байна.

Мэдээж хамгаалалтын бүс мөн бургас байгаад маргахгүй, гэвч энэ асуудлыг өөр аргаар шийдэх боломж боломжтой байсан. Яагаад гэвэл энэ газрыг олгож болж байсан мөн төлбөр мөнгийг нь авч байсан. Тухайн үед нарийвчилсан төлөвлөгөө, скит зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг энэ асуудлуудыг зохицуулахын тулд энэ аж ахуй нэгжээс асар их зардал гарч байсан.

Энэ бүх асуудлыг шийдэхдээ тухайн асуудлыг дуусгавар болгохоос илүү, тухайн аж ахуй нэгжтэйгээ уулзаж, энэ асуудлыг нь шийдвэрлээд хуульд нийцсэн байдлаар өөр газар шилжүүлэх ч юм уу, тийм арга хэмжээ авах бүрэн боломж байсан... гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ДХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

ДХХК-ийн 0.15 га газар нь Богд-Хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутаг болох Зайсангийн ам буюу Туул гүүрний баруун урд голын урд эрэг дээр байршилтай тул усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих нь тодорхой аж ахуйн нэгжийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын холбогдох хориглох заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар ДХХК-ний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан заалтад нийцэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тушаалын, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д, Усны тухай хуулийн 22.1, 22.2, 22.6-д заасан, Барилга хот тохижуулалтын сайдын хамтарсан, 2015 оны А/127 дугаар тушаалаар баталсан, усан сан бүхий газар, усны эх үүсгэврийн тодотгосон, эргийн хамгаалалтын бүсийн мөрдөх журмын холбогдох хориглох заалтыг тус тус үндэслэж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 29-ний А/76 дугаар тушаал гарсан нь хууль зүйн үндэслэлтэй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан ийм үндэслэл байхгүй. Иймд тушаалыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДХХК нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалын ДХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ДХХК-д анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/129 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богд-Хан уулын дархан цаазат газар болох Зайсангийн ам нэртэй газарт байрлах 0.15 га газрыг аялал жуучлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон байна. /тус тушаалд Д******* ХХК гэж алдаатай бичигдсэн/

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй үндэслэлээр 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх ба уг тушаалын хавсралтын 19-д ДХХК бичигдсэн байна.

Дээрх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаалыг гаргахдаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6-д заасныг тус тус үндэслэсэн байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 2.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно гэж тус тус хуульчилсан байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг баталсан байна

Шүүхээс маргаан бүхий газарт буюу ДХХК-д ашиглах эрх олгосон газарт очиж, бодит байдалтай танилцаж үзлэг хийсэн ба тус үзлэгээр энэхүү газар нь Туул голын эрэг дээр, бургас мод бүхий газар болох нь тодорхой нотлогдсон ба тус газрыг ашиглавал усны нөөц хомсдох, бохирдох, бургас модыг устгах, огтлох эрсдэл үүсэх нь бодитоор, тодорхой нотлогдсон болно. /маргаан бүхий газрын фото зургийг авч шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан болно./

Дээрх үйл баримтаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/129 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг анх олгохдоо хууль зөрчсөн буюу усны нөөц хомсдох, бохирдох, бургас модыг устгах, огтлох эрсдэлтэй, хуулиар хориглосон, олгох ёсгүй газарт газар ашиглах эрх олгосон нь хууль бус, дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болон холбогдох сайдуудын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчсөн байнагэж шүүх үзлээ.

Иймд анхнаасаа сайдын 2016 оны Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/129 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон буюу хууль зөрчсөн байх ба уг алдааг залруулж сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалыг гаргасан байх тул сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ДХХК-д холбогдох хэсэг нь хуульд нийцсэн байна.

Үүнээс үзэхэд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалын ДХХК-д холбогдох хэсэг нь хуульд нийцсэн байх тул тус А/76 дугаар тушаалыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ДХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгох баБайгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/76 дугаар тушаал нь хуульд нийцсэн бөгөөд илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улаанбаатар хотод бургас мод бүхий Туул голын эрэг дээр бусад этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон асуудал түгээмэл байгаа, бусад аж ахуйн нэгжид газар олгосон атлаа манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч энэ нь анхнаасаа хууль зөрчиж, олгох ёсгүй газрыг олгосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөх, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн энд тэмдэглэхэд, нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/129 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосны улмаас газрын төлбөр төлөх болон барилгын зураг төсөл хийлгэсний улмаас олон сая төгрөгийн хөрөнгө, зардал гаргасан гэсэн агуулгаар тайлбарлан үүнийг нотлох холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгч байх бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.22.2.122.422.6-д тус тус заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалын ДХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч ДХХК -ийн нэхэмжлэлийгбүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ДХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ