| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2020/00412/И |
| Дугаар | 182/ШШ2020/01343 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2020/01343
| 2020 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2020/01343 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух Ж овогт Ц.Ц /РД:ХА69/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух Б овогт Э.Б /РД:ХЖ65/-д холбогдох
Э.Б нь АХ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч Ц.Ц нь АХ ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, компанийн бусад баримт бичиг болон, тамга тэмдгийг Э.Б өөс албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг доорх үндэслэлээр өөрчилж байна.
АХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар Ц.Ц бүртгэлтэй байдаг, анх үүсгэн байгуулахдаа ч Ц.Ц ийн нэрээр бүртгүүлсэн боловч уг компанийн үйл ажиллагаанд анх байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл оролцож байгаагүй, удирдлагыг хэрэгжүүлдэггүй болно. Учир нь нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Э.Б нар урд нь хууль ёсны гэр бүл байсан ба 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 2155 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт цуцлах хурал дээр Э.Б нь компани Ц.Ц ийн нэр дээр бүртгэлтэй боловч үйл ажиллагааг би явуулдаг, компанийн нэрийг шилжүүлэн авах гэтэл бага зэрэг өртэй болохоор болохгүй байгаа, өрөө төлөөд компанийг нэр дээр шилжүүлэн авна гэж тайлбар гаргаж байсан, энэхүү тайлбар шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг. Гэтэл шүүх дээр гаргаж байсан тайлбарын дагуу компанийн эрхийг шилжүүлэн авахгүй өнөөдрийг хүртэл АХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын эрх Ц.Ц ийн нэр дээр бүртгэлтэй байгаагаас бусдын өмнөөс хариуцлага хүлээх, компанитай холбоотой асуудлаар Татварын болон бусад байгууллагад дуудагдах, компанийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг хүлээж болзошгүй, энэ нь хэдийгээр компанийн хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх удирдлагын нэр Ц.Ц ийн нэр дээр бүртгэлтэй боловч гэм буруутай, буруугүй, санаатай, болгоомжгүй үйлдлын хариуцлагыг бусдын өмнөөс үүрэх эрсдлийг бий болгож байгаа юм. Энэ нь шүүхээр шийдвэр гаргуулж, хамгаалуулахаар хүсэж буй эрх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.
Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг нэг ч удаа барьж байгаагүй, хэнтэй ямар байгууллагатай харьцдаг, үйл ажиллагаа хэрхэн явуулдаг, хэнд, ямар өр төлбөртэй эсэхийг, аль банкинд хэдэн данстайг огт мэдэхгүй, компанийн ашиг орлогоос өнөөдрийг хүртэл хувь хүртэж байгаагүй хэрнээ хүлээх хариуцлагыг нь үүрч, аливаа байгууллагын өмнө АХ ХХК-ийг төлөөлж, дуудагдах нь чирэгдэлтэй төдийгүй, ажил амьдралд нь саад болж байгаа болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дахь төлбөр авагч Х Банк, төлбөр төлөгч АХ ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн өмнөөс оролцуулахаар Ц.Ц т мэдэгдэх хуудас, төлбөр төлөх мэдэгдэл зэрэг ирж, ажиллагаанд оролцох болсон Х Банк дахь хувийн харилцах дансыг битүүмжилж 2020 оны 03-р сарын 18-ны өдрийн 162615571/162 дугаартай Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол гарган МЭ" ХХК-д ажиллаж авч байгаа цалингаас суутгал хийлгэхээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна.
Мөн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч З.Ц, З.Тунгалаг нарын үйлдсэн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 252018219 дугаартай Шийтгэлийн хуудас Монгол шуудан-аар дамжуулан гэрийн хаягаар ирүүлсэн байна. Шийтгэлийн хуудаст дурдсанаар АХ " ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 13408341 дугаартай НӨАТ-ын хий бичилт бүхий падаан ашиглан 73,636,363.00 худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайлан гаргаж төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд хариуцлага тооцон торгууль, алданги ногдуулсан боловч Монгол Улсын анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7-д тус тус зааснаар торгууль алдангийг чөлөөлж, нөхөн татвар 7,363,636.30 төгрөгийг төлөхийг Ц.Ц т даалгасан байна.
Хэдийгээр өршөөл үзүүлэх тухай хуулиар хариуцлагаас чөлөөлөгдсөн, Эрүүгийн 2002 оны болон 2015 оны хуулиудын аль алинаар нь хохирлын хэмжээнээс шалтгаалан гэмт хэрэгт тооцогдохгүй ч цаашид энэ байдлаар ямар ч хууль бус үйлдэл хийж, ямар ч эрсдэлд хүргэж болзошгүй байгаа нь нэхэмжлэгч Ц.Ц ийн хувьд эрх нь зөрчигдөж байгаа хэрэг юм.
Иймд АХ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй боловч компанийн орлогоос ногдол ашиг хүртдэггүй, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй тул Ц.Ц ийг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр чөлөөлж, тус компанийн жинхэнэ үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Э.Б болохыг тогтоолгох гэж өмнөх шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Улсын бүртгэлд үүсгэн байгуулах талаарх хүсэлт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагаа, бүртгэлээс хойш бүртгэлд өөрчлөлт оруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн банкнаас зээл авч байсан баримт, гэрээ байуулсан өргөдөл зэргээс АХ ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ц.Ц байх бөгөөд үйл ажиллагааг бүхэлд нь удирдан чиглүүлж явж байсан. Бүртгэлийн асуудал хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр байгаа. Бид бүхэн энэ хуулийн этгээдийг Ц.Ц гэдэг хүний өөрийнх нь хөрөнгө гэж үзэж байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль болон Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Ц.Ц мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ц.Ц ийн хэлснээр уг хуулийн этгээдийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байсан гэж ойлгогдож байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар мөн тогтоогдоно. Компанийн зээл авсан ажиллагааг нь бүхэлдээ Ц.Ц удирдсан. Компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ аваад алга болсон гэдэг үйл баримт нь тогтоогдохгүй байна. 2015 оны Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас харахад тус маргаанд компаэнийг Ц.Ц гэдэг хүн төлөөлж байсан. Эндээс үзвэл компанийн баримт бичиг шаардлагатай материалууд нь өөрт нь хадгалагдаж байжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Э.Б өд холбогдуулан АХ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Э.Б болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Тус компанийг хариуцагч Э.Б тэй гэр бүлийн харилцаатай байх үед буюу 2007 онд Э.Б үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр тус компанийн 100 хувийн хувьцаа нь түүний өмч болохыг хүлээн зөвшөөрч гэрлэлт цуцлах тухай шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Тус компанийн хувьцааг өмчилдөггүй боловч бүртгэлд хувьцаа эзэмшигч хэмээн бүртгэгдсэнээс тухайн компанийн өр төлбөрийн асуудлаар хувийн хариуцлага хүлээх нөхцөл үүсэж эд хөрөнгийн, хөдөлмөрлөх эрх болон бусад эрхүүд бодитойгоор зөрчигдсөн. Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн асуудлыг мэдэхгүй, тамга тэмдгийг нь ч эзэмшдэггүй атал хууль, хяналтын байгууллагад байнга дуудагдах, тайлбар өгөх шаардлага үүсэж, тайван амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Компанийг үүсгэн байгуулсан шийдвэр, компани үйл ажиллагаа явуулж байхад байгуулсан гэрээ хэлцэл, эрхийн актуудад Ц.Ц гарын үсэг зурсан бөгөөд АХ ХХК-ийн хувьцаа нь бүхэлдээ Ц.Ц ийн хувийн өмчлөлийн зүйл болох нь бүртгэлийн баримт бичгүүдээр тогтоогдоно гэж мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Ц , хариуцагч Э.Б нарын гэрлэлтийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2155 дугаартай шийдвэрээр цуцалсан байх бөгөөд тэдгээр нь гэрлэлт цуцлахаас өмнө буюу 2007 онд АХ ХХК байгуулагдсан үйл баримтын тухайд маргаагүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Ц тус компанийг үүсгэн байгуулах шийдвэрт гарын үсэг зурж, 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтыг, хариуцагч Э.Б нь тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн барилгын гадаад болон дотоод засал чимэглэл, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн, Э.Б энэ чиглэлээр мэргэшил эзэмшсэн бол Ц.Ц оёдолчны мэргэжилтэй тухайд эс мэтгэлцэн, шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ АХ ХХК-ийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчээр Э.Б ийг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад тус компанийг үүсгэн байгуулсан этгээд нь Э.Б бөгөөд компанийн хувьцаа нь Э.Б ийн өмч болох талаар тайлбарлаж үүсгэн байгуулагчаар тогтоолгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагын үндэслэл гэж тодруулжээ. Тэрээр уг шаардлагыг хангаснаар бий болох эрх зүйн үр дагаврыг тайлбарлахдаа АХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш атал нэг гэр бүл байх үедээ нөхрийнхөө хүсэлтээр ийнхүү бүртгэлд тэмдэглүүлж, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч мэтээр гуравдагч этгээдэд ойлгогдох болсноос хөдөлмөрлөх эрх, эд хөрөнгийн болон бусад эрхүүд зөрчигдсөн, эдгээр эрхийг сэргээхэд нэхэмжлэлийн шаардлагын зорилго оршино гэжээ. Тодруулбал, компани үйл ажиллагаа явуулж байх үед буюу 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр АХ ХХК-ийн Х банктай байгуулсан зээлийн гэрээнээс бий болсон өр төлбөрийг Компанийн хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн болон компанийн эд хөрөнгө зааглагдаагүй гэх үндэслэлээр түүний хувийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн, үүний улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, олсон ажилдаа тогтвортой ажиллаж чадахгүй, хамт олны дунд нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн, үйл ажиллагааных нь талаар огт мэдэхгүй байгаа компанийн бусад этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлийн үр дагаврыг хариуцах, шүүх хуулийн байгууллагад тайлбар өгөх зэргээр дуудагдаж байна гэж тайлбарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан мэдэгдэл, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн болон 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар өгчээ.
Хариуцагч Э.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа дээр дурдсан зээлийн гэрээг нэхэмжлэгч Ц.Ц АХ ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсны зэрэгцээ тус зээлийн гэрээтэй холбогдох маргаанд компанийг төлөөлөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон өр төлбөрийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн хэмээн тайлбарлаж энэ нь түүнийг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг нотолно гэжээ.
Хавтаст хэргийн 20-21 дүгээр талд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5408 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж авагдсан байх ба нэхэмжлэгч тус захирамжийг иш үндэс болгон тайлбарлахдаа нэгэнт улсын бүртгэлд Ц.Ц ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн тул тухайн үед АХ ХХК-нд холбогдуулан гаргасан Х банкны нэхэмжлэлийг гардаж авахаас өөр арга байгаагүй, гэвч уг нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Ц хүлээн зөвшөөрөөгүй боловч түүний эзгүйд шаардлагыг зөвшөөрөх, эсхүл эс зөвшөөрөх эрхгүй этгээд болох өмгөөлөгчийн тайлбарт үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь шүүхийн алдаа болсон. Учир нь Ц.Ц уг компанийн хувьцаа эзэмшигч биш гэж үзэж байсан тул тухайн үед нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй байсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Дээр дурдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаас үзвэл тус захирамжид нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд бус хариуцагчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хх-ийн 21 дүгээр тал/
Зохигчид 2013 онд гэрлэлтээ шүүхийн журмаар цуцалж байх үед тэдгээрийн гаргаж байсан тайлбар гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрт дурдагджээ. Хавтаст хэргийн 18-19 дүгээр талд авагдсан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр талд Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсан байхын зэрэгцээ тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Э.Б Би 2007 онд барилгын интерьер, экстерьерийн чиглэлээр компани байгуулсан бөгөөд тухайн үед би өөр компанид ажиллаж байсан тул эхнэрийнхээ нэрээр бүртгүүлсэн. Уг компани маань Ц.Ц ийн нэр дээр боловч үйл ажиллагааг нь би явуулдаг. Компанийхаа нэрийг шилжүүлэх гэтэл бага зэргийн өртэй болохоор болохгүй байгаа. Өрөө төлөөд компаниа өөрийн нэр дээр шилжүүлж авна. Эд хөрөнгийн маргаангүй. гэж хэлж байсан нь тусгагджээ. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гэрлэлт цуцлах тухайн цаг мөчид хариуцагчийн гаргаж байсан тайлбараас зохигчид гэрлэлттэй байх үед үүсгэн байгуулсан АХ ХХК-ийн хувьцааны жинхэнэ өмчлөгч нь Ц.Ц бус Э.Б байсан гэж үзэх, тус компанийн гаргасан 100 хувийн хувьцаа нь Э.Б ийн хуваарьт эд хөрөнгө байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Компани үүсгэн байгуулсан болон компани идэвхитэй үйл ажиллагаа явуулах хугацаанд үүссэн өр төлбөр, санхүүгийн байдлыг гэрлэлт цуцлах тухайн цаг мөчид хариуцагч Э.Б бүрэн ухамсарлан мэдэж байсан гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, дээр дурдсан шүүхийн шийдвэр, түүнчлэн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, гэрлэлт цуцлах шүүх хуралдааны үеэр дээрх агуулга бүхий тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд АХ ХХК-ийг хариуцагч Э.Б үүсгэн байгуулсан байх ба өөр компанид ажилладаг гэх шалтгааны улмаас эхнэр Ц.Ц ийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн ч түүнд АХ ХХК-ийн хувьцааг эзэмшүүлэх хүсэл зориггүй, нэхэмжлэгч Ц.Ц т эдгээр хувьцааг хүлээн авах хүсэл зориггүй байсан нь түүний гэрлэлт цуцлах шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар эргэлзээгүй нотлогдож байх тул АХ ХХК-ийн гаргасан 100 хувийн энгийн хувьцааг хариуцагч Э.Б ийн хуваарьт эд хөрөнгө гэж үзэх үндэстэй байна.
Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хариуцагч Э.Б ийг АХ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Ц ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Э.Б ийг АХ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх зарчмаар гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлжээ. Хэдийгээр АХ ХХК нь энгийн хувьцааны нэрлэсэн үнэ 10,000 төгрөг байх ба нийт хувьцааны тоо 8000 ширхэг байна. Үүнээс нийт хувьцааны нэрлэсэн үнэ 80,000,000 төгрөг байхаар тооцогдож байна. Гэвч компани үндсэн ба эргэлтийн хөрөнгөгүй гэх шалтгаанаар Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг хангуулах ажиллагааг хэрэгжүүлж байгаагаас дүгнэвэл тус компанийн хувьцааны балансын болон зах зээлийн үнэ нэрлэсэн үнэтэй тэнцүү байх боломжгүй, нэрлэсэн үнээс ихээхэн хэмжээгээр бага байх бөгөөд тодорхой тогтоох боломжгүй байна. Иймд Э.Б ийг АХ ХХК-ийн 100 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн нөхцөл байдлыг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хариуцагч Э.Б ийг АХ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Б өөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА