Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0546/З |
Дугаар | 338 |
Огноо | 2017-10-02 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 338
Ц.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0257 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0433 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн О.Э , Э.М-т холбогдох хэсгийг Ц.Б-ын эзэмшиж буй газартай давхацсан хэсгээр хүчингүй болгож, гуравдагч этгээд О.Э-ийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжуудын иргэн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0433 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжийн О.Э, Э.М нарт холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Б-ын газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд О.Э-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийн, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжийн, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны Хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0433 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон захиргааны актыг буюу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжийн хугацаа сунгаж, иргэн Ц.Б-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амины орон сууцны зориулалтаар 540 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь хүчингүй болсон захирамжийг үндэслэл болгон газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.
Учир нь, 2007 оны 131 дүгээр захирамж хүчингүй болсон үндэслэл нь надад газар олгосон гэх 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаар захирамж огт гараагүй, харин 1999 оны 8 дугаар сарын А/152 дугаар захирамжийн эх хувьгүй, хуулбарлан авсан захирамжийн хавсралтад миний нэр байхгүй гэсэн бөгөөд миний бие 1999 оноос эхлэн өөрийн эзэмшлийн газрыг ашиглан улмаар хууль ёсны баримт бичгийг Газрын албанд гарган захирамж гарсан учраас газрын албатай гэрээ хийн эзэмшиж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамжид миний газрыг дурдаагүй хаясан үйлдэл нь миний эрх ашгийг ноцтойгоор хохироосон бөгөөд энэхүү хууль бус үйлдлийн талаар миний бие тухайн үед гуравдагч этгээдээр оролцох үедээ л мэдсэн.
Тэр байтугай уг захирамжаар хүчингүй болсон гэх газрын төлбөрийг Газрын алба байнга авч байсан бөгөөд хүчингүй болсон гэх газар нь иргэн Д.Ц-ийнх болсон бол түүнээс л газрын төлбөрөө авах ёстой байсан. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороолол буюу тухайн газар дээр амины орон сууцны зориулалтаар 540 м.кв газрыг эзэмших эрхийг сунгаж өгсөн боловч дээрх газрын төлбөрийг төлүүлсээр байсан атлаа эзэмшиж, ашиглах боломжгүй байсан. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт ...танай байгууллагын хариуцлагагүйгээс би уг газрыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байна, газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд уг газартай чанарын хувьд дүйцэхүйц өөр байршилд шилжүүлж өгнө үү. Талбайн хувьд 0.5 га болгож зориулалтыг өөрчилж, үйлчилгээний орон сууц болгож өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан, өргөдлийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг олгосон бөгөөд энэ газарт миний бие анхны дуудлага худалдааны үнийг төлж авсан.
Өөрөөр хэлбэл, миний бие гуравдагч этгээд нарт газар олгохоос буюу эрх үүсэхээс өмнө уг газартай холбоотой асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд Засаг дарга нь захирамжаа гаргахдаа ямар байдлаар дурдаж шийдвэрлэж явдгийг энгийн иргэн миний бие мэдэх боломжгүй.
Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд гэж заасан. Дээрх маргаан бүхий газар нь Ц.Б миний эзэмшлийн газар байсан, миний бие анхны дуудлага худалдааны үнийг төлж хууль ёсоор өмчилсөн. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд О.Э , Э.М нарт газар эзэмшүүлж, улмаар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх хэсэгт заасан ...уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд ...гэснийг зөрчсөн нь хангалттай баримтаар нотлогдож байна.
Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0433 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд зөв дүгнэлт хийн, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс “...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар олгогдсон газраа эзэмшиж чадахгүй байсан учир хүсэлт гаргаж, ...1610 м.кв газрыг дуудлага худалдааны үнийг төлж, хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон...” гэж, гуравдагч этгээдээс “...нэхэмжлэгч Ц.Б-д 1610 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2007 оны 131 дүгээр захирамжийг үндэслэж гаргасан илт хууль бус захиргааны акт ...” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамж, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар Ц.Б-д 1610 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн, гуравдагч этгээд О.Э , Э.М нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Б-д анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 540 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Дээрх 131 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг “бусдын орц гарцыг хаасан, газар эзэмших эрх олгогдоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр, өөрөөр хэлбэл Ц.Б-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамж хүчингүй болж, түүний эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байжээ.
Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А/968 дугаар захирамж гарган, хүчингүй болсон 131 дүгээр захирамжаар Ц.Б-д олгогдсон 540 м.кв газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэснийг зөрчсөн.
Улмаар Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ц.Б-ын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “газрын байршлыг өөрчилж, эзэмшиж буй газартай дүйцэхүйц хэмжээний газрыг өөр байршилд олгох”-ыг хүссэн хүсэлтийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1610 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/29 дүгээр тогтоолоор Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг, мөн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус баталсан байх бөгөөд эдгээр тогтоолуудад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын гудамжинд 0.15 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга эдгээр тогтоолуудыг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаар захирамжаар гуравдагч этгээд О.Э д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 17-3 тоотын 700 м.кв газрыг, Э.Мт Арцатын 17-5 тоотын 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гуравдагч этгээд О.Э , Э.М нарт газар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл: нэхэмжлэгч Ц.Б-д газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий газарт иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхгүй атлаа хууль зөрчин нэхэмжлэгч Ц.Б-д газар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд захиргааны илт хууль бус болно гэж заасан тул Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч Ц.Б-ын газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, түүнд байршил өөрчилж газар олгосон захирамжуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэстэй бөгөөд давж заалдах шатны шүүхийн, гуравдагч этгээд О.Э-ийн бие даасан шаардлагыг хангаж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/968 дугаар захирамж, 2015 оны А/246, А/722 дугаар захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0433 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА